– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -т хэвлэгдсэн нийтлэл –
Үс сайхан бол зүс сайхан гэх үгийг хүмүүс зүгээр ч нэг хэлээгүй гэдгийг сайн артист дээр очиж өнгө зүс нэмэн, сэтгэл хангалуун яваа нэгэн болон мэргэжлийн хүнд хандсан ч сэтгэлдээ хүртэл үйлчилгээ авч чадаагүй хэн бүхэн маш сайн мэдэрдэг билээ. Бид бүгд харагдах байдал болоод хүмүүст төрүүлэх сэтгэгдэл, мэдрэмждээ ихэд анхаарч, мэргэжилдээ эзэн болсон нэгэнд хандаж, өөртөө улам бүр итгэлтэй алхахыг хүсдэг. Тиймээс өнөөдөр хүн бүхний хувьд чухалд тооцогдож, зогсолтгүй үйлчлүүлэх болсон нүүр будалт, үс засалтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн артистын ертөнцийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Бусдыг үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй болоход тусалдаг артист өөрөө дотооддоо ямар хүн байдаг бол, сонирхол нь юу бол гэж та бодож байсан уу? Тэгвэл бид энэ удаагийн “Хобби” буландаа Amur Professional Studio-г үүсгэн байгуулагч, мэргэжлийн үсчин төдийгүй мэйк-ап артист, стилист Д.Лхагвадорж буюу Амур Лхагвыг урилаа.
Бага наснаас тодорсон бүтээлч ертөнц
Түүний хамгийн ихээр дурлан хийдэг зүйл нь дотоод ертөнц, мэдрэмжүүдээ цаасан дээр өнгө өнгийн будгаар гоёод, зураг зурах байлаа. Ихэнхдээ л гоё чамин хувцас зурдаг байж. Сүүлдээ хичээлийн дэвтэр нь түүний зургийн дэвтэр болон хувирч, олон янзын хуримын даашинзны зургийг нүүр дүүрэн зурчихдаг болжээ. Багш нар үүнийг мэдээд уурлаж, дэвтрээр нь цохих, урах зэргээр түүнийг болиулахыг оролддог байсан ч тэр бүтээх хүсэл тэмүүллээ хэнээр ч заалгаж, хориулаагүй юм. Өсвөр насандаа загвар зохион бүтээгчийн ажил өөрт нь тохирох юм байна хэмээн боддог болж, төгсөх ангид орох үедээ азаар үсчний сургалтад суух боломж олдон, анх удаа хайч, самыг мэргэжлийн хүн болох гэж гартаа атгаж үзжээ. Хамгийн анх хийж байсан тайралт нь хоёрдугаар шугамын тайралт гэх нэртэй аж. Бидний сайн мэддэгээр “Үнжэ” тайралт. Энэ цагаас хойш тэр өөрийгөө уг ажил мэргэжилд тохирох юм байна, бас ч болоогүй үүндээ маш мэдрэмжтэй, сайн юм байна гэдгээ ойлгож авчээ. Тэрбээр “Гэр бүлийнхний зүгээс үсчнээр ажиллах юм бол амжилтад хүрч, хангалуун сайхан амьдарна гэж төсөөлөөгүй байсан ч аав, ээждээ анх хэлж байснаасаа ч илүү амжилтад хүрч чадсан өөрөөрөө бахархаж байна” гэлээ.
“Надад хүмүүс үсийг минь гоё заслаа, гоё харагдаж байна, гоё тайрлаа, чадварлаг байна гэж хэлэхээс илүүтэй гоё хүн байсан шүү, ярилцахад таатай байлаа, уулзсандаа баяртай байна гэж хэлэх нь сайхан байдаг”.
Бүтэлгүйтэл бүхэн бидэнд шинийг сургадаг
Сургалтаа дуусгаад түүний хийсэн анхны ажил, анхны үйлчлүүлэгч нь үсээ хараар будуулах хүсэлтэй ах байжээ. Үсийг нь будсаны дараа угаах гэж байгаад цамцных нь захыг будаг болгож орхиж. Ингээд л үс засах гэж байсан Лхагва маань нөгөө будгаа арилтал цамцыг нь угааж, дараа нь хоёр цагийн турш сэнсдэж байж хатааж өгчээ. Мөн анх удаа шулуун хими хийсэн мөчийг тэр өөрийнхөө мэргэжлийн үсчин болох хүсэл тэмүүллийг хамгийн ихээр өдөөж өгсөн үйл явдлаар нэрлэсэн юм. 16-хан настай байсан хүүхэд анх удаа эмэгтэй хүний үсэнд хими хийхээр болж, өөр салоноос очиж хими худалдан аваад, ноцолдсоор байж дуусгасан байна. Гэтэл тэр нь үнэхээр үзэсгэлэнтэй болсны хажуугаар хими хийлгэсэн эмэгтэй маш их баярлаж догдлон талархлаа илэрхийлж буй нь Амур Лхагвын хүсэл мөрөөдлийг улам бүр өрдөж, цаашид олон хүний үсийг янзалж, ийм баяр жаргалтай болгох юм сан гэх хүслийг нь бадрааж өгчээ. Хүний толгойд хүрнэ, үсийг нь засна гэдэг өөрөө маш хүнд бас няхуур ажил. Цаашлаад хүний царай төрх, хувцаслалт, биеийн хэлэмж гэх мэт олон зүйлийг анзаарах шаардлагатай болдог байна. Мөн тухайн хүнийг ойлгож, сэтгэл санааны байдлыг нь анзаарч, мэдрэх нь тун чухал. Амур Лхагва “Надад хүмүүс үсийг минь гоё заслаа, гоё харагдаж байна, гоё тайрлаа, чадварлаг байна гэж хэлэхээс илүүтэй гоё хүн байсан шүү, ярилцахад таатай байлаа, уулзсандаа баяртай байна гэж хэлэх нь сайхан байдаг” хэмээсэн юм. Тэр зөвхөн сайн артист бус сайн хүн байхыг хичээдэг гэлээ. Хөл хорионы үеэр өөрийн дурладаг өөр шинэ зүйлийг олж нээхээр оролдох үедээ алхаж, гүйж, хөлсөө гарган дасгал хийх нь түүнд ямар хэрэгтэй болохыг ойлгожээ. Зарим тохиолдолд өдрийн бараг 20 цагийг ажилдаа зарцуулдаг мэргэжилтэй хүний хувьд өөрийн эрүүл мэнддээ анхаарч, эрт босож, зөв хооллон, дасгал хөдөлгөөн хийх нь тун таатай байдаг аж.
Зүгээр л хобби мэт боловч…
Анх хоббигоор эхэлсэн ч одоо нүүр будах нь түүний хувьд мөн л мэргэжлийн салшгүй хэсэг. Сонирхлоо даган бие даан судалж байгаад аажим аажмаар өөрийгөө мэргэшүүлэх нь хоббигоо бодит байлгаж, түүнийгээ өөрийн салшгүй нэг хэсэг болгож буй хэлбэр билээ. 2018 онд өөрийн компанийг байгуулж, олон хүнийг ажлын байртай болгохын зэрэгцээ олон хүнийг өөртөө таалагдах, өөрийн байгаа байдалдаа дурлах шалтгаан болон ажиллаж буй түүний хувьд мэргэжлийн ёс зүйг нэгдүгээрт тавьж ажиллахыг эрхэмлэдэг гэдгээ хуваалцсан. Хүмүүсийг угтаж авахаас эхлээд үйлчилгээ үзүүлээд гарахад нь хүртэл инээмсэглэл, сайхан сэтгэгдэл үлдээх нь түүнд маш чухал.
“Чи амжилттай байж болно, бүх хүнд таалагдаж болно, гол нь яг хүн байх хэрэгтэй гэдгийг ойлгосон”.
Унасан ч бүхнийг ахин эхнээс нь
“2019-2020 оны үе бол миний амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг байсан. Тухайн үед би бүхнийг чадна, би мундаг гээд итгэчихсэн байсан үе. Тэр үедээ өөрийн салоныг анх нээгээд, дампуурч байсан юм. Дампуурах гэж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй, ганцаараа ч байсан хамаагүй ажиллана гээд л зүтгэж байсан нь санаанд тодхон. Харин тэр үед аавын минь хэлж байсан үг одоо ч зүрхэнд үлджээ. “Миний хүү, чи нэг алхам ухраад хараад үз. Одоо байгаа цэгээсээ аливааг харвал зөвхөн урдахаа л харна. Жаахан ухраад харах юм бол хоёр уулын цаадхыг харна. Тэгээд чи бодит байдлыг анзаарах болно” гэсэн. Энэ үгийг өөртөө тусгаж аваад ухрахаар шийдсэн юм. Салоноо хаагаад өөр нэг салонд ажиллах хүсэлтээ өгөөд орж байсан. Нөгөө захирал, үүсгэн байгуулагч гэдэг нэрнээс буцаад ажилтан болж байгаа юм. Гэхдээ тэр үед би бүхнийг ахин эхнээс нь хийх хэрэгтэй болж, тэгж хойш ухарч, өөрийгөө ойлгож чадсандаа маш их баярладаг. Чи амжилттай байж болно, бүх хүнд таалагдаж болно, гол нь яг хүн байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Түүнийхээ ачаар одоо би бүх зүйлийг тэнцвэртэй авч явах ухааныг олж авсан гэж боддог юм. Хүн яаж ч амжилтад хүрлээ гэсэн хөөрч, өөрийгөө бүхнээс дээгүүрт тавьж болохгүй”.
Хүмүүсийг сэтгэл хангалуун болгох дахин нэг алхам
Зөвхөн үс засах бус нүүр будалтын ертөнц рүү ороод тэр нэгэнт 10 жилийг өнгөрөөжээ. Эдгээрийг хослуулж чадсанаараа тэрбээр аливаа хүний нүүрний төрх, хэлбэрт тохирсон үс засалт, түүнийг дагасан зөв, зохимжит нүүр будалтыг хийх боломжтой болж, хүмүүсийг бүх талаас нь өөртөө дурлахад тусалж эхэлсэн юм. Харин тун удахгүй Амур Лхагва багын мөрөөдөл болох хувцас загварын салбарт хөл тавихаар төлөвлөж буйгаа бидэнтэй хуваалцсан билээ. Яг одоо тэрбээр загварын сургуульд онлайнаар суралцаж байна. Имиж мэйкерээр ажиллаж эхэлснээр хүнийг бүхэлд нь, цогц байдлаар өөрчилж, өөртөө итгэлтэй, хамгийн гол нь сэтгэл хангалуун байхад нь тусалж чадна хэмээн тэр итгэх болжээ. Мөн Амур Лхагва зөвхөн гадаад бус дотоод гоо үзэсгэлэнгээ олж нээхэд нь хэнтэй ч ярилцаж, ойлгуулах чадах мэдрэмжтэй хүн болохыг би уулзаж байх үеэрээ мэдэрсэн билээ. “Би үсийг чинь засаж, нүүр будалтын хэв маягийг тодорхойлж, хувцаслалтын тухайд зөвлөгөө өгч чамайг өөрчилж чадах ч нэн түрүүнд чи өөрөө дотроосоо өөрчлөгдөх хүсэлтэй байх хэрэгтэй” хэмээсэн нь түүний надад өгсөн чухал зөвлөгөө байсан юм. Надад хэрхэн дасгал хөдөлгөөн түүний шинэ хобби болж, биеэ эрүүл байлгахад нь тусалж буй тухайгаа харамгүй хуваалцаж, зөвлөгөө өгсөн бөгөөд энэ бүхэн өмнөө сууж байгаа хүнээ тэр үнэхээр анхаарч ажиллаж буйг ч харуулсан гэхэд болно.
“Хүмүүсийг угтаж авахаас эхлээд үйлчилгээ үзүүлээд гарахад нь хүртэл инээмсэглэл, сайхан сэтгэгдэл үлдээх нь түүнд маш чухал”.
Учирсан саад бэрхшээл бүрээс илүү сайн хүн байхын утга учрыг ойлгосноор Амур Лхагва урд нь ирээд суусан хүмүүсийг зөвхөн үйлчлүүлэгч гэж харахаас илүүтэй өөрөө илүү сайхан болгож чадах бүтээл, өгөгдөл хэмээн харж, бүтээлч байдлаа гаргаж чаддаг нь хамгийн том давуу тал болжээ. Мөн тэр аливаа хоббигоо хэзээ ч алдалгүй бага багаар хөгжүүлж байх нь биднийг амьд хүн гэдгийг илүү их мэдрүүлж, нэгэн хэвийн өдөр хоногуудыг өнгөтэй болгодог, бүх зүйлд учир утга нэмж байдгийг онцолсон юм.
Нийтлэлийг бэлтгэсэн: О.Заяа
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -т хэвлэгдсэн нийтлэл –