Аялалд гарахаас өмнө хэрэгтэй апп-уудаа суулгачихвал стресс багатай, мөнгө, цагаа хэмнэж, аяллаа илүү хялбар, тухтай байлгах боломжтой. Ингээд нислэг, төмөр зам, буудал, түргэн хоолны сүлжээний уламжлалт апп-уудаас гадна аялагч бүрийн суулгах хэрэгтэй таван апп-ыг сонирхуулъя.
Google Maps
Хэрэв та Google Maps-ийг маршрут гаргах, замаа олохоос өөр зүйлд ашиглахгүй байгаа бол зөв ашиглаж чадахгүй байна гэсэн үг . Google Maps нь олон шалтгааны улмаас 2024 оны аяллын чухал хэрэгсэл юм. Нэгдүгээрт, та явахаасаа өмнө оффлайн газрын зургийг татаж авах хэрэгтэй. Энэ нь сүлжээгүй газар замаа олоход хамгийн их хэрэг болно (цаасан газрын зураг ашигладаг хүн бараг байхгүй болсон). Мөн Google Maps нь танд олон зогсоол бүхий маршрут төлөвлөх, онлайнаар санал болгосон одтой, дарцагласан байршлуудыг нэмэхэд хэрэгтэй. Түүгээр барахгүй аяллын хайлт хийхэд хиймэл оюун ухаан ашиглах ч боломжтой. Google Maps ашиглаад та зогсоол дээр байгаа машинаа, шатахуун түгээх станцуудыг олох гэх мэт олон зүйлийг хийх бололцоотой.
AllTrails
Энэ бол явган аялагчдад зориулсан апп. Бүх түвшний явган аялагчид AllTrails- ээр дамжуулан явган аялал, холын алхалтын маршрутууд төлөвлөж, кемпийн газруудыг олдог. Энэ апп нь цэг, байршил тус бүрийн үнэлгээ, зэрэглэлийг мэдээлэхээс гадна хялбар, дунд, хатуу гэх мэт түвшнээр ангилж харуулдаг. Таны сонголтоос хамааран AllTrails нь уулын дугуйчид, тэргэнцэртэй хүмүүс, гүйгчид, нохойтой явган аялагчид болон бусад хүмүүст зориулсан цэгүүдийг санал болгодог. Үнэгүй хувилбар нь олон боломжтой ч туршлагатай аялагчдад зориулаад төлбөртэй хувилбар нь агаарын чанар, хиймэл дагуулаас авах цаг агаарын мэдээ, цэцгийн тоосжилт, гэрлийн бохирдол, хэрэглэгчийн дулааны газрын зураг зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.
Hotel Tonight
Нарийн төлөвлөгөө гаргадаггүй аялагчид “Hotel Tonight”-ыг татан авч эцсийн мөчид, тэгэхдээ ихэвчлэн хямдралтай үнээр буудал захиалж болно. Зочид буудлын энэхүү аппаар гэнэтийн хямдралтай буудлуудыг, түүнчлэн урьдчилсан эсвэл олон хоногийн захиалга хийх боломжтой. Энэ нь ялангуяа зүгээр л хоног төөрүүлэх газар хэрэгтэй хүмүүст илүү тохиромжтой. Тодруулбал, нислэг саатсан үед, тодорхой маршрутгүйгээр авто аялал хийх явцад хоноглох хэрэг гарсан тохиолдолд ашиглаж болно. Байнгын хэрэглэгчид олон удаа захиалга өгсний дараа бонус, их хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой.
BringFido
Хэрэв та нохойтойгоо хамт аялж байгаа бол BringFido апп-ыг зайлшгүй ашиглах хэрэгтэй болно. Хэрэглэгчийн бий болгож, эрэмбэлсэн мэдээллийн сантай бөгөөд АНУ болон бусад орны хот, сууринуудад нохойд ээлтэй байр, зоогийн газар, арга хэмжээ, үйл ажиллагаа болон бусад зүйлийн жагсаалтыг санал болгодог. Хэрэглэгчид өөрсдийн дуртай байршлуудыг нийтэлж, бусад нохойтой зочдод зөвлөгөө үлдээж болно.
TripIt
TripIt нь урт хугацааны амралт эсвэл нислэг, зочид буудал, машин түрээсийн үйлчилгээг олон удаа ашиглах шаардлагатай холын аялал төлөвлөж буй хүмүүст зориулагдсан. Үнэ төлбөргүй ашиглаж болох энэ апп таны аяллын бүх төлөвлөгөөг мэйл дотор чинь нэгтгэж, баталгаажсан захиалгуудын дугаарыг хадгалдаг. Түүнчлэн онгоцны буудал руу хэзээ явах, дараагийн хоноглох газраа бүртгүүлэх, захиалсан оройн хоолоо хэзээ идэх зэргээр байнгын сонордуулга илгээнэ. Бас төрөл бүрийн үйлчилгээнээс авч буй бонус оноог тооцоолж, шилжин нислэгтэй холбоотой нөхөн төлбөр хийхэд тусална. Нэг үгээр энэ бол таны халаасан дахь аяллын хувийн туслах юм. Үнэгүй хувилбар нь хангалттай боловч TripIt Pro хувилбарыг нь авч жилийн 49 ам.доллар төлбөл онгоцны буудлын маршрут, ачаа тээшний мэдээлэл, буудаллах боломжтой газруудыг мэдээлэхээс гадна 25 ширхэг бичиг баримт хадгалах зэрэг нэмэлт боломжуудтай.
Эх сурвалж: forbes.com