Монголын шилдэг байгууллагуудын төлөөлөл, олон улсын байгууллагын судлаачид, яам, засгийн газрын төлөөлөл, хүний нөөцийн мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлд тулгамдаад буй бэрхшээлээс ангижрах арга замыг эрэлхийлэхээр “MONGOLIAN LABOR MARKET SUMMIT”: Good Workplace Awards 2024″ чуулганыг “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор энэ сарын 27-нд Shangrilla-д зохион байгууллаа. Тус чуулганыг Zangia.mn, Nito болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохиосон юм.
“Ажиллах хүчний хомсдол хөгжлийн саад юм. Иймээс бид ур чадвар, бүтээмж, цалин хөлсний бядтай ажиллах хүчийг сургах хэрэгтэй” гэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан чуулганыг эхлүүлэх үеэрээ хэлсэн юм. Цар тахлаас хойших Монголын эдийн засаг өсөлт рүү тэмүүлсээр. Энэ хүрээнд засгийн газар томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр зэхэж буй. Гэтэл өнөөдрийн байдлаар дэлхийн тавцанд “Чанартай ажиллах ажилтны чадавхыг хэмжсэн байдал буюу “Global talent competitiveness 2023” тайланд дурдсанаар манай улс 134 орноос 110-т жагсжээ. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд хүссэн ажилтнаа хэр амжилттай олж чаддаг вэ? үзүүлэлтээр нийт 134 орноос сүүл мушгиж байна. Мөн дэлхийн тавцанд манай улс хаахна эрэмбэлэгдэж буйг зарим графикаар танилцуулъя.
Хөшигний ард
Хүний нөөцийн асуудал байгууллагын хэмжээнээс хальж, улс орны хөгжлийн асуудал болсон нь нууц биш. Зөвхөн Монголын ажлын байрны үндсэн платформ Zangia.mn дээрх ажлын байрны захиалгын өсөлт уул уурхайн салбарт 165 хувь, банк санхүү, нягтлан бодохын салбарт 139 хувь, худалдаа борлуулалтын салбарт 105 хувьтай байна. Нэг үгээр бол эдгээр салбарт байнгын ажиллах хүчний дутагдалтай салбарууд юм. Тэгвэл 2023 онд нийт ажлын байрны 267 мянга гаруй захиалга бүртгэгджээ. Үүнд худалдаа борлуулалт, банк санхүү, уул уурхай, барилга үл хөдлөхийн салбарууд тэргүүлж байгаа аж. Энэ онд ажилгүй иргэдийн тоо 82 мянгад хүрсэн бол 2023 онд 70 мянган иргэн гадаад улс руу гурван сараас урт буюу эргэж ирэхгүйгээр явжээ. Мөн манай улсын эдийн бусад төвлөрөлт эергээр нөлөөлөгч эдгээр салбарууд ажиллах хүчний хомсдолд орсон ч нийт 1.4 сая иргэн сарын 274.4 мянган төгрөгийн орлоготой амьдарч байна.
Тэгвэл хүний нөөцийн дутагдалтай буй “шархыг эдгээх” талаар “Zangia.mn” платформын захирал Б.Түвшинтулга “Хэрэв бид хүнээ хөгжүүлэхгүй, чадварлаг ажилтны тоог нэмэхгүй бол эдийн засгийн өсөлт зогсоно, нийгмийн суурь нурна. Нүүрсний худалдааг нэмэхээс илүүтэй нийгмийн үнэт зүйл болох хүн тэр дундаа ур чадвартай ажиллах хүчийг нэмэгдүүлье. Бид үүнд төвлөрч, хөдөлмөрийн зах зээл рүү хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Тиймээс энэхүү чуулганаар төр, хувийн хэвшил, Олон улсын байгууллагууд хамтарч, хэрхэн шийдэх тал дээр ойлголцож тохиролцоонд хүрснээр шийдлийн эхний ТОМ алхам болно” хэмээв.
Хүн төвтэй бодлого
Нэрт бизнесийн зөвлөх Майкл И.Герберийн “Э-Төөрөгдөл эргэн ирсэн нь” номд “Хүсэшгүй ажил гэж байдаггүй. Харин ажил хийхийг хүсээгүй л хүн гэж байдаг” гэж бичигдсэн байдаг. Аль ч байгууллага туршлагатай, өндөр чадамжтай, цаашдын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой авч явах чадвартай ажилтанг авахыг зорьдог. Гэвч улсын хүний нөөцийн зах зээлд өнөөгийн түвшинд “өдрийн од”. Байгууллага зам мухардсан тохиолдолд ухрахаас илүүтэй шийдлийг сонгодог. Мөн хүний нөөцийн дутагдалд ороод буй нөхцөлд байгууллагууд хэрхэн одоо ажиллаж буй ажиллах хүчээ тогтвортой авч үлдэх талаарх сайн туршлагыг хүргэе.
Өдгөө СU сүлжээ дэлгүүрт 3700 гаруй залуус ажилладаг бөгөөд тэдгээрийн 80 орчим хувийг 18-22 насныхан эзэлдэг, маш залуу хамт олон аж. Энэ ч үүднээс ихэнх залуусын анхны ажлын байр болдог. “Анхны ажлын байр нь болж буй манай байгууллагаас залуус зөв манлайлал, соёлд суралцаасай” гэж хүсдэг хэмээн Премиум Нэксус ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг “MONGOLIAN LABOR MARKET SUMMIT”: Good Workplace Awards 2024″ арга хэмжээний үеэр дурдсан юм. Тэрбээр “Зарим байгууллага бизнесийн зорилго ашиг олох юм аа, хувьцаа эзэмшигчдийг тэргүүнд тавих хэрэгтэй гэдэг. Мэдээж энэ бүгд чухал. Гэхдээ эдгээр нөхцөл биелэхийн тулд ажилсагчдаа анхаарч, халамжлах ёстой буюу “Хүн төвтэй бодлого”-ыг баримтлах нь зүйтэй юм. Ингэснээр хувьцаа эзэмшигчдээ бүх талаараа өндөр үр өгөөжийг өгнө.
Юун түрүүнд манай байгууллагын ажилчид хамгийн шилдэг нь гэдэгт итгэх хэрэгтэй. Хэрэв удирдлага итгэл үзүүлэхгүй бол хийж буй зүйлсэд нь эргэлзэж эхэлнэ. Ингэснээр хамтын ажиллагаа нурж, гүйцэтгэл гарахаа болино. Тиймээс ажилчдадаа байгууллагын үнэ цэнэ нь Та өөрөө юм шүү гэдгийг ойлгуулах нь амжилттай явахын баталгаа болно. Ерөнхийдөө ямар тохиолдолд сонирхолгүй ажлын байр үүсдэг вэ? гэхээр алхам тутамд нь заасан нөхцөлд буюу удирдлагын Би бүгдийг мэдэж байна намайг сайн сонс гэх хандлагаас үүсдэг. Уршиг нь ажилтан миний хэрэг ч энд байхгүй юм байна, хэлсэн болгоныг нь хийхэд хангалттай юм байна гэж бодож өөрийнхөө үнэлэмжийг бий болгож чаддаггүй. Иймд удирдлага цааш явах дүр зургийг ярьж өгч, хэрхэн үүнд хүрэх арга, замыг ажилтан өөрөө олох нь зүйтэй. Мөн “фронтод” юу болж байгааг мэддэггүй удирдлага дандаа буруу шийдвэр гаргадаг. Тийм учир удирдагч хүн нь бодит амьдрал дээр юу болж буйг сайн мэдэх хэрэгтэй” гэлээ.
Байгууллагын үнэ цэнээ ажилчдадаа нэвчүүл
Хувь хүн бүрд гэр бүл, амьдралын чанд зарчим, нэр төр гэх мэт олон үнэт зүйл оршиж байдаг. Гэхдээ тухайн хүн өөрийн үнэт зүйлээ ойлгосон уу? гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл амжилттай яваа ч гэнэтхэн л өөрийн үнэ цэнийг хайж эхэлдэг хүмүүс бий. Шинэхэн ажилтанд байгууллагын үнэт зүйл, алсын хараа, эрхэм зорилго гэх зүйлс огт бодогддоггүй. Харин хамгийн түрүүнд авч буй цалингаа хэрхэн нэмэх вэ? гэж боддог. Үүнээс л бүтээмж эхэлдэг гэдгийг “MONGOLIAN LABOR MARKET SUMMIT”: Good Workplace Awards 2024″ арга хэмжээний панелистууд онцолж байлаа. Ажилтнаа өндөр сэтгэл ханамжтай эргээд байгууллагад үр өгөөжтэй ажиллуулахын тулд нэн тэргүүнд удирдагч байгууллагын үнэ цэнээ ойлгож, ажилчдадаа нэвчүүлэх шаардлагатай. Энэ талаар “Үнэт санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ын дарга Д.Бадрал “Шинэ үеийн залуус хөдөлмөрийн зах зээлд хүчтэй орж ирж байна. Манай байгууллагыг нэг жилийн ой ирэх арван сард тохионо. Гэтэл дөнгөж шинээр эхэлж буй компанид дэлхийн үнэт цаасны зах зээлд ажиллаж байсан туршлагатай залуус ажиллах хүсэлт илгээсэн нь их сонирхолтой санагдаж байлаа. Тэд хамтдаа урагшлах бүтээх хүсэл эрмэлзлээр тэмүүлж байгаа нь илт мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл харилцан удирдах зарчмаар ажиллахыг хичээж байна” гэлээ.
Оны шилдгүүд
- “𝐁𝐞𝐬𝐭 𝐓𝐫𝐚𝐢𝐧𝐢𝐧𝐠” буюу Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч – “Премиум Нэксус ХК”, Интернэйшнл Медикал Сентер ХХК
- “𝐋𝐞𝐚𝐝𝐞𝐫𝐬𝐡𝐢𝐩 𝐢𝐧 𝐇𝐑 𝐏𝐨𝐥𝐢𝐜𝐲” буюу Хүний нөөцийн бодлогоор манлайлагч шилдэг ажил олгогч- “Бодь Интернэшнл ХХК”
- “𝐂𝐚𝐫𝐞𝐞𝐫 𝐃𝐞𝐯𝐞𝐥𝐨𝐩𝐦𝐞𝐧𝐭” буюу Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч-“Нано Интернэйшнл ХХК”
- “𝐁𝐞𝐬𝐭 𝐂𝐚𝐫𝐞𝐞𝐫 𝐏𝐫𝐨𝐠𝐫𝐞𝐬𝐬𝐢𝐨𝐧 𝐟𝐨𝐫 𝐖𝐨𝐦𝐞𝐧” буюу Эмэгтэйчүүдийн карьерын өсөлтийг дэмжигч шилдэг ажил олгогч”-оор “Говь ХК” шалгарлаа.
- “𝐃𝐢𝐯𝐞𝐫𝐬𝐢𝐭𝐲 & 𝐈𝐧𝐜𝐥𝐮𝐬𝐢𝐯𝐢𝐭” буюу Тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч”-оор “Таван Богд Фүүдс ХХК”
- “𝐅𝐚𝐦𝐢𝐥𝐲 𝐒𝐮𝐩𝐩𝐨𝐫𝐭𝐢𝐯𝐞” буюу Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч-“Монголын Алт (МАК) ХХК”
- “𝐁𝐞𝐬𝐭 𝐂𝐮𝐥𝐭𝐮𝐫𝐞 буюу Шилдэг соёл бүхий ажил олгогч-“Мизорн ХХК”
- “𝐈𝐧𝐧𝐨𝐯𝐚𝐭𝐢𝐯𝐞 𝐌𝐚𝐧𝐚𝐠𝐞𝐦𝐞𝐧” буюу Инновацилаг менежменттэй шилдэг ажил олгогч-“Наашаа Тек ХХК”
- “𝐄𝐦𝐩𝐥𝐨𝐲𝐞𝐫 𝐁𝐫𝐚𝐧𝐝𝐢𝐧𝐠” буюу Ажил олгогчийн шилдэг бренд- “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”
- “𝐁𝐞𝐬𝐭 𝐟𝐨𝐫 𝐘𝐨𝐮𝐭h”– Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч”-оор “ТЭСО” групп