Гадаадын хөрөнгө оруулалт бол дэлхийн бүх улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгагч гол хүчин зүйлсийн нэг юм. Тэр дундаа Монгол шиг жижиг зах зээлтэй, хөгжиж буй, далайд гарцгүй, хоёр том хөрштэй, байгалийн арвин их баялагтай улсын хувьд энэ нь стратегийн чухал ач холбогдолтой асуудал юм. Гэвч сүүлийн 10 жилд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг тогтвортой хадгалж, шинэ түвшинд хүргэх тал дээр тодорхой ахиц гаргаж чадаагүй хэвээрээ л байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол
Гадаадын хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн эх үүсвэр болохоос гадна технологийн ноу-хау, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг дагуулдаг. Жишээлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсанаар БНХАУ эдийн засгийн хөгжлөө хурдасгаж өдгөө дэлхийн томоохон эдийн засаг болж чадсан. АНУ ч мөн адил гадаадын хөрөнгө оруулалтын ачаар технологийн дэвшил, үйлдвэрлэлийн өсөлтөд хүрсэн байна. Эдийн засагч Д.Жаргалсайханы онцолсноор гадаадын хөрөнгө оруулалт аливаа улсад эн тэргүүнд гурван давуу талыг бий болгодог: 1) Капитал (мөнгө, хөрөнгө, үнэт цаас, бонд гэх мэт), 2) технологийн ноу-хау, 3) Зах зээлийн хэмжээгээ өсгөх (scale).
Монголын хувьд, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглах шаардлагатай. 3.5 сая хүн амтай жижиг улс учраас бид зөвхөн дотоод нөөцөд тулгуурлах боломжгүй.
Энэ мэтчилэн гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол, давуу талын талаар бараг л зах зээлийн системд шилжсэн үеэсээ хойш ярьж, маргаж, мэтгэлцэж буй ч энэ тал дээр ахиц дэвшил дэндүү маруухан. Уг нь бид гадаадын хөрөнгө оруулалт яагаад орж ирэхгүй шалтгаан, оношоо сайн мэдэж буй. Энэ талаар Д.Жаргалсайхан “Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчдын алдсан итгэлийг сэргээх хэрэгтэй. Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулагчдын 100 гаруй гомдол ирснээс 5-6 жилийн туршид дөнгөж 25 хувийг нь шийдсэн байна. Түүнчлэн, улс төрийн том албан тушаалтнууд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж байгаа нь тэдний итгэлийг алдагдуулж байна. Энэ итгэлийг сэргээхийн тулд хариуцлага тооцох хэрэгтэй. Дараагийн асуудал нь уул уурхайн салбарын АМНАТ зэрэг орлогыг орон нутгийн хүмүүст хүргэх явдал юм. Эцэст нь, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт нь хууль журамгүй оронд орж ирэхгүй. Бидэнд улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүйн орчин, ил тод байдал шаардлагатай” хэмээн товч дүгнэж хэлсэн юм.
Нөгөө талаас, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хангах, гадаадын хөрөнгө оруулалт татдаг ганц гол салбар болох уул уурхайгаас орж ирж буй орлогыг шударгаар хуваарилах нь чухал байна. Орон нутгийн иргэдийн дэмжлэггүйгээр аливаа төсөл, тэр дундаа уул уурхайн төсөл амжилттай хэрэгжих боломжгүй.
Мөн 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хууль (одоогийн Хөрөнгө оруулалтын тухай хууль) 20 жилийн турш дорвитой шинэчлэгдээгүй байна.
Ирээдүйн боломжууд
Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайгаас хэт хамааралтай байсаар ирсэн. Энэ нь богино хугацаанд эдийн засгийн өсөлт авчирсан ч урт хугацаанд тогтвортой байдлыг хангах боломжийг хязгаарлаж байна. Эдийн засгийн хөгжлийг тогтвортой, төрөлжсөн байдлаар хангахын тулд Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт татах, шинэ салбаруудыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай.
Эдийн засагч Д.Жаргалсайхан гадаадын хөрөнгө оруулалтыг олон салбарт татах, улмаар үүнийг ашиглан олон жил ярьсан эдийн засгаа төрөлжүүлэх зорилгодоо хүрэх боломжтой талаар өгүүлж байв. “Монгол Улс нь 3.5 сая хүнтэй, зах зээлийн хэмжээгээрээ дэлхийн томоохон улсуудын жижиг хот, жижиг тосгон, жижиг районтой тэнцэх юм. Тиймээс Монголд юм хийгээд Хятад руу, дэлхий рүү гаргах боломжийг бий болгох ёстой. Гэвч бид одоог хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй, эдийн засгаа, экспортын нэр төрлөө төрөлжүүлнэ гэж ярьсаар хэрэгжүүлсэн зүйл алга” гэж тэрбээр онцолсон.
“Бид боломжийнхоо тухай ярихгүй, боломжгүйн тухай л яриад байна. Дотроо хэрэлдээд байна шүү дээ. Алсыг хармаар байна. Монгол улсаа хөгжүүлье, иргэд бид өөрсдөө сайн сайхан амьдаръя, сайн ажиллая, өндөр цалинтай болъё гэж хүсэж байгаа бол гаднын хөрөнгө оруулалт шаардлагатай” хэмээн Д.Жаргалсайхан өгүүлээд дараах салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Ногоон эрчим хүч
Ногоон эрчим хүчний салбар дэлхий даяар эрчээ авч буй бөгөөд Монгол Улс энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах ихээхэн боломжтой. Манай улс нар, салхины асар их нөөцтэй. Гэхдээ эдгээр нөөцийг үр дүнтэй ашиглахын тулд эрчим хүчний тарифыг шинэчлэх, дэд бүтцийн реформ хийх шаардлагатай. Ингэснээр Монгол Улс зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй хөрш орнуудад эрчим хүч экспортлох боломжтой болно. Энэ талаар эртнээс яригдсан дотоодын төдийгүй улс дамнасан цөөнгүй төсөл бий.
Боловсрол
Гадаадын хөрөнгө оруулалт татаж болох өөр нэг сонирхолтой салбарыг тэрбээр нэрлэсэн нь боловсрол юм. Учир нь энэ салбарт хямд зардлаар ихээхэн өгөөжтэй хөрөнгө оруулалт татаж болох аж. “Жишээлбэл, Ховд аймагт Колумбын их сургуулийн Ховд салбарыг, Дорноговь аймагт Йелийн их сургуулийн Сайншанд салбарыг нээж, эдгээр сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессоруудыг урьж хичээл заалгаж болно. Эдгээр сургуулийн оюутнуудын дийлэнх хувь нь БНХАУ, ОХУ-ынх байх боломжтой” хэмээн Д.Жаргалсайхан онцолсон. Хэлний бэрхшээл, визний хориг гэх мэт саад тотгор бий учраас АНУ, Европт суралцах боломжгүй байгаа хөрш улсуудын оюутнуудыг татна гэсэн үг. “Гадаад хэл сурахын тулд Монгол руу ирдэг, эсвэл манай аль нэг хот дэлхийн боловсролын том төв байж болно” гэж тэрбээр нэмж хэлсэн.
Агаарын тээвэр
Монгол Улс газарзүйн байршлын хувьд Ази, Европыг холбосон стратегийн чухал цэгт байрладаг. Үүнтэй уялдуулаад олон улсын нисэх онгоцны засварын төв, Нисэхийн академи байгуулах бүрэн боломжтой. Үүний тулд одоо байгаа инженерүүдийн тоог нэмэх шаардлага үүснэ. Сүүлийн арваад жилд МИАТ компани дэлхийн авиа компаниудын онгоцыг жил бүр олон сая долларын төлбөртэйгээр засаж байгаа практикийг улам өргөжүүлж, Буянт-Ухаа нисэх буудлыг түшиглээд онгоц засварын дэд бүтэцтэй болох хувилбар бий.
Нисэхийн академийн тухайд БНХАУ, ОХУ зэрэг орны нисгэгчдийг Боинг, Аэробусын сертификаттай сургалтад хамруулж болох юм. Үүн дээр бүх төрлийн жижиг онгоц хадгалах зэрэг нэмэлт боломжууд гарч ирэх магадлалтай. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс бүс нутгийн агаарын тээврийн нэг төв болох боломжтой юм.