Зохиолч, блоггер Майкл Хиаттын хэрхэн үр дүнтэй тэмдэглэл хийх тухай 5 зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.
Хэн нэгэн надад тэмдэглэл хэрхэн хөтлөх тухай хэзээ ч зааж байгаагүй. Бүр ахлах болон их сургуульд ч. Ажил дээр гараад ч мөн адил. Энэ амьдралдаа би өөрөө тэмдэглэх чадварыг сурах хэрэгтэй болсон юм. Бусад хүмүүсийг ч би адил гэж бодож байна.
Тийм ч учраас маш цөөхөн хүн тэмдэглэл хийхийн чухлыг мэддэг байх. Хэн ч таны амьдралд танд хэрхэн тэмдэглэл хөтлөх тухай зааж, зөвлөж байгаагүй. Тийм ч учраас өөрийн амьдралын туршлага дээрээ үндэслэн би та бүхэнд яагаад тэмдэглэл хөтлөх хэрэгтэйгээс гадна хэрхэн тэмдэглэх тухай тодорхой зааварчилгааг өгье.
Тэмдэглэл хөтлөх шалтгаанууд
Юуны түрүүнд тэмдэглэл хөтлөх нь таныг тухайн ярианд анхаарлаа хандуулахад тусалдаг. Тэмдэглэлийн гол ач холбогдол нь дараа уншихад биш тэмдэглэл хөтөлж байх үед байдаг. Аливаа зүйлсийг тэмдэглэж авах нь биднийг тухайн зүйлд илүү анхаарахад туслахаас гадна биднийг илүү нухацтай, цэгцтэй сэтгэхэд хүргэдэг.
Жишээ нь тэмдэглэл хөтлөөгүй үедээ миний анхаарал илүү амархан сарнидаг. Харин тэмдэглэж байх үедээ би илүү төвлөрч, анхааралтай ажиглаж, сонсож байдаг. Тиймээс ч эргээд миний ярьсан зүйлс тухайн хэлэлцүүлэг, ярианд үнэ цэнтэй байж чаддаг юм. Энэ л шалтгаанаар би заримдаа завсарлагын үеэр ч хэн нэгний ярьж байгаа зүйлсийг хэрэгтэй гэж бодсон үедээ тэмдэглэж орхидог.
Бичиж авснаар чи тухайн мөчид л бодогдоод мартагдах байсан шинэ санаа, асуултуудыг авч үлдэх боломжтой болдог. Бүх асуудал тэр дороо шийдэгдчихдэггүй. Зарим асуултын хариултыг олоход цаг хугацаа ордог. Харин тухайн мөчид нь энэ бүхнийг бичиж авч үлдэхгүй л бол алга болчихдог.
Чиний тэмдэглэл чамайг долоо хоног, сар, жилийн өмнөх явдлууд руу аваачих цаг хугацааны машин л гэсэн үг. Бичсэн тэмдэглэл маань намайг хэдэн удаа аварч байсан гэж бодно. Зөвхөн аливаа асуудлыг шийдэхэд туслахаас гадна хүмүүст даалгасан ажлаа санах, гаргасан чухал шийдвэрээ эргэн харах хэрэгтэй үед тэмдэглэлд үргэлж найдаж болдог.
Эцэст нь тэмдэглэл хөтөлснөөр чи өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж байдаг. Хэн нэгэн нь тэмдэглэж бичих нь тэр хүн анхааралтай сонсож, бусдын хэлж байгааг чухал гэж бодож байгааг бусдад илэрхийлдэг. Магадгүй энэ миний тэмдэглэл хөтлөх хамгийн дуртай шалтгаан ч байж мэднэ. Хэрэв чи удирдлагын түвшинд ажилладаг бол тэмдэглэл хөтлөх нь хариуцлагыг бага багаар бий болгож байдаг. Ажилтнууд тань “Хэрэв дарга үүнийг тэмдэглэж авч байгаа бол дараа нь асууж магадгүй. Тэгэхээр би анхаарах хэрэгтэй” гэж боддог. Удирдагч хүн үйлдлээрээ үлгэрлэж байдаг учир та тэмдэглэл хөтөлдөг бол ажилтнууд, багийнхан тань ч тэмдэглэл хөтөлдөг болох юм.
Гэвч хэрхэн тэмдэглэл сайн хөтлөх вэ?
1. Зөв тэмдэглэлийн хэрэгслээ сонго.
Хэрэв та өөртөө тохирсон хэрэгсэлтэй бол түүнийгээ л хэрэглэ. Энэ нь шар наадаг цаас эсвэл аппликейшн ч байж болно. Би ихэвчлэн бүрэн хэмжээний төлөвлөгчийнхөө өдөр тутмын хэсэг дээр тэмдэглэлээ хөтөлж явуулдаг. Хаана ч явсан би энэ дэвтрээ үргэлж авч явдаг.
2. Тэмдэглэлдээ бүтэц бий болго.
Хэрэв уулзалт, ярианууд бүтэц муутай байвал би тэмдэглэхдээ өөрийнхөөрөө дарааллуулж бүтэц бий болгодог. Ингэхдээ тэдгээрт шинэ гарчиг, дэд гарчиг өгөх олон санааг цэгээр хатгаж тэмдэглэх, дугаарлах зэргээр бичиж авна. Ингэснээр буцаж уншихад ч хялбар болдог.
3.Чухал гэж бодсон бүх зүйлсээ тэмдэглэ.
Ярих зүйлсийн агуулгын дараалал, дундуур нь асуух асуултууд болон чиний өөрийн төрсөн санааг бичиж үлдээ. Ингэхдээ өөр жишээ, диаграм, хошигнол болон ишлэлүүдийг бичиж авбал бүр сайн.
4. Тэмдэг дүрсүүдийг хэрэглэ, ингэснээр тэмдэглэлээ эргэж харахад маш хялбар юм.
Дэвтрийнхээ зүүн талаас 1 см зай авч бичсэнээр хоосон зайд нь тэмдэглэгээ тавь.
- Маш чухал зүйл бол өмнө нь од
- Цааш дахиж судлах, унших шаардлагатай зүйлс байвал асуултын тэмдэг
- Хойноос нь асууж сураглах зүйлс байвал дөрвөлжин тэмдэг тавьж тухайн зүйлс шийдэгдсэн тохиолдолд дөрвөлжин дотроо тэмдэглэчихдэг.
- Хэн нэгэнд даатгасан ажил байвал бөөрөнхий дүрс тавьж хариуцаж авсан хүнийг нь хойно нь бичиж, тэр ажлыг хийсэн тохиолдолд бөөрөнхий дүрс дотроо тэмдэглэчих.
5. Тэмдэглэлээ эргэж харах цаг гарга.
Ингэх нь маш чухал. Уулзалт болгоныхоо дараа би цаг алдалгүй тэмдэглэлээ эргэж харахыг хичээдэг. Хэрэв ингэж чадаагүй бол тухайн өдрийнхөө орой нь, хэрэв орой нь амжаагүй бол тэр долоо хоногийнхоо төгсгөлд эргэж уншдаг. Энэ бүхнээс гадна хэрэв хэдхэн минут шаардах ажил байвал би тэмдэглэлгүйгээр шууд л хийчихдэг. Харин илүү их цаг шаардах ажлуудыг би төлөвлөгөөндөө оруулж, хийх өдөр хүртэл нь ухамсартайгаар хойшлуулдаг. Хэн ч бүх зүйлсийг бүрэн санадаггүй тул тэмдэглэл бол цаг хугацааны машинд дөхөх хамгийн ойр бидэнд байгаа зүйл юм.
Маш чухал зөвлөгөө байна. Баярлалаа.
Мааш их баярллаа
Бөөрөнхий биш дугуй дүрс!