Өөр хоорондоо зурвас шидэлцэж, мэдээлэл дамжуулахдаа англи үг дайх нь монголчуудын хувьд хэвийн үзэгдэл болоод байна. “Сайн уу”, “Баяртай”, “Уучлаарай” гэхийн оронд “Hi”, “Bye”, “Sorry” гэж англиар хэлэхэд хэн ч ойлгодог цаг үе иржээ. Гэхдээ англи хэлний энэхүү давалгаа гагц Монголыг ч биш, дэлхий дахиныг нийтэд нь хамраад байгаа билээ. Өнөөдөр дэлхийд 1.5 тэрбум хүн англиар ярьдаг гэх судалгаа бий. Үүнээс нэг тэрбум гаруй нь англи хэлийг хоёрдогч хэлээ гэж үздэг. Энэ бүхэн англи хэлний эрэлт хэрэгцээг илэрхийлэх хамгийн энгийн баримт юм. Хэдийгээр монголчуудын англи хэлний түвшин өнгөрсөн жилүүдийнхээс эрс сайжирсан ч, бүхий л салбарт англи хэлний өндөр мэдлэгтэй боловсон хүчин дутагдалтай хэвээр байгаа.
Харин 20 гаруй жилийн өмнө нөхцөл байдал ямар байсан бол? Ямартаа ч өнөөдрийг бодвол хавьгүй цөөн хүн англи хэл сурч байсан нь эргэлзээгүй. Англи хэлний сургалтын төвийн тоо ч хуруу дарам цөөн байж. Яг ийм үед монголчуудыг дэлхийн түвшинд сэтгэж, хязгааргүй мэдээллийн санд хүргэх боломжийг нээж өгөхөөр зориглосон хэсэг хүмүүс англи хэлний сургалтын төв байгуулан тууштай зүтгэж эхэлжээ. Гэхдээ бэрхшээл тэднийг тойрсонгүй, дайрчээ.
Алдагдалтай ажиллаж, багш ажилчдынхаа цалинг олгож чадахгүйн улмаас тэдний байгуулсан сургалтын төв хаагдах дээрээ тулаад байв. АНУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай энэхүү төв үйл ажиллагаа явуулаад ердөө нэг жил болж байлаа. Ийм эгзэгтэй үед тус төвд ажилладаг нэгэн эмэгтэй хувиасаа нэмж хөрөнгө оруулахаар зориглож, хувьцаа эзэмшигч болсноор ерөнхий үйл ажиллагааг нь гардан удирдаж эхэлжээ.
“Даяаршил хүрээгээ тэлж буй өнөө цагт хүн ам цөөтэй, жижиг үндэстний хувьд бид дэлхий нийтийн харилцааны гол хэрэгсэл болох англи хэлийг сурахгүйгээр хөгжил, боловсролын чанарын тухай ярих нь хэтэрхий өрөөсгөл. Энэ хүрээнд улс орнууд олон дэвшилтэт арга аргачлал, бодлогыг боловсролын тогтолцоондоо нэвтрүүлж байна. Гэтэл Монголын боловсролын салбарт энэ чиглэлийн бодлого, хэрэгжилт үгүйлэгдсэн хэвээр байна”. Өдгөө үйл ажиллагаа явуулаад хоёр арваныг үдэж, байр сууриа нэгэнт бататгаад буй “Сантис” боловсролын төвийн ерөнхий захирал Долоожингийн Оргилмаа ийн өгүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд 130 мянга гаруй хүн түүний удирдаж, үйл ажиллагааг нь зангидаж буй “Сантис” төвд суралцсан гэх албан бус тоо бий. Тэдгээр суралцагчийн дунд өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарыг өнгөлж буй эрхмүүд ч цөөнгүй байдаг.
“Сантис”-ыг хүндхэн нөхцөл байдлаас гаргаж, Монголын хөрсөнд дахин нутагшуулаад зогсохгүй үйл ажиллагааг нь өнөөг хүртэл амжилттай авч яваа Оргилмаа алсдаа монголчуудын ирээдүйд тустай гэж үзсэн учраас л хөрөнгө оруулах шийдвэр гаргажээ. Өнөөдөр Монголд “Сантис” гэх нэрийг сонсоогүй, энэ боловсролын төвийн талаар мэдэхгүй хүн тун цөөн. Салбартаа ингэж нэрээ дархалж чадсан нь Оргилмаагийн өөрийн хэлснээр нэгэнт зорьсон бол түүндээ хүрч байж л санаа амардаг зантай нь холбоотой болов уу. Нөгөө талаас, англи хэл олон сая хүний амьдралыг өөрчилж, ертөнцийг харах цонх болсон тул бизнес эрхлэхээс илүүтэй бусдад туслахыг хүссэн түүний дотоод тэмүүлэл “Сантис”-ыг амжилтын замд хөтөлсөн гэлтэй. “Яг үнэндээ энэ бүхэн хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгнө гэдгийг мэдэж байсан маань намайг өөртөө итгэхэд нөлөөлсөн. Тийм ч болохоор эрсдэлийг нэг их тооцож үзээгүй байх” хэмээн тэр ярьж байна.
Түүний эхний алхам “Сантис”-ын сургалтын төлбөрийг бууруулахад чиглэжээ. Тухайн үед бүх багш нараа хилийн чанадаас урьж ажиллуулж байсан нь өндөр зардалтай байх гол шалтгаан болж байв. Тиймээс энэ тоог бууруулж, оронд нь чадварлаг монгол багш нарыг ажиллуулж эхэлснээр хосолсон баг бүрдэж, тэр зорьсон үр дүндээ хүрчээ.
“Сантис” боловсролын төвийг гардан удирдсан эхний 15 жилийн хугацаанд тус төвийн гол зорилго англи хэл сургах байсан бол таван жилийн өмнөөс бизнес моделио өөрчилж, олон улсын стандартад нийцсэн англи хэлний сургалтын хөтөлбөрийг Монголд нутагшуулах, ерөнхий болон дээд боловсролын хүрээнд төдийгүй ажлын байранд шаардагдах англи хэлний ур чадварыг олон улсын түвшинд тогтоон баталгаажуулах ажлыг эхлүүлсэн байна. Англи хэлний боловсролын үнэлгээг олон улсын үнэлгээний системийн дагуу тогтоосноор боловсролын чанар сайжирна гэж үзсэн тул энэ чиглэлээр тэр ажиллаж эхэлжээ. Үндэсний хэмжээнд олон улсын TOEFL YSS шалгалтуудыг нэвтрүүлснээр ЕБС-д суралцаж буй олон мянган хүүхдийн өмнө дэлхийд өрсөлдөх боломж нээгдэх юм. Хэдийгээр суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд англи хэлний сургалтын хөтөлбөр бага багаар чанаржиж, олон улсын жишигт дөхөж байгаа ч их, дээд боловсролын хувьд энэхүү шинэчлэл дэндүү удаан байгаад тэр шүүмжлэлтэй ханддаг.
Үнэхээр ч даяаршлын эрин үед бид бусдаас хоцорч, боловсролын чанараараа гологдож байгаа нь бодит үнэн. “Суралцагчдын англи хэлний чадвар тухайн хөтөлбөртэй шууд холбоотой байдаг. Хөтөлбөрийн чанар муу бол хэчнээн сайн багш байгаад ч чанартай сургалт явуулах боломжгүй. Энэ ч утгаараа бид англи хэлний хөтөлбөрийн чанарыг стандартчилах ажлыг эхлүүлсэн” хэмээн Оргилмаа онцоллоо.
Тэр ингээд зогсохыг хүссэнгүй. Дахин нэг том алхам хийлээ. Өнгөрсөн онд “Сантис” боловсролын төв АНУ-ын Боловсролын яамны дэргэдэх CEA олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн билээ. Хоёр жил орчим үргэлжилсэн энэхүү нүсэр ажлын дундуур түүнд хүнд үе цөөнгүй тохиосон юм. 2016 оны эдийн засгийн хямралд олон арван байгууллагын адилаар “Сантис” боловсролын төв өртөж, 60 гаруйд хүрээд байсан багш, ажилтнаа цомхотгох шаардлагатай тулгарчээ. “Хамгийн аймшигтай үе. Яг тийм үед л хүн үнэхээр зөрчилд ордог юм билээ. Эдийн засгийн хүндрэлээс гадна сэтгэл зүйн хувьд ч тун хүнд байсан” хэмээн Оргилмаа дурсаж байна. “Яаж цомхотгол хийх вэ?”, “Олон жил нэг зорилгын төлөө хамтдаа зүтгээд ирсэн ажилтнаа яаж явуулах юм бэ?” гэсэн асуултуудад ээрэгдэхийн хажуугаар “Магадлан итгэмжлэлийн ажлаа зогсооё. Бүх ажилтнаа авч үлдээд цааш юу болохыг хамтдаа харъя”, “Эсвэл бүгдээрээ нийлээд “Сантис”-ын хувьцааг эзэмших үү” гэх зэргээр хамт олонтойгоо илэн далангүй ярилцаж суусан өдрүүд түүнд бий. Гэхдээ эцсийн мөчид энэ хямралыг ганцаараа давахгүй гэдгээ ухаарч Швейцарийн BPN Foundation (Business Professionals Network) байгууллагаас зөвлөх үйлчилгээ авчээ. Менежментийн арга барил түүнд дутагдаж байгааг тэр мэдэрч байлаа. Швейцариас ирсэн мэргэжилтнүүд байгууллагынх нь санхүү, удирдлагын систем, зохион байгуулалтын түвшинд нарийн дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгснөөр Оргилмаа нөхцөл байдлыг өөрөөр харж, улмаар эцсийн шийдвэрээ гаргажээ.
Энэ удаагийн хамтын ажиллагаа түүний хувьд швейцарьчуудтай холбогдсон анхны тохиолдол биш байлаа. Сургалтын чанар, хөтөлбөр, боловсон хүчний ур чадвар зэрэг олон үзүүлэлтээр “Сантис” боловсролын төв толгой цохих болсныг Оргилмаа Швейцарийн нийслэл Бернд төвтэй “Inlingua” олон улсын гадаад хэлний сургуультай холбон тайлбарладаг. 2008 онд “Сантис” төв тус сургуулийн лицензийг эзэмшиж эхэлснээр олон улсын стандартад нийцсэн сургалтын арга барил, хөтөлбөрийг дотоодод нэвтрүүлэх боломж бүрджээ. Өнгөрсөн онд 51 жилийн ойгоо тэмдэглэсэн “Inlingua” сургуулийн дэлхийн өнцөг булан бүрт байрлах салбаруудын төлөөлөлтэй “Сантис”-чууд хамтран ажиллаж, холбоо харилцаагаа тэлсээр байна. Сонирхолтой нь, 1990-ээд оны сүүлчээр ашингтон ДС-д байрлах “Inlingua”-ийн салбарт монголчууд их суралцаж байгааг тус салбарын захирал Эдвард Неф анзаарч, Монголын зах зээлийг судалж үзээд “Сантис” боловсролын төвийг байгуулсан түүхтэй. Харин тэр үед Оргилмаа анхны монгол ажилтнаар орж, англи хэлний ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьжээ.
Олон мянган хүний нүдийг нээж, амжилтын замд хөтөлсөн энэ хатагтай багаасаа л орос хэлний багш болохыг хүсдэг байв. Тиймээс сургуулиа төгсөөд хуучнаар Орос хэлний багшийн дээд сургуулийг хүссэн мэргэжлээрээ сурч төгссөн ч ганц орос хэл хангалтгүй гэдгийг мэдэрч МУИС-ийн англи хэлний багш, орчуулагчийн ангийг мөн дүүргэжээ. “Тухайн үед сурах хэрэгцээ их байсан учраас англи хэлийг бэрхшээл гэж огт боддоггүй байж. Харин ч англи хэл сурахгүй бол хүсэл мөрөөдлөө биелүүлж, цааш алхах ямар ч гарц үлдэхгүй юм шиг санагддаг байлаа. Англи хэл бол намайг төдийгүй олон мянган монголчуудын амьдралыг өөрчилж чадсан амжилтын түлхүүр” гэж тэр хэллээ.
Мөн хөгжлийнхөө дунд үед яваа байгууллагыг удирдаж буйн хувьд ашиг, орлогоос илүүтэй мөнгөөр хэмжигдэх аргагүй үнэ цэнийг бүтээлцэж яваа хамт олноороо бахархаж явдгаа илэрхийлж байв. Дэлхийн түвшинд хөрвөн ажиллах чадвартай оюунлаг монгол иргэнийг чиглүүлэх зорилготой “Сантис”-ынхан бусдад англи хэл сургахын зэрэгцээ байгууллага, хувь хүний соёл, ёс суртахууны төлөвшилд мөн анхаарлаа хандуулж байна.
Тус боловсролын төв ерөнхий англи хэлний сургалт явуулдаг бол 2006 онд Оргилмаагийн санаачилсан “Сантис” академи англи хэлтэй мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийг боловсруулжээ. Ингэснээр англи хэлтэй нягтлан бодогч, оффис, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежерүүдийг бэлтгэн гаргадаг болсон байна. Эдгээр мэргэжилтний хувьд тасралтгүй хөгжиж, мэдээлэл авах гол хэрэгсэл нь англи хэл учраас тэдэнд зориулж “Сантис” академиа байгуулжээ. Өнөөдөр төгсөгчид нь 1000 гаруйд хүрээд байна.
“Ажил, амьдралаа тэнцвэржүүлж, хариуцлагатай, сахилга баттай, ёс суртахууны өндөр ухамсартай байхыг би хичээдэг. Энэ бүхэн миний үнэт зүйл” хэмээн эрсхэн хариулах Оргилмаа энэ бүх ажлаа амжуулахын зэрэгцээ Шри Ланк улсын Өргөмжит консулын албыг хашиж, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах зөвлөлд багтдаг. Тэр эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хөндөн ярьж, тэдний нийгэм, бизнесийн оролцооны талаар санаа зовниж явдаг нэгэн.
Эдийн засаг, нийгэм, боловсрол гэх зэрэг ямар ч салбарын асуудлыг ярилцаж, шийдэл хайхад дэлхийн түвшний мэдлэг боловсролтой байх шаардлагатай. Харин энэ хэмжээнд хүрч, олон улсад өрсөлдөх эхний алхам бол мэдээж англи хэл. Яг энэ орон зайг Оргилмаа олон жилийн тууштай хөдөлмөрөөрөө нөхөж, мянга мянган хүний амьдралд шинэ гарц нээж, тэднийг дэлхийн хэмнэлд хөтөлж байна.