Дэлхий даяар бизнес, эдийн засгийн сэдэвтэй олон мянган ном хэвлэгдэж, энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Сонирхол татам нэр, хараа булаасан нүүр зураг, цоо шинэ агуулга бүхий шинэ номууд ар араасаа “үйлдвэрлэгдэж”, энэ хэрээрээ бизнесийн шилдэг номын жагсаалт хурдтай шинэчлэгдэх болсон ч уншигчдад эргэлзээ үүсэх болов. Нүд эрээлжлэм эдгээр номоос чухам алийг нь сонговол ааг амьсгаа өгөлгүй хурдлах өнөөгийн нийгэмд цагаа дээд зэргээр хэмнэж чадах вэ? Магадгүй танд ч бас ийм асуудал тулгарч байж болох юм. Эсвэл та шинэ, сонирхолтой өнцөг, өмнө нь хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй онцгой сэдэв эрэлхийлж байж ч болох. Тэгвэл таны эргэлзээ, эрэл хайгуулд бага ч болов хувь нэмэр оруулж, санаа сэдэл авах болов уу хэмээн энэ удаагийн ярилцлагын зочноороо Улаанбаатарын ажил хэрэгч залуусын нэг Г.Ганзоригийг урилаа. Өөрийн ном сонгох хэв маяг, унших арга барилыг хэдийнэ хэлбэршүүлсэн тэрбээр Мандал Ассет Менежмент ХОМК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Зарим уншигч маань түүнийг Eagle ТВ-ийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлгийн анкор гэдгээр нь мэдэх болов уу. Тэрбээр тун саяхан Рэй Далиогийн Principles (Амьдрал & Ажлын зарчмууд) номыг хамтран орчуулж, уншигчдын хүртээл болгоод байгаа билээ.
Та эдийн засагч мэргэжилтэй хүн учраас эндээс яриагаа эхлүүлье. Эдийн засгийн тодорхой ойлголттой болоход туслах ямар номыг хүмүүст санал болгох вэ?
Кембрижийн их сургуулийн судлаач Ха Жон Чаны бичсэн Economics: The user’s guide гэж ном их зүгээр санагддаг. Эдийн засгийн талаар ойлголт багатай хүн уншаад ч сайн мэдээлэл авч чадахаар ном. Мөн Карл Марксын Capital: A Critique of Political Economy-ийг уншаад үзэхэд гэмгүй. Үнэ цэн буюу value гэж юу вэ? Үнэ цэн хэрхэн дамжиж байна гэх зэрэг суурь ойлголтын тухай энэ номд өгүүлдэг. Ер нь аливаа асуудлыг сууриар нь ойлгочихвол хялбар байдаг шүү дээ. Хэрэв орчин цагийн макро эдийн засгийг арай илүү практикал байдлаар ойлгоё гэвэл Нил Ирвиний The Alchemists: Three Central Bankers and a World ном тохиромжтой болов уу. Харин макро эдийн засагтай илүү онолын түвшинд танилцъя гэвэл Лесли Липшицийн бичсэн Macroeconomics for Professionals: A guide for Analysts and Those Who Need to Understand Them номыг санал болгох байна. Гэхдээ энэ асуултыг эдийн засгийн чиглэлийн багш нараас асуувал тэд илүү оновчтой хариулна байх.
Тэгвэл хамгийн сүүлд ямар ном уншсан талаараа сонирхуулбал?
Сүүлд гэхээр хариулахад бас л хэцүү юм. Би нэгэн зэрэг олон ном барьж авч, ээлжлэн уншдаг. Яг одоогоор гурван ном эргүүлж байна. Эхнийх нь, алдарт хөрөнгө оруулагч Жон Боглын Enough гэх ном. Би хувьдаа энэ хүний бичсэн номнуудыг шимтэн уншдаг. Бүр тийм нэг гүн гүнзгий философи үнэртээд байдаг болохооор тэр. Enough бол санхүү, бизнесийн мөн чанарын эргэцүүлэмж болсон ном. Харин дараагийн барьж авсан ном маань Стивен Шварцманы What It Takes: Lessons in the Pursuit of Excellence. Санхүүгийн салбарын бас нэгэн алдартай эрхэм. Энэ хүний нэрэмжит тэтгэлэг хүртэл бий. Уг тэтгэлгийг хүртсэн монгол залуус ч байдаг юм билээ. Номын тухайд Шварцманы ажил, карьерын түүхийг түлхүү өгүүлсэн. Тэрбээр алдарт BlackStone фирмийг хэрхэн үүсгэн байгуулсан түүх уг номонд тун тодорхой гардаг. Тиймээс ч уншиж суралцаж байгаа гэх үү дээ. Харин яг одоо уншиж буй гурав дахь ном маань Питер Бернштейний Against the Gods: Remarkable Story of Risk. Уг ном бүхэлдээ эрсдэл хэмээх ойлголтын талаарх түүхийг өгүүлснээрээ онцлог. Унших явцдаа би эрсдэл гэх ойлголтын тухай нийтлэл бичиж эхлүүлсэн. Бас гэртээ үүгээр нэгэн зураглал бэлдэж, зураад тавьчихсан байгаа. Арай дуусаагүй л байна. Гэхдээ тун удахгүй сонирхолтой нийтлэл хүмүүст хүргэхээр төлөвлөсөн.
Ингэхэд унших номоо хэрхэн сонгодог тань сонирхол татлаа?
Ихэнх тохиолдолд би унших номоо сонгодог бол заримдаа ном өөрөө намайг сонгоод ирэх нь бий. Бодоод үзэхээр над руу үндсэн дөрвөн замаар л ном ирж байсан юм шиг. Нэгдүгээрт, найз нөхөд, зарим танилтайгаа ярилцаж суухад тэд өгөөжтэй, уншууртай ном санал болгодог. Эсвэл тэдний ярианд дурдагдаж буйгаар нь зарим номын талаар олж мэддэг. Хоёрдугаарт, Bloomberg-ээс санал болгож буй болон Билл Гэйтсийн уншсан номнууд гэх зэрэг жагсаалт байна. Тэдгээрээс харж байгаад унших номоо шилж авдаг даа. Ялангуяа, Bloomberg-ээс жил бүр танилцуулдаг жагсаалтыг заавал хардаг. Уг жагсаалтад багтсан номнууд ер нь л сайн байдаг. Гуравдугаарт, ажил, амьдралд огт мэдэхгүй, чадахгүй зүйл гэнэт гарч ирдэг шүү дээ. Бараг л байнга гэж хэлж болно. Ийм үед энэ талаар хаанаас олж мэдэж болох вэ гэж судалж байгаад нэг л мэдэхэд ямар нэг ном барьж авсан байдаг. Нэг ёсондоо, амьдралын шаардлагаар юм даа. Дөрөвдүгээрт, зүгээр л бэлэг.
Хамгийн гоё бэлэг бол яах аргагүй ном л байдаг.
Ном бэлгэнд авахаараа би маш их баярладаг (инээв). Тийм ч учраас “Бэлгэнд юу авах вэ?” гэж хүн асуувал би ном л гэж хариулдаг. Ингэж явсаар надад бэлэг болон ирсэн овоо хэдэн номтой болсон шүү.
Саяхан Principles хэмээх нүсэр бүтээлийг хамтран орчуулж, уншигчдад хүргэлээ шүү дээ. Орчуулгын багийнхан яагаад уг бүтээлийг сонгон орчуулахаар болов. Мөн орчуулах явцад ямар бэрхшээлтэй тулгарч байсан бэ?
Principles-ийн орчуулгын ажилд бүтэн жил төвлөрлөө. Ном унших сайхан ч, орчуулна гэдэг их сонин ажил санагдсан. Тухайлбал, би хуушуур идэх дуртай ч, бүтэн жилийн турш өдөр бүр хуушуур иднэ гэвэл үнэхээр залхах шинжтэй юм билээ. Яг л ийм байсан. Нэг юмаа дахин дахин уншаад л, засаад байгаа хэр нь сэтгэлд хүрч өгдөггүй, төвөгтэй эд байна лээ. Ямар ч байсан номынхоо орчуулгыг дуусгаж хэвлүүлсэндээ баяртай байгаа. Хоёр жилийн өмнө Д.Асралт гэж найз маань надад санал тавихад нь би найз Ч.Чинзоригтыгоо дуудаж гурвуулаа болж аваад л орчуулгын ажлаа эхэлсэн дээ. Энэ тухай хөөрөлдөж байсан нь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Гэтэл нэг мэдэхэд л 2020 он гарчихаж. Мөн ч их сэтгэл гаргаж, мөн ч их ажилласан даа. Principles маш чанартай бүтээл байсан учраас өөрт маань ч их өгөөжтэй байсан. Одоо үг, үсгээр нь нэг бүрчлэн санахгүй байгаа ч уг номын гол философи миний амьдралд гүн гүнзгий нэвчсэн. Товчхондоо, номонд Рэй Далио хэмээх агуу эрхмийн амьдралын түүх, түүнийг амжилтад хүргэсэн ажил, амьдралын зарчмуудынх нь талаар өгүүлдэг. Тэрбээр дэлхийн хамгийн том hedge fund буюу хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч хүн байгаа юм.
Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юү?
Би үнэндээ тийм айхтар номын хорхойтон биш л дээ. Зүгээр л ном гэдэг зүйлийн өгөөжийг ихэд үнэлдэг нэгэн. Ер нь хүн ном уншиж, тархиа цэнэглэж байхгүй бол болохгүй юм шиг санагддаг. Үүнийг тайлбарлах гээд үзье л дээ.
Хүний хамгийн чухал эрхтэн болох тархи 100 тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг нь нэг ёсны маш төвөгтэй бүтэцтэй компьютер мэт. Өөрөөр хэлбэл, аварга том мэдээлэл боловсруулах төхөөрөмж гэсэн үг. Цаашлаад ямар ч компьютерт өгөгдөл оруулж байж л бодолт, гарц гаргана. Тэгэхээр бид тархиндаа үргэлж шинэ өгөгдөл оруулж байх хэрэгтэй. Эс бөгөөс тархи өөрт байгаа өчүүхэн мэдээллээ дахин дахин эргүүлсээр сүүлдээ өнөөх нь гуниг болж хувирдаг юм билээ. Энэ бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг хэлж мэдэхгүй ч миний хувьд ийм л зүйл тохиолддог. Хэрэв шинэ ном уншихгүй, шинэ мэдээлэл авахгүй бол тийм нэг тааламжгүй мэдрэмж төрж, гуниглаж, ганцаарддаг. Бас амьдрал нэг л хоосон санагдах үе ч бий. Үүнийгээ би оюун санааны канибализм болж байна гэж өөртөө хэлдэг. Тэгэхээр тархи өөрт буй цөөн хэдэн мэдээллээ идсээр сүүлдээ өөрийн ялгаруулах элдэв бодисоо идээд байна уу даа гэж заримдаа бодогддог юм. Ингэж л аз жаргал гээч үгүй болдог юм шиг. Уг нь жаргалтай л баймаар байна шүү дээ. Тийм болохоор шинэ өгөгдөл заавал олж авахыг хичээдэг. Мэдээж хэрэг гоё кино үзэх, гоё хүнтэй уулзах, гоё ном унших үе бол бөөн бөөн аз жаргал. Энэ бүхнээс хүн өөрийгөө цэнэглэж болох ч эдэн дундаа ном л харьцангуй системтэй, цэгцтэй, бас агуулгын хувьд гүн байдгаараа онцлог. Их, бага хэмжээгээр номын амтанд орсон маань ийм л шалтгаантай байх.
Хүн бүр ном унших өөрийн гэсэн арга барилтай байдаг шүү дээ. Таны хувьд?
Үнэндээ би ихэнх тохиолдолд номыг бараг л бүтэн уншиж дуусгадаггүй. Сонин сонсогдож байж мэднэ. Юу гэсэн үг вэ гэхээр ном уншиж байхдаа гол санаа, хэрэгтэй зүйлээ олоод авчихлаа гэж үзсэн үедээ хаагаад л орхичихдог. Ном уншиж эхэлмэгцээ л “За, энд шинэ зүйл юу байна? Авчихмаар санаа нь хаахна байна? гэх зэргээр хайгаад эхэлдэг. Нэг, хоёр бүлэг уншаад авах зүйл байхгүй бол тэгээд л орхидог доо. Харин гоё санаа, шинэ өнцөг гарч ирээд байвал үргэлжлүүлээд л уншдаг. Яг бүтнээр нь уншсан ном гэвэл үнэхээр тоотой хэд л байх. Харин хэдэн номыг тал дундаас нь, эсвэл 80 хувьтай уншаад орхисон бэ гэвэл тоо томшгүй их. Тэгэхээр арга барилын тухайд товчоор “Хамаа замбараагүй” гэж хариулах нь. Харин бусдад өгөх бяцхан зөвлөгөө надад байна. “Ном бүр сайн гэсэн үг биш шүү. Ном унших ёстой гээд л таарсан цаасаа барьж аваад байх нь утгагүй. Сайн, муу олон бүтээл бий. Тэгэхээр өөрт хамгийн сонирхолтой санагдсан, бас тухайн салбар, чиглэлдээ чанартай гэж үнэлэгдсэн бүтээлийг сонгох нь оновчтой болов уу. Дээр нь хүмүүс ингэж уншдаг, ийм тийм арга барилтай гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй байх. Харин өөрийн сонголт, тааллаар хүссэн цагтаа, хүссэн номоо барьж аваасай гэж бодож байна.
“Уншсан номнуудаас тань хамгийн тод үлдсэн эшлэл, эсвэл сэтгэгдэл төрүүлсэн хэсэг юу вэ?” гэж асуухад тэр Билл Брайсоны Entire History of Nearly Everything номын дараах хэсэг хамгийн түрүүнд санаанд орлоо хэмээсэн юм. “Бид насыг нь бүрэн тодорхойлж чадаагүй орчлонд хэр холыг нь сайн мэдэхгүй оддоор хүрээлүүлэн оршиж байгаа бөгөөд энэ ертөнцөд бидний таньж мэдэж чадаагүй материуд дүүрэн ба тэдгээр нь бидний бүрэн гүйцэд ойлгож мэдээгүй хуулинд захирагддаг ажээ”.
Ном болон унших соёл таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?
Хүний амьдрал хүрэх цэг гэхээсээ илүү тэрхүү цэг рүү алхаж буй аялал юм шиг надад санагддаг. Уг аялал олон даваа, нугачаа, асуудал бэрхшээлтэй. Та өөрийн сонгосон замаар алхаж байхад сэтгэлээр унах үе олон тохионо. Зорилго, чиглэлгүй болох үе ч ирнэ. Заримдаа бүр зугтаамаар ч санагдана. Тэр үед хоёр л зүйл хүнд хэрэг болдог байх. Нэг нь таныг дэмжиж, танд зөвлөж, таныг зоригжуулдаг хүмүүс. Нөгөөх нь таны гарт буй ном. Номноос мөрөөдөл олж авч болдог, номноос бас арга зүй олж авч болдог. Хэцүү асуудлыг хэрхэн шийдэхээ номноос мэдэж болно. Хорвоо дэлхий, орчин тойрноо илүү сайн таних боломжийг мөн ном л олгоно. Хүн төрөлхтний хэдэн зуун жилийн түүхээр баталгаажсан мэдлэг ном болон хэвлэгдсэнийг мэдэхгүй явж очоод хана мөргөөд байвал утгагүй хэрэг. Харин тэрхүү бэрхшээл, тулгарсан асуудлынхаа талаар өгүүлсэн хамгийн сайн бүтээлийг олж аваад унших тухай л асуудал юм. Ингээд л та амьдрал гэх өөрийн сонгосон замаараа илүү аз жаргалтай алхах боломжтой болж буй нь тэр.
Хэрэв шинэ ном уншихгүй, шинэ мэдээлэл авахгүй бол тийм нэг тааламжгүй мэдрэмж төрж, гуниглаж, ганцаарддаг. Бас амьдрал нэг л хоосон санагдах үе ч бий. Үүнийгээ би оюун санааны канибализм болж байна гэж өөртөө хэлдэг.
Дээр нь ном байхад хөлөөрөө явж, нүдээрээ үзэх боломжгүй зүйлсийг бодлоороо туулах боломжтой. Сайхан биш гэж үү? Та нэг өдөр эртний Ромын эзэнт гүрнээр аялж, өөр нэг өдөр санхүүгийн ертөнцөд амьдрах боломжтой. Уулзах боломжгүй гэж боддог, цаг хугацааны хувьд ялгаатай үед амьдарч байсан олон хүнтэй номоор дамжуулан уулзах боломжтой. Өөрөөр хэлбэл, амьдрал гэх аяллаа улам бүр өргөжүүлж, зөвхөн нэг л нарийн жим биш, орон зай, цаг хугацаанаас үл хамааруулж болно гэх үү дээ. Нэгэнт тархинд тань дэлхий ертөнц ийнхүү багтаад ирэхээр таны гар, хөл дагаад хөдөлдөг. Зүгээр сууж чадахаа больдог. Бодол дотор тань дайн болж, хорвоо дэлхий өрнөж байхад гар, хөл тань хөдлөхгүй байхыг харъя л даа. Боломжгүй зүйл. За, арай ч хэтрүүлчихэв үү. Жинхэнэ номын хорхойтнуудын дэргэд жаахан ичмээр юм ярьчих шиг боллоо (инээв).
Товчоор хэлбэл, миний амьдралд ном болон унших соёл томоохон байр суурь эзэлдэг. Гэхдээ ном унших яг тэр процесст нэг их дурлаад байдаггүй. Заримдаа залхуутай ч юм шиг санагддаг. Гэлээ ч номноос шинэ бодол, мэдлэг, мэдрэмж, мөрөөдөл олж авах үнэхээр гайхалтай. Заримдаа ядарч, нуруу хөшөөд босмоор үед, эсвэл бодол болохоороо шунаад үргэлжлүүлэн уншаад л баймаар санагддаг шүү.
?