“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд ЖДҮ эрхлэгчдэд хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор Засгийн газар шийдсэн. Гэвч бизнес эрхлэгчид банкнаас тавьж буй шаардлагуудыг хараад царай нь барайв. 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээлэхэд үндсэн долоон шаардлага хангах ёстой бөгөөд 2019 оны эцсийн байдлаар НДШ, татварын өргүй байх, Х тайлан мэдүүлээгүй байх, барьцаа хөрөнгөтэй байх зэрэг нөхцөл нь зээлийн үр дүнг анхнаас нь эргэлзээнд оруулав.

Тэгвэл эдгээр нөхцлийг биелүүлж чадах компани Монголд хэр олон байгаа вэ? Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад 94 500 орчим ААН үйл ажиллагаа явуулж байгаагаас 97.5 хувь жижиг дунд бизнес. Эндээс 40 орчим хувь нь худалдаа, нөгөө 40 орчим нь үйлчилгээний салбарт ажилладаг. Нэгдүгээрт, энэ хоёр салбар түрээсээр голдуу үйл ажиллагаа явуулдаг учраас бөөний ба жижиглэнгийн худалдаа болон үйлчилгээ эрхэлдэг 70 гаруй мянган ААН дунд барьцаа хөрөнгөтэй нь тун цөөхөн. Хэдийгээр Зээлийн батлан даалтын сангаас барьцаа хөрөнгөний 60 хувийг даана гэж байгаа ч 1-9 хөн хүн ажиллуулдаг 83 000 компанийн хувьд үлдсэн 40 хувь дээр ч барьцаа хөрөнгө гаргана гэдэг хэцүү даваа.

2019-2020 онд 27.1 мянган компани хаалгаа барьсан байна.

Хоёрдугаарт худалдаа, тэр дундаа үйлчилгээнийхэн 2019 оны хоёрдугаар сараас эхлээд цар тахлын нөлөө, хөл хорионд хамгийн их өртөж ашиг, орлого нь унасан. Саяхан Татварын Ерөнхий Газрын мэдээлснээр 2019 оны сүүлээр (Х тайланг тооцоогүй дүнгээр) 61.6 мянган компани тайлангаа ирүүлж байсан бол 2020 оны хоёрдугаар хагасын байдлаар 48 мянга болж буурчээ. Харин 2020 оны сүүл гэхэд 34.5 мянга болжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор 27.1 мянган компани хаалгаа барьсан байна.  Өнгөрсөн онд нийт 132 мянган компани тайлан ирүүлснээс 98 мянга нь Х тайлан ирүүлсэн, нэг үгээр үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг.  

Тэгэхээр 2020 онд Х тайлан ирүүлсэн 98 мянган ААН, түүний дотор цар тахал, хөл хорионоос болж дампуурсан 27 мянга орчим компанийн хувьд дээрх гурван хувийн хүүтэй зээл хүртээлгүй болж байна. Тэгэхээр хоёр их наядын зээлийг чухам хэнд зориулсан бэ гэдэг нь том асуултын тэмдэг юм.

Хэдийгээр 2020 онд НДШ, татварын өр тодорхой хэмжээнд байж болно гэж байгаа ч арилжааны банкууд энэ талаар мэдээлэлгүй, яг ийм нөхцлөөр зээл олгож эхлээгүй.

Үүний тулд Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк,  Зээлийн батлан даалтын сан,  арилжааны банкууд гэсэн дөрвөн тал Ерөнхий гэрээ байгуулах ёстой ч хэзээ байгуулагдах тухай мэдээлэл гараагүй байна. Зарим албаны эх сурвалж хамтарсан ажлын хэсэг гарснаас өөр тодорхой зүйл яриагүй.

НДШ болон татварын өргүй, зээлийн муу ангилалд ороогүй байх гэсэн нөхцлүүд яагаад бодит амьдрал дээр бууж дэмжлэг болохгүй байгаа талаар өөр нэг жишээ татъя. ХХААХҮЯ Дэлхийн банктай хамтраад “Экспортыг дэмжих төсөл” 2020-2023 онд хэрэгжүүлж байгаа. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх зорилготой энэ төсөл экспортын чиглэлтэй, хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжиж, ААН-д 50 мянга, кластерт 100 мянган ам.долларын санхүүжилт өгөх аж.

Ингэхдээ ААН-д дараах шаардлагуудыг тавьжээ:

  • 100 хувь хувийн хэвшлийнх,
  • Жилийн борлуулалтын орлого 50 мянгаас 50 сая ам.долларын хооронд,
  • Үндсэн ажилтны тоо 10-250,
  • 12 сараас дээш татвар, нийгмийн даатгалын өргүй байна гэжээ.

Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байгаа Монголын бүх компанийн 86 хувийг эзэлдэг, 1-9 ажилтантай бичил бизнесүүд энэ зээлд хамрагдахгүй. 10-аас дээш ажилтантай 7170 компани бий. Энэ дотроос дээр заасан гурван салбарт ажилладаг гэсэн шалгуураар шүүгээд үзвэл төр, орон нутгийн өмчийн, гадаад хөрөнгө оруулалттай болон гадаадтай хамтарсан компанийг хасаад ердөө 940 орчим компани үлдэнэ. Үүнээс 250-аас дээш ажилтантай компаниудыг бас хасах хэрэгтэй. Ингээд хасаад байвал хамрах хүрээ улам багасна.

Тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын компаниудын хувьд татвар, нийгмийн даатгалын өргүй, Х тайлан ирүүлээгүй байх бараг боломжгүй.

Энэ дунд аялал жуулчлалын компаниудыг дэмжинэ гэсэн хэрнээ татвар, НДШ-ийн өргүй гэж заасан нь хачирхалтай. Учир нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд энэ салбар таг зогсч, орлого, ашиг нь тасалдсан. Нийт 2300 орчим компани, 88 700 хүн аялал жуулчлалаар хоолоо олж иддэг гэсэн тоо байна. Монголын аялал жуулчлалын холбооны тоо баримтаар 2020 онд салбарын орлого 66 хувиар, ялангуяа тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ. Санхүүгийн хүндрэлээс болж компаниудын 85 нь татан буугдсан, одоо 5800 ажилтан ажилгүй болох эрсдэлтэй байгаа аж. Тэгвэл тэг зогсолт хийсэн компаниуд 12 сараас дээш татвар, нийгмийн даатгалын өргүй байх бараг боломжгүй бөгөөд “Хэнд зориулсан зээл вэ?” гэдэг нь бас тодорхойгүй.

Энэ зээлийн нөхцөлд “Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх” гэсэн өөр нэг шаардлага бий. Гэтэл Монгол Улс хилээ нээгээгүй, экспорт хийх орнууд нь хэзээ хилээ нээх нь тодорхойгүй, олон төрлийн түүхий эд, материал, тоног төхөөрөмжүүд хилийн цаана гацчихаад байгаа нөхцөлд Экспорт хөгжлийн сайн төлөвлөгөө гаргах боломжгүй юм. Түүнээс гадна зээлийн материалыг ердөө дөрөвдүгээр сарын 15 хүртэл хүлээж авна гэсэн нь сар хүрэхгүйн хугацаанд дээрх нөхцлүүдийг хангахад бололцоогүй болж байна. Эртнээс мэдээлэлтэй байсан цөөхөн хэдэн хүн л энэ зээлийг авах юм биш үү гэсэн наад захын хардлага төрнө.

Ихэнх ЖДҮ эрхлэгчдийг бүдрүүлдэг банкны шалгуурууд дотор арилжааны банкуудаас шаарддаг үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага топ хэвээр байна. Нэг ёсондоо энэ бол Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэгэн язгуур шалтгаан юм.

Яагаад үл хөдлөх хөрөнгөнөөс өөр барьцаа байж болдоггүй юм бэ гэсэн асуулт төрнө. Хөгжингүй орнуудад хүүгүй, барьцаагүй эсвэл төслийн санаанд зээл өгдөг жишиг бий.

2017 оны гуравдугаар сараас Монгол Улсад “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас, шинжлэх ухаан, утга зохиолын бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг зэргийг банканд барьцаалан зээл авах боломжтой болсон.

2020 оны есдүгээр сарын байдлаар 400 гаруй мянган хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг банк, санхүүгийн байгууллагууд олгосон тухай Монголын банкны холбоо мэдээлсэн. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлд гэхээсээ илүү иргэдийн өрхийн хэрэглээндээ зээл авахдаа барьцаалсан автомашинууд дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (5 votes, average: 3.40 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Нийгмийн инновац: Хаана асуудал байна, тэнд шийдэл үргэлж хэрэгтэй болдог

Previous article

Ажил олгогч таны юуг сонирхдог вэ?

Next article

2 Comments

  1. Уншидахгүй байна

Leave a Reply to лхагва Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like