Бизнесийн загвар хэдэн арван жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдөн буйг дэлхий даяар гүнзгий мэдрэх болсон цаг үед бид амьдарч байна. Товчоор хэлбэл, аливаа бизнес зөвхөн ашиг орлогод төвлөрөх бус асуудал шийдэж, үнэ цэн бүтээх шинэ үнэт зүйлд захирагдах болжээ. Нөгөө талаар энэ бүхэн нийгэмд бужигнах үй олон асуудлыг хамгийн үр дүнтэй, цогц байдлаар шийдэх эрэлт хэрэгцээ байнга оршсоор ирснийг ч сануулна. Үүний эргэн тойрон дахь эрэл хайгуулын дүнд нийгмийн инновац хэмээх ойлголт бий болжээ.

Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах шинэлэг шийдэл боловсруулахыг нийгмийн инновац гэж маш товчоор ойлгож болно. Манайд энэ талаар саяхнаас ярьж эхэлсэн ч хангалттай цар хүрээг хамраагүй хэвээр байгаа юм. Тэгвэл Kite Mongolia компани Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын сан ADB Ventures-тэй хамтран нэгэн сонирхолтой цахим арга хэмжээг зохион байгуулж, өнгөрсөн долоо хоногийг тэр чигт нь “Нийгмийн инновацын долоо хоног”  (Social Innovation Week) болгон “хувиргав”.   

“ХААНА АСУУДАЛ БАЙНА, ТЭНД ШИЙДЭЛ ҮРГЭЛЖ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ”.

Нийгэмд тулгамдаж буй асуудлуудаа хамгийн боломжийн түвшинд шийдвэрлэж чадаж байгаа улс орнууд урагшлан хөгжиж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж чаддаг. Энэ бүхнийг авчрах гол хөшүүрэг нь орчин үед нийгмийн инновац болоод буй. Дээрх арга хэмжээний ач холбогдлыг ч энэ талаас ойлгох нь зүйтэй.  

Kite Mongolia компани нийгэмд ээлтэй гарааны бизнесийг хөгжүүлэн бойжуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дэмжих чиг үүрэгтэй хурдасгагч хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд 2018 онд үүсгэн байгуулагджээ. 

Тус компанийн үүсгэн байгуулагч Л.Болормаа “Өнгөрсөн хугацаанд стартапууд хөрөнгө оруулалтын шийдэл хайж, надад хандах нь элбэг байлаа. Эндээс л Kite Mongolia-г байгуулах санаа анх төрсөн. Хөрөнгө оруулалт авах эхний дүрэм бол мэргэжлийн хүнтэй уулзаж, зөвлөгөө авах” хэмээн хэлсэн юм. Тэрбээр Kite Mongolia-аас гадна Bodhi Financial Advisory Services (B.F.A.S) болон DEM (Developing Entrepreneurial Mongolia) компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр мөн ажиллаж буй. 

Харин Азийн хөгжлийн банкны ADB Ventures хөрөнгө оруулалтын сан нь Ази Номхон далайн орнуудад тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх, технологийн компаниудад хөрөнгө оруулах зорилготой байгууллага юм.

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВАХ ЭХНИЙ ДҮРЭМ БОЛ МЭРГЭЖЛИЙН ХҮНТЭЙ УУЛЗАЖ, ЗӨВЛӨГӨӨ АВАХ”.

“Нийгмийн инновацын долоо хоног” арга хэмжээ “Ногоон хөгжил, хөдөө аж ахуй, жендэрийн тэгш байдал”, “Тэгш боловсрол ба боловсролын технологи (EdTech)”, “Эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь буюу санхүүгийн технологи (Fintech)” болон “Олон улсын инноваци” гэсэн сэдвүүдийг онцолж, дөрвөн өдрийн турш үргэлжлэв. Эдгээр салбар, чиглэлийн хүрээнд технологид суурилсан үйл ажиллагаа явуулдаг Green Solutions, MemoWords, Marchaahai, EquityLAB, iGeree, MarketHub тэргүүтэй 17 стартап өөрийн компанийн шинэлэг тал, нийгэмд үзүүлэх ач холбогдлыг танилцуулан оролцож, улмаар салбар салбараас уригдсан зочдын асуултад хариулж, тэдний үнэлэлт, дүгнэлтийг сонсож, зөвлөгөө авсан юм. “Стартапуудын хувьд нэг талаар үнэ төлбөргүй менторшип зөвлөгөө болсон гэдэг утгаараа арга хэмжээ маань үр өгөөжтэй байж чадсан” гэж Kite Mongolia-ийн Бизнес хөгжлийн менежер С.Сүнжидмаа хэлж байв. Харин сүүлийн буюу дөрөв дэх өдөр зохион байгуулагдсан үндсэн арга хэмжээнд ADB Ventures хөрөнгө оруулалтын сангийн урилгаар олон улсын томоохон стартапууд оролцож, өөрсдийн шийдлийг танилцуулж, туршлага солилцсоноороо онцлог байв. Тухайлбал, Өмнөд Солонгосын DeepFarm, LADIS, Энэтхэгийн DeepTech AI зэрэг спартапыг нэрлэж болно.

Энэ талаар Л.Болормаа “Монголд хамгийн сайн хэрэгжих боломжтой төслүүдийг бид арга хэмжээндээ оролцуулахыг хичээсэн” гээд “Өнгөрсөн цөөн хэд хоногт залуучууд нийгмийн инновацын ямар шийдлийг эрэлхийлж, ямар гарааны бизнес эрхэлж байгааг олон нийтэд хүргэх, ач холбогдлыг нь ойлгуулах, мөн компаниуд өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжоор хангахыг зорьж ажиллалаа” хэмээн тэмдэглэсэн юм.

СИНЕРЖИ ҮҮСГЭХ НЬ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГОЛ ГАРЦ.

Стартапын экосистемийг бүрдүүлэх, инновацыг дэмжих, нийгмийн тулгамдсан асуудалд шийдэл олно гэдэг өөрөө олон талын оролцоо шаарддагийг арга хэмжээний үеэр цөөнгүй байгууллагын төлөөлөл дурдаж байв. Тэр дундаа нийгмийн инновацыг төрийн бодлогоор дэмжих нь маш чухал. Учир нь нэг компани нэг асуудлыг дангаар шийдээд явахаас илүү экосистемийн хүрээнд бусадтай хамтран цогцоор шийдэх нь үр дүнтэй. Энэ тухай орон нутгийн ногоочид, өрхийн үйлдвэрлэгчдэд туслах зорилготой Agrolly гар утасны аппликэйшныг санаачлагч М.Чимэгсайхан “Бид апп-аа хөгжүүлэхээр судалгаа хийж, хүмүүстэй уулзаж ярилцаж явахад бүтээгдэхүүн, технологиос илүү экосистемийн асуудал их байдгийг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, нэг асуудлыг шийдэхийн тулд цаана нь буй асуудлуудыг давхар шийдвэрлэх ёстойг ойлгосон. Тиймээс бусад стартап, төслийн багтай синержи үүсгэж, тал талаас орж ажиллаж байж, асуудлыг сая шийдвэрлэнэ” гэсэн нь ч ийм учиртай. 

Харин арга хэмжээний дөрөв дэх өдөр зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр Kite Mongolia компани стартапуудыг дэмжин ажиллагч, Өмнөд Солонгосын Underdogs компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын өргөн хүрээтэй хамтын ажиллагааныхаа эхлэлийн цэгийг хатгасан юм. Үүнтэй холбогдуулан Азид нийгмийн инновацыг хамтран хөгжүүлэх, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг холбох, чадавхжуулах сургалт, семинар зохион байгуулах, инкубатор болон солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг олон боломжийг олгон ажиллах аж. 

СТАРТАПУУДЫГ ОЛОН УЛСЫН ТАВЦАНД ГАРГАХ ГҮҮР БОЛНО. 

Kite Mongolia компани Азийн хөгжлийн банкны ADB Ventures хөрөнгө оруулалтын сантай цаашид ч хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах бөгөөд энэ хүрээнд стартапуудыг гаднын, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улс орнуудын зах зээлд гаргахад онцгойлон анхаарах юм. Мөн гадаад, дотоодын стартапууд, бизнес эрхлэгчдийг холбох гүүр болно гэдгээ ч тодотгоод буй. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэх гол суурь болох учиртай экосистемийг хөгжүүлэхэд ч тэд анхаарч ажиллана.  

МОНГОЛЫН АНХНЫ НИЙГМИЙН ИННОВАЦЫН САН БАЙГУУЛАГДАВ. 

“Нийгмийн инновацын долоо хоног” арга хэмжээний үеэр тохиосон өөр нэг онцлох үйл явдал бол хувийн сектортай хамтран инновацыг дэмжин ажиллах зорилготой Kite нийгмийн инновацын сан байгуулагдсан нь байв. Энэ нь нийгмийн инновацын чиглэлийн Монгол дахь анхны хөрөнгө оруулалтын сан болж буйгаараа онцлог. Уг сангаар дамжуулан цаашид нийгмийн инновацын хүрээнд олон ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.   

Ийнхүү Kite Mongolia компани нийгэмд хандсан анхны томоохон ажлаараа дамжуулан Монголын гарааны бизнесүүд олон улсад өрсөлдөхөд дэмжлэг үзүүлж, хөшүүрэг болох эхлэлийг авчирч чадлаа. Энэ бүхэн цаашид Монгол Улсад нийгмийн инновацыг хөгжүүлэхэд чухал алхам болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс ч онцолж байв. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Захирал хүн найруулагч шиг ажиллах ёстой

Өмнөх нийтлэл

ЖДҮ ба зээл: Барьцаа хөрөнгөндөө барьцаалагдсан салбар

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.