Зургийн эх сурвалж: Getty Images

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Жефф Безос технологийн аваргуудын нэг Amazon компанийг байгуулсан гэдгийг бүгд мэднэ. Мэдээж хэрэг, түүнийг 27 жилийн өмнө гараждаа компани байгуулж, онлайнаар ном худалдаалах бизнесээ эхлүүлж байхад хэн ч ийм хэмжээний амжилтад хүрээд зогсохгүй уламжлалт бизнесийн стратегийг эвдэхүйц шинэ дэг тогтооно чинээ төсөөлөөгүй биз ээ. Энэ оны эхээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг Илон Маск тэргүүлж байсан бол түүнээс хоёр сар орчмын дараа Безос эргэн ирж, хуучин байраа эзэгнээд байгаа юм. Шалтгаан нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Маск биткоинд маш өндөр дүнтэй буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь алдагдал дагуулсантай холбоотой. Ирээдүйд энэхүү “муур хулганын хөөцөлдөөн” хэрхэн өрнөхийг бидэнд зөвхөн харах л үлдээд байна.  

Олон төрлийн бизнест хүч үздэг Amazon хэрхэн амжилттай ажилладаг вэ?

Онлайн худалдаа, вэб серверийн үйлчилгээ, Kindle, Echo зэрэг технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээс гадна The Washington Post өдөр тутмын сонин болон Blue Origin сансрын судалгааны компани зэргийг төвлөрүүлсэн олон талт үйл ажиллагаа, нүсэр бүтэц бүхий Amazon компани тун саяхнаас шинэ гүйцэтгэх захиралтай болох тухай яригдаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, тус компани түүхэндээ анх удаа гүйцэтгэх захирлын сэлгээ хийж, Безос удирдах зөвлөлийн суудалд шилжих нь тодорхой болоод буй. 

Түүний “залгамжлагч”-аар Amazon-д 24 жил буюу хамгийн урт хугацаанд ажилласан хүмүүсийн нэг Энди Жасси нэрлэгдээд байгаа юм. Amazon Web Services (AWS) компанийн гүйцэтгэх захирал тэрбээр Жефф Безос шиг олон нийтэд танигдаагүй ч Amazon-ийнхан дундаа өөрийн ур чадвараар үнэлэгдэж, байр сууриа бататгасан нэгэн гэж болно. Түүний удирдан чиглүүлдэг AWS компани Amazon-д хамгийн өндөр ашиг орлого (ойролцоогоор 45 тэрбум ам.доллар) -ыг авчирдаг бизнес гэдэг утгаараа ихээхэн нөлөөтэй. AWS-ийн үйлчилгээг авдаг компаниудын тоонд бидний мэдэх Netflix, Facebook, LinkedIn, Spotify-аас эхлээд АНУ-ын Тагнуулын төв газар хүртэлх маш олон нөлөө бүхий байгууллага багтдагаас бизнесийн цар хүрээг нь баримжаалах боломжтой. 

Цар тахлын нөлөөгөөр Amazon компани улам бүр цар хүрээгээ тэлж өргөжсөн бөгөөд одоогоор 1.5 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр дэлхийн дөрөв дэх үнэ цэнтэй компаниар нэрлэгдэж буй. 

Ер нь Amazon-ийг үүлэн технологиор дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтахад Жассигийн үзүүлсэн нөлөө асар их. Компаниа үүлэнд хөөрөхөд тусалсан тэрбээр одоо ирээдүйг нь залалцах бүр ч өндөр хариуцлагатай албыг хаших нь. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сард ажилтнууддаа бичсэн захидалдаа Безос “Тэр гарамгай удирдагч болох болно” гээд Жассид бүрэн итгэл найдвар хүлээлгэж буйгаа илэрхийлсэн юм. Безосын хувьд гүйцэтгэх захирлын албанаас хөндийрснөөр Amazon-оос тусдаа хэрэгжүүлэх шинэхэн төслүүддээ төвлөрөх цаг гарна хэмээн үзэж буй. Түүний төлөвлөгөөнд цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санаагаа хөгжүүлж, илүүтэй анхаарал хандуулах ажлууд багтаж байгаа аж.

Харин Жассигийн тухайд нэг хэсэг Жефф Безосын “сүүдэр” хэмээн нэрлэгдэж байсан нь Безосын оролцож буй хурал, уулзалт бүрт дагалдахаас гадна Amazon-ийн шинэ залуу мэргэжилтнүүдээс ирээдүйд гүйцэтгэх удирдлага болж, өсөн  дэвжих потенциальтай хэсгийг сургаж, чиглүүлэх ажлыг хийж байсан зэргээс улбаатай. Зарим хамтран зүтгэгч нь Жассиг “Безос өрөөнд байхгүй байсан ч түүнээс дутуугүй шийдвэр гаргадаг” гэсэн бол Йэлийн менежментийн сургуулийн профессор Жеффри Сонненфельд “Тэр маш төлөв даруу, харилцахад тун энгийн хүн. Өөрийгөө нэг их дөвийлгөөд байдаггүй нь технологийн салбарынхны дунд, ялангуяа карьерын ийм түвшинд хүрсэн хүний хувьд ховорхон тохиолдол” хэмээн тодорхойлж байв. 

Amazon-оос салбарласан бизнесүүд бүгд хоорондоо уялдаа холбоотой, нэг нь нөгөөгийнхөө үйл ажиллагааг шууд дэмждэг.

1997 оны тавдугаар сарын эхний баасан гарагт Харвардын бизнесийн сургууль дахь сүүлчийн шалгалтаа өгч, ирэх даваа гарагт нь Amazon-д ажиллаж эхэлсэн талаараа Жасси дурссан нь бий. Энэ бүхэн Безос гараждаа компаниа байгуулснаас гурван жилийн дараа, харин Amazon хувьцаа гаргаж, нээлттэй компани болохоос гурван долоо хоногийн өмнөх үйл явдал юм. Тухайн үед Жасси яг юу хийх, ямар ажлын байранд очиж байгаагаа ч мэдэлгүй ажилд орсон гэдэг. Хамгийн тодорхой нэг зүйл нь тэр үед Amazon зөвхөн онлайн худалдаанд төвлөрсөн хэвээр байв. Жассигийн ажилд орсон цаг үе доткомын хөөсрөлийн өмнөхөн таарсан бөгөөд бизнесийн удирдлагын магистрын зэрэгтнүүд технологийн салбарт идэвхийлэн хөл тавьж байсан үетэй мөн давхацдаг. Тэр эхлээд маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад Amazon-аар худалдаалагдаж буй бүтээгдэхүүнийг төрлийг нэмэгдүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх өөр чиг үүрэгтэйгээр ажиллах болсон байна. Хэдийгээр Жасси технологийн мэргэжил эзэмшээгүй ч удирдлагын арга барилаараа ялгарч чадсан юм. 

Стратеги эвдэгч

“Стратеги бол фокус буюу төвлөрөл” хэмээн Харвардын бизнесийн сургуулийн проффесор Сунил Гупта онцлоод “Энэ ойлголтоор бол Amazon бизнесийн нэг чиглэлд огт төвлөрөөгүй мэт харагдана. Харин ч эсрэгээрээ олон төрлийн бизнест анхаарал хандуулснаараа төвлөрлөө сарниулаад байгаа юм шиг хэрнээ яагаад амжилттай байна вэ? хэмээн асууж байна.  

Стратегийн уламжлалт арга барилаар бол нэг бүтээгдэхүүндээ төвлөрч, түүнийгээ нэг л хэрэглэгчид хүргэх буюу 1:1 зарчим яригддаг. Харин Amazon компани тэдгээр бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийг шууд холбож өгснөөрөө уламжлалыг эвдэж, стратегийн шинэ зарчмыг тодорхойлжээ. Сайтар анзаарвал, Amazon-оос салбарласан бизнесүүд бүгд хоорондоо уялдаа холбоотой, нэг нь нөгөөгийнхөө үйл ажиллагааг шууд дэмждэгийг олж харж болно гэдгийг Сунил Гупта тайлбарласан юм.  

Тэгэхээр зах зээлд тогтсон уламжлалт арга барил, хил хязгаарт баригдах бус илүү чөлөөтэй сэтгэж, юунд төвлөрөх вэ гэдэгтээ сайтар анхаарах шаардлагатайг Amazon-ийн жишээнээс харж, бас суралцаж болно. Amazon өөрийн чадамж, хүрч болох цэг, боломжид төвлөрдөг. 

Amazon компанийн амжилтыг тодорхойлох 3 хүчин зүйл:
  1. Хэрэглэгч төвтэй. Бүтээгдэхүүн, технологи, өрсөлдөгчид бус хэрэглэгчдэдээ илүү төвлөрдөг. Дээр нь хэрэглэгчийн датаг дараа дараагийн хөгжил, шинэчлэлдээ зориулан ухаалгаар ашигладаг. 
  2. Ложистик. Энэ салбартаа тэд дэлхийн хэмжээнд жишиг тогтоосон тоглогч. Дэд бүтэц, ложистикийн сүлжээ, агуулахын автоматжуулсан байдал зэргээрээ Amazon хол тасарсан гэж хэлж болно. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, туршиж, үр нөлөөг нь үйл ажиллагаандаа шууд тусгаж чаддаг нь тэдний онцлог. 
  3. Технологи. Энэ тухайд дэлгэрүүлэн нуршихаа түр азная. Харин хамгийн сонгодог жишээ гэвэл Amazon Web Services (AWS) -ийн үйл ажиллагаа.
Сунил Гупта дижитал стратеги, дижитал медиа, олон нийтийн сүлжээ зэрэг маш өргөн сэдвээр судалгаа хийдэг бөгөөд энэ чиглэлээрээ Жефф Безостой хамтран ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хэвлүүлсэн шинэхэн ном   Invent and Wander-таа Безос түүний судалгаанаас цөөнгүй дурдсан нь тэдний хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаагийн илрэл юм.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Худалдааны салбарын дижитал шилжилт (№ 81)

Өмнөх нийтлэл

“Дэлхий 2021” сэтгүүл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like