Гүний уурхайн анхны эмэгтэй оператор С.Бүжин ягаан жамбо (jumbo) өрөмдлөгийн машиныхаа түлхүүрийг гардан авч буй нь (2018 он).

Манай улсын дээд боловсролтой иргэдийн дунд эмэгтэйчүүд давамгайлдаг ч хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, авч буй цалингийн дундаж хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс бага. Өөрөөр хэлбэл, боловсрол эзэмшсэн байдал нь амьдралын баталгаа болж чадахгүй байна гэж ойлгож болно. 2019 оны байдлаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшин 53.4 хувь байсан бол эрэгтэйчүүдийнх 68.3 хувь байв. Гэтэл КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр ажил эрхлэлтийн уг ялгаа бүр ч нэмэгдсэнийг Азийн хөгжлийн банкнаас мэдээлсэн. 

Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь тэдний эдийн засгийн чадавхид, цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлж буй. Хэрэв эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, оролцооны түвшинг нь эрэгтэйчүүдийнхтэй ижил түвшинд хүргэвэл 2025 он гэхэд дэлхийн нийт ДНБ-ийг жилийн 28 тэрбум ам.доллараар өсгөх боломжтой гэж McKinsey Global Institute-ээс тооцоолсон нь бий. Ингэж эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг нэмэгдүүлэхийн тулд ажлын байр, хөдөлмөрийн зах зээлд жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэх шаардлагатай. 

Манай улсын хувд өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг 63.2 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Азийн хөгжлийн банкнаас онцолсон. Үүний үр дүнд нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор Монгол Улс ДНБ-ээ 16.1 хувиар өсгөх боломжтой. 

Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн ялгарлаас шалтгаалан цалин өндөр уул уурхай, барилгын салбарт ч эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байдаг бол цалин багатай нийгмийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, худалдааны салбарт эмэгтэйчүүд зонхилж буй.

Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал

Энэ сарын 16-нд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор “Эрдэс баялаг – Эмэгтэйчүүд” үндэсний III чуулганыг “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас  зохион байгуулж, салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэж, асуудал, шийдлийг хамтдаа эрэлхийлсэн юм. Энэ үеэр Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал “Өнөөдрийн байдлаар Оюутолгой компани дахь эмэгтэйчүүдийн оролцоо удирдлагын түвшинд 26 хувь байна. Мөн Рио Тинтогоос эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж, оролцоо ба ялгаатай байдлыг дэмжих тусгайлсан бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, манай компанийн хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс жирэмслэлтийн чөлөө авах үеэс эхлээд зургаан сарын бүтэн цалинтай чөлөө олгодог. Ер нь оролцоог тэгш хангаж, олон талт ялгаатай байдлыг дэмжин, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг ажилтнууддаа олгох нь сэтгэл санааны хувьд илүү тайван, өөртөө итгэлтэй, бүтээмжтэй ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлдэг” хэмээн онцолж байв. Ингэснээр байгууллага ашиг орлого, бүтээмжээ нэмэгдүүлэхээс гадна ажилтнуудын шинийг эрэлхийлэх, санаачлах байдал ч нэмэгддэг аж. 

Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн салбарт 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 44 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 16.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Салбарын дундаж цалин улс (1.3 сая) -ын дундажаас хоёр дахин өндөр. Харин тус салбарын хувьд нэгэн сонирхолтой дүр зураг ажиглагдсан нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага зэрэг өндөр цалин авдаг гэх статистик. Хэдийгээр уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд цөөнхөд тооцогддог ч гол төлөв удирдах албан тушаалын ажил эрхэлдэгтэй энэ бүхэн холбоотой байж болохыг Х.Амаржаргал тайлбарлаж байв. 

Оюутолгой компанийн гүний уурхайн эмэгтэй аврагчид. Энэхүү баг эмэгтэйчүүдээс дагнан бүрдсэнээрээ Азидаа анхдагч болжээ.

Өдгөө манай улсын уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт 7500 орчим эмэгтэй ажиллаж буй. Үүнд, эрдэс баялгийн судалгааны ажлаас эхлээд хүнд даацын машины жолооч, гүний уурхайн инженер, техникийн ажилтан хүртэлх бүхий л мэргэжлийн эмэгтэйчүүд багтаж байгаа юм. Оюутолгой компанийн тухайд гэхэд гүний уурхайн аврах ажиллагааны багаа 20 гаруй эмэгтэй аврагчаар бүрдүүлсэн нь Ази тивийн хэмжээнд анхдагчид тооцогдож байна. Өмнө нь эмэгтэйчүүдээс дагнан бүрдсэн аврах баг тивийн хэмжээнд байгаагүй нь онцлох шалтгаан болжээ. Сонирхолтой нь, энэхүү санаачлагыг Стюарт Вилсон хэмээх эрэгтэй мэргэжилтэн гаргасан бөгөөд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал гэдэг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай бус, эрэгтэйчүүд ч уг асуудлыг ойлгон, дэмжиж, бодлогын түвшинд авчрах хэрэгтэй гэдгийг давхар  сануулж буй.  

Нөгөө талаар, энэ бүхэн уул уурхайн салбарт эрэгтэйчүүд давамгайлдаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, хэрэв тэгш боломж олговол бүгд л ялгаагүй чадна гэдгийг харуулах зөвхөн нэг л жишээ.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” болгож ахиуллаа

Previous article

Хэрхэн танил бүтээгдэхүүнд шинэ хэрэглэгч олох вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like