"Оюуны хүрээ" компанийн үүсгэн байгуулагч Х.Ганбаатар ажилтны хамт. Хан-Уул дүүрэг, Имарт дэлгүүр, З давхарт.

2019 оны аравдугаар сарын эхээр Business.MN вэбсайтд Японы тэрбумтан Таками Юүичигийн “Би хөрөнгө оруулахдаа 51 хувийг авна гэж дайрдаггүй” гарчигтай ярилцлага нийтлэгдсэн даруйд цөөнгүй бизнес эрхлэгч манай редакц руу холбогдсоны нэг нь Х.Ганбаатар байв. Тэрбээр өөрийгөө “Оюуны хүрээ” компанийн захирал хэмээн танилцуулсан бөгөөд тоглоомын бизнестэй нэгэн байв. 10 гаруй жилийн өмнөөс “Оюуны төв” тоглоомын дэлгүүрээ нээж, гэр бүлийн хүрээнд “даруухан” ажиллуулж ирсэн тэрбээр бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх ёстойг ойлгон тодорхой зорилго, төлөвлөгөө боловсруулан урагшилж эхэлсэн ч хөрөнгө оруулалт гэх ганц үгийн өмнө гацчихаад зогсож байхдаа япон тэрбумтны ярилцлагыг олж уншмагцаа утас цохисон нь энэ байлаа. Харин үүний дараа бүх зүйл хуруу инчдэх мэт маш хурдан болж өнгөрчээ. Тэр ердөө л хоёр долоо хоног хүрэхтэй, үгүйтэй хугацааны дотор хөрөнгө оруулалт авч чадсанаа дараахан нь бидэнтэй хуваалцсан юм. Өөрөөр хэлбэл, үйл явц тогтсон жишгээс хавьгүй хурдтай өрнөсөн гэж хэлж болно. Гэхдээ энэ бүхэн ямар нэг гайхамшигт тохиол гэхээсээ илүү “Оюуны хүрээ” компани хөрөнгө оруулалт авахаас өмнөх бүхий л бэлтгэлээ хангачихсан буюу “гэрийн даалгавар”-аа сайн хийсэн байсантэй холбоотой ч гэж энгийнээр тайлбарлаж болно. 

Энэ тухай Таками Юүичи “Миний хөрөнгө оруулалтын дүнд ганцхан салбартай байсан уг тоглоомын дэлгүүр өргөжиж, хэд хэдэн салбартай болж байгаа. Шинэ жилийн баяраар тус дэлгүүрийн борлуулалт эрс өсдөг. Тиймээс энэ үеэр амжуулахгүй бол болохгүй нь гэж ярьсаар үүсгэн байгуулагч нь орж ирсэн. Түүнд нь зориулж бичиг баримтаа бүрдүүлж дуусахаасаа өмнө хөрөнгө оруулчихлаа” хэмээн бидэнд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байсан юм. Мөн тэрбээр хөрөнгө оруулахдаа “Нэгт, хүнийг нь, хоёрт, тухайн бизнес хүмүүсийн тусын тулд байгаа эсэхийг анхаарч үздэг. Нэг ёсондоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадах сошиал бизнес үү, үгүй юү?” гэдгийг голчлон анхаардгаа ч онцолж байв. 

Тоглоомоо бүрэн гүйцэд ашиглаж байж л тухайн тоглоомоос өгөөж хүртэж, ач холбогдлыг нь мэдэрч чадна.

Харин өнгөрсөн жил гаруйн хугацаанд урьдчилан таамаглаагүй, гэнэтийн зүйлс өрнөж, нийгэм, эдийн засгийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөнийг та бид мэднэ. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио, эдийн засгийн уналт “Оюуны хүрээ”-г ч тойрсонгүй. Товчхондоо, тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ салбарууд нээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй байна. Эсрэгээрээ зарим салбараа түр хугацаанд хаахаас өөр аргагүй болсон тул алдагдсан боломжоо онлайн худалдаанаас нөхөх зорилго тавьж, өөрийн вэбсайт, чатботтой болсноор орлогын нааштай өөрчлөлтүүдийг бий болгож чаджээ. Одоогоор “Оюуны төв” дэлгүүрийн салбар буюу тоглоомон ачааны машиныг санагдуулам бяцхан бүхээг хэлбэрийн борлуулалтын цэгүүд Хан-Уул болон Баянзүрх дүүргийн тодорхой худалдааны төвүүдэд байрлаж буй. 

“Оюуны төв” дэлгүүрийн салбарууд Хан-Уул дахь Имарт дэлгүүр болон 13-р хорооллын Эфес супермаркетд байрлаж байна. 

Ийнхүү зурсан төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагатай болсон ч хөрөнгө оруулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь тэдний гол ажил гэж үзээд эхний амлалт болох өөрийн дэд бүтцийг байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэхээр зорьж буй. Харин үүнийхээ ард гарчихвал дараагийн хамтын ажиллагааны саналаа тавих бодолтой байгаагаа ч хуваалцав. Тэгэхээр тэдний дараагийн төлөвлөгөө юу байх бол? 

Монгол агуулгаар сэтгэлгээг хөгжүүлнэ

Х.Ганбаатарын хувьд Монголын зах зээлд борлогдож буй тоглоомуудыг илүү чанаржаасай, хэдхэн өдөр тоглоод эвдэрч, хогийн саванд “залардаг” хэврэгхэн эд бүү байгаасай гэж  хүсдэг. Эндээс түүний бизнестээ баримталдаг гол зарчмыг баримжаалж болно. “Оюуны төв” дэлгүүрт нь борлогдох 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дунд зүүн тархи буюу логик сэтгэлгээг хөгжүүлэх тоглоомууд голчлохоос гадна баруун тархи, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тоглоомууд ч бий. Мөн зөвхөн импортын тоглоомоор бүтээгдэхүүнээ хязгаарлахыг хүсээгүй тул 2016 оноос монгол агуулга бүхий сэтгэлгээ хөгжүүлэх оюуны тоглоомыг бүтээхээр “Монгол тоглоом” төслийг эхлүүлжээ. Энэ хүрээнд “Монгол гэр”,  “Мазаалай” тэргүүтэй хэд хэдэн тоглоомыг зохион бүтээж, хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн нь нийслэлээс хил давж, Эрдэнэт, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгийн бизнес эрхлэгчдэд тоглоомоо нийлүүлэх болсон байна. Монгол хэл, соёлоо хойч үедээ таниулж, өвлүүлэн үлдээх чин хүсэл нь Х.Ганбаатарыг “Монгол тоглоом” төслөө хэрэгжүүлэх хөшүүрэг болжээ. Энэ хүслээ бүтээгдэхүүн бүртээ шингээж, хэрэглэгчдэдээ үнэ цэн түгээхийг зорьдогоо ч хэлсэн билээ.   

Монголчууд эрт цагаас олон төрлийн тоглоом наадгайгаар тоглож, оюун тархиа хөгжүүлж ирсэн учраас өв соёлоо таниулан сурталчлах тоглоом шинээр зохион бүтээхээс гадна уламжлалт тоглоомуудаа сэргээн хөгжүүлэх, орчин үеийн хэв загвар хийгээд хүмүүсийн сонирхолд нийцүүлэн баяжуулах хэрэгцээ шаардлага бий гэж тэр үздэг. Энэ бүхэнд тулгуурлан 20 орчим тоглоомын санааг боловсруулсан ч, нөөц боломжийнхоо хүрээнд эхний ээлжинд “Гүүш” хэмээх тоглоомын төсөл дээр ажиллаж буй. Уг тоглоомын тусламжтай монгол хэлнийхээ үгийн санг уудалж, өдөр тутам төдийлөн хэрэглэгдэхээ больж, мартагдах дөхсөн үгсийг сэргээн санах боломжтой аж.

Олон хэрэглэгчтэй болохоос илүү одоогийн хэрэглэгчдэдээ борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж, бүтээгдэхүүнийхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх нь бидний ойрын зорилт.

“Манай тоглоомуудаар тоглосон хүн оюуны чухал дадал, чадваруудыг эзэмшиж, тоглонгоо хөгжиж байдаг” хэмээн Х.Ганбаатар хэлсэн нь компанийн уриа болох “Тоглоомоор нь хөгжүүлье” үгэнд ч тусгалаа олжээ. Тийм болоод ч тэр үү, эднийхээр үйлчлүүлсэн хүмүүс дахин ирэх нь цөөнгүй. Тэд голдуу “Танайхаас энэ тоглоомыг авсан. Одоо хүүхдэдээ ямар тоглоом сонгож тоглуулбал зүгээр вэ?” гэж асуух нь бий. Хариуд нь дэлгүүрийн зүгээс тохирох тоглоомыг санал болгох нь мэдээж хэрэг. Магадгүй эндээс л тэд дараагийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ санааг олсон байж мэднэ. Энэ нь “Логик мастер” нэртэй борлуулалтын дараах үйлчилгээ бөгөөд хүүхэдтэйгээ тоглох завгүй ээж, аавуудад зориулагдаж буйгаараа онцлог. “Тоглоомоо бүрэн гүйцэд ашиглаж байж л тухайн тоглоомоос өгөөж хүртэж, ач холбогдлыг нь мэдэрч чадна. Тиймээс бид хүүхдийг тоглоомоор нь гүйцэд тоглуулж, боломжит бүх бодлогыг бодуулж, урам өгөх сургалтын өвөрмөц хэлбэрийг санал болгохоор зэхэж байна. Сургагч багш хүүхэдтэй онлайнаар холбогдож, тоглоомоо хэрхэн тоглож буйг ажиглан, тусалж дэмжих, урам өгөх, ярилцах, улмаар даалгавар өгөх байдлаар ажиллана. Ер нь олон хэрэглэгчтэй болохоос илүү одоогийн хэрэглэгчдэдээ борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж, бүтээгдэхүүнийхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх нь бидний ойрын зорилт” хэмээн Х.Ганбаатар тэмдэглэв. 

Гэхдээ “Оюуны төв”-өөр зөвхөн эцэг эхчүүд хүүхдэдээ, эсвэл өвөө, эмээ нар ач, зээдээ тоглоом худалдан авахаар үйлчлүүлдэг гэж ойлговол өрөөсгөл. Дэлгүүр нээгдсэн цагаас үйлчлүүлж эхэлсэн багачууд өсөж томрон их сургуулийн босго алхсан ч эднийхээр орж гардаг хэвээрээг үүсгэн байгуулагч хэлж байна. “Оюуны төв”-өөр нас насныхан үйлчлүүлдэг. Тоглоомуудын тухайд ч тоглож болох насны доод хязгаарыг зааснаас бус дээш хязгаар гэж үгүй. Ахмад настнуудын хувьд оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглосноор тархины үйл ажиллагаа нь идэвхжиж, ой ухаан муудах, зөнөх өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Харин хүүхдүүдийн хувьд оюуны чадвар сайжирч, хичээл сурлагадаа ахиц гаргах нь нийтлэг ажиглагддаг эерэг нөлөө. Энэ ч утгаараа шинэ жил, цагаан сар, хүүхдийн баярын үеэр аав, ээжүүд эднийхээс тоглоом сонгон хүүхдүүддээ бэлэглэхээс гадна “Мобиком”, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагаас эхлээд жижиг, дунд аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд ч ажилтнуудынхаа хүүхдүүдийг баярлуулахаар бэлгийн багцдаа багтаах болжээ. Ингэж Монголынхоо ирээдүй үед оюуны хөрөнгө оруулалт хийж байгаадаа Х.Ганбаатар сэтгэл хангалуун амьдарч, цааш эрч хүчтэй ажиллах урам зоригийг авдаг хэмээсэн юм.  

Хямд үнээр их хэмжээний борлуулалт хийх нь бидний стратеги.

Өнгөрсөн хугацаанд тэр хөрөнгө оруулалтын асуудалтай удаа дараа тулгарч ирсэн ч тухай бүртээ боломжийг эрэлхийлсээр иржээ. Тухайлбал, “Шарк танк” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаарт оролцсон ч шаркуудаас татгалзсан хариу авч, өөрийн санаачилсан “Монгол тоглоом” төслийнхөө хүрээнд “Монгол гэр” тоглоомоо үйлдвэрлэх санхүүжилтыг босгохын тулд “1000 шарк” хөдөлгөөн өрнүүлж, 55 цагийн дотор 1000 ширхэг гэр 25 мянган төгрөгөөр борлуулж байв. Тэр өндөр үнэтэй цөөн тоглоом борлуулснаас боломжийн үнээр олныг борлуулахыг илүүд үздэг. Тиймдээ ч бүтээгдэхүүнээ аль болох хямд үнээр зах зээлд хүргэхийг хичээдэг нь илүү олон хүүхэд тоглож, монгол хэл, соёлоо танин мэдээсэй гэсэн хүслээс нь үүдэлтэй. “Хямд байна гэдэг нь чанаргүй бүтээгдэхүүн борлуулна гэсэн үг биш. Ашиггүй ажиллана ч гэсэн үг биш. Ер нь богино хугацаанд их хэмжээний орлого олох нь бидний зарчим биш. Харин хямд үнээр их хэмжээний борлуулалт хийх нь бидний стратеги” гэв. Мөн гэр бүлээрээ хамт тоглож, хөгжилдөх нь айл гэрийн дотоод уур амьсгалыг эерүүлж, баяр баяслаар бялхуулж байдаг учраас айл бүр “Оюуны төв”-ийн тоглоомоор тоглож, хамтдаа хөгжиж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэж тэр хүсдэг. 

Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яам анхааралдаа авч, нэн ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэг дээрээ хамт тоглонгоо хөгжих боломж нөхцөлөөр хангаж, тоглоомоор нь хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэйг ч онцолсон юм. Хэрэглээний физикч мэргэжилтэй ч тэс өөр чиглэлээр ажиллаж буй тэрбээр “Гадны улс орнуудад хүүхдийн цэцэрлэг тоглоомын орон шиг л байдаг. Ер нь гаднынхан оюуны тоглоом зохион бүтээхэд зориулж, маш их хөрөнгө, цаг зарцуулдаг. Тэр хэрээрээ ч сайн тоглоомууд бүтээдэг. Гол зорилго нь хүүхдийн сэтгэн бодох, дүгнэн шинжлэх, нэгтгэн дүгнэх цогц чадварыг багаас нь хөгжүүлэхийн тулд шүү дээ. Бид тэднээс хоцорч болохгүй” гэлээ.  

Ийнхүү ирээдүй хойч үедээ санаа тавьж, олон ажлыг дотроо санаж, сэдэж яваа Х.Ганбаатар “Оюуны төв” дэлгүүрээ анх нээж байсан үеэ “Хүүхдээ хөгжүүлэх зорилгоор гадаадаас тоглоом авчирч, түүгээр тоглосон хүүгийн маань оюуны чадвар мэдэгдэхүйц хөгжиж буйг хараад энэ тоглоомоор бусад хүүхэд ч бас тоглож хөгжөөсэй гэх сэтгэлээр 2010 онд дэлгүүрээ нээсэн. Тухайн үед бидний борлуулдаг тоглоом бусад дэлгүүрт төдийлөн харагддаггүй байлаа. Одоо ч тэр бүр харагдаад байдаггүй” хэмээн дурсав. 

10 жил энэ хэвээр авч явсан бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөөд байх үедээ тэр Японы тэрбумтан Таками Юүичигийн ярилцлагыг манай сэтгүүлийн вэбсайтаас олж уншиж, улмаар сэтгүүлийн редакцаар дамжуулан бизнесээ танилцуулж, хүссэн хөрөнгө оруулалтаа авснаар шинэ дэлгүүрүүдээ нээж байсан цаг саяхан. Энэ бүхэнд тэр талархаж явдгаа бидэнд уламжилснаар ярилцлага маань өндөрлөсөн юм. 

www.toytruck.mn вэбсайтаас “Оюуны хүрээ” компанийн борлуулж буй тоглоомуудтай танилцаж, захиалах боломжтой. Мөн энд дарж, Facebook хуудсаар нь дамжуулан мэдээлэл авч болно.  

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2021 оны 05 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно/. 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Борлуулалтаа 85 хувь хүртэл өсгөх 3 энгийн арга

Previous article

Монголд интернэт нэвтрэх үеийн сонирхолтой баримтууд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like