"World Plus" платформын үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр.

“Би мөрөөдлөөрөө амьдардаг хүн. Түүнээс биш байшин, машин цуглуулдаг хүн биш. Машинаа зараад оронд нь компанидаа хөрөнгө оруулчихсан” хэмээн ярих Х.Эрдэнэбаярыг хүмүүс ихэвчлэн Эбэ л гэж дууддаг. Хамтран зүтгэдэг залуучууд дундаас нь ч түүнийг захирал аа гэж дууддаг хүн хайгаад олохгүй. “World Plus Digital” компанийнхан бүгд бие биеэ нэрээр нь дуудаж хэвшжээ. “Миний ойлгосон зүйл бол компани гэдэг гэр бүл. Яагаад гэвэл ажлын хамт олонтойгоо өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна. Тэгэхээр энэ хүмүүс бол миний хувьд гэр бүл шиг минь дотно.  Би ажилтнууддаа “Чи үүнийг хийсэн байх ёстой” гэж  тушаасан өнгөөр хэлэхийн оронд харилцан эрх тэгш ярилцаж ажлаа явуулахыг илүүд үздэг” хэмээн тэр өгүүлэв.  

Биднийг уулзахаас хэдхэн долоо хоногийн өмнө тэрбээр Токиогийн төвд байрлах зуун дамнасан түүхтэй “Imperial Hotel”-ийн их танхимд “World Plus” дижитал сэтгүүлийн платформоо Азид албан ёсоор нээж буйгаа зарлан, тууз хайчлахаар зэхээд байв. Түүний хажууд мөн энэ ёслолд оролцохоор Хакухо М.Даваажаргал болон “SPH Magazines” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жозеф Ли нар зэрэгцэн зогсжээ. Тэд бол энэхүү платформд хөрөнгө оруулж, сэтгүүлийн зах зээл дэх шинэ чиг хандлагыг соргогоор мэдрээд зогсохгүй ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй бизнесмэнүүдийн төлөөлөл юм. Аравдугаар сарын 2-ны энэ үдэш нээлтийг зорин хэдэн зуун хүн хүрэлцэн ирсэн байлаа. Зочдын дотор дэлхийн бизнес, медиа салбарын томоохон компаниудын удирдлага тэр дундаа, “Condé Nast”, “Hurst Media”, “Millionaire Asia” болон “Amazon”, “Huawei”-гийн төлөөлөл багтаж байв. Өнгөрсөн долдугаар сард Сингапурын алдарт “Marina Bay Sands” зочид буудалд цугласан зочдод “World Plus” платформыг анх танилцуулж байсан бол тун удахгүй АНУ-ын Лас-Вегас хотод нээлт хийхээр төлөвлөжээ. Энэ бүхэн гаднаасаа хуруу инчдэх шиг хялбар харагдах ч хараахан тийм биш.  

Зүүн гар талаас: Хакухо М.Даваажаргал, Х.Эрдэнэбаяр, “SPH Magazines” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жозеф Ли нар “World Plus” платформын нээлтийн үеэр.

“Хөрөнгө оруулалт хэрхэн татсан бэ гэж үү? Хамгийн чухал нь монгол компани байж болохгүй. Дэлхийн хамгийн том системийг хөгжүүлсэн байсан ч гадаадад очоод Монгол гэхээр “Гоё зүйл хийжээ. Гэхдээ Монгол гэхээр л болохгүй байна” гэж хариулдаг.  Бид Монголын түүх, Чингис хаан гэж омогшдог ч тэр бүхэн хөрөнгө оруулалттай ямар ч хамаагүй. Тэгэхээр бид зөв улсад компаниа бүртгүүлэх ёстой. Жишээлбэл, Америкт бүртгэлтэй байхад технологийн “TechCrunch”, “Crunchbase” зэрэг платформ тухайн компанийн хөгжүүлсэн систем, ирээдүйд олж болох орлого зэрэг хөрөнгө оруулагчдад шаардлагатай дата, тооцооллыг боловсруулдаг. Эндээс л төрөл бүрийн эрэмбэ үүсгэж, дэлхийн топ 500 компанийг бүртгэх жишээтэй. Ийшээ орж үзээд л хүмүүс тухайн компанийн талаарх ерөнхий мэдээлэл, багцаа авдаг. Дээр нь хөрөнгө оруулагчдын итгэл найдвар илүү бодитой болж байгаа юм. Монголд биш тэнд  бүртгэлтэй компанид хөрөнгө оруулснаар хууль, эрхзүйн хувьд баталгаатай болж, ямар нэг асуудал үүсэхэд хуулийнхаа хүрээнд бүгдийг зохицуулна гэсэн үг. Мөн хүмүүстэй уулзаж, компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж энд тэндхийн хөрөнгө оруулагчидтай очиж уулзах хэрэгтэй. Үнэхээр сайн зүйл хийж чадсан бол хөрөнгө оруулагч шиг асуудалгүй зүйл гэж байхгүй” хэмээн Х.Эрдэнэбаяр хэлж байна. Түүний өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан “World Plus International” компани АНУ-д бүртгэлтэй. 

Одоогоор “Vogue”, “Harper’s Bazaar”, GQ, “Elle”, “Cosmopolitan”, “Forbes”, “Men’s Health”, “Women’s Health”, CLEO, “Icon” зэрэг 78 сэтгүүлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа тэрбээр багийн хамтаар 2020 оны долдугаар сар гэхэд дэлхийн шилдэг 500 сэтгүүлийг 10 хэлээр “World Plus”-д байршуулахын зэрэгцээ хэрэглэгчдийнхээ тоог таван саяд хүргэж, дэлхийн технологийн топ 1000 компанийн нэг болох томоохон зорилтыг тавьжээ.  Өнөөдөр тэд Англи, Япон, Хятад, Монгол, Малайз, Индонез гэх зэрэг зургаан зах зээлд, зургаан хэлээр контентоо хүргэж буй. Харин ирэх жилийн зорилтдоо хүрэхийн тулд Х.Эрдэнэбаяр дэлхийг хэрсэн нислэгээ зогсолтгүй үргэлжлүүлэх шаардлагатай болж байгаа юм. “Энэ жил би МИАТ-ийн онгоцны нисгэгчдээс илүү нисчихээд байна. Аравдугаар сард гэхэд 91 удаа нисчихлээ. Тэгэхэд л амжихгүй байна” хэмээн учирлав. 

“Үнэхээр сайн зүйл хийж чадсан бол хөрөнгө оруулагч шиг асуудалгүй зүйл гэж байхгүй”.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр “Apple” компани дижитал сэтгүүлийн платформ “Texture”-ийг 485 сая ам.доллараар худалдан авч, шинэчлэн хөгжүүлсний эцэст “NewsPlus” хэмээх шинэхэн аппликэйшнээ танилцуулаад удаагүй байгаа. Х.Эрдэнэбаяр “Үүнд сүрдсэн зүйл алга. Манайх илүү байж чадна. Хурд болон гүйцэтгэлийн хувьд ч бидний хөгжүүлсэн платформоос хавьгүй бага хүчин чадалтай. Тэгээд ч зөвхөн IOS үйлдлийн систем дэмждэг” хэмээн энэ талаар итгэлтэй өгүүллээ. 

Магадгүй дижитал сэтгүүлийн платформ гэхээр танд тийм ч шинэлэг санагдахгүй байж мэднэ. Өмнө нь хэд хэдэн компанийн хөгжүүлж байсан платформууд сэтгүүлээ зөвхөн PDF хэлбэрээр уншигчдадаа санал болгодог байсантай та жишиж байж мэднэ. Энэ нь уншихад тун төвөгтэй байсан бол “World Plus”-ийн залуус дараагийн түвшний хувилбарыг хөгжүүлж чаджээ. Аудио, видео, 3D болон төрөл бүрийн эффектийн тусламжтайгаар уг платформд сэтгүүлүүд зөвхөн унших бус үзэж бас сонсох боломжтой буюу илүү “амьд” хэлбэрээр байршиж буй. Мэдээж хэрэг дуу, дүрсний өндөр чанартай. Энэ бүхэн дижитал шилжилт эрчимжиж буй энэ цаг үед хөгжлийн хурдаараа медиа салбартаа сүүл мушгих болсон сэтгүүлийн зах зээлд шинэ, илүү гэгээлэг ирээдүйг бэлгэдэж байна. “World Plus” шинэ үеийн уншигчдын анхаарлыг татаж, байнгын хэрэглээ нь болж чадна гэдэгт Х.Эрдэнэбаяр эргэлзэхгүй байгаа. 

“Гоё бялуу хийчихээд байдаг хүмүүс түүнийг нь амсаж үзчихээд гоё биш юм байна, би авахгүй гэвэл хэцүү. Өөртөө гоё байх чухал биш. Хүмүүс түүнийг хэрэглэх ёстой”.

Сэтгүүлийн зах зээл дэх гол тоглогчид бол хэвлэн нийтлэгч, уншигч, зар сурталчилгаа нийлүүлэгч гурав юм. Урьд нь сэтгүүлүүд хэвлэсэн сэтгүүлээ борлуулж, орлогоо бүрдүүлдэг байсан бол одоо энэ хэлбэр өөрчлөгдөж, контент маркетинг буюу нийтлэл доторх маркетинг болон сурталчилгаагаараа орлого олж буй. Хэчнээн олон уншигчтай байсан ч тэр тоогоор хэвлэж хүргэнэ гэдэг маш өндөр зардалтай. Эндээс л “World Plus”-ийнхан Win-Win-Win гурвалжин буюу оролцогч гурван талд бүгдэд нь ашигтай байх шийдлийг олж харжээ. “Бидэнтэй хамтарснаар дээрх бүх зардлаа бууруулж, маш хямд, зардалгүй шахам уншигчдад хүрнэ. Харин уншигчдын хувьд сард таван ам.доллар төлөөд хүссэн цагтаа дэлхийн топ 500-1000 сэтгүүл уншчихна. Зар сурталчилгаа нийлүүлэгчид өмнөхөөсөө олон хүнд сурталчилгаагаа хүргэж чадна. Энэ бол Win-Win-Win гурвалжин” хэмээн Х.Эрдэнэбаяр тайлбарлав. Үүнээс гадна уншигчдын хандалттай холбогдох бүхий л датаг бодитой гаргаснаар хэвлэн нийтлэгч болон зар сурталчилгаагаа байршуулж буй компаниудад аль алинд нь ач холбогдолтой гэсэн үг. Саяхныг хүртэл энэ үйл явц илүү  ажиллагаатай, ярвигтай байсан бол шинэ түвшний дижитал шилжилт энэ бүхнийг цэгцэлж, хөнгөвчилж, бас нээлттэй болгож буй. 

“Миний бусдаас ялгарах чанар бол хэлсэн л бол заавал хийдэг. Харин тэр хүртэл алдсан, эсвэл оносон байна уу гэдэг нэг их сонин биш”.

2015 оноос хойш “Woovoo”, “Mplus” зэрэг дижитал платформуудыг хөгжүүлэх явцдаа хуримтлуулсан туршлагадаа түшиглэн Х.Эрдэнэбаяр дэлхийн хэмжээний үсрэлт хийхээр өнгөрсөн хугацаанд бэлтгэж байсан юм. “Том бизнес хийе гэвэл дижитал платформ хөгжүүлэх ёстой юм билээ. Түүнээс биш контент бүтээгч байж болохгүй. Жишээ нь, бид 10-уулаа нийлээд нэг л сэтгүүл хийнэ. Хэрэв 1000 сэтгүүл гаргая гэвэл 10 мянгуулаа болж байж ажил эхлэх нь байна. Гэтэл бид өөрсдөө бараа биш, агуулахын систем байх нь чухал. Дэлхийн технологи өөрөө платформ суурьтай болж байна” хэмээн тэр нэмж хэллээ. “World Plus”-ийн тухайд бусдаас урьтан ийм платформын талаар бодож төлөвлөн, бүтээж амжсан нь бараг л сохор аз хэмээв. “Магадгүй гурван жилийн дараа бид “World Plus” шиг платформ хөгжүүлье гэвэл хэн ч биш. Ер нь технологийн салбарт амжилт олох нь цаг хугацааны л асуудал байдаг” гэлээ. 

Тэрбээр дэлхийн томоохон хотуудын талаар  зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллийг шингээсэн контентыг хот тус бүрт зориулан бэлтгэж, сурталчлах зорилготой “Woovoo” хэмээх аялагчдад зориулсан платформ үүсгэн гадаад, дотоодын контент бүтээгчид бүхий өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн ажилласан ч өндөр зардалтай байсан учраас төслийг түр зогсоожээ. Гэхдээ энэ төсөл удахгүй илүү шинэлэг хэлбэрээр дахин хүрч эхлэх аж. Харин “Woovoo”-ийн оронд платформд суурилсан бизнес буюу хэвлэн нийтлэгчдийн контент байршсанаар өөрөө бизнес болдог загвар руу шилжихээр шийдэж “Mplus”-ийг эхлүүлжээ. Монголын гурван сая хэрэглэгчтэй зах зээлд ямар хэмжээний хэрэглээ бий болохыг “Mplus”-аар дамжуулан туршсан нь өдгөө 140 мянган хүн өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг платформ болоод байна. Манай зах зээл жижиг учир уг платформд ном, сэтгүүлээс гадна подкастууд нэмсэн нь олон хүнд хүрч чаджээ. “Монголд 140 мянган хэрэглэгч байгаа бол дэлхийн 256 улсыг нэг жижиг орон гэж төсөөлбөл 35 сая хэрэглэгч асуудалгүй юм байна. Түүнийг багаар бодоход таван сая хэрэглэгч бол асуудалгүй гэж үзсэн. Ингээд л “World Plus”-ийг эхлүүлсэн” хэмээн Х.Эрдэнэбаяр тайлбарлаж байна. 

<<Технологийн компани гэхээрээ л бүгд “Uber”, “Facebook”, “Twitter” шиг цойлно гэж байхгүй. 1000 компанийн 995 нь дампуурдаг. Энэ бол маш эрсдэлтэй бизнес. Гоё юм хийчихлээ гэдэг сонин биш. Харин “W”, “H”-үүдэд хариулах ёстой. Хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэх юм гээд л энэ асуултууд үргэлжилнэ. Гоё бялуу хийчихээд байдаг хүмүүс түүнийг нь амсаж үзчихээд гоё биш юм байна, би авахгүй гэвэл хэцүү. Өөртөө гоё байх чухал биш. Хүмүүс түүнийг хэрэглэж, цаашлаад ашиг олох ёстой. Нэг л их ярьдаг, нэг л том сургууль төгссөн “аймаар” хүмүүс монголоор дүүрэн байна. Гэтэл яг бодит үр дүн гаргаж байгаа нь тун ховор>>. 

“Woovoo” болон “Mplus”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байхдаа дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарсан ч таагүй туршлагатайгаар тэр хамтын ажиллагаагаа өндөрлүүлжээ. “Ажил ид үргэлжлээд явж байхад гэнэт гарч ирээд “Мөнгөө авлаа. Технологийн бизнес ашиг олоход удаан хугацаа шаарддаг юм байна” гэж хэлдэг. Харин сүүлийн үед монгол хөрөнгө оруулагчид надад нэлээд хандаж байна. Яг үнэнийг хэлэхэд би дахин монгол хөрөнгө оруулагчидтай хамтрах сонирхол алга” гэж тэр эрс шулуун хариулсан юм. 

Англид сурч, ажиллаж, амьдарч 10 гаруй жилийг өнгөрүүлсэн тэрбээр Лондон хотын Метрополитаны их сургуулийг дижитал медиа тэр дундаа дүрслэх урлаг, гэрэл зургийн чиглэлээр дүүргэжээ. Энэ суурь нь түүнд дижитал медиаг технологи болон төрөл бүрийн программ хангамжтай хослуулан хамгийн оновчтой хувилбарыг бүтээх тэр зүгт хөтөлсөн гэлтэй. Нэг ч центгүй болтлоо хоосорч, автобусанд хоноглож явснаас эхлээд олон арван хүнтэй баг удирдан ажиллаж байсан гээд адал явдалтай амьдралыг туулж ирсэн Х.Эрдэнэбаяр Англиас эх орондоо ирээд Монголын хэд хэдэн компанид ажиллаж үзээд эцэст нь өөрийн замыг хөөхөөр шийдсэн нь бидний мэдэх болсон “Woovoo”, “Mplus”, мөн “World Plus” юм. 

“Миний бусдаас ялгарах чанар бол хэлсэн л бол заавал хийдэг. Түүндээ үхээд ч хамаагүй хүрдэг механизмтай. Харин тэр хүртэл алдсан, эсвэл оносон байна уу гэдэг нэг их сонин биш. Энэ зан хүүхэд байхаас минь л улбаатай. Би Эрдэнэт хотод төрж өссөн. Намайг бага байхад манай орцны ханан дээр янз бүрийн өгүүлбэр бичсэн байдаг байлаа. Нэгдүгээр давхрын ханан дээр “Өнөөдөр та юу хийж бүтээв”, харин хоёрдугаар давхарт ардаа том анхаарлын тэмдэгтэй “Өнгөрсөн нэг минут эргэж олдохгүй” гэсэн үгийг орцны ах биччихнэ. Манайх хоёр давхарт амьдардаг байсан юм. Энэ хоёр өгүүлбэрийг би үхэн үхтлээ мартахгүй байх” хэмээн тэр дурсан ярьж байна.  

“Монголчууд өндөр потенциалтай. Тэр талаараа үнэхээр сайн ч өөрийгөө тултал нь дайчилж чаддаггүй”.

“Аливаа улсын хөгжлийг авч үзэхдээ улсын, компанийн, хувь хүний соёл гэсэн гурван хүчин зүйлд үндэслэдэг юм билээ. Эдгээр хүчин зүйлээс тухайн улсын хөгжил дэвшлийг харж болно. Монголд энэ бүхэн тун хүнд байна. Улсыг бүхэлд нь, эсвэл хувь хүмүүсийг нэг бүрчлэн соёлтой болгох хэцүү. Тиймээс эхлээд компанийн соёлыг хөгжүүлэх нь чухал. Компанийнхаа соёлыг зөв төлөвшүүлэхэд анхаарахаас эхлээд олон зүйлд нэлээд хэдэн ном надад нөлөөлсөн байх. Тэр дундаа Германы зохиолч Бодо Шэйферийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь” гэж номноос би маш их суралцсан” гэж тэр хэлээд “Монголчууд өндөр потенциалтай. Тэр талаараа үнэхээр сайн. Гэхдээ хувь хүний зохион байгуулалт, хийх бүтээх тухайд хамгийн муу. Хаана унадаг гэхээр л энэ. Өөрийгөө тултал нь дайчилж чаддаггүй. Үүнийг өөрчлөхөөр би “Woovoo” компаниа байгуулаад явж байхдаа Англи, Америк, Испани, Герман, Хятад, Япон зэрэг улсаас 18 контент хөгжүүлэгчийг авчирсан. Тэднийг авчрах болсон хамгийн том хүсэл маань монгол хүмүүсийг соёлд сургах байлаа. Эхлээд уур амьсгал үүсгэх ёстой гэж үзээд тэднийг авчирсан нь компанийн соёлд нэлээд нөлөөлсөн байх” хэмээн нэмж өгүүлэв. 

Заримдаа бид эрсдэл тээх ёстой. Ирээдүйн гоё амьдралын төлөө бид зарим нэг жаргалыг мартах л хэрэгтэй. 

Ажлыг хүндрүүлж биш хөнгөхөн хийх ёстой гэж үздэг тэрбээр багийнхнаа ч мөн инээж байгаад л ажлаа хийх соёлд сургахыг хичээж байгаа аж. Х.Эрдэнэбаяр “Би ажил хийхдээ хүмүүс шиг нухацтай царайлаад л, цагаан цамц, зангиатай суудаг хүн биш. Харин инээж, хөгжилдөх зуураа дор хаяж 20 хүний ажлыг хийчихдэг байх. Хоёрдугаарт, надад амралт гэж байхгүй. Монголд ирээд би долоон жил болох хугацаандаа шинийн нэгэн, битүүнд ажиллаж л байсан. Заримдаа бид эрсдэл тээх ёстой. Ирээдүйн гоё амьдралын төлөө бид зарим нэг жаргалыг мартах л хэрэгтэй байхгүй юу. Монгол залуус чадвартай хэрнээ хөгжихгүй байна гэдгийн нэг хэсэг ажлын цагтай холбоотой. 52 долоо хоног, 365 хоног гээд нэг их олон хоног байгаа юм шиг хэрнээ бямба, ням гаригууд, ээлжийн амралт, баяр наадам гэсээр монгол хүн жилийн 150 хоногт нь л ажилладаг. 150 хоногийг ажлын найман цагаар үржүүлбэл 1200 цаг, шалихгүй тоо. Түүнийхээ 400 цагийг твиттер, фэйсбүүкт зарцуулна. Тэгэхээр бид бүтээмжгүй байна. Өөрөө өөрсдөө л өөрчлөгдөхгүй бол болохгүй”.

Өнгөрсөн жилүүдэд эмзэг бүлгийн тодорхой хүүхдүүдэд их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг тасралтгүй олгохоос гадна нийгмийн асуудлын хүрээнд хэрэгжиж буй зарим төсөлд дэмжлэг үзүүлж байсан хэдий ч энэ бүхнээ олонд мэдэгдэлгүй, чимээгүйхэн хийсээр иржээ. 

Монголчуудын шинэ он гарахыг тэсэн ядан хүлээж, хамгийн гэгээлэг үгсийг хэлэлцдэг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр тэр төржээ. Хүмүүст өгөх дуртай. Түүнээсээ баяр баясал мэдэрч, цэнэг авдгаа Х.Эрдэнэбаяр өөрийн төрсөн өдөртэйгөө холбон тайлбарлах нь бий. Хэн нэгнийг баярлуулж, тухайн хүнд бодит өөрчлөлт гарах, цаашлаад дараагийн хүнийг баярлуулах гэх зэргээр тийм нэг гэгээлэг зүйлийг энэ улсад, энэ хотод үүсгэхийг тэр хүсдэг. Магадгүй энэ бүхэн түүний “Манай улс жаахан гэгээлэг болохгүй бол гараад явахад бүх л зүйл нь хар бараан байна шүү дээ. Яг үнэндээ би энэ бүхнээс уйдаж байна” гэж ярьсантай ч холбоотой байж мэднэ. Тэр удахгүй тохиох төрсөн өдрөөсөө урьтаж, “World Plus”-ийн барууны зах зээлд чиглэсэн нээлтийг Лас-Вегаст хийхээр төлөвлөөд байгаа. Харин тэр мэдээг бид чих тавин хүлээх л үлдлээ. 

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны 09 дүгээр сарын дугаар (№10) -т нийтлэгдсэн болно/. 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 1.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Энтрепренершип бол амьдрал (№100)

Previous article

Сингапурын Темасек сан хэрхэн ажилладаг вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like