Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга, “Ulzii&Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр

Хөрөнгийн зах зээл сэргэж, идэвхжиж эхэлснээр урьд өмнөхөөсөө бүр ч илүү завгүй, ачаалалтай ажиллах болсон Б.Өлзийбаяр энэ сард Монголын хөрөнгийн биржид финтекийн салбарын хоёр ч бүтээгдэхүүн нээлттэй гаргахаар зэхэж буй. Гаднаас эрч хүчтэй алхан орж ирсэн тэрбээр энэ эрчээрээ он дуустал дахин хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр багийн хамт ханцуй шамлан оржээ. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга, “Ulzii & Co Capital” компанийн гүйцэтгэх захирал тэрбээр “Өнгөрсөн онд бид дотоодын компаниудад зориулан 16.5 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон. Харин энэ жилийн хувьд тавдугаар сарын сүүлч гэхэд бонд болон хувьцааны санхүүжилтээр нийт 30 тэрбум орчим төгрөг босгоод байна” хэмээсэн нь Ковид-19-ийн нөлөө хөрөнгийн зах зээлийг хэрхэн идэвхжүүлснийг илтгэнэ. Компаниуд зөвхөн банканд хандах бус хөрөнгийн зах зээлийг сонирхож, өртөг багатай, урт хугацааны хөрөнгө босгох хүсэлтийг үнэт цаасны компаниудад ирүүлэх болсон бөгөөд хувь хүмүүс ч үнэт цаасны данс нээлгэж, арилжаанд идэвхтэй оролцож эхэлсэн нь Монголын хөрөнгийн бирж дэх арилжааны үнийн дүнг ойрын жилүүдэд байгаагүйгээр өсгөөд буй.   

Багаасаа номын амтанд шимтэн өсөж, Япон, Англид боловсрол эзэмшсэн Б.Өлзийбаяртай бид номын ертөнцийн талаар товч ярилцлаа. Харин ажиллах зарчим, удирдах арга барил хийгээд хөрөнгийн зах зээлийн талаар түүнтэй өрнүүлсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та тун удахгүй хүлээн авч уншаарай. 

Та хөрөнгийн зах зээлд ажилладаг хүн учраас эндээс яриагаа эхэлье. Сүүлийн үед хүмүүс хөрөнгө оруулалтын өөр сувгийг эрэлхийлж, хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулах нь нэмэгдлээ. Энэ талаар тодорхой ойлголттой болоход туслах ямар номыг та хүмүүст санал болгох вэ?

Рэй Далиогийн “Principles: Амьдрал, ажлын зарчмууд”. Гэхдээ хөрөнгийн зах зээлтэй холбогдох номууд уншихад маш хүнд байдаг. Тийм болохоор л Бенжамин Грэмийн “Ухаалаг хөрөнгө оруулагч” гэх мэт номыг хэр баргийн хүн уншиж дуусгадаггүй. Тэгэхээр ийм номыг уншингаа давхар хэрэгжүүлээд явбал ойлгоход илүү дөхөмтэй. Өөрөөр хэлбэл, уншигч үнэт цаасны данс нээлгэж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахын хажуугаар тодорхой хэмжээнд арилжаанд орж, алдаж, онож үзэж байж хөрөнгийн зах зээлийн холбогдолтой ном уншвал илүү хүрдэг. Түүнээс биш, ямар ч алхам хийлгүй, зүгээр л номоо барьж суугаад уншвал төдийлөн өгөөж үлдэхгүй. Ер нь хөрөнгийн зах зээлд анх хөл тавьж байгаа хүн алдах нь тодорхой байдаг. Нэг үгээр, алдаж онож байж туршлага хуримтлуулна гэсэн үг. 

 Тэгвэл сүүлд ямар ном уншсан талаараа сонирхуулбал? 

Сая дурдсан, “Principles: Амьдрал, ажлын зарчмууд” номыг уншсан. Ганзо маань энэ номыг орчуулснаа дурсгасан (Г.Ганзоригийн номын талаарх ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу). Ер нь хүмүүс надад ном их бэлэглэдэг. Би унтлагынхаа өрөөнд, орныхоо дэргэд унших номуудаа давхарлаад тавьчихдаг юм. Тухайн үед сэтгэл зүй ямар байгаагаас шалтгаалан унших номоо сонгодог. Нэг номыг барьж аваад л уншаад дуусгадаг гэхээсээ илүү нэгэн зэрэг олон ном уншдаг. Жишээ нь, гунигтай, ямар нэг мэдрэмж эрэлхийлж байгаа үедээ уран зохиолын ном сонгодог. Харин мэргэжлийн талаасаа ур чадвар, мэдээлэл дутагдаж байна гэж үзвэл мэргэжлийн холбогдолтой ном барьж авдаг. 

“Principles: Амьдрал, ажлын зарчмууд” номоос тусгаж авсан онцлох санаа юу байв?

Төлөвлөх. Ямар ч ажил зарчимд суурилах ёстой. Энэ номд зөвхөн хөрөнгийн зах зээлд хамаарч байгаа юм шиг хэрнээ амьдралтай нягт холбогддог тийм л санаанууд шингэсэн. “Алсын хараагаа зураглаж, түүнд хүрэх алхмуудаа тодорхойл. Дараа нь нэг бүрчлэн төлөвлө”. “Сахилга баттай бай” гээд л өдөр тутмын амьдралд ч хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг тийм л зүйлсээр дүүрэн ном.  

Таны амьдралд хамгийн их нөлөөлсөн, эсвэл хамгийн олон удаа уншсан ном юу вэ? 

Нөлөөлсөн гэвэл их олон ном бий дээ. Яг нэгийг онцолж хэлэхэд хэцүү. Харин давтан унших тухайд би номыг нэг их эргэж сөхөөд байдаггүй юм байна. Гэхдээ дөрвөн ч удаа уншсан нэг ном бий. Тэр нь “Анна Каренина”. Амьдралынхаа өөр өөр үеүдэд уншихад дагаад дандаа л өөр өөрөөр уншигдсан. 10 жилийн сурагч байхдаа хичээлийн хөтөлбөрийн дагуу анх уншиж байлаа. Уйлаад л уншаад байснаа санадаг юм. Дараа нь оюутан болоод, 30 настайдаа, мөн 40 настайдаа уншсан. Тухай бүрт өөр мэдрэмж төрүүлж байв. “Анна Каренина”-г унших тоолондоо нийгэмд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой азтай цаг үед амьдарч байгаагаа би мэдэрдэг. Ялангуяа эмэгтэй хүнийхээ хувьд. Тиймээс эмэгтэйчүүд энэ давуу талаа ойлгож, хэн нэгэнд амьдралаа даатгаж, хэт хамааралтай, гомдоллож амьдарч огт болохгүй. Харин амьдралдаа хариуцлага хүлээж, өөрөө авч явах хэрэгтэй. 

Ер нь хүн өөртөө таалагдаж, дуртай зүйлээ хийж, аз жаргалтай амьдрах ёстой. Тэгж байж бусдыг ч аз жаргалтай болгоно. Үүнийг надад иога л ойлгуулсан. Дөрвөн жил иогаар хичээллэсний үр дүнд шийдвэрлэж чадахгүй, эргэлзэж байсан асуудалдаа цэг тавьж, нэг тийш нь болгож чадсан. Эргэж хараад ямар азаар шийдвэр гаргаж чадаа вэ л гэж боддог. 

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Харин таны хувьд?

Найзууд маань надад ном их бэлэглэдэг. Тэдний дунд санхүүгийн салбарын хүмүүс олон болохоор голдуу мэргэжлийн холбогдолтой номууд байдаг. Харин өөрөө сонгож унших тухайд урсгал дагах дургүй. Бэстселлэр ном гэж шоудах тусам уншмааргүй санагддаг. Зөрүүд болоод байгаа юм уу, эсвэл багаас минь бусадтай адилхан байх ёстой гэж хүмүүжүүлсэн болоод тэр үү урсгал дагаж намирах дургүй. Тиймдээ ч сөрмөөр санагддаг. Түүнээсээ болж шүүмжлүүлнэ, магтуулна (инээв). Ном сонгоход ч хувь хүний зөрүүд зан нөлөөлж байх шиг. Харин сүүлийн үед охинтойгоо хамт ном уншдаг болчихоод байгаа. Хүүхдүүд өсөж томрохын хэрээр тэднээсээ суралцаж байна. Охин маань уншсан номоо ээждээ их санал болгоно. Тийм болохоор сүүлийн үед охиныхоо санал болгосон номыг л их уншиж байна даа.  

Та голдуу ямар сэдвээр бичигдсэн номууд уншдаг вэ? 

Янз бүрийн сэдвээр л уншдаг. Уран зохиолын, ажлын холбогдолтой, хувь хүний хөгжлийн болон намтар номууд их уншсан юм байна. Гэхдээ ний нуугүй хэлэхэд ном унших цаг сүүлийн үед үнэхээр хомс болсон. Унтах цаг хүртэл хомсодсон. Хөл хорионы үеэр тэгж л их ажиллалаа. Одоо Bloomberg, Reuters зэрэг тогтмол уншдаг хэдэн вэбсайтаа л харж амжиж байна. Ер нь сүүлийн үед судалгааны материалууд, үнэт цаасны танилцуулгууд, хуулийн болон аудитын дүгнэлт л уншдаг болчихож.    

Таны ном унших арга барил?

Ажлын хажуугаар цаг гарвал ном уншдаг. Харин тун саяхан гэрээ засаж янзлахдаа өөртөө зориулж булан гаргасан. Диван, чийдэн, бяцхан ширээтэй тэр буландаа тухтай суугаад кофе уунгаа ном уншдаг. Тэгээд эргэн уншиж эхэлснээ анзаарсан. Эндээс орчин нөхцөлөө бүрдүүлэх нь маш чухал юм байна гэж бодсон шүү. 

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юү?

Хар багаасаа л. 23 дугаар сургуульд нэгдүгээр ангид дөнгөж ороод, үсэг үзэж эхлэхэд л аав маань надад хоёр уут дүүрэн хүүхдийн зурагт ном авч өгч байлаа. Тэгж л номын амтанд орсон доо. Сүүлдээ аавдаа их загнуулдаг болж билээ. “Чийдэнгээ унтраа. Унт. Өглөө эрт хичээлтэй байж” гээд л. Тэгмэгц гар чийдэн аваад л хөнжилдөө шургаад уншдаг байлаа. Ихэнхдээ л уран зохиолын ном уншдаг байсан санагдана. Тухайн үед унших ном ч их байж. Хожим Японд суралцахаар очоод манга гэж бүтэл бүтэн салбарын хэмжээнд яригдахуйц том ертөнц байдгийг мэдэж авсан. Япончууд хөгшин, залуугүй л мангагаа их уншицгаана. Үг багатай, дүүрэн зураг шүү дээ. Түүнийгээ “Ном уншиж байна” гэхээр надад их сонин санагддаг байлаа. Тэгж соёлын шоконд орсон. Харин бидний унших соёл их өөр. Голдуу уран зохиолын, зураг багатай ном их уншдаг. Тиймээс их сэтгэж, төсөөлөн боддог. Хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлөн бодно шүү дээ. Тэгэхээр монголчуудын энэ талын сэтгэхүй нь илүү хөгжсөн юм болов уу гэж хардаг. 

Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Цаасаар уншдаг. Авч буй мэдрэмжийн хувьд их өөр шүү дээ. Номын үнэр. Хуудас эргүүлж буй тэр мэдрэмж гоё. Ном бариад сууж байна гэдэг ч өөрөө таатай мэдрэмж. Нөгөө талаар, багаасаа олж авсан хүмүүжил, дадал нөлөөлдөг байх. Бүх зүйл хэт дижиталчлагдаад ирэхээр ямар ч юм бол доо гэж боддог шүү. Ялангуяа өнгөрсөн хөл хорионы үеэр өглөөнөөс орой хүртэл Zoom-ээр хуралдсаар асар их ядарч буйгаа мэдэрсэн. Гэтэл хөл хорио тавигдсаны дараа бид шөнөжингөө уулзаад л, ажиллаад байгаа хэрнээ хавьгүй бага ядарч байгаа юм. Тэгэхээр дижитал орон зай хүнийг яах аргагүй л ядрааж байх шиг. Мэдээж утсан дээрээ тэмдэглэл хөтөлдөг ч цааш цаасан тэмдэглэлийн дэвтрүүд дээрээ бичиж дуусгаад л явна байх.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Бизнес загвараа хэрхэн шинэчлэх вэ? (№102)

Өмнөх нийтлэл

Харилцагчийн үйлчилгээ яагаад чухал вэ? (№103)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Ном