Гэртээ хадагдсан хүмүүс цагийг зугаатай өнгөрүүлэх арга хайж эхэлснээр 2020 онд видео тоглоомын борлуулалт огцом нэмэгдэв. Хөл хорио цуцлагдсан ч тэд гэрээсээ цухуйхыг хүсэхгүй л болов уу. Арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн PlayStation 5, Xbox Series X эрэлтээ барихын тулд захиалгын тоог тэнцвэржүүлсэн. Эл нээлтийн үеэр Call of Duty, Assassin’s Creed зэрэг ашиг орлого өндөртэй цуврал тоглоомууд шинээр гарав. Гэрээсээ гарахгүй байх шалтгаан ийн нэмэгдсээр л.

2021 онд амжилт олно гэж захирлуудын хүлээж буй зүйл тоглоом зардаг бизнесийн загвараар дуусахгүй. Мэргэжлийн видео тоглоомын багуудын тулаан буюу цахим спорт үзэгчдийн тоо 2020 онд эрс өсөв. Цар тахлаас ч өмнө Counter-strike болон League of Legends тоглоомоор багууд хэрхэн тоглож буйг харахаар цэнгэлдэх дүүрэн хүн цуглах хэмжээнд хүрээд байв. Вирусийн улмаас эдгээр тоглоомын цар хүрээ улам тэлэв. Хөлбөмбөг, бейсбол зэрэг спортын тэмцээнүүд зогссон тул гэрээсээ тоглох боломжтой цахим спортыг олон орон анх удаа зурагтаар дамжуулжээ. Формула-1, Английн Премьер лигийн тоглогчид үзэгчдэд зориулж хоорондоо цахим спортоор тоглож ч үзэв. Спортын зарим тоглолтыг дамжуулахдаа видео тоглоомын технологи ашиглаж хоосон суудлуудыг үзэгчдээр дүүрэн харагдуулсан.

Спорт болон видео тоглоомын ялгаа багассанаар 2021 онд компаниуд цахим спортын нэр хүндийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг хичээнэ. Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бэкхемийн эзэмшдэг Guild Esports баг цахим спортын дөрвөн төрөлд өрсөлддөг  бөгөөд 2020 онд мэргэжлийн тоглогч хөлсөлсөн байна. Тэд Лондонгийн хөрөнгийн биржэд аравдугаар сард 26 сая ам.доллар босгожээ. Цар тахлаас шалтгаалж 2020 онд хойшлогдсон арга хэмжээнүүд эргэн ирнэ. 2019 онд анх зохиогдсон ч 2020 онд цуцлагдсан Fortnite-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж магадгүй. Эл тоглоомыг бүтээсэн Epic Games шагналын санд зориулж 30 сая ам.доллар гаргасан юм. Зургаан оронд Overwatch тоглоомын лигийг явуулдаг Blizzard компани тэмцээнээ цэнгэлдэх хүрээлэнд явуулах магадлалтай.

Цахим спортод хөрөнгө оруулах нь ашигтай эсэхийг шууд хэлэхэд арай эрт байна. Хэдий өсөлттэй боловч цахим спорт нь ерөнхийдөө видео тоглоомын маркетинг юм. Өсвөр насныхан ихэд сонирхдог ч тэдний анхаарал нэг зүйлд удаан төвлөрдөггүй, түүнчлэн цаг үргэлж шинэ тоглоомууд бүтээгдэж байдаг. Харин уламжлалт спорт хамаагүй үнэнч үзэгчидтэй билээ. Цахим спортын багууд Премьер лигийн жижиг багийг хэдэн арав хуваасантай тэнцэх хэмжээний брэнд болж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэвч тоглохгүй л бол ялах боломжгүй.

Автор: Даниел Ноулс олон улсын сурвалжлагч, The Economist

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Харилцагчийн үйлчилгээ яагаад чухал вэ? (№103)

Өмнөх нийтлэл

Өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.