УИХ-ын хаврын чуулганы буюу зургадугаар сарын 17-ны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийг 2018 оны гуравдугаар сард Засгийн газарт анх өргөн мэдүүлсэн бөгөөд 2013 оноос эхлэн хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар хэлэлцэж, 2015 онд УИХ-д өргөн барьсан ч буцаан татаж байв.
Засгийн газар, УИХ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ гэсэн талуудын зөвшилцлийн үр дүнд баталдаг гэдэг утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлэг урт хугацаанд үргэлжлэх нь олон улсад ч байдаг үзэгдэл гэдгийг ажлын хэсгээс онцолсон юм. Манай улсын тухайд 10-аад жил яригдсан, хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл юм. Мөн Иргэний хуулийн дараа орох, амьдралын суурь харилцааг зохицуулдаг томоохон хууль учраас чухал ач холбогдолтой.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойших 22 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээл эрс шинэчлэгдэн, өөрчлөгдсөн нь уг хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагыг үүсгэжээ.
Энэ талаар тус хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
“Хөдөлмөрийн тухай хууль анх батлагдах үед Засгийн газар нийт ажил эрхлэгчийн 80-90 хувьд ажил олгож байсан бол өдгөө энэ тоо буурч, хөдөлмөрийн зах зээлд нийт 1.2 сая хүн идэвхтэй ажиллаж буйгаас 180 мянга гаруй нь төрийн албан хаагч, үлдсэн хувь нь хувийн секторт үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчдын тоо нэмэгдэж, хөдөлмөрийн харилцаа өөрчлөгдөж, зайнаас болон уян хатан цагийн зохицуулалтаар ажиллах зэрэг цоо шинэ үзэгдлүүд бий болсон. Тухайлбал, уул уурхайн салбарт гэхэд л уртын ээлжээр ажиллах, зуучлагчаар дамжуулан ажиллах, ажилтнуудаа өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах зэрэг шинэ нөхцөл үүсээд байна. Мөн манай улсад өнөөдрийн байдлаар 25 мянга гаруй туслах малчин ажиллаж буй. Энэ мэт өнөөдөр үйлчилж буй хуульд тусгаагүй олон асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан” гэлээ.
“Хөдөлмөрийн тухай хууль бол бүх талын зөвшилцлийн үр дүн”.
Уг хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй 159 саналыг ажлын хэсгээс бэлтгэснийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, томьёолол бүрээр санал хураахад оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлээд буй. Тухайлбал,
Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага, Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, Ажилтан мэдээллээ хамгаалуулах эрхийг тусгасан агуулгатай 44, 45, 46 дугаар зүйл,
Хөдөлмөрийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах, Ажил байдлын тодорхойлолт авах харилцааг зохицуулсан 47, 49, 51, 52 дугаар зүйл,
Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, Ажилтны нууц хадгалах үүрэг, Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулсан агуулга бүхий 73, 74, 75 дугаар зүйл,
“Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн 101 дүгээр зүйл,
“Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэсэн 128 дугаар зүйл,
“Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.” гэсэн 140 дүгээр зүйлийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх дэмжжээ.
Үүнээс төслийн 49 дүгээр зүйлийг тодруулбал, хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага, талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нэмж зохицуулсан агуулгыг тусгахын зэрэгцээ ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээг дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болох агуулгыг тусгасан байв.
Харин 75 дугаар зүйлд тусгасан уртын ээлжээр ажиллах тухайд ажиллах, амрах хугацааны хувьд ихээхэн маргаан дагуулсан ч нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14, амрах хугацааг мөн 14 хоног байхаар тогтоожээ. Үүн дээр, эцсийн хэлэлцүүлгээр уртын ээлжээр 14 хоногоос илүү ажиллуулахгүй, харин түүнээс бага хоногоор ажиллуулсан тохиолдолд дүйцэхүйц буюу ижил хугацаанд амраах боломжтой зохицуулалтыг нэмэх хэрэгтэй байгааг ажлын хэсгээс тодруулсан юм.
Мөн энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Энэ хуулийн төсөлд бүх тал 100 хувь сэтгэл хангалуун байх боломжгүй. Учир нь аль нэг талын санаанд бүрэн нийцсэн тохиолдолд бусад талын ашиг сонирхол дутуу тусгагдана гэсэн үг. Энэ ч утгаараа Хөдөлмөрийн тухай хууль, түүний 166 зүйл бүр бүх талын зөвшилцлийн үр дүн. Уг хууль батлагдсанаар мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлд үүссэн бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй. Гэхдээ асуудлуудыг шийдэхэд тус дөхөм болж, том дэвшил авчирна гэж бид үзэж байгаа” хэмээн онцолж байв.
Өмнөх нийтлэл: Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл: Ажил олгогч, ажилтны эрхийн тэнцвэрийг хангасан уу?