Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал
Одоогоос 13 жилийн өмнө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд О.Батнайрамдал онгоцноос нүдэндээ нулимстай буужээ. Макалестерын коллежийн шинэхэн төгсөгч тэрбээр эх орон руугаа буцах шийдвэр гаргаснаа хамгийн том бүтэлгүйтэл хэмээн тухайн үедээ бодож, харуусал тээсээр ирж байв. Тэр уг нь сургуулиа төгсмөгцөө Америкт үлдэж ажиллах төлөвлөгөөтэй байсан ч санаснаар болоогүй тул нутгийн зүг жолоо залсан нь энэ. Гэхдээ эргээд бодоход энэ л алхам амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсныг тэр хожим ухаарчээ.  
Төдийгөөс өдий хүртэлх 10 гаруй жилийн хугацаанд Наги (найзууд, танилууд нь түүнийг ийн дууддаг) Монголд хувийн салбарт ажиллаж, төд удалгүй Америкийг дахин зорьж, Харвардын бизнесийн сургуулийг дүүргэж, улмаар дэлхийн банк, санхүүгийн төвүүдийн нэг Нью-Йоркийн Wall Street дэх “Bank of America Merrill Lynch”-д ажиллаж байгаад Австралийн Сидней хот дахь салбарт шилжин ажиллажээ. Энд уул уурхайн банкны багт олон улсын томоохон уул уурхайн компаниудад санхүү, стратегийн зөвлөгөө өгдөг байв. 
Ингээд гурван жилийн өмнө Монгол руу дахин нисэхдээ тэр харуусал тээсэнгүй, харин ч утга учрыг эрэлхийлэн иржээ. Энэ алхмаа Наги “Миний амьдралын хамгийн утга учиртай шийдвэр байсан” хэмээн онцлов. Гэхдээ 250 мянган ам.долларын цалинтай ажлаа орхиод, эх орондоо ирэхдээ юу хийх, цаашид хэрхэхээ  яг таг шийдээгүй байв. Гагцхүү Монголд хамгийн хэрэгтэй, бас өөрт нь хамгийн ойр уул уурхайн салбарт л ажиллахыг  хүсэж байв. Өдгөө тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж буй.
Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарыг хөндлөнгөөс буюу холын Америк, Австралиас харах нэг өөр, нутагтаа ирээд дотор нь орж ажиллах бас нэг өөр. Энэ зааг ялгааг бодитоор харж, гацаа түгжээг тайлах нь томоохон сорилт. Эдийн засгийн тэргүүлэх салбарын өмнө хөндөлсөж буй сорилтуудыг хэрхэн давж гарах, үүний тулд ямар боломж, шийдлүүдийг эрэлхийлж буй талаар түүнтэй ярилцлаа. 
Холбоотой нийтлэл:
О.Батнайрамдал: Ном бол чухал асуултынхаа хариуг олох тод жим
Тэд зөвлөж байна: Төлөвлөгөөг дадал болго
“Ковид-19” цар тахлын нөлөө бүхий л салбарыг их, бага хэмжээгээр донсолгож буй энэ үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эрсдэлийг сөрөх ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Үүний үр дүнд  ямар өөрчлөлтүүд гарав?  

Олон зүйл өөрчлөгдсөн. Энэ хүнд үе уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар Монгол Улсын эдийн засагт ямар их ач холбогдолтой вэ гэдгийг илүү ойлгуулж байна. Засгийн газраас гаргасан томоохон шийдвэрүүдийн санхүүжилт гол төлөв уул уурхайн салбараас гарч байна. Үүний ард өнгөрсөн жил гаруйн хугацаанд уул уурхайн компаниуд, тэдгээрт өдөр, шөнөгүй, амсхийх завгүй ажиллаж, хөдөлмөрлөж буй 55 мянган уурхайчин, ажилтны нөр их хүчин чармайлт шингээстэй байдаг. Энэ утгаараа цар тахлын эерэг тал нь уул уурхайн салбарт хамаарах хүн бүрийг  илүү ойртуулж, нэгтгэсэн болов уу.  

Цар тахалтай холбоотой олон сорилт манай салбарт бий болж байна. Улсын төсвийн 26 хувийг, ДНБ-ий дөрөвний нэгийг дангаар бүрдүүлдэг гэдэг утгаараа уул уурхайн салбар маш хариуцлагатай, бас зогсолтгүй ажиллах ёстой байдаг. Тиймээс экспортлогч орнууд руу хуваарийн дагуу  түүхий эдээ байнга гаргах ёстой болж буй ч “Ковид-19”-ийн улмаас энэ үйл явц нэлээд удааширч байгаа тал бий. Гэлээ ч бид уул уурхайн компаниудын ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах, асуудал үүсэх бүрт яаралтай арга хэмжээ авах зэргээр олон хүндрэлийг даван туулж, ханцуй шамлан ажиллаж байна.  

Та хувийн салбараас төрийн албанд шилжин ажиллаад удаагүй байна. Яагаад энэ шийдвэрийг гаргасан бэ. Ямар ялгаа анзаарагдаж байна? 

Би Монголдоо ч, гадаадад ч хувийн салбарт ажиллаж үзлээ. Харин одоо төрд ажиллаж байна. Ялгаа мэдээж байлгүй яахав. Гэхдээ ялгаа гэж ярихаас өмнө тухайн ажлаасаа таашаал авч, урт хугацаанд тогтвортой ажиллахад нөлөөлдөг хоёр хүчин зүйлийн талаар эхлээд тайлбарлая. Америкийн сэтгэл зүйч Фредерик Херцбергийн үндэслэсэн сэдэлжүүлэлтийн онолоор бол тухайн ажлын статус, цалин, нэр хүнд гэх зэрэг гадаад хүчин зүйл (hygiene factor), мөн тухайн ажил хэр сорилттой, хариуцлага шаардсан, утга учиртай байгаа эсэхийг тодорхойлох дотоод хүчин зүйл (motivation factor) нэгдэж байж, аливаа хүн ажлаасаа эрч хүч, сэдэл авч, урт хугацаанд ажиллах магадлал нэмэгддэг. Энэ ч утгаараа би олон хүний амьдралыг эерэгээр өөрчилж, дараагийн түвшинд гаргах гүүр болж чадах юм байна гэсэн тэр л утга учрыг олж харсан учраас төрд ажиллах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, уг шийдвэрийг гаргахад дээр дурдсан онолын сэдэлжүүлэх хүчин зүйл надад их нөлөөлсөн. Клейтон Кристенсений “How will you measure your life” номоос энэ талаар анх уншиж байлаа. Аливаа асуултад хариулахад туслах түлхүүр ойлголтын талаар энэ номд  маш тодорхой өгүүлсэн нь шийдвэр гаргахад маань их дөхөм болсон. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаад жил болоогүй байгаа ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх байхдаа  “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого боловсруулах удирдлагын багт ажиллаж, дараа нь Засгийн газрын танхимд  орж, энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх түвшинд ажиллахдаа гаргаж буй шийдвэрүүд өнөөдөр олон хүний амьдралд шууд хамааралтай нь илт мэдрэгдэж байна. Ийм чухал шийдвэрүүдийг суурь судалгаанд үндэслэж, илүү оновчтой, бодитой, шинжлэх ухаанч гаргалгаатай, мөн олон улсын жишгийг судалж байж гаргах ёстой. Ингэж чадвал эргээд зөв бодлого болон хэрэгжиж, бидний амьдралд шууд нөлөөлдөг юм байна гэдгийг бодлогын түвшинд ажиллахдаа илүүтэй ухаарч байна. Тиймээс сурсан мэдсэнээ утга учиртай зүйлд зориулах мотивацтай, боловсролтой олон залуус төрд ажиллаж, шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд оролцож чадвал бидний ирээдүйд, цаашлаад  Монгол Улсын хөгжил дэвшилд маш чухал үүрэгтэй гэдгийг ойлгосон. 

 Төрийн байгууллагад ажиллах хугацаандаа өмнө хуримтлуулсан, ялангуяа олон улсын түвшинд олж авсан туршлагаа хэрхэн шингээж ажиллаж байна вэ? 

Нэгдүгээрт, ажлаа нарийн төлөвлөх шаардлагатай. Төрийн ажил хүнээс олон зүйл зэрэг амжуулахыг шаарддаг. Тэнд хэлэх үг, энд илтгэл бэлдэх, өөр нэг газар очиж төлөвлөгөө боловсруулах, хурал, уулзалтуудад оролцох зэргээр олон зүйлд анхаарал хандуулах шаардлагатай болдог. Энэ бүхнийг дотроо санаад явна гэж байхгүй. Тиймээс нарийвчлан төлөвлөж, богино, дунд, урт хугацааны гэх мэтээр ангилж хуваах нь илүү үр дүнтэй. Ийм зорилгоор утасныхаа хуанлид бүх хийх ажлаа нэмж, бүртгээд явдаг. Гэхдээ энэ бол хувийн арга барилаа ажилдаа тусгаж буй нэг л хэлбэр. 

Шийдэх асуудал бидэнд хэр их байна, шийдэл хайх боломж ч төдий хэмжээгээр байна гэсэн үг. 

Хоёрдугаарт, суурь судалгаа, статистик, тоо баримтад үндэслэн гаргасан шийдвэрээ бусдад танилцуулахдаа маш сайн презентацитай байх зарчмыг баримталдаг. Хүмүүс презентацийг зүгээр л Microsoft PowerPoint дээр бэлдсэн мэдээлэл гэж боддог боловч тийм биш. Ялангуяа төрийн шийдвэр гаргагчид маш завгүй ажиллахын зэрэгцээ асар их мэдээллээс голлох баримтуудыг оновчтой шүүж авах шаардлагатай болдог юм билээ. Энэ ч утгаараа богино хугацаанд оновчтой байдлаар мэдээллийг хүмүүст хүргэх чадварыг тун чухал хэмээн үзэж, ач холбогдол өгдөг. Төрийн байгууллага гэлтгүй банкираар ажиллаж байхад ч энэ чадвар маш чухалд тооцогддог байлаа. Аливаа мэдээллийг амаар дуулгахад хүн бүр ондоогоор ойлгож болох учраас визуал хэлбэрээр оновчтой тайлбарлах шаардлага үүсдэг. Бүтэн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн зураглал гээд ямар ч өргөн хүрээний мэдээллийг нэг презентаци, хэдхэн слайдад багтааж болдог. 

Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг та хэрхэн хардаг вэ. Сайжруулахын тулд ямар алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ? 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар бол Монголоос дэлхийн түвшинд өрсөлдөж буй хамгийн том сектор. Учир нь бид бүтээгдэхүүнээ шууд экспортолж, гадны компаниудтай өрсөлдөж байна. Тэгэхээр салбарын бодлогыг тодорхойлохдоо дэлхийн чиг хандлага, хөгжил хааш тэмүүлж, дараагийн 30 жилд геополитик, бүтцийн ямар өөрчлөлтүүд гарах, ирээдүйд эрэлттэй болох эрдэс баялгийг тодорхойлох зэргээр өргөн хүрээнд харж, ойлгож байж, тогтвортой хөгжинө. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой салбарын нэг. 

Гадаадын томоохон банкуудад ажиллаж  байхдаа би ихэвчлэн үндэстэн дамнасан компаниудын ТУЗ-д зөвлөгөө өгдөг байсан. Тэдэнд стратегийн зөвлөгөө өгөхийн тулд асуудлыг глобал түвшинд харж, харьцуулдаг байсан туршлага маань Монголд  бодлогын хэмжээнд сэтгэхэд ойр дөхөм байгаа. 

Манай улс байгалийн баялаг арвинтай. Гэхдээ  дэлхийд ийм баялагтай улс орон цөөнгүй бий. Тиймээс тэдэнтэй өрсөлдөнө л гэсэн үг. Нөгөө талаар, бидэнд азтай гэмээр өгөгдлүүд байна. Тухайлбал, Монголын томоохон ордууд Хятадтай ойр буюу урд хил орчмоор байрладаг. Гэтэл өмнөд хөрш бол уул уурхайн хэрэглэгч, үйлдвэрлэгч талаасаа дэлхийн хамгийн том зах зээл. Энэ давуу талаа ашиглаж, бид өрсөлдөх чадвараа улам сайжруулах ёстой. Олон улсын түвшинд авч үзвэл “Эрдэнэс тавантолгой”, “Оюутолгой” зэрэг компанийн уурхайнууд  зардал багатайд тооцогдоно. Мөн бидэнд дараагийн томоохон ордууд илрэх геологийн тогтоц, нөөц бололцоо ч асар их байна. 

Нью-Йорк, Сидней зэрэг дэлхийн томоохон хоттой харьцуулахад Улаанбаатарын амьдрал илүү өрнөлтэй, адал явдалтай. Гурван жил болоод ирэхэд л нийслэл асар их өөрчлөгдсөн байдаг. Бид л өдөр тутмын амьдралдаа түүртэж, анзааралгүй бухимдаж явдгаас биш хот ихээхэн өөрчлөгдөж, хөгжиж байна. Монгол Улс ч мөн адил хөгжлийнхөө шатанд, өрнөл хэсэгтээ яваа улс. Шийдэх асуудал бидэнд хэр их байна,  шийдэл хайх боломж ч төдий чинээ олон байна гэсэн үг. 

Харин салбарын өрсөлдөх чадварыг хойш татаж буй асуудлуудын нэг нь дэд бүтэц. Жишээлбэл, “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсийг дэлхийн түвшинтэй харьцуулахад бид маш бага өртгөөр олборлодог боловч тээврийн зардал маш өндөр. Үүнийг шийдэхийн тулд төмөр зам зайлшгүй барих ёстой. Үүнтэй холбоотой “Эрдэнэс тавантолгой” компанийн санхүүжилтээр ойрын хоёр жилд багтаж, төмөр зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ ч үүднээс ирэх жилүүдийн төлөвийг эерэгээр харж байгаа. Мөн “Олон улсын валютын сан” “Ковид-19” цар тахлын дараах дэлхийн эдийн засаг 5.5 хувиар өснө гэж тооцоолсон. Тэр дундаа Хятадын эдийн засаг 8.1 хувиар өснө гэсэн таамаглал бий. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийн дараах дэлхийн эдийн засгийн огцом өсөлтийг Хятад тэргүүлэх нь. Тэгэхээр бидний хувьд томоохон орон зай бий болно гэсэн үг.

Энэ боломжийг ашиглан олборлогчоос боловсруулагч болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бид онцгой анхаарах ёстой. Тэдгээр үйлдвэрийг дагаад олон жижиг, дунд үйлдвэр бий болно. Энэ бүхэн өөрөө аж үйлдвэржсэн Монгол Улс болж хөгжих хөрс суурь юм. Эдгээр үйл явц хэрэгжээд эхлэхээр аж үйлдвэржилтэд шаардагдах ур чадвартай ажилчин анги үүснэ. Дэлхийн аж үйлдвэржсэн орнуудын жишгийг авч үзвэл ингэж л дараагийн түвшинд гарах үсрэнгүй улс болдог. Дагаад ур чадвар бүхий хүний нөөцтэй болж, ажилчдын бүтээмж ч өснө. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаардаггүй, өөрсдөө баялаг бүтээж экспортолдог, дэлхийн хэмжээнд өрсөлддөг олон салбартай, төрөлжсөн эдийн засаг болж хөгжинө. Түүнээс биш өнөөдрийнх шигээ олборлоод л, түүхийгээр нь гаргаад байвал түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай улс хэвээрээ л байна. Тиймээс Монгол Улс хөгжлийн дараагийн түвшинд заавал очих ёстой. Үүнийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод бид маш тодорхой тусгасан.

Тэгвэл уул уурхайн бизнесийн орчныг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа вэ? 

Манай улсын эдийн засаг гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. Гадаадын хөрөнгө оруулалтын хүчинд л томоохон төслүүд хөдөлдөг. Сүүлийн 10 жилийг авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалтын 70-75 хувь нь уул уурхайн салбарт хамаарч байна. Тиймээс адилхан гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулах ёстой. Өнөөдөр бид Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд томоохон өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байна. Уул уурхайн салбарын цикл нь хайгуул, олборлолт, боловсруулалт, уурхай хаах гэх зэрэг үе шатыг дамждаг. Өнгөрсөн 30 жилийн уул уурхайн хөгжлийн түвшнийг авч үзвэл хайгуул, олборлолтод илүү төвлөрсөн. Үүнийгээ дагаад холбогдох хууль, журмууд ч энэ чиглэлд илүү төвлөрч, асар олон удаа өөрчлөгдсөн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон төслийг эхлүүлж, олон улсын жишгээс суралцсан зэргээр бид тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж л явна. Харин одоо салбараа илүү том зургаар харах шаардлагатай. Энэ ч утгаараа байгаль орчин, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж гээд бүх талаас нь харж, уул уурхайн циклийн хувьд тулгарч буй асуудлуудыг хуульчилж шийдэх, тэрхүү гаргалгаануудыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахаар ажиллаж байна.  

Уул уурхайн салбарын ирээдүйг төсөөлөн харахад дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний эрэлт хэрэгцээ тэр чигтээ өөрчлөгдөж байна. Хэд хэдэн томоохон хүчин зүйл энд яригдаж буй. Нэгт, хотжилт. 2050 он гэхэд дэлхий дээр 9.8 тэрбум хүн амьдрахаас 68 хувь нь хот суурин газар оршин сууна. Мэдээж хэрэг тэнд уул уурхайн бүтээгдэхүүнүүд буюу эрдэс баялаг орц болно. Хоёрт, дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах (carbon neutrality) трэнд давалгаалж эхлэх нь тодорхой болчихлоо. Жишээлбэл, Жо Байдены Засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хийг саармагжуулах, тэглэх бодлого хэрэгжүүлнэ гэдэг амлалт өгчихлөө. БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2060 он гэхэд улсаа carbon neutral болгохоо мөн зарлалаа. Европын холбоо ч бас үүнтэй төстэй шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Энэ бүхнээс үүдээд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт бий болно гэсэн үг. Нэгт, сэргээгдэх эрчим хүч, хоёрт, ногоон эдийн засаг, гуравт, цахилгаан машин болон батерей гэх мэт. Хүлэмжийн хий ялгаруулдаг технологиудыг байгальд ээлтэй болгох үйл явц  өрнөхөөс өөр аргагүй болж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ хувьсан өөрчлөгдөх нь. Тэр дундаа алт, зэс, мөнгө, газрын ховор элемент  зэрэг бүтээгдэхүүн илүү үнэ цэнтэй болно гэсэн таамаг бий.   

Дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Wall Street-ийн мэргэжилтнүүд асар олон цагаар ажилладаг бичигдээгүй хуультай. Удаан хугацаанд олон цагаар өндөр ачаалалтай ажиллахад ажил, амьдралын тэнцвэр алдагдах, стресстэх асуудал тулгарч байсан болов уу. Тэгэхээр тэр үеэс эхлэн хэрэгжүүлж ирсэн стресс менежментийн арга барил тань юу вэ? 

Нью-Йорк, ялангуяа Wall Street-д компанийн дүрэмд бичигдээгүй ч маш олон цагаар ажилладаг соёл тогтчихсон байдаг. Энэ бол  дүрэм. Харилцагчдын шаардлага, өрсөлдөөнөөс гадна дэлхий даяар санхүүгийн зах зээл, мөнгөний урсгал хагас, бүтэн сайнгүй, 24/7 тасралтгүй урсаж байдаг. Цаг хугацаа гэдэг маш үнэ цэнтэй учраас ингэж ажиллах шаардлага үүсдэг. Гэхдээ долоо хоногт 100 цагаар ажиллана гэдэг магтаад байх зүйл биш. Учир нь эрүүл мэнд, амьдралын тэнцвэрийн хувьд зөв зүйл биш. Тэнд долоо хоногт 60-90 цаг ажиллах бол энүүхэнд, дундаж үзүүлэлт. Заримдаа ч 100 цаг давдаг байв.  

Тэгэхээр олон цагаар ажиллах гэхээсээ илүү олон хүнтэй хамтарч, олон төсөл дээр зэрэг ажиллах нь стресстэх хүчин зүйл болдог байсан. Ийм нөхцөлд стрессээ хэрхэн удирдах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Стресс бол хувь хүний сонголт. Кортизол хэмээх бодис ялгарснаар хүн бүр тодорхой хэмжээнд стресстдэг. Тиймээс стресс үүсгэж буй асуудлуудаа хяналтад байгаа болон байхгүй гэж хоёр хувааж болно. Ер нь стресстүүлж буй асуудлаа анализ хийхгүй орхивол стресс, бухимдал улам нэмэгддэг. Харин оронд нь стресстүүлж буй асуудлаа цаасан дээр хяналтад байгаа болон байхгүй гэж ангилан бичээд харвал ихэнх хүчин зүйл чиний хяналтад байдаггүйг олж харна. Нэг үгээр, хянаж чадахгүй зүйлсээ стресстээд ч өөрчилж чадахгүй учраас тэдгээрт бухимдах шаардлагагүй ээ л гэсэн үг. Тиймээс өөрөөсөө холдуулж, мартаж сурах хэрэгтэй. Стресстлээ гээд тухайн асуудал шийдэгдэхгүй. Эсрэгээрээ хяналтад байгаа асуудлаас болж стресстэж буй бол ямар нэг алхам хийж эхлэх хэрэгтэй. Үйлдэл хийж, үр дүн гараад эхлэхээр стресс хүссэн, хүсээгүй арилдаг. 

О.Батнайрамдал: Монгол хүн бүр мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Мөрөөдөлтэй хүн хүрэх цэгээ тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд юу хийх ёстойгоо төлөвлөж чаддаг.

Олон ажлыг зэрэг амжуулж, анхаарлаа олон тийш хандуулах шаардлага өнөөдөр бараг хүн бүрийн өмнө  тулгарч байна. Ялангуяа удирдах түвшний хүмүүст энэ бүхэн бүр ч илүү хамаатай. Та Bank of America Merrill Lynch-д ажиллаж байхдаа олон төслийн багт зэрэг ажилладаг байсан шүү дээ?      

Хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байхад хэд хэдэн баг байгуулагдаж, төслүүдэд зэрэг ажиллаад явдаг байлаа. Заримдаа гэнэт нэг хэлцэл гарч ирж цаг авна. Эсвэл гэв гэнэт дөрвөн төсөл дээр зэрэг ажиллах шаардлага үүсэж, ажил ид өрнөнө. Энэ бүхнийг  оновчтой зохион байгуулах ёстой болдог. Төсөл тус бүрт өөр багуудтай хамтардаг учраас олон янзын хүнтэй харилцах хэрэгтэй болно. Тэгэхээр стресстэй орчинд олон хүнтэй хамтарч ажиллаж буй гэдэг утгаараа олон янзын ур чадвар шаардагдаж эхэлдэг. Тиймээс ажлаа сайтар төлөвлөж, үр бүтээлтэй ажиллах нь чухал. Нэг ажлынхаа үр дүнг заавал үзчихээд дараагийн ажил руугаа орох үе байдаг бол, богино хугацаанд хоёр ажлыг зэрэг амжуулж, маш сайн үр дүн гаргах шаардлага ч тулгардаг байв.  

Монгол хүн бүр мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Мөрөөдөлтэй хүн хүрэх цэгээ тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд юу хийх ёстойгоо төлөвлөж чаддаг.

Багаар ажиллах тухайд Харвардын их сургуулийн профессор Ж. Ричард Хакманы боловсруулсан “60-30-10”-ын дүрмийг баримтлахыг хичээдэг. Харвардын бизнесийн сургуульд суралцаж байхад багаар ажиллах гэдэг хамгийн их яригддаг, маргаантай сэдвүүдийн нэг байлаа. Төр, хувийн салбар, тэр байтугай гэр бүлд ч хүн хоорондын харилцаа л зонхилдог. Үүнийг арай өөрөөр багаар ажиллах гэж ярьдаг. АНУ-ын томоохон байгууллагуудад хийсэн олон жилийн судалгааныхаа үр дүнд Хакман дээрх дүрмийг боловсруулсан бөгөөд багийн ажлын нийт үр дүнгийн 60 хувь нь managing team design буюу багаа хэрхэн загварчилж, зохион байгуулснаас хамаардаг гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, багийн дүрмээ тохирч, хэн юу хийх, ямар төлөвлөгөөний дагуу хэрхэн ажиллах зэргээ эхлээд тодорхойлно гэсэн үг. Гэтэл тухайн баг амжилттай ажиллах эсэх нь шийдэгдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг энэ хэсгийг бид орхигдуулдаг. Харин 30 хувь нь managing team launch буюу багийн анхны уулзалт, уур амьсгал, хүмүүсийн анхны сэтгэгдэл зэргээс хоорондоо хэрхэн ойлголцож, амжилттай хамтран ажиллах вэ гэдэг нь шалтгаалдаг. Үлдсэн 10 хувь нь managing team process буюу багаараа хамтран ажлаа хийж гүйцэтгэх тэрхүү үйл явцаас хамаардаг. Нэг ёсондоо, бидний хамгийн их ач холбогдол өгдөг хэсэг тухайн баг амжилттай ажиллахад хамгийн бага нөлөөлдөг. Тэгэхээр энэ бүхэн бидний бодсоноос хавьгүй өөр байгаа биз. Bank of America Merrill Lynch-д багт хуваагдан ажилладаг байхдаа бараг л энэ жишгээр явж ирснээ сүүлд анзаарсан. 

Манлайллыг та өөрийнхөөрөө юу гэж тайлбарлах вэ. Сүүлийн үед энэ талаар их ярих боллоо?

Бизнесийн сургуульд сурч байхад манлайлал гэдэг үг хамгийн их хэрэглэгдсэн, сүүлдээ хэрэглэхээс хамгийн их залхсан үгийн тоонд багтах байх. Манлайллын тухай янз бүрийн онол, ойлголтууд байдаг. Харин миний хувьд маш товчхоноор хамтран ажиллаж буй хүмүүсийнхээ потенциалыг гаргаж ирэх боломж, итгэл үнэмшил үзүүлэхийг манлайлал гэж ойлгодог. Түүнээс биш манлайлал гэхээр заавал дарга, менежер, эсвэл сайд хүнд байх ёстой зүйл биш. Хоёроос дээш хүн хоорондоо харилцан ойлголцож, ажиллаж чадаж байгаа бол тэр манлайлал. 

Надад хэрэг болсон учраас одоо ч хэрэгжүүлдэг манлайллын хэлбэр болох сrucibles of leadership их сонирхолтой.. Манлайлал гэдэг хүний ажил, амьдралтай шууд холбогддог. Тухайн хүний зан чанар, гаргаж буй шийдвэрт ажлын туршлагаас гадна амьдралд нь тохиолдсон чухал үйл явдал, туршлага хүссэн, хүсээгүй нөлөөлдөг. Хувь хүний амьдралд тохиолдсон зүйлийг ажилтай холболгүй хойшлуулъя гэж бид хэчнээн шүүлтүүрдээд ч тухайн хүний гаргаж буй шийдвэрт шууд бусаар нөлөөлж байдаг. 

Crucible гэдэг нь аливаа хүний амьдралд тохиолдсон хүнд хэцүү сорилт, харах өнцгийг орвонгоор нь эргүүлсэн тэрхүү үйл явдал юм. Бидэнд тэгж гүнзгий нөлөөлсөн туршлагаа бид анзаарч байх ёстой. Тухайн хүний манлайлал, харилцааны хэв маяг, аливааг хүлээн авч буй байдал гээд бүгд л үүнтэй уялдсан байдаг. Үүнийг хүн ухаж ойлгоод өөрт тохиолдсон тэрхүү үйл явдлыг эерэгээр хүлээн авч, өөрийгөө хурцалж, өмнөхөөсөө илүү хувилбар болоход ашиглаж чадвал манлайлал, хувь хүний өсөлт хөгжил, сэтгэлийн хат гэх зэрэг олон зүйлд сайнаар нөлөөлдөг. Энэ бол хүн өөрийн гэсэн манлайллын хэв маягтай болоход нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Өөрөөр хэлбэл, сорилт, бэрхшээлтэй хүнд үе тохиоход “fall-up” буюу “дээшээ уна” гэсэн концепц. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлж чадсан удирдагчид манлайллын шилдэг жишээ байж чаддаг.       

Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

Нэгт, манлайлал, багаар ажиллах зэрэгт суралцсан концепцоо амьдралдаа заавал ашиглахыг хичээдэг. Гадаадад ажиллаж, амьдарч байхдаа голдуу ганцаараа байдаг байсан болохоор өөртэйгөө ярих дадлыг хэвшүүлсэн. Хүн долоо хоногт маш их мэдээлэл авч, олон шийдвэр гаргаж байдаг. Тиймээс эдгээрийг эргэн харж, тунгаан бодож байх хэрэгтэй боловч хүн тэр бүр өөртөө ийм цаг гаргадаггүй. Дүгнэн шинжилсэн эсээ бичих, тэмдэглэл хөтлөх, эсвэл ямар нэг дасгал хийхгүй л бол хүн гаргасан шийдвэр, тохиолдсон чухал үйл явдлаа төдийлөн эргэж боддоггүй. Харин миний хувьд хамгийн хялбархан шийдэл бол долоо хоногт нэг удаа чимээгүй орчинд өөртэйгөө ярих, бүхнийг тунгаан бодох 20 минут гаргах байсан. Ингээд ирэхээр хүн маш их суралцдаг. 

Хоёроос дээш хүн хоорондоо харилцан ойлголцож, ажиллаж чадаж байгаа бол тэр манлайлал. 

Хоёрт, төлөвлөгөө. Хүн завгүй байх тусмаа олон зүйлийг амжуулж чаддаг. Мөн завгүй байх тусам хамгийн хэрэг болдог зүйл бол төлөвлөгөө, төлөвлөгөө, төлөвлөгөө. Харин ажлын зохион байгуулалт, өөрийн зан төлөвт тохирсон төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ гэдгээ хүн өөрөө туршиж, олж авах ёстой. Түүнээс өөр хүний арга барил, жишээ нь Наги ингэж хийдэг юм байна гээд дагаж хийх нь үр дүнгүй. Төлөвлөхгүй бол хийх зүйлээ мартана, орхигдуулна. 

Цаашид зорьж буй ажил, дараагийн төлөвлөгөө тань юу вэ? 

Энэ их чухал асуулт л даа. Яг таг ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой. Ирээдүйгээ бодохоор Ховдод өссөн бага нас минь нүдэнд харагдах шиг болдог. Тэр сурагч хүүд яаж тусалбал ирээдүй, харах өнцгийг нь өөрчилж, эерэг хандлагатай, хүсэл мөрөөдөлтэй болгох вэ гэсэн дүр зураг төсөөлөлд буудаг. Энэ дүр зураг намайг хааш чиглүүлнэ, тийшээ л явна. Монгол Улсын ирээдүй бол манай орны өнцөг булан бүрт өсөж торниж яваа хүүхдүүд. Тэдгээр хүүхдэд өөрийн төсөөлдөг тэр л ирээдүйг бэлэглэхийн тулд хувь нэмрээ хаана, зөв, оновчтой оруулж чадах вэ тэнд л би зогсож байх болно. 

Тиймээс ч би Макалестер, Харвардаас олж авсан үнэ цэн, боловсролоо зөвхөн надад олдсон боломж биш байгаасай гэж хүсдэг. Надтай адил боломж эрэлхийлж буй хүүхдүүдэд, эрэлхийлсэн ч олж чадахгүй яваа залуучуудад сурсан мэдсэнээ хуваалцах ёстой гэдгийг чин сэтгэлээсээ ухамсарладаг. Тийм ч учраас надтай адил зорилго, үнэ цэнтэй Б.Тэгшбаяр, Ц.Дэлгэрцэцэг хоёртойгоо хамтран уншсан номоо тоймлон ярилцдаг “Unlock” подкастыг эхлүүлж, дөрвөн жилийн хугацаанд нийт 100 гаруй ном уншиж хүргэсэн байна. Үнэхээр завгүй байсан ч хоёр долоо хоног тутамд шинэ ном уншиж, олж авсан мэдлэгээ залуучуудтай хуваалцах гээд л яваа. Манай подкастыг орон даяар буюу 21 аймгаас, дэлхийн 60 гаруй орноос залуучууд сонсож, өөрийгөө хөгжүүлэхэд ашигладаг эх сурвалжаа болгосон байна. Монголын боловсролоос, мөн орчноосоо олж авч чаддаггүй тэр мэдлэгийг бид подкастаараа дамжуулан залуучуудад хүргэж, эх орондоо үнэ цэн авчрах шинэ үеийнхний гүүр болохыг зорьж байна.  Гэхдээ би “Unlock”-ийг зөвхөн подкаст гэж хардаггүй. Подкаст бол зөвхөн эхлэл. Энэ ч утгаараа бид зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд үнэхээр хичээж буй залуучуудыг дэмжиж, хөгжүүлэх үүднээс “Unlock” сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөрөө зарлаад удаагүй байна. 

Гол нь залуучууд өөрсдийн ирээдүй, үнэ цэн, хүсэл мөрөөдлөө тодорхойлоосой. Монгол хүн бүр мөрөөдөлтэй байгаасай гэж би хүсдэг. Мөрөөдөлтэй хүн хүрэх цэгээ тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд юу хийх ёстойгоо төлөвлөж чаддаг. Монголын ирээдүйг,  улсынхаа хөгжлийг би гэгээлгээр хардаг. Монгол хүн бүрт маш их потенциал бий.

/Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2021 оны 05, 06 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно/ 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Ажил хийх нь амь зуухын нэр биш, мөрөөдөлдөө хүрэх арга хэрэгсэл

Өмнөх нийтлэл

Банкууд хувьцаат компани болсноор…

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.