Business.тn сайтын “Тахлын үеийн бизнес” цуврал үргэлжилж байна.

Компанийн нэр: Decor House Design Mongolia

Чиглэл: Интерьер дизайны зураг төсөл, гүйцэтгэл, барилгын материалын худалдаа

Үүсгэн байгуулагч, захирал: В.Энхмаа

Манай улсад цар тахал дэгдсэнээс хойш танай бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

Цар тахал дэгдээд удаагүй байхад өөрчлөлт төдийлэн мэдрэгдээгүй. Харин сүүлийн гурван сарын турш барилгын түүхий эд, материалын үнэ нэмэгдэж, Эрээн – Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн зардал огцом өссөн. Тэгэхээр бид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй. Ингээд хоёр сарын өмнөөс манайх материалын үнээ 15 хувиар нэмсэн. Гэвч үнээ нэмсний дараа байнгын үйлчлүүлэгч, худалдан авагчид маань өмнөх үнийн дагуу төсөвтөө тусгаж, баталсан зэрэг асуудал ярьж байна. Тиймээс үйлчлүүлэгч, захиалагчдаа алдахгүйн тулд их хэмжээний захиалга урьдчилан өгсөн харилцагчдадаа өмнөх үнээрээ үйлчилж байна. Харин цалингийн зардалд шууд хамааралтай биш учраас интерьер дизайны зураг төсөл, гүйцэтгэлийн үйлчилгээний үнээ өөрчлөөгүй. 

“Эрсдэлээ урьдчилан тооцоолж, онлайн идэвхжүүлэлт хийж, дизайнерууд маань гэрээсээ үр дүнтэй ажилласны үр дүнд бид хөл хорионы үеийг давсан”.

Цар тахлын улмаас өмнө нь 21 хоногийн дотор ирдэг байсан ачаа бараа хоёр сар гаруйн дараа ирж байна. Эдгээр ачаа бараанд зарцуулсан эргэлтийн хөрөнгө ч дагаад удааширч, царцаж байгаа юм. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүнээ хадгалах агуулахыг урьдчилан бэлддэг тул хүлээлтийн байдалд байгаа бид хоосон агуулахын түрээс төлөх гэх мэтээр алдагдал хүлээж байна. Ил харагдаж байгаа эдгээр асуудлаас гадна өдөр тутам үүсдэг жижиг асуудлууд тасрахгүй байна. Тухайлбал, захиалгаа баталгаажуулсан ч манайхаас нийлүүлэх ёстой бараа материал хүлээгдсэнээс үйлчлүүлэгчид өөр материалаар орлуулах, ашиглалтад оруулах цаг хугацаандаа уягдан захиалгаа цуцлах, төслийн ажлаа хойшлуулах зэрэг асуудал үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, төлөвлөсний дагуу ажлууд хэрэгжих боломжгүй болж, нэг байрандаа гацчихаад байна. Ирээдүйгээ зураглаж, дараа дараагийн ажлуудаа төлөвлөх боломжгүй болоод байна. 

Ковид-19-ийн үед та бүхэн ямар арга хэмжээ авч ажилласан бэ?   

Манай компанийн ажил улирлын чанартай байдаг. Харилцагч компани, томоохон төслийн менежерүүд ихэвчлэн тухай бүртээ ирээд хэрэгцээтэй материалынхаа төрөл, хэмжээг захиалаад явдаг. Товчхондоо, бид борлуулж буй материалаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн шиг тэр дор нь шууд гаргаж өгөх боломжгүй байдаг гэсэн үг. Шинэ жил, баяр наадам, сургууль, цэцэрлэг орохын өмнө ажил ихэсдэг. Тиймээс манай борлуулалт огцом буураагүй. Хөл хорионы үеэр дизайнерууд маань гэрээсээ ажиллаж, хараахан дуусаагүй, үргэлжилж байсан төслийн ажлуудаа хийж гүйцэтгэсэн. Харин шинэ ажлын захиалга харьцангуй бага байлаа.  Тухайн үед бид  өөрсдийн хийж гүйцэтгэсэн төслүүдээ сошиал медиагаар олон нийтэд хүргэх үүднээс boost-лж, идэвхжүүлсэн. Энэ алхам үр дүнгээ өгч, манайхтай гэрээлсэн шинэ харилцагчдын дийлэнх  нь сошиал медиагаас бидний тухай анх мэдсэн гэдгээ хэлж байв. Эрсдэлээ урьдчилан тооцоолж, онлайн идэвхжүүлэлт хийж, дизайнерууд маань гэрээсээ үр дүнтэй ажилласны хүчинд бид хөл хорионы үеийг давсан. Хэрэв ингэж ажиллаагүй бол ажилтнуудынхаа цалинг олгоход ч хэцүүхэн байх байлаа. 

Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээл авахад ямар хүндрэл тулгарсан бэ?

Сүүлд сар орчим үргэлжилсэн хөл хорио дуусах үеэр бид шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлж, харилцагч банкдаа өгсөн ч маш их хүлээгдсэн. Онлайнаар материалаа бүрдүүлж, зээлийн асуудлаа шийдүүлэх боломжтой гэсэн ч бодит байдалд боломжгүй байсан. Үүнд, манай компаниас шалтгаалсан асуудал бага гэж бодож байна. Төд удалгүй санхүүжилт дууссан гэх шалтгаанаар ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг зогсоосон. Өчнөөн бичиг баримт бүрдүүлж өгчихөөд байхад ингээд зээл олгохоо больчихож байгаа юм биш биз гэж хэсэг хямарч байгаа юм. Үүнээс хойш дахин сар хагас хүлээсний эцэст зээл авч чадсан нь одоогоос сарын өмнө. Өнөөдөр ч олон байгууллага хүлээлтийн байдалд байна. 

“Төр засгаас гаргасан шийдвэрүүд бодит байдалд цаасан дээр бууснаасаа өөрөөр хэрэгжиж байна”.

Хэдийгээр бид зээл авч чадсан ч үл хөдлөх хөрөнгийн барьцаа үнэлгээ хүрээгүйн улмаас хүссэн хэмжээний зээл гараагүй. Бүхий л үл хөдлөх хөрөнгийг нарийн тооцож, бүртгэх атлаа үнэлгээ маш бага. Батлан даалтад багтвал хүссэн хэмжээний зээлээ авах боломжтой гэсэн ч дахиад хэдэн сар хүлээхээр байсан. Хэрэв олгох хэмжээнээс илүү зээл авахыг хүсэж байвал энгийн буюу жилийн 21.6 хувийн хүүтэй зээлд давхар хамрагдаж болно гэж банкнаас мэдээлсэн. Таньж мэдэх бизнес эрхлэгчдэд ч харилцагч банкуудаас нь үүнтэй адил нөхцөл санал болгосон юм билээ. Тухайлбал, хүссэн хэмжээний зээлээ авахын тулд ойролцоогоор 60 хувийг гурван хувийн зээлээр, 40 хувийг энгийн зээлийн нөхцөлтэйгөөр авч болно гэж байгаа юм. Энэ бүхнээс харахад төр засгаас гаргасан шийдвэрүүд бодит байдалд цаасан дээр бууснаасаа өөрөөр хэрэгжиж байна. Мөн цаг хугацааны хувьд ч асар удаашралтай байна.  

Яг одоо төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

ЖДБ эрхлэгчдийг илүү сайн дэмжиж өгвөл хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй залуучууд их байна. Амьдралаа дээшлүүлж, өөрийн дуртай зүйлээ хийж, салбараа, улс орноо хөгжүүлье гэсэн эрмэлзэлтэй залуус олон байдаг. Бизнес эрхлэгчдээ  салбар, үйл ажиллагааны онцлогоос хамаарч, эсвэл бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа бол татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэргээр татварын бодлогоор дэмжих, санхүүжилтын асуудалд  анхаарах зэргээр цогц байдлаар хандмаар байна. 

Төр засгаас өнөөдөр гэнэт шийдвэр гаргаж байгаа нь, маргааш үнэхээр хөрсөн дээр бууж хэрэгжиж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Шат шатандаа саармагжсаар яг амьдрал дээр 30, 40 хувьтай л хэрэгжиж байна. Манай улс хүн ам багатай, өрсөлдөөн ихтэй учраас шийдвэрийн хэрэгжилтээ сайтар хянаж, анхаарах шаардлагатай. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Хөдөө аж ахуйн бирж тодорхойлолт зардаг газар уу?

Өмнөх нийтлэл

Брэнд хөгжүүлэлтэд PR-г хэрхэн ашиглах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.