O'tori design брэндийн үүсгэн байгуулагч Б.Оюунцэцэг: “Хувцсаа тайлаад эргүүлэхэд л гаднах үзэмжээсээ ялгарахааргүй гоё дотортой байх ёстой. Тиймээс бид дээлнийхээ дотрыг торгоор урлаж, хажлагаа ч нарийн саагаар эмждэг. Энэ бол манай брэндийн онцлог”.

Аялах, ажиллах гээд хувь, хувьсгалын ямар ч хэргээр хилийн чанадыг зорьсон бай шувууны хэлбэр дүрс, хээ угалз бүхий бэлгэ дурсгалын зүйл, гоёл чимэглэл, торго дурдан тэр  заавал худалдан авна. Ингэж өөрөө ч мэдэлгүй шувуунд дурладаг байснаа сүүлд анзаарч, энэ “дутагдлаа” хүлээн зөвшөөрсөн хэмээн инээмсэглэн ярих Б.Оюунцэцэгийн энгэрийн зүүлт ч шувууны дүрстэй байсан нь эзнийхээ хүсэл сонирхлыг давхар илтгэх мэт гялалзан байв. Түүний энэ сонирхол яван явсаар япон торготой “танилцуулж”, улмаар “Яагаад ийм сайхан торгоор монгол дээл урлаж болохгүй гэж?” хэмээх бодолд хөтлөн өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх алхам болжээ. Энэ шийдвэр зөв байсныг батлах мэт “Монгол дээлэнд япон торго гайхалтай зохицдог” гэж тэр сэтгэл хангалуун өгүүллээ.   

O’tori design брэнд ингэж л мэндэлжээ. “Нэг үйлчлүүлсэн хүн заавал дахин ирдэг. Амнаас ам дамжин ярьсаар манайхыг зорих үйлчлүүлэгчийн тоо мэдэгдэхүйц өссөн” гэх үүсгэн байгуулагчийн үг “Ковид-19” цар тахалтай зэрэгцэн үйл ажиллагаа эхлүүлсэн брэндийн хувьд чамгүй амжилтыг илтгэнэ. Дөнгөж урлантай болж, уран гарт бүсгүйчүүдийг эгнээндээ нэгтгэн, анхны захиалгуудаа амжилттай хүлээлгэн өгөөд дараагийн ажлаа урам зоригтойгоор эхлүүлээд байхад нь Засгийн газраас хөл хорио тогтоосон ч энэ бүхнийг Б.Оюунцэцэг бэрхшээл бус боломж хэмээн харж, ажилтнуудынхаа ур чадварыг улам сайжруулахаар мэргэжлийн багшийн хичээл, сургалтад ч хамруулаад амжжээ. Учир нь торгоор хувцас, эдлэл урлана гэдэг өндөр ур чадвар, мэдрэмж шаарддаг. 

“Өөрийн давтагдашгүй байдлыг хувцсаараа илэрхийлэхийг хүсдэг хүмүүсийн хувьд O’tori design брэнд оновчтой сонголт”.

Ингээд он дамнан үргэлжилсэн хөл хорио, хориг хязгаар арайхийн сулармагц багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөсөн нэрийн дэлгүүрийнхээ нээлтийг хийгээд удаагүй байтал бизнес эрхлэгчдийн хувьд нэн таагүй өнөө л шийдвэрийг засгаас дахин дуулгав. Энэ бол сүүлийн жил гаруйн хугацаанд дийлэнх бизнес эрхлэгчдийн үзэж туулсан танил түүх. 

O’tori design брэндийн нэрийн дэлгүүр их хотын зүрхэнд байрлах “Галлериа Улаанбаатар” худалдааны төвийн хоёрдугаар давхарт төвхнөжээ. Гадаад, дотоодын брэнд дэлгүүрүүдтэй зэрэгцэн байрласан шоурүүм нь тансаг загварын торгон эдлэлүүдээрээ үйлчлүүлэгчийн харцыг булаана. “Зурган дээр минь харснаас их өөр, харьцуулшгүй чамин юм байна” гэсээр орж ирэх хүмүүс гар нэхмэл атлаа 3D мэт өнгөний нөлөөтэй харагдах мару торгонд хүрч, уран нарийн нэхээс, шаглаас бүрийг нь тэмтэрч үзээд үнэ цэнийг нь улам мэдэрдэг аж. 

19-р зуунд Хейзо Тацүмүра хэмээх уран гартан Японы эзэн хааны удмынхан, хааны ордны түшмэд болон самурайн толгойлогчид зэрэг өндөр хэргэм зэрэгтэнд зориулан хүр хорхойн шүлсээр торго анх нэхсэн нь яваандаа урлаг болтлоо хөгжсөнөөр дэлхийд хамгийн үнэ цэнтэйд тооцогдох Нишижин-Ори хэмээх мару торгоны түүх бичигдэж эхэлжээ. Үе дамжсан гар урчууд олон зуун цагийг зарцуулж, гар аргаар нэхэж боловсруулдаг учир торго бүр цор ганц хувь бүтээгддэг төдийгүй үнэ цэн, чанар, уран нарийн хийцийг давхар илтгэдэг. Торгоны хээ дахин давтагдашгүй байдаг нь ийм учиртай бөгөөд үүнийгээ дагаад O’tori design брэндийн гоёмсог дээлнүүд ч мөн зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан, цор ганц загвар болон бүтээгддэг. Энэ нь өөрийн давтагдашгүй байдлыг хувцсаараа илэрхийлэхийг хүсдэг хүмүүсийн хувьд оновчтой сонголт болж чаддагийг Б.Оюунцэцэг онцоллоо.  

Мару торгыг yūzen хэмээн нэрлэгдэх тусгай аргаар, байгалийн гаралтай будгаар будсан торгон утас болон Японы уламжлалт технологийн дагуу эрчилж, боловсруулсан алтан, мөнгөн саатай утсыг ашиглан гараар нэхдэг нь үнэ цэнийг улам тодотгодог. Торго нэхэх үйл явц ихээхэн цаг хугацаа, ер бусын төвлөрөл, тэвчээр, мөн ур чадвар шаарддагаараа урлагийн бүтээл төрөх үйл явцтай адил. Энэхүү ур хийц бүхий нандин бүтээлийг O’tori design-ийнхан чимэг торго хэлбэрээр малгай, дээлийн хормой, ханцуй, нударга зэрэг  хувцасны деталиудад  шигтгэн урладаг бөгөөд гар цүнх, бугуйн цүнх, төрөл бүрийн бүс, эсгий олбог гээд олон зүйлийн аксессуар хийж, торгоныхоо өчүүхэн жижиг хэсгийг ч алдалгүй ашигладаг байна.  

Мөн торгоноос гадна итали силк, сайн чанарын хөвөн  даавуугаар гоёлын болон өдөр тутмын хувцасны захиалгыг тэд авдаг. Тухайлбал, нэрийн дэлгүүрт нь өөрийн стильд тохируулан хүссэнээрээ хослуулан өмсөх боломжтой цамц, хантааз, дан дээл тэргүүтэй үндэсний хэв маягийг шингээсэн цэвэр даавуун хувцаснууд харагдана. Эднийх дээлийн нударгыг туурай (туруу) болон их, бага нударга зэрэг төрлөөр урладаг. Хэрэв дээл хийхдээ мару торго ашиглахаар болбол торгоны хээ, хийцэд зориулан загвараа гаргах шаардлагатай болдгоо ч учирласан юм. Дээр нь торгоны чанарт тааруулан мөн адил чанартай материалыг хоршуулан урлахгүй л бол өндөр чанартай торго хэр баргийн материалыг “голж”, хослохгүй байх тохиолдол бий. Тиймээс л O’tori design брэндийн бүтээгдэхүүнүүд цор ганц бас чанарын хувьд эргэлзээгүй ажээ. 

O’tori design брэнд хувцасныхаа чанарт онцгойлон анхаарч, гаднаасаа ч, дотроосоо ч чанарыг илтгэж байх ёстой гэж үздэг. 

Үүсгэн байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн өвөл гаргасан ширмэл хамба болон салхи үл нэвтрүүлэх нано материалыг хослуулан, мару торгоор чимэглэсэн хүйтэн сэрүүнд өмсөх зориулалт бүхий Omni-Heat доторлогоотой дээл нь үйлчлүүлэгчдийн дунд өндөр эрэлт үүсгэж чаджээ. Энэхүү доторлогоо нь энгийн дотроос 50 хувиар илүү дулаан, хөнгөхөн, амьсгалдаг, мөн температурыг зохицуулдаг тул халууцуулж, дааруулдаггүй зэргээрээ онцлог. Ер нь O’tori design брэнд хувцасныхаа дотрыг онцгойлон анхаарч, бүтээгдэхүүн нь гаднаасаа ч, дотроосоо ч чанарыг илтгэж байх ёстой гэж үздэг. Энэ талаар Б.Оюунцэцэг “Хувцсаа тайлаад эргүүлэхэд л гаднах үзэмжээсээ ялгарахааргүй гоё дотортой байх ёстой. Тиймээс бид дээлнийхээ дотрыг торгоор урлаж, хажлагаа ч нарийн саагаар эмждэг. Энэ бол манай брэндийн онцлог” гээд өлгөөтэй дээлнүүдээс нэгийг сонгон дотрыг нь үзүүлэхэд тун чамбай, ур гарган оёсон байв. Аливаа хувцасны чанарыг оёдлын нягт нямбай, өөгүй байдал нь илэрхийлж байдгийг ч энд дурдууштай.  

Бүтээгдэхүүний дотор талд  O’tori design брэндийн шувууны дүрс бүхий логог хатгасан харагдана. Тори буюу японоор “шувуу” гэх үгийн өмнө мөн тус хэлнээ аливаа үгийн урд залгахад хүндэтгэж буйн илэрхийлэл болдог “О” авиаг залган брэндийнхээ нэрийг бүтээжээ. Энэ нь түүний нэрний эхний үсгийг ч давхар бэлгэдэж буй мэт. Б.Оюунцэцэг брэндийн логог заагаад “Энэ бол домгийн галт шувуу. Харахад хүчирхэг, эрхэмсэг. Үлгэрийн, уран зөгнөлт ч гэмээр хэв маягийг бэлгэдэх шувуу дүрслэхийг хичээсэн маань энэ” хэмээн тайлбарлалаа. Шувуу мэт эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, басхүү хүчирхэг, эрхэмсэг байдлыг бэлгэдсэн бүтээл урлахыг хичээдэг нь ч үүнтэй холбоотой биз ээ. 

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2021 оны 05, 06 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно/ 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Эрээнээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөр тогтоов

Өмнөх нийтлэл

“Мандал ирээдүйн өсөлт” сан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүллээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like