Business.mn сайт #ЗүсэлтээрХаръя буланг хөтөлж байна. Энэ буландаа улс орны нийгэм, эдийн засгийн асуудлуудыг урьдач нөхцөл, түүхэн контекст, шийдэл гаргалгаа талаас нь задлан шинжилсэн материалуудыг хүргэнэ.

Хөндсөн асуудал: Шатахууны үнийн өсөлт

Story: Шатахууны популизм

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш богинохон хугацаанд шатахууны үнэ, тэр дундаа АИ-92 бензиний үнэ 600 төгрөгөөр нэмэгдэж 2000-ыг давав. Үүнд дургүйцсэн зарим иргэд шатахууны үнийг буулгах шаардлага тавив. Хариуд нь Засгийн газар 100 төгрөгөөр буулгана гэсэн арга ядсан мэдэгдэл хийлээ. Энэ бол зах зээлийн харилцаа бүрэн төлөвшөөгүй, мэдээлэл муутай нийгэмд харагддаг дүр зураг.

Контекст: Газрын тос бол хамгийн мэдрэмтгий түүхий эд

Газрын тосны бүтээгдэхүүн нь үнийн хувьд маш мэдрэмтгий. Эрчим хүчний хамгийн гол эх үүсвэрийн нэг бөгөөд өөр ямар нэгэн түүхий эдээр орлуулах боломжгүй учир нийлүүлэлт бага зэрэг буурахад л үнэ нь огцом өсдөг. Зарим судлаачдын үзэж буйгаар эрэлт, нийлүүлэлт нь 80-85 хувьтайгаар газрын тосны үнэд нөлөөлдөг байна.

1973-1974 онд Израильтай хийсэн дайнд ялагдсан Арабын орнууд Барууны хөгжингүй улсуудыг шийтгэх зорилгоор газрын тосны олборлолтоо өдрийн 5 сая баррелиар танахаар шийдсэн. Үүний улмаас үнэ нь 4 дахин өсч Газрын тосны хямрал үүссэн. Дараа нь Ираны лалын хувьсгал, Иран ба Иракийн дайн үнийг өсгөсөн.

1983 онд Нью-Йорк болон Чикагогийн бирж дээр газрын тосны фьючерс хэлцлүүд бий болсноор санхүүгийн зах зээл газрын тосны үнэд улам их нөлөөлөх болсон.

1980-аад оны эхээр газрын тосны үнэ оргилдоо хүрч дараа нь унаж хэдхэн жилд гурав дахин хямдарчээ. 1990 онд Ирак-Кувейтын дайнаар ахиад өссөн ч бусад орнууд олборлолтоо түргэн нэмснээр буцаад буурсан. 1991 оноос хойш тасралтгүй буурсаар 1998 онд хамгийн доод түвшиндээ хүрч нэг баррель нь 11 ам.долларын үнэтэй болов. Энэ нь Азийн эдийн засгийн хямралтай холбоотой байсан бөгөөд газрын тос экспортлогч зарим орон дефольт зарлахад хүрч байв.

ОПЕК-ийн орнууд олборлолтоо багасгах тохироонд хүрснээр 2000-аад оны дундуур үнэ нь 30 ам.долларт хүрэв. Харин 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаар газрын тосны үнэ түүхэндээ анх удаа 100 ам.долларыг давж 2008 оны тавдугаар сард 135 ам.доллар хүрч байв. WTI маркийн газрын тосны үнэ бүр 147 ам.доллар болж, дараа нь огцом уналт эхэлж мөн оны 12 дугаар сар гэхэд 36 ам.доллар дээр буужээ.

Brent маркийн газрын тосны сарын дундаж спот үнэ ам.доллароор. /1987-2016/

2009, 2011-2013 онд 60-125 ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Гэвч хэрэглээний идэвхгүй байдал, Америкийн занарын хувьсгалын нөлөөллөөр газрын тосны үнэ эргээд бууж 2014 онд дунджаар 99,3 ам.доллар байснаа 2015 онд 52 ам.доллар болж, 2016 онд Ираны эсрэг хориг цуцлагдсанаар 27 ам.доллар дээр буужээ.

Контекст №2: Монголын шатахууны үнэ хэрхэн бий болдог вэ?

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэд хүчтэй нөлөөлсөн хамгийн сүүлийн хүчин зүйл нь цар тахал болов. Үүнээ болж үнэ нь 2018 оноос хойш 77 ам.долларыг давж бага зэрэг буураад одоогоор 70 орчим ам.долларт хэлбэлзэж байна. ОПЕК-ын 2021 оны долдугаар сарын тоймд бичсэнээр ковид-19 цар тахлын тархал, вакцинжуулалт зэргээс цаашдын чиг хандлага хамаарна гэжээ.

2020 онд ОПЕК-ийн орнууд олборлолтоо өдрийн 10 сая баррелиар танах шийдвэр гаргасан нь өнгөрөгч оны 10 дугаар 37 гаруй ам.долларын үнэтэй байсан газрын тос 2021 оны эхнээс өсөхөд хүргэсэн билээ. Энэ оны долдугаар сарын дундуур ОПЕК өдрийн олборлолтоо 0.4 сая баррелиар нэмэхээр шийдсэн ч цар тахлын өмнөх үедээ очиход хол байгаа.

ОПЕК-ийн томоохон гишүүн болох ОХУ-ын газрын тосны аварга компани Роснефтээс Монгол Улс шатахууны 90 орчим хувийг импортолдог. ОПЕК-ийн шийдвэртэй холбоотой Оросоос монгол компаниудын авдаг АИ-92 бензины хилийн үнэ нэг жилийн өмнөхөөс тонн тутамдаа 38 ам.доллароор нэмэгдэж 695 ам.доллар буюу ам.долларын одоогийн ханшаар 1.98 сая төгрөг болсныг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлсэн.

Засгийн газар, Монголбанк, импортлогч компаниуд бүгд шатахууны үнэ цаашид өсөх магадлалтай гэсэн хүлээлттэй байна.

Эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа Монголд шатахууны үнэ 2021 оны эхнээс нэмэгдэх байсан ч Засгийн газраас импортлогч компаниудад өгсөн татаас, хөнгөлөлтийн нөлөөгөөр Ерөнхийлөгчийн сонгууль дуустал АИ-92 бензины үнийг 1450 төгрөгт барьсан. Үүний улмаас компаниудад литр бензин тутамд 600 төгрөгний алдагдал хүлээсэн тухай Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд мэдээлсэн. 2020 оны Монголын ТОП-100 ААН-ийн жагсаалтаас харахад газрын тос импортлогч томоохон таван компанийн үзүүлэлт эрс буурчээ.

Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар улс төрийн шалтгаанаар, Ерөнхийлөгчийн сонгууль дуустал сонгогчдын уурыг хүргэхгүйн тулд автобензины онцгой албан татварыг тэглэх, татаас өгөх зэргээр популизм хийсээр ирснийг өнөөдөр хэрэглэгчид ойлгож эхлэв.

Бензины үнийг 600 төгрөгөөр нэмсэн ч нэг литр бензины өөрийн өртөг 1980 орчим төгрөг байгаа учир зөвхөн алдагдлаа нөхөж эхэлж буй талаар импортлогч компаниуд ярьж байна. Нэг тонн бензиныг 1.98 сая төгрөгөөр импортолдог (695 ам.доллар) гэж тооцвол тэдний хэлсэн нь үнэн болох нь.

Шатахууны үнэ бол Монголын эдийн засгийн хувьд инфляцид нөлөөлдөг стратегийн гол бүтээгдэхүүний нэг. 2020 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унасан нь манай хилийн үнээр дамжин дотоодын үнэд нөлөөлж 2020 оны хоёрдугаар улирлаас 2021 оны нэгдүгээр улирал хүртэл шатахууны үнэ инфляцийг 1.1 хувиар бууруулж байсан. Харин дотоодын шатахууны үнэ өссөн, мөн хямдралын нөлөө арилсан нь 2021 оны тавдугаар сард эргээд инфляци өсөхөд нөлөөлжээ. Цаашид дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийг даган дотоодын шатахууны үнэ өсөх төлөвтэй байна гэж Монголбанк тооцоолов.

ОПЕК-ийн орнуудын тооцоогоор 2022 оны есдүгээр сар гэхэд цар тахлын өмнөх үеийн түвшинд олборлолтын түвшинд очно гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, ахиад жил гаруйн хугацаанд газрын тос үнэ буурах магадлал бага юм.

Brent маркийн газрын тосны фьючерс үнийн өсөлт. Сүүлийн 10 сарын байдлаар

2018 оны байдлаар Монголд борлуулж буй нэг литр бензин тутмын үнийн 76 хувийг импортын үнэ, 23 хувийг онцгой татвар, шатахууны албан татвар, НӨАТ зэрэг татварын өртөг бүрдүүлдэг ажээ. Үүнээс шатахууны онцгой албан татвар тонн тутамд АИ-92 бензины хувьд 750 мянган төгрөг байна. Энэ татварыг 2018 оны нэгдүгээр сард тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ татварыг тэглэлгүйгээр шатахууны импортыг зах зээлийнх жамаар тавьсан бол өнөөдөр бензины бараг 3000 төгрөгт хүрч эдийн засагт том савалгаа үүсгэх байв.

Дүгнэлтүүд:

  • Засгийн газар бензины үнийг тогтоодоггүй бөгөөд улс төрийн шалтгаанаар заримдаа үнийг хиймлээр барьдаг.
  • Засгийн газраас шатахууны үнийн талаар хийж буй мэдэгдлүүдэд бүрэн итгэх боломжгүй. Үүний оронд Platts болон Argus Media зэрэг олон улсын агентлагуудын мэдээллийг дагах нь илүү бодит мэдээлэл авах арга юм.
  • Цар тахал газрын тосны дэлхийн зах зээлд тодорхойгүй байдлыг хадгалсан хэвээр байна.
  • Засгийн газар, Монголбанк, импортлогч компаниуд бүгд шатахууны үнэ цаашид өсөх магадлалтай гэсэн хүлээлттэй байна.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Сонгинохайрханд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина

Өмнөх нийтлэл

Сангийн яамнаас цахимаар олгож буй тусгай зөвшөөрлүүд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like