FIBO CLOUD компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Цэнгүүн
Дэлхий дахинд технологийн компаниуд олноор байгуулагдаж, салбарын хөгжлийг хурдасгаж буй өнөө цагт технологи хүмүүсийн амьдралд улам гүнзгий нэвтэрч, бүх талаар хөнгөвчлөх болсон билээ. Нэг үгээр, технологийн хөгжлийн үр дүнд хэрэглэгчид хожих болсон. Харин энэ бүхэнд гол нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн  нэг нь үүлэн технологи. Дэлхийд амжилтаараа тэргүүлж буй олон компани технологийн салбараас төрөн гарсан төдийгүй тэдний дийлэнх нь үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодгоос үүнийг та анзаарч болно. 
Монголд ч мөн үүлэн технологийн чиглэлээр ажилладаг компаниуд бий болсны нэг нь FIBO CLOUD. Тус компани үүлэн технологийн дэд бүтэц бий болгон ажилладаг гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийд энэ чиглэлээр тэргүүлэгч Amazon Web Service (AWS) компанийн Монгол дахь анхны албан ёсны түнш юм. Мөн тэд Монголд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг мэдээлэл технологийн инженерүүдэд зориулсан Amazon Web Services (AWS) – Mongolian User Group хотол (community) -ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэдгээрээ салбарынхан дундаа хэдийнэ танигджээ. FIBO CLOUD компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Цэнгүүнтэй ярилцлаа. 

Яагаад мэдээлэл технологийн салбарыг сонгон ажиллах болсон бэ?  

Манай компанийн үүсгэн байгуулагчид бүгд Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн нэг ангид хамт суралцаж төгссөн залуус. “Цэгцтэй зөв сэтгэх нь математикт суралцахаас эхэлнэ” гэж үг бий. Мэдээлэл технологи өөрөө шинжлэх ухааны нэг салбар учраас цэгцтэй зөв сэтгэж шийдэл гаргах нь маш чухал. Тиймээс математик суурьтай хүүхдүүд технологийн салбар руу хөрвөх нь их байдаг болов уу. Бид энэ салбарыг сонгон ажиллах болсон нь ч ийм шалтгаантай. Мөн бид математикийн Фибоначчийн өсөх дарааллын нэрээс санаа авч, компаниа FIBO CLOUD гэж нэрлэсэн. 

Монгол  залуучууд олноороо дэлхийн томоохон компаниудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Тэгвэл FIBO CLOUD-ийн үүсгэн байгуулагчдын хувьд яагаад хилийн чанадад бус эх орондоо үлдэн ажиллахаар шийдсэн бэ? 

Дэлхийн томоохон компаниудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй залуучуудаараа бахархдаг. Монголын мэдээлэл технологийн салбарт ажиллаж буй хүн бүрийн өмнө ийм боломж нээлттэй бий гэж бодож байна. Компани байгуулахаасаа өмнө бид тус тусын ажлаа хийгээд, сурах нь сураад явж байсан. Сургуульд нэг ангид хамт суралцаж байсан найзуудаас маань ч гадагшаа явсан хүмүүс олон байлаа. Харин Монголдоо байгаа хэд нь уулзаж, хэрвээ бид явахгүй эндээ үлдвэл хаана илүү үнэ цэн бүтээж чадах вэ гэж хоорондоо их удаан ярилцсан. Мобайл апп бичих, ERP, цахим худалдаа зэрэг монгол залуучууд нэгэнт хөл тавьж, цаг заваа зарцуулаад хангалттай хөгжүүлчихсэн салбар руу орохгүй гэж бид ярилцаж тогтсон бөгөөд хамгийн эрэлттэй нь үүлэн технологийн салбар гэдэгтэй бүгд санал нийлсэн. Үүлэн технологи ашигладаг Netflix, Dropbox, Uber тэргүүтэй олон улсад амжилттай яваа компаниудын дэд бүтэц Amazon, Microsoft, Google-ийн үүлэн үйлчилгээнүүдэд ихэвчлэн суурилдаг. Эдгээр компанийн өсөлтийг дааж, шингээж чадахуйц дэд бүтэц байсан учраас л ийм итгэлтэйгээр хурдтай өсөлтийг бий болгож чадсан болов уу. Үүнтэй адил бид Монголдоо үүлэн технологийн дэд бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байна.

2018 онд байгуулагдсан FIBO CLOUD компанийн хамт олон өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

Олон улсад танайхтай төстэй платформууд олон байгаа. Тэгвэл дотоодын зах зээлд зориулсан үүлэн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? 

Бидний хувьд Amazon Web Service компаний партнер учраас уг платформыг ашиглахын давуу талыг маш сайн мэднэ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л манай компани AWS-ийн тусламжтай 634 сая төгрөгийн хэмнэлтийг харилцагчдадаа үзүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн жил СЭЗИС-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл маань AWS-ийн вэбсайтд амжилттай хэрэгжсэн жишиг төслөөр нэрлэгдэн байршсан. Нөгөө талаар, дотоодын клауд платформыг хөгжүүлэх хариуцлага бидний нуруун дээр ирсэн учраас энэ тэнцвэрийг хадгалж явах бэрхшээлтэй атлаа сонирхолтой сорилттой өдөр бүр тулдаг. Манай компанийн дотоодын зах зээлд зориулан хөгжүүлсэн платформд харилцагч технологийн компаниудын 200 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг хангасан системүүд, 100 гаруй сургууль, DBX, BBX ББСБ зэрэг үйл ажиллагааны хувьд нэг секунд ч гацаж, тасалдаж болохгүй чухал вэб, мобайл платформууд ажиллаж байна. Эдгээр платформын заримыг AWS рүү шилжүүлэхэд зөвхөн сүлжээний төлбөрт гэхэд л сардаа хэдэн зуун саяыг төлөх шаардлагатай болдог. Үүнээс гадна дотоодод үүлэн технологийн платформ хөгжүүлэх олон шалтгаан бий. 

Технологийн салбарт ажиллахын гол давуу тал юу вэ? 

Манай хамт олон залуу хүмүүсээс бүрдсэн учраас шинэ технологи, шинэ бүхнийг байнга эрэлхийлж, ажилдаа ашиглахыг зорьдог. Ингэж байнга суралцаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваагаа мэдрэх нь хамгийн сайхан. Хамт олны маань дунд олон улсад эрэлттэй технологийн сертификаттай инженер цөөнгүй бий. Ийм чадварлаг инженерүүдтэй нэг баг болж, хамтран шийдэл гаргаж, хэрэгжүүлдэг учраас бид харилцагчдынхаа цагийг хэмнэж чаддаг. Мөн бид зөвхөн байгууллага дотроо бус Улаанбаатар хотын хэмжээнд хөгжүүлэгчдийн дунд төрөл бүрийн үйл ажиллагааг хамгийн идэвхтэй зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, And Systems, “Үндэсний дата төв” болон гадаадын технологийн компанид эх орноосоо буюу зайнаас ажилладаг инженерүүдийг урьж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Цаашид ч туршлагаа солилцох ийм үйл ажиллагаа тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Үйл ажиллагааг нь тасралтгүй, найдвартай хангадаг үүлэн технологийн платформ (AWS) -гүйгээр эдгээр компани Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа санал болгох хугацаа хэдэн жилээр ч хойшлох магадлалтай байсан.

Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

Нэгт, багаараа ярилцах. Миний хувьд ажлыг цаг хугацаанд нь чанартай хийх гол арга бол багийнхантайгаа сайн ойлголцох. Тиймээс ажил дээр болон ажлын бус цагаар баг, хамт олонтойгоо илүү харилцаж, дарга цэрэг биш найз нөхдийн харилцаа үүсгэхийг эрмэлздэг. Ер нь хоорондоо байнга ярилцаж, санаа бодлоо хуваалцах нь ажил урагшлуулахад тусалдаг. Хоёрт, мэдэхгүй зүйл гарвал шууд асуу гэдэг зарчмыг баримталдаг. Тиймээс чадвартай, ажлаа мэддэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, мэдэхгүй зүйлсээ санаа зоволгүйгээр асуухыг хичээдэг. Гуравт, эмх цэгц. Төслийн төлөвлөгөө, бичсэн кодоос авхуулаад ажлын ширээ, байгаа орчноо эмх цэгтэй байлгавал хийж буй ажилдаа илүү төвлөрч чаддаг. 

Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?

Технологийн салбар хурдтай хөгжиж, шинэчлэгдэж байдаг учраас байнга суралцах шаардлагатай болдог. Ажиллаж байгаа салбараас маань гадна гэвэл хятад болон япон хэл сурч байгаа. Ханз үсгээр бичдэг хэл сурах нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн учраас ажлынхаа зав чөлөөгөөр, долоо хоногт дор хаяж 2-3 цагийг үүнд зарцуулахыг хичээж байна. 

Б.Цэнгүүн: Цаашид бид Монголын үүлэн технологийн зах зээлийн эрэлтийг хангахад бүрэн анхаарч ажиллана. 

Ковид-19 цар тахал гарааны бизнес, тэр дундаа технологийн салбарынханд хэрхэн нөлөөлсөн бэ?

Өнөөдөр цар тахлын хямралаас үүдсэн өөрчлөлтөд өртөөгүй бизнесийн салбар гэж бараг үгүй. Үүнээс шалтгаалан бүгд л хувьсан өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан. Зөвхөн гарааны бизнес төдийгүй уламжлалт бизнесийн байгууллагууд ч ялгаагүй өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дижитал хэлбэрт яаралтай шилжүүлэх эсвэл дижитал бүтээгдэхүүн шинээр хөгжүүлэх шаардлагатай болжээ. 

Ийм шилжилтийн үед хамгийн чухал нь шинэлэг санаа гаргах, мөн бүтээгдэхүүнийхээ анхны хувилбарыг маш хялбар байдлаар хөгжүүлж, олон дахин туршиж үзэх замаар улам сайжруулах байдаг. Энэ жишгээр дэлхийн зах зээлд гарсан Airbnb, Dropbox, Uber буюу “үүлэн дээр төрсөн компаниуд” ямар нэг серверийн өрөө, дата төвгүйгээр ийм амжилт үзүүлж чадсан. Үйл ажиллагааг нь тасралтгүй, найдвартай хангадаг үүлэн технологийн платформ (AWS) -гүйгээр эдгээр компани Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа санал болгох хугацаа хэдэн жилээр ч хойшлох магадлалтай байсан. Учир нь технологийн бус компаниудын хувьд өөрийн гэсэн дата төвийг бүтээж, үйл ажиллагааг нь тасалдуулалгүй, найдвартай хангахад нэлээд өндөр зардал, олон цагийг зарцуулдаг. Дэлхий нийтийг хамарсан цахим шилжилт Монголд ч ялгаагүй өрнөсөн. Дотоодын компаниуд бизнесээ эрчимтэй дижиталчилж, цахим шилжилт хийж байгаа нь бидний хувьд энэ жил өсөлт үзүүлэх гол хүчин зүйл болж байна. 

Цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд? 

Бид “Айтүүлс” ХК-тай хамтран Улаанбаатарын анхны үүлэн технологид суурилсан үйлчилгээг олон нийтэд танилцуулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Мөн өнгөрсөн жил технологийн салбартаа анхдагч болж IPO, STO хийсэн ICT группээс хөрөнгө оруулалт авсан. Стратегийн түншлэлийн хүрээнд манай компани үүлэн технологийн үйлчилгээгээ улам бүр тэлж, cloud.mn домайн дээр үндэсний клауд болгон өргөжүүлж байгаа. Энд ганцхан байршуулах үйлчилгээ биш бусад мэдээлэл технологийн компани бүтээгдэхүүнээ борлуулах marketplace үүсгэх, хөгжүүлэгчдэд зориулсан container PaaS, дотоодын файл хадгалалтын үйлчилгээ зэрэг олон ажлыг энэ ондоо багтаан амжуулахаар төлөвлөөд байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Д.Сугар: Хамгийн өндөр оноо авсан 100 хүүхдэд Шинэ үеийнхэнд зориулсан “Z карт” олгоно

Өмнөх нийтлэл

Хувьцаат компаниудын тайланг хэрхэн зөв унших вэ?

Дараагийн нийтлэл

3 Сэтгэгдэл

  1. Mundag shuu

  2. Tsenguun ah yg hevendee shu cool2

  3. Мундаг залуус байна амжилт

Leave a Reply to former employee Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.