Энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах “Digital Nation-2021” арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар ажиллаж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. ICT Expo агуулга, цар хүрээний хувьд өргөжиж, энэ жилээс эхлэн анх удаа олон улсын статустай болсны зэрэгцээ “Digital Nation” хэмээх нэрээр цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдахаар болж буй. Арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Соёлын яам ажиллаж байгаа бөгөөд анх удаа 100 гаруй компани нэгдэн оролцож буйгаараа онцлог. Урьд өмнө Засгийн газраас зохион байгуулж буй арга хэмжээнд ийм олон тооны компани нэгдэж, хамтарсан түүх үгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мөн онцолсон юм. Тэд “Digital Nation-2021”-ээр дамжуулан зөвхөн мэдээлэл технологийн салбарыг бус улс орны бүхий л салбарт шинэ үе, шинэ соёл бий болж буйг тунхаглахыг зорьж байна.

Ковид-19-ийн хөл хорионы үеэр “e-Mongolia” системийнхандалт огцом өссөн. Энэ өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд “e-Mongolia”-г олон нийтэд анх танилцуулснаас хойших нэг жилийн хугацаанд бид 1.9 сая буюу Монголын хамгийн олон хэрэглэгчтэй систем болж чадсан. Гэхдээ энэ бүхэн зөвхөн манай системээр хязгаарлагдахгүй Ковид- 19-ийн үеэр дэлхий дахинд маш хурдтай өрнөсөн цахим хөгжил, цахим засаглалын нэг хэсэг. Үүнд, Монгол Улс маань Ази, Номхон далайн бүс нутагтаа нэгэн тод жишээ болж буй. Энэ бүхэнтэй холбоотойгоор “e-Mongolia”-ийн өнгөрсөн хугацаан дахь ололт, амжилтаас туршлага судлах гэсэн хүсэлтүүд гаднын улс орнуудаас ирж байна. Өнгөрсөн хөл хорионуудын үеэр манай системийн хандалтын тоо 60 хувиар өссөн нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, бид хөл хорионы үеэр “Монгол шуудан” ХК-тай хамтран үнэгүй хүргэлтийн үйлчилгээг халдвар хамгааллын чанд дэглэмийн дор нэвтрүүлсэн. Энэ үеийг ашиглан иргэд өмнө нь амжуулж чаддаггүй байсан ажлуудаа амжуулж, лавлагаа, тодорхойлолт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, гадаад пасспортаа идэвхтэй захиалж байсан. Хоёрт, вакцины лавлагаанаас шалтгаалан хандалт эрс өссөн. Одоогоор “е- Mongolia”-аар дамжуулан 1.5 сая хүн вакцины лавлагаа авсан байна. Эдгээр шалтгаан хэрэглэгчийн тоо өсөхөд гол түлхэц үзүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд “е-Mongolia” хэмээх Монголд шинэлэг төслийг хэрэгжүүлэхэд ямар сорилтууд тулгарсан бэ?

Өмнө нь Засгийн газраас Цахим Монгол, E-Mongol гэсэн хоёр төслийг хэрэгжүүлж байсан. Эдгээр оролдлогын үр дүнд ХУР, ДАН системүүдийг амжилттай хөгжүүлсэн боловч бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр “е-Mongolia” систем бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын гурав дахь оролдлого гэж хэлж болно. Өмнөх оролдлогууд ихээхэн хэмжээний төсвөөр хэрэгжиж байсан ч үр дүн багатай байсан. Харин “e-Mongolia” төслийн онцлог бол бусад системтэй харьцуулахад маш бага төсвөөр, хамгийн үр бүтээлтэй, хурдтай хөгжиж буй. Мөн төсөлд шижигнэсэн залуучуудаас бүрдсэн маш эрч хүчтэй баг ажиллаж буйгаараа онцлог.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн байгууллагууд үйлчилгээгээ “е-Mongolia” системд нэвтрүүлэхээс цааргалж байсан нь бидний хувьд хамгийн том сорилт байв. Эндээс бидний ойлгосон зүйл бол шинэ зүйл бүтээж байна гэхээсээ илүү хуучин тогтолцоог устгаж байна гэдгээ ухаарсан явдал. Хуучин үйлчилгээний ард өрнөдөг процесс, түүнийг дагасан хүнд суртал, авилга гэх зэрэг тогтсон, хүнд системтэй бид тэмцэж байна. Үүн дээр нэмээд Ерөнхий сайд үйлчилгээгээ цахимжуулаагүй төрийн байгууллагыг авилгыг дэмжиж буй гэж үзнэ гэдгээ зарласан нь тэдгээр байгууллага үйлчилгээгээ цахимжуулах үйл явцыг идэвхжүүлсэн. Одоогоор “е-Mongolia”-д 56 байгууллагын 540 үйлчилгээ нэвтэрсэн байна. Нөгөө талаар, хууль, эрх зүйн орчин дутмаг байгаа нь цахим шилжилт бүрэн утгаараа хэрэгжих үйл явцыг удаашруулж буй нэг шалтгаан. Одоо яригдаж буй Цахим хөгжлийн багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр ажлын хэсгүүд бэлтгэн ажиллаж байна. Олон улсад ч ялгаагүй технологи нь түрүүлж, бодлого, хууль эрх зүйн орчин нь араас нь дагалдаж явдаг. Технологи гэдэг хүмүүст ийм боломж байна гэдгийг харуулж, бүтээж өгдөг. Манай улс ч энэ жишгээр л хөгжиж байна. Хэрэв энэ намар Цахим хөгжлийн багц хуулиуд амжилттай батлагдвал монголчуудын хувьд маш олон үйлчилгээг цахимаар авах, мөн эдгээр үйлчилгээ бүрэн утгаар хэрэглээнд нэвтэрч, хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэнэ.

Удахгүй танилцуулах “е-Mongolia v2.0” хувилбарт ямар шинэчлэлүүд багтсан бэ?

Бид яг жилийн дараа шинэчилсэн хувилбараа танилцуулах гэж байна. Энэхүү хувилбар хиймэл оюунд суурилсан байх бөгөөд иргэн тус бүрт хэрэгтэй үйлчилгээг санал болгох функцүүдийг нэвтрүүлэхийг зорьсон. Мөн цахим баримт бичиг буюу My ID/My profile буланг нэмж байгаа нь шинэ хувилбарын гол функцүүдийн нэг. Энд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нийгмийн даатгал зэрэг бичиг баримтыг оруулж өгснөөр заавал биедээ авч явах шаардлагагүй болно. Үүнээс гадна тухайн бичиг баримтын зургийг системд дахин оруулах боломжгүйгээр буюу холограмм байдлаар шийдэж буй нь хуурамчаар үйлдэх, өөр нэгний бичиг баримтыг ашиглах боломжгүй болгох юм.

Тэрчлэн ерөнхий UIUX-ээ өөрчилж, найман настнаас наян настанд ч ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхад ихээхэн анхаарч байна. Нүүрний хээ таниулах, нууц үгээр нэвтрэх зэргээр хэрэглэж, ашиглахад аль болох амар хялбар байлгахыг зорьж байна.

Энэ жил бид авлига, хүнд суртлаас үүдэн чирэгдэл учруулдаг, мөн иргэдээс хамгийн их гомдол ирүүлж буй үйлчилгээнүүдээс эхлэн цахимжуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, газрын албаны үйлчилгээний талаар гомдол их ирж буйтай холбогдуулан системийн үнэлгээ хийх зэрэг асуудал бий. Ер нь АТГ-т ирж буй дуудлагуудад тулгуурлан системтэйгээр ажиллана гэж үзэж байгаа. Хүнд сурталтай үйлчилгээнүүдийн тоонд компани байгуулах мөн багтаж буй. Өөрөөр хэлбэл, компани байгуулахын тулд ажлын хэдэн өдрөө зарцуулах бус онлайнаар компаниа байгуулж, гэрчилгээгээ хүргүүлэн авах боломж бүрдэнэ. Мөн оршин суугаа хаягаа шилжүүлэхийн тулд амьдарч байсан газраа заавал өөрийн биеэр очиж байж үйлчилгээ авах боломжтой болдог байсныг цахим хувилбарт шилжүүлнэ. Бидэнд “e-Mongolia” төв болон онлайн платформоор дамжуулан өдөрт 1000-1200 мессеж иргэдээс ирдэг. Энэ ч утгаараа бид иргэдтэй бүх талаар хамтран ажиллаж байна.

Энэ ондоо багтан нийт 610 үйлчилгээг цахимжуулахаар төлөвлөсөн. Манай багийнхан “e-Mongolia” системийг иргэдэд илүү ойртуулахын тулд алхам алхмаар сайжруулан ажиллаж байна.

Өмнө нь ICT Expo нэрээр зохион байгуулагддаг байсан арга хэмжээ Digital Nation болж нэрээ өөрчлөхийн зэрэгцээ агуулга, цар хүрээгээ бүхий л талаар тэлж өргөжүүлж байна. Энэ жилийн тухайд ямар онцлогтой зохион байгуулагдаж байгаа вэ?

Энэ жил ICT Expo-г анх удаа олон улсын статустай болгож, улмаар хоёр жилд нэг удаа томоохон хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ удаад Ковид-19 цар тахлаас шалтгаалан олон зочин хилийн чанадаас ирэх боломжгүй болж, онлайнаар оролцохоор зэхэж, тодорхой тооны зочид гадаадаас биеэр ирж оролцоно. Энэ жил үндсэн зохион байгуулагчаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, хамтран зохион байгуулагчаар Соёлын яам, мөн хамгийн гол нь 100 гаруй компани анх удаа арга хэмжээнд нэгдэж байгаа. Өмнө нь ийм олон компани нэгдэж, Засгийн газрын арга хэмжээнд хамтран ажилласан түүх байхгүй. Digital Nation-2021 арга хэмжээний үеэр маш олон гэнэтийн бэлэг барихаар бэлдсэний дотор дрон болон лазер шоу, 5G технологийн туршилтууд багтаж байгаа.

Digital Nation-2021 үндэсний арга хэмжээг зохион байгуулснаар ямар үр дүн, ахиц дэвшлийг авчрах вэ? 

Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж буй. Ер нь 2020 оноос өмнөх мэдээллийн технологитой холбогдох төрийн бодлогыг харвал төрийн үйлчилгээг цахимжуулахад дагнан чиглэж байсан. Нэг үгээр хэлбэл, томоор, цогцоор харж чадаагүй. Үүнээс шалтгаалан цаг хугацаа их алдсан. Харин одоо бид энэхүү арга хэмжээг зөвхөн нэг салбарын хувьд бус улс үндэстний хэмжээнд, бүхий л салбарт cross-sector буюу компаниуд нэгдэн ажиллаж, бүтээмжээ сайжруулах, үр дүн бий болгох, хурдтай хөгжих хэрэгсэл болгохыг зорьж байна. Алсын хараа, урт хугацааны бодлогын баримт бичигт амьдралын чанар, үнэт зүйл, дундаж давхарга гээд бүхий л сайжруулах, чанаржуулах шаардлагатай зорилго, зорилтод технологи ашиглах тухай дурдсан байдаг. Тиймээс ч бид Монгол Улсын үндэсний нэгдмэл эрх ашиг, зорилгыг бий болгохын тулд цахим үндэстэн санаачлагыг гаргасан.

Цахим шилжилт хийхэд төр засаг манлайлж, хувийн хэвшил ч ялгаагүй маш сайн ажиллаж байна. Одоо иргэд оролцох хэрэгтэй байгаа. Тиймээс цахим технологи эрчтэй хөгжиж, Монгол Улс цахим үндэстэн болж чадна гэх итгэл найдвар иргэдэд төрүүлэх, боломжийг олж хараасай гэж бид хүсэж, зорьж байна. Хоёрт, Ковид-19-ийн үеэр Азийн хөрөнгө оруулагчид стартап, технологийн хувьд дараагийн шинэ, сонирхолтой газар юу байх бол гэж хайж байна. Тэдний хариулт нь Монгол байж болно гэдгийг бид экспогоороо дамжуулан харуулахыг зорьж буй. Яагаад манай улс дараагийн технологийн төв цэг байж болохгүй гэж?

Энэ хүрээнд бид олон улсын медиатай хамтран ажиллаж буйн зэрэгцээ арга хэмжээг ТВ- ийн сувгуудаар олон нийтэд хүргэж, онлайн платформуудаар шууд бичлэг хэлбэрээр цацна. Өнөөдөр дотоодын стартапууд Ази, Сингапур, Америкийн зах зээлд гарч эхэллээ. Мөн маш өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг гадаадаас татаад байна. Олон улсын чанартай уралдаан тэмцээнд ч өргөнөөр оролцох боллоо. Үүнийг бид цааш улам сайжруулахын тулд гадаадын компаниудтай хамтрах, холбоотой ажиллах, тэдний нөү-хау, ур чадвараас суралцах хэрэгцээ их байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Өөрчлөлтийг хэрхэн зөв удирдах вэ?

Өмнөх нийтлэл

Ажилтан шалгаруулж авахдаа анхаарах 3 зүйл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like