Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын УЗ-ын дарга Ч.Батцэцэгтэй экспортын бэлэн байдал, бидэнд буй боломжууд болон зөвхөн экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн тухай ярилцлаа.  

Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер анх үүссэн түүхээс хуваалцана уу? 

2018 онд бид Европын Холбооны санхүүжилттэй ТРАМ төслийн хүрээнд зохион байгуулсан “Кластер гэж юу вэ?” сургалтад анх хамрагдсан бөгөөд тухайн үед кластер нь төр, хувийн хэвшил болон судалгааны байгууллагын хамтрал байх ёстойг онцолж байв. Тэр үед төслийн зүгээс бидэнд нэгдэж кластер байгуулахыг санал болгосон юм. Гэвч нэг салбарт өрсөлдөж байгаа компаниуд хоорондоо нэгдэх хүсэлгүй байв. Төслийн зүгээс биднийг хэд хэдэн удаа цуглуулж уулзалт зохион байгуулсан ч бид бас л нэгдэж өгсөнгүй. Төслийн мэргэжилтэн маань сүүлдээ “Бид та нарын төлөө хичээгээд байхад та нар ямар өөдгүй юм бэ!” гэж гомдоход л сая нэг ухаарч “нээрээ бид ямар арчаагүй юм бэ?” гэдэг бодол төрсөн юм. 

Тэр үеэс хойш оффис дээрээ бусад компаниудын төлөөллийг урьж, уулзалт зохион байгуулж дөрвөн сар явсны эцэст 15 компани оролцсон анхныхаа хурлаар дүрмээ баталж албан ёсоор Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ-ыг байгуулсан. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сард төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцсон Монголын гоо сайхны бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагааны өдөрлөгийг зохион байгуулж, нийт таван байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар идэвхтэй үйл ажиллагаа эхэлж байсан юм. 

Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын гишүүд Хамтын ажиллагааны өдөрлөгийн үеэр

Бид өдгөө гурав дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд ТРАМ төсөлтэй хамтран олон амжилттай ажил хэрэгжүүлсний нэг жишээ бол саяхан Европын Холбоонд албан ёсоор бүртгэгдэж, худалдаалах эрхээ авсан Хээлэн мэйд ХХК-ийн “Мянгат” эсгийтэй саван билээ. Одоогоор кластерын таван брэнд нийт 20 орчим бүтээгдэхүүнээ бүртгүүлэхээр хүсэлтээ өгөөд байна.  

Таны хэлснээр нэгдэх гэхээр нэг л болж өгдөггүй нь бидний сул тал болов уу. Та бүхнийг нэгдэж, зохион байгуулалтад ороход хөшүүрэг болсон зүйл нь юу байсан бэ?

Нэгдэх бол хамгийн том асуудал. Гэхдээ нэгдэж чадсан учраас л бид өнөөдөр энэ амжилтад хүрсэн. Биднийг нэгдэхэд кластерын лидерүүдийн хандлага чухал үүрэгтэй байсан гэж би боддог. Жишээ нь, би цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулж дүрмээ боловсруулж, ТББ болох хүртэл нь сайн дураараа манлайлж ажиллана гэдэг амлалтыг өөртөө өгч байсан. Хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьж хамтын амжилтаа түрүүнд тавих алсын харааг бий болгож, гишүүдийнхээ хооронд эв нэгдэлтэй уур амьсгал бүрдүүлэх зорилгыг тухайн үед тавьсан бөгөөд үүндээ ч амжилттай хүрч чадсан учир кластер бий болох үед компанийн төлөөллүүд намайг УЗ-ын даргаар ажиллах санал тавьсан болов уу.  

Манлайлагчид нь нийтийн ашиг сонирхлыг хувийнхаасаа өмнө тавьж, сайн засаглалыг нэвтрүүлэх сэтгэлзүйтэй байвал бусдынхаа итгэлийг хүлээж чаддаг юм байна гэдгийг манай кластерын жишээнээс харж болно. Бид төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад харилцаа зэрэг бүхий л нөхцөлд шударга, ил тод байдал, удирдагчдын бусаддаа үйлчлэх хандлага гээд сайн засаглалын зарчмуудыг баримталдаг. Мэдээлэлд ойр байгаа давуу талаа хувийн компанидаа ашиглах бус бусадтайгаа хуваалцах, боломжоо хамтдаа эдлэх зарчмыг удирдах зөвлөлийн зүгээс баримталж ажилладаг.

Бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадна гэсэн алсын хараа, итгэл үнэмшил байх нь хамгийн чухал. Ийм итгэл үнэмшилтэй байхад компанийн хэмжээ хамаагүй.

Нөгөө талаас бусад салбаруудыг бодвол байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын ихэнх нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байсан нь биднийг нэгдэхэд давуу тал болсон. Учир нь мэдэхгүй, чадахгүй зүйл, асуудал ихтэй бөгөөд ганц нэгээрээ энэ бүгдийг шийдэх гэж зүтгэхийн оронд хамтдаа шийдъе гэсэн эрмэлзэл биднийг нэгтгэсэн.

Кластер бүрэлдэхэд ТРАМ төслийн дэмжлэг их байсныг мөн онцлох хэрэгтэй. Компаниудыг чадавхжуулж, бидний гаргасан санал санаачлагыг санхүүжүүлж байсан нь томоохон хөшүүрэг болж байсан. Төсөл хэрэгжих хугацаанд манай кластер цаашид бие даан тогтвортой ажиллах чадавхтай болж, бойжиж авсан. 

Бүтээгдэхүүнийг экспортод гаргахад тулгарсан гол бэрхшээл юу байсан бэ? Тэдгээрийг хэрхэн даван туулсан бэ?

Бүтээгдэхүүнээ экспортод гаргахад мэдээж олон бэрхшээл тулгарна. Тэр дундаас хүсэл эрмэлзлийг онцолмоор байна. Бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадна гэсэн алсын хараа, итгэл үнэмшил байх нь хамгийн чухал. Ийм итгэл үнэмшилтэй байхад компанийн хэмжээ хамаагүй. Манай кластерын гишүүдийн ихэнх нь, тэр дундаа ЕХ-нд бүтээгдэхүүнээ бүртгүүлж чадсан Хээлэн мэйд ХХК жилийн 100 сая төгрөгөөс доош орлоготой. Тиймээс бид экспортод гарч чадахгүй гээд итгэчихвэл мэдээж гарч чадахгүй.

Экспортод бүтээгдэхүүнээ гаргахад муу засаглал, өдөр тутмын ажилдаа дарагдаж, ирээдүйгээ хардаггүй зэрэг нь дотоодын компаниудад саад болдог. Тухайлбал, гадагшаа гарахаасаа өмнө дотоодынхоо зах зээлд байр сууриа эзэлнэ гэдэг хандлага маш том тушаа болдог. Манай кластерын гишүүдийн хувьд дотоодын зах зээл дээр хүчээ сорьж үзсэн ч эцэст нь органик гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл бэлэн болоогүй байна гэдэг дүгнэлтэд хүрч байв. Харин органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, хэрэглэгч нь бэлэн болсон Европын зах зээл дээр гарах боломж бидэнд байсан.

Томорч байж экспортод гарна гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Зөвхөн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлээд амжилтад хүрэх бүрэн боломжтой.

Дотоодын зах зээл дээр борлуулалтын орлого муу, амжилтгүй байгаа нь гадаадад гарч чадахгүй гэсэн үг биш. Энэ бодлоо хаях хэрэгтэй. Монголд огт борлуулдаггүй, зөвхөн экспортод чиглэсэн үйл ажиллагаатай байж болно шүү дээ. Үүний нэг жишээ бол манай зөвхөн экспортод чиглэсэн долоон компанийн нэгдэл бүхий “Out of the green” брэнд юм. Одоогоор бид худалдаалах эрхээ авахаар бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжилгээд явуулчихаад хүлээж байна. 

Энэ хугацаанд олж авсан хамгийн үнэтэй туршлага юу байв? 

Хүсэл эрмэлзэл байхад боломж үргэлж байдгийг мөн бид бие биенийхээ өрсөлдөгч биш юм байна гэдгийг ойлгосон нь хамгийн үнэтэй туршлага байсан. Түүнчлэн, экспортын бэлэн байдлыг хангах нь хэр чухал болохыг ойлгож авсан. Жишээ нь, та тун аятайхан эсгий тавчик урлаад бүтээгдэхүүнээ Япон руу туршилтаар явуулахад тэр нь хэрэглэгчдэд таалагдаад эрэлт үүслээ гэж бодъё. Тэр үед япон талын дистрибьютер тань танай бүтээгдэхүүнээс сар бүр 10 мянгыг авъя гэхэд “Өө уучлаарай, би охинтойгоо хоёулахнаа учраас сард 1500 ширхэгийг л хийж өгөх боломжтой” гэж хэлээд экспортод гарах боломжоо алдсан гэх мэт гашуун туршлага олон бий. Асуудал бүтээгдэхүүнээ та хэрхэн зарах вэ гэдэгт бус хэрхэн нийлүүлэх вэ гэдэгт буйг эндээс харж болно. 

Хамтарснаар эрэлтийг хангахаас гадна оролцогч бүр сайн хийдэг зүйлээрээ бие биенийхээ дутууг нөхөх боломж бүрддэг.

Танайхаас худалдан авах газрын шаардлага юу вэ, эрэлтийг нь тогтмол хангаж чадах уу, чанарын стандартаа барьж чадах уу, ганцаараа үйлдвэрлэх үү эсвэл өөр хүмүүстэй хамтрах уу гээд олон асуулт тавигдана. Энэ асуудалтай тулахаараа л бизнесүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, томорсон хойноо гаднын зах зээлд гарах юм байна гэж боддог. Заавал томорч байж гадагшаа экспортолно гэдэг хэвшмэл ойлголтыг бид хүчин чадлаа нэгтгэснээр эвдэж чадсан. 

Тэгэхээр сар бүр 10 мянгыг авъя гэхэд нь “чадахгүй ээ, би 1500 л гаргана” гэж боломжоо алдахын оронд өөртэйгээ адил эсгий тавчик үйлдвэрлэгчидтэй нэгдэж, хамтдаа хөгжөөд явах хэрэгтэй. Эрэлтийг хангахаас гадна оролцогч бүр өөр өөрийн сайн хийдэг зүйлээрээ бие биенийхээ дутууг нөхөх боломжийг бүрдүүлдгээрээ ийм түншлэл давуу талтай. Жишээ нь, бидний хэн нь ч дангаараа зардлыг нь гаргаж дийлэхгүй судалгааг Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачид хийж өгсөн. 

Кластер одоо ямар зарчмаар ажиллаж байна вэ? Цаашид юу төлөвлөж байгаа вэ? 

Бид хамтралын хүрээнд бизнесийн шилдэг туршлагаа хуваалцах замаар боломжит үр дүндээ хүрэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Нэг компани нь шингэн саван эсвэл хатуу шампуниа сайн хийдэг байхад бусад нь хийгээд яахав тэднээс авъя гэх зэргээр бие биенийхээ туслан гүйцэтгэгч болсон. Ийм харилцаанд орсон нь том дэвшил. Хамтарснаар бидэнд зардлаа хэмнэж, илүү чадавхжиж, хөгжлөө хурдасгах боломжууд нээгдэж байна. 

Бид энэ жилдээ багтаан бүтээгдэхүүнээ Берлинд байршуулж, ирэх жил Италид болох үзэсгэлэнд оролцоно. Мөн манай долоон компанийн хамтарсан экспортын хамтын брэндээ цаашид илүү хөгжүүлж, Европын Холбооноос гадна Япон, Тайвань, Хятадын зах зээлд гарахаар судалж байна. Гэхдээ ойрын хоёр жилдээ Европын зах зээл дээр төвлөрч борлуулалтын шинэ сувгуудыг нээх, зах зээлийн судалгаа болон зах зээлийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. 

Нэгдэж чадсанаар бидэнд зардлаа хэмнэж, илүү чадавхжиж, хөгжлөө хурдасгах боломжууд нээгдсэн. 

Дотоодын зах зээлд ч өсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагад үндэслэн бид импортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, Гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах төлөвлөгөөтэй байна. Олон улсад зөвшөөрөгдөөгүй ч манайд орж ирдэг эрүүл мэндийн шаардлага хангаагүй олон бүтээгдэхүүн бий. Гэтэл Европын Холбооны стандартад харагдах байдал зэрэг наад захын шалгуураас орц, найрлага хүртэлх шалгуурууд маш өндөр байдаг. Харин Монгол Улсад тийм шалгуур байхгүй учраас урт хугацаанд хэрэглэхэд хүний биед хортой, төрөл бүрийн өвчлөл үүсгэдэг бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулдаг. Иймд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гээд аль аль талаасаа импортын бүтээгдэхүүн тавих шаардлага, шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй. Энэ чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. 

Экспортод гарахаар төлөвлөж буй эсвэл эхэлж буй бизнес эрхлэгчдэд юу гэж зөвлөх вэ? 

Зах зээлээ тодорхойлоод түүнд тохирсон бэлтгэлээ хангаарай. Төсөв санхүүгээ анхнаасаа зөв удирдаж, бүх процессоо стандартад нийцүүлэх хэрэгтэй. Татварын өргүй байх, үйлдвэрлэлийн зохистой дадал барих зэргээр бүх ажлыг ном журмынх нь дагуу хийж хэвшээрэй. Жижиг байсан ч хамаагүй том бизнес хийж байна гэж бод. Өөрөөр хэлбэл,   ирээдүйд бүтээгдэхүүнийг тань импортлох худалдан авагчийн шаардлагыг хангахуйц бэлэн байдлаа хангах хэрэгтэй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын рейтингийн байгууллагууд ажиглаж эхэлжээ

Өмнөх нийтлэл

Төслийн удирдлагад суралцахгүйгээр дэлхийд өрсөлдөх боломжгүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.