МанлайлагчСанхүү

Б.Өлзийбаяр: Манлайлагч хүн үйлдлээрээ үлгэрлэж, эрсдэл хүлээж чаддаг байх ёстой

0
“Өлзий & Ко Капитал” компанийн гүйцэтгэх захирал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр
Ажил хэрэгч, бие даасан, хүчирхэг! Хаа нэгтээ байнга хэрэглэдгээс бид бараг л залхах тийшээ хандсан эдгээр үг түүнийг харин бүрэн илтгэж байв. Гаднаас утсаар ярингаа эрч хүчтэй алхан орж ирсэн түүний карьерынхаа турш хийж ирсэн алхмууд  ч эрс шийдэмгий, зоримог. Өнөөдөр тэр Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түүчээлж буй гол тоглогчдын нэг болж чаджээ. Болдын Өлзийбаяр. Түүнийг хөрөнгийн зах зээлд хөл тавих шийдвэрийг гаргаж байх үед салбарын өнгө төрх өнөөгийнхтэй харьцуулшгүй байсан юм. Гэхдээ орон зай, хөгжих боломж бололцоо байгааг тэр олж харж, өөртөө итгэсэн нь оножээ. “Хүн өөртөө таалагдаж, дуртай зүйлээ хийж, аз жаргалтай амьдрах ёстой” гэх юм уу, “Ямар ч ажил зарчимд суурилах ёстой”, эсвэл “Би урсгал дагаж намирах дургүй. Тиймдээ ч урсгал сөрөх дуртай зан маань шүүмжлэл, магтаалын аль алийг авчирдаг” зэрэг үгс нь зүгээр нэг чамирхал бус, ойлгож, ухаарч, туршлагажсан нэгний харах өнцөг гэдэг нь мэдрэгдэж байсан билээ.  
Японы Ёкохамагийн үндэсний их сургуулийг бизнес удирдлага, Английн Вестминстерийн их сургуулийг макро эдийн засаг ба Засгийн газрын шинэчлэлийн чиглэлээр тус тус дүүргэсэн тэрбээр өдгөө “Өлзий & Ко Капитал” компанийг үүсгэн байгуулахын зэрэгцээ Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн даргаар улиран ажиллаж байна. Өнгөрсөн онд “Өлзий & Ко Капитал”-ын хамт олон дотоодын компаниудад зориулан 16.5 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон бол наймдугаар сарын 25-ны байдлаар бонд болон хувьцааны санхүүжилтээр нийт 40 гаруй тэрбум орчим төгрөг босгоод буй. Ковид-19-ийн нөлөөгөөр хөрөнгийн зах зээл сэргэж, идэвхжиж эхэлснээр урьд өмнөхөөсөө бүр ч илүү завгүй, ачаалалтай ажиллах болсон Б.Өлзийбаяр он дуустал дахин хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр багийн хамт ханцуй шамлан оржээ. Түүнийг “Манлайлагч” буландаа урьж ярилцлаа. 

Хөрөнгийн зах зээл урьд урьдынхаас илүү сэргэж, идэвхжиж эхэллээ. Ковид-19 цар тахалтай ч холбоотой байх. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?  

Сүүлийн үед хөрөнгийн зах зээл олны анхаарлыг татах болсон нь макро, микро эдийн засгийн түвшинд хамаарах олон шалтгаанаас үүдэлтэй. Хамгийн эхний шалтгаан бол бодлогын хүүг бууруулсантай холбоотой. Төр засгийн зүгээс өмнө нь ийм зоригтой, бодлогын шинж чанартай шийдвэр гаргаж чаддаггүй байсан бол энэ удаа чадлаа. Хадгаламжийн хүү өндөр байх үед хүмүүс аливаа эрсдэл хүлээх хүсэлгүй, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмж судалдаггүй, санхүүгийн салбар ч өрсөлдөөнгүй, дийлэнх хувийг нь банк эзэлдэг байсан. Харин бодлогын хүү буурч, түүхэн доод түвшинд буюу зургаан хувьд хүрэхэд хадгаламжийн хүү дагаад буурсан. Үүнээс үүдэн ард иргэд хөрөнгө оруулалтын илүү өгөөжтэй хувилбаруудыг эрэлхийлж, хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулж эхэлсэн. Үр дүнд нь, хөрөнгийн бирж дэх арилжааны үнийн дүн өсөж, хувь хүмүүс ч олноороо үнэт цаасны данс нээлгэж, арилжаанд орж байна. Компаниуд зөвхөн банканд бус манайх шиг үнэт цаасны компанид өртөг багатай, урт хугацааны хөрөнгө оруулалт босгох зорилгоор их хандах боллоо. Тэгэхээр бидний хувьд ойрын хэдэн жилд байгаагүйгээр тун завгүй, ачаалалтай ажиллаж байна. Манай компанийн хувьд нэгэн зэрэг хэд хэдэн төслийг гардан ажиллаж байгаа. Бондын санхүүжилтийн ажлууд нэлээд байна. 

Нөгөө талаар, Ковид-19-ийн улмаас хөл хорионд орж, ихэвчлэн компьютерын ард сууж буй хүмүүс арилжаанд орох нь ихэссэн. Мөн энэ хугацаанд үнэт цаасны компаниуд цахимжиж, хүмүүс онлайнаар данс нээлгэх боломж бүрдсэнээс гадна гар утасны аппликэйшнээр дамжуулан бодит цагаар хөрөнгийн биржийн арилжаанд оролцож эхэллээ. Үүний зэрэгцээ хөл хорионы үеэр үнэт цаасны компаниуд онлайн сургалтууд зохион байгуулахад хүмүүс идэвхтэй хамрагдсан. Манай компани ч ялгаагүй иргэдэд санхүүгийн боловсрол олгох үүднээс сургалт зохион байгуулсан нь тун амжилттай болж, олон хүний сонирхлыг татаж, дараагийн сургалтуудыг асууж сураглах боллоо (инээв).

Хөрөнгийн зах зээл идэвхжиж буй энэ үед ямар зохицуулалтууд дутагдаж байна вэ?   

Хууль, эрх зүйн орчин хамгийн чухал. Өнгөрсөн жил үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, дүрэм журмыг өөрчилж, шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан шинээр байгуулсантай холбогдуулан хөл хорионы үеэр хуулийн төсөл дээр нэлээд суулаа. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, мэргэжлийн холбоо болон бусад дэд бүтцийн байгууллага хамтран ажиллаж, олон нийтийн хэлэлцүүлэгт төслөө бэлтгэн холбогдох сайтуудад байршуулсан. Үүнд, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Татварын багц хууль багтаж байгаа. 

Дутагдаж буй гол зохицуулалт бол олон нийтэд хувьцаагаа санал болгож, баялгийн хуваарилалтад орж, далд эдийн засгийг нээлттэй болгож буй компаниудаа дэмжиж, тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх. Түүнээс биш манай салбарынхан төрөөс тэр бүр дэмжлэг хүсээд байдаггүй. Мөн хөрөнгийн зах зээл асар хурдтай хөгжиж, дараагийн технологиудын талаар ярьж эхэллээ. Блокчэйн технологи, криптовалютын зохицуулалт яах аргагүй үгүйлэгдэж байна. Гэхдээ зохицуулалтгүй байлаа гээд дураараа дургина гэсэн үг биш. Хуульд тусгаагүй учраас хуулийн цоорхой ашиглаж, дураараа ажиллаж болохгүй. Олон нийтээс хөрөнгө татна гэдэг маш хариуцлагатай ажил учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй байхаас эхлээд наад захын шаардлагуудыг хангах ёстой. Зохицуулалтгүй байгаа учраас энэ бүхэнд олон нийтийг ихээр хамруулж буй дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэхгүй бол хадгаламж зээлийн хоршооны гашуун туршлага давтагдах вий.

Та бүхэн сүүлд “Монголын финтек групп”-тэй хамтран хаалттай хүрээнд хувьцаа гаргаж, тав хоногийн дотор 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож чадсан нь том амжилт. Ер нь хөрөнгө оруулалт амжилттай татах гол арга ажиллагаа юу вэ. Итгэлцэл дээр суурилдаг салбар ч гэж яригддаг шүү дээ? 

Санхүүгийн зах зээл бол итгэлцэл. Бондын хувьд бүх зүйл маш ойлгомжтой. Баталгаа хөрөнгө гаргаж, барьцаа хөрөнгө байршуулна. Жилийн тодорхой хувийн хүү амална. Харин хувьцааны тухайд нэлээд хүндрэлтэй. Учир нь хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигч буюу тухайн компанийн эзэн болж орж ирдэг. Үүнд, компанийн үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөө, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэрэг маш чухал. Хаалттай хүрээнд хувьцаа гаргах нь нээлттэйгээс илүү ярвигтай. Маркетингийн ямар нэг ажил зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл цацаж болохгүй, зөвхөн хөрөнгө оруулагчдад хувьчлан танилцуулж хөрөнгө босгоно гэсэн үг.

“Хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд залхууралгүй, анхнаасаа зөв ажиллах хэрэгтэй”.

Харин сүүлд хамтран ажилласан “Монголын финтек групп”-ийн залуучууд энэ асуудалд маш хариуцлагатай хандсан. Ер нь компани өөрөө сайн биш бол хөрөнгө босохгүй. Манай хамт олны хувьд ямар компанитай хамтран ажиллахаа асар их дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэдэг. Компани гэдэг эхнээсээ л аливаа алхмыг урт хугацаанд харж, зөв хийх, ёс зүйтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нээлттэй хүрээнд хувьцаа гаргаж, IPO хийхийн тулд сууриа зөв тавих ёстой. “Монголын финтек групп”-ийнхэн зорилготой алсыг харсан залуучууд байсан. Тухайлбал, Ernst & Young -ийг зөвлөхөөр ажиллуулан, татварын дүгнэлтээ боловсруулснаас гадна хөрөнгийн зах зээл дэх хамгийн туршлагатай хуулийн фирм MDS KhanLex -ийг зөвлөхөөр сонгосон гэх зэргээр хөндлөнгийн шинжээчдийг олноор ажиллуулж, үнэт цаасны зузаан танилцуулга бэлдэхээс эхлээд нээлттэй хүрээнд хувьцаа гаргаж байгаа мэт олон бичиг баримт бүрдүүлж, нэлээд өртөг шаардагдах ажлуудыг бид хамтран хийсэн. Энэ бүхэн хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байгаа юм. Санхүүжилт хайж буй компаниудад сургамжтай гэдэг үүднээс эдгээрийг онцолж хэлээд байгаа хэрэг. Хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд анхнаасаа залхууралгүй, зөв ажиллах хэрэгтэй. 10 хуудас цаас бэлдчихээд хөрөнгө босгоно гэвэл бүтэхгүй. Харин хийж бүтээсэн зүйлтэй, зорилготой гэдгээ харуулах ёстой.    

IPO хийх нь ямар ач холбогдолтой талаар дэлгэрүүлэхгүй юү.  Монголд компаниуд маш хаалттай, мэдээллээ нууцалж, дэлгэх дургүй байдаг шүү дээ. Харин та IPO хийх нь улстөржилтөөс хамгаалах нэг арга гэж хэлсэн байсан?

IPO хийснээр тухайн компанийн эздэд төдийгүй улс оронд ч ихээхэн ач холбогдолтой. Бидний ярьдаг шилэн данс, нээлттэй, ил тод байдал гэдэг хөрөнгийн зах зээлд л бий болдог. Зохицуулалт сайтай энэ зах зээлд олон компани хөл тавих тусам далд эдийн засаг багасч, илүү нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, баялгийн хуваарилалтад орж эхэлнэ гэсэн үг. 

Манайх шиг баялагтай гэж цээжээ дэлддэг, баян, ядуугийн ялгарал ихтэй, дундаж давхарга улам бүр багасч буй оронд баялгийг хамгийн зөв, тэгш хуваарилах газар бол хөрөнгийн зах зээл. Газар дороо үнэхээр баялагтай юм бол, “Эрдэнэс тавантолгой” шиг хувьцаагаа иргэдэд эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилдаг, арилжаалдаг, хувьцааныхаа ханшийн зөрүүнээс ашиг олдог, өгөөж авдаг болох хэрэгтэй. Тэгэхээр үүнийг төрөөс бодлогоор дэмжихээс өөр аргагүй.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс яг л жаахан хүүхэд, алтан загасны эмгэн шиг хэтэрхий дураараа загнаж ирлээ. Гэнэт хууль баталж, лиценз цуцалдаг зэрэг нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, гаднын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Энэ итгэлийг хэрхэн эргүүлж олж авах вэ? Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр бид хөгжихгүй. Ялангуяа дотоодын мөнгөн хөрөнгийн нөөц, үнэлгээ муутай манай улсын хувьд уул уурхайн томоохон төслүүдийг банкны зээлээр шийдэх бус хөрөнгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө оруулалт татаж байж л хөдөлгөнө. Гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэн татахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл нээлттэй, зохицуулалттай, ил тод зах зээл. Компаниуд нээлттэй болсноор нэг өглөө сэрэхэд л лиценз цуцлах зэрэг асуудал хумигдана. Учир нь олон хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж эхэлдэг. Өмнө нь бүтээгдэхүүн гаргах зорилгоор томоохон компаниудын захиралтай уулзахад “Ээ, танайх ч дээ” гэдэг байсан бол одоо эсрэгээрээ. Маш олон компани IPO хийхээр төлөвлөж байна. 

IPO хийж, нээлттэй болсноор компанийн засаглал сайжирдаг гэдэг. Дотоодын компаниуд засаглалын хувьд сул байна гэх яриа хөрөнгийн зах зээлийн идэвхжилтэй зэрэгцэн багасах болов уу?

Мэдээж компанийн засаглал сайжирна. Нээлттэй, хувьцаат компани ямар засаглалтай байхыг хуульд тусгаж, зохицуулж өгдөг. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” гэж бий. Ер нь богино хугацаанд тоглолт хийж, хурдан явъя гэвэл ганцаараа, урт хугацаанд хол явъя гэвэл олуулаа хамтрах хэрэгтэй. Компанийн засаглал гэхээр ТУЗ-дөө хөндлөнгийн хүмүүс авчирч, цалинжуулж, хамаг нууцаа алдчих гээд байгаа мэтээр манайхан төсөөлдөг. Харин ч эсрэгээрээ. Олуулаа бодож, стратегиа боловсруулж, брэйнсторм хийснээр улам гоё санаанууд ундардаг. Жишээлбэл, би LendMN-ийн ТУЗ-д багтдаг. Өнгөрсөн жил бонд босгоход жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлж, хяналт тавих зорилгоор түлхүү ажилласан. Удирдах зөвлөлийнхний зорилго бол тухайн компанийн стратегийг боловсруулж, бодлогыг тодорхойлох. Ингэж мэргэжлийн түвшинд ажиллах нь компанийн үйл ажиллагаанд сайн гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Компани нээлттэй байх тусам үйл ажиллагаа явуулахад амар болдог.

“Манайх шиг баялагтай гэж цээжээ дэлддэг, баян, ядуугийн ялгарал ихтэй, дундаж давхарга улам бүр багасч буй оронд баялгийг хамгийн зөв, тэгш хуваарилах газар бол хөрөнгийн зах зээл”. 

Гэтэл бид охин компанийнх нь хувьцааг гаргах болж, толгой компанийн тайланг асуухад л эмзэглэх жишээтэй. Манай компанийн хувьд санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд өгдөг. Өөрөөр хэлбэл, жирийн нэг үнэт цаасны компанийн тайланг хорооны вэбсайтаас олж танилцах боломжтой. Үүнд бид эмзэглэдэггүй. Нээлттэй байх тусам компанийн цар хүрээ өргөжиж, хүмүүсийн итгэлийг илүү их төрүүлж, олны дэмжлэгийг олдог. Нөгөө талаар, нууц, далд байгаа зүйл хэн нэгний дарамтад орохдоо амархан. Үүнийг л манай компаниуд ойлгох шаардлагатай болов уу. Гэхдээ өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж, шинэчлэлийн суурийг залуучууд тавьж байна. Хамгийн гол нь зөв зүйлд уриалж, өөрсдөө амьдрал дээр бодитоор харуулж, бусдыгаа араасаа дагуулж байгаа нь яах аргагүй шинэ үеийн залуучууд болчихоод байна. 

Монголд хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж эхэллээ. Хөгжил ямар түвшинд явна гэж та хардаг вэ. Тэтгэврийн шинэчлэл, сан гээд ярихад  та их идэвхтэй дуугардаг хүмүүсийн нэг?

Нэгт, тэтгэврийн шинэчлэл хийхгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Энэ зах зээлийг хөгжүүлэхэд хэд хэдэн чухал зүйл бий. Татварын таатай орчин, төрийн өмч хувьчлал, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, хөрөнгө оруулалтын сан бий болгох. Хөрөнгө оруулалтын сангийн хамгийн том төлөөлөл нь тэтгэврийн сан. Ямар ч улсад хамгийн том хөрөнгө оруулалтын сан гээд ярихаар тэтгэврийн сан л нэрлэгддэг. Жишээлбэл, Японы тэтгэврийн сан гэхэд дэлхийд хамгийн томд тооцогддог. Тэтгэврийн сангүйгээр улс орны хөгжил хол явахгүй. Тийм ч учраас Хувийн тэтгэврийн тухай хуулийг нэн даруй батлах хэрэгтэй. Хэдий хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүстээ дэндүү хохиролтой одоогийн энэ тогтолцоогоороо явах вэ? Дээр нь ямар ч сонголтгүйгээр шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сан,  Тэтгэмжийн даатгалын сан, ҮОМШӨ-ний даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сан зэргээс хамгийн том нь тэтгэврийн даатгалын сан. Гэсэн атлаа алдагдалтай ажилладаг ганц сан болчихоод байна. Ялангуяа Монгол шиг хүн ам цөөн, залуучууд давамгайлсан улсад тэтгэврийн сан алдагдалтай ажиллана гэдэг тогтолцоо буруу, яаралтай шинэчлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Харин санаачлагыг улстөрчид бус бид өөрсдөө л гаргах ёстой юм билээ. Үүний төлөө зоригтой дуугарч, улстөрчдөд хүргэх талаас тууштай ажиллах ёстой гэж харж байгаа. 

Манай улсад хувийн хөрөнгө оруулалтын сангууд бий болж эхэлж байна. Саяхан хөрөнгийн бирж дээр  олон нийтээс 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгоод буй хөрөнгө оруулалтын сан ч бий боллоо. Ер нь ахиц дэвшилтэй байна. Тухайлбал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэргэжлийн эрх олгох сургалт зохион байгуулахад сургалтад хамрагдсан хүмүүсийн гуравны хоёр нь хөрөнгө оруулалтын сангийн менежер болох чиглэлээр төгсөж байна. Залуучуудын дунд хөрөнгө оруулалтын сан байгуулах, менежерээр ажиллах сонирхол давамгайлж байгаа нь анзаарагдаж эхэлсэн. 

Б.Өлзийбаяр: “Санхүүгийн зах зээл бол итгэлцэл”.

Хүмүүс энэ чиглэлийн сургалтад хамрагдаж, өөрсдөө ч хөрөнгө оруулах талаар хувиараа судалж байна. Тэгэхээр ирээдүйд хөрөнгө оруулагч болох сонирхолтой, хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлж буй хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?  

Хамгийн түрүүнд мэргэжлийн байгууллагад ханд. Зөвлөгөө авалгүй, өөрсдөө арилжаанд оролцож байгаад хохирол амсаж буй тохиолдол их харагддаг. Бид томоохон супермаркетад ороод хаана, юу байгааг мэдэхгүй хэрнээ хэн нэгнээс асуухгүй яваад байвал цаг алдана. Хэрэв дэлгүүрийн ажилтнаас шууд асуугаад заалгаад авбал цаг хэмнэнэ. Үүнтэй адил огт мэдэхгүй зүйл рүү орохдоо мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь цаг их хэмнэдэг гэж боддог. Тиймээс эхлээд мэргэжлийн байгууллагад хандаж, зөвлөгөө, мэдээлэл ав. Дараа нь түүнийгээ боловсруул. Тэгж байж арилжаанд орох хэрэгтэй. Хүмүүс сургалтад сууж байх явцдаа маш сайн ойлгож аваад, төд удалгүй мартчихдаг. Тэгэхээр шууд үйлдэл болгож, сурснаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Маргааш гэж хойш тавилгүй, мэдээлэл авсан даруйдаа үйлдэлтэй хослуулаад явбал хүнд илүү ойрхон тусаж, илүү суралцдаг юм билээ.

Та анх хэрхэн хөрөнгийн зах зээлд хөл тавьж байв?

“Мянганы сорилтын сан”-гийн анхны төсөл эхлэхэд би CEO-оор томилогдсон. Хувь хүн талаасаа би хөдөлгөөнтэй, аливаад нээлттэй, шинэ зүйл сурах дуртай хүн. Шинэ ажилдаа дасан зохицож чадахгүй байсан болохоор илүү шинэлэг зүйл эрэлхийлж, өөрийн дуртай, эрмэлзэл дүүрэн хийх зүйлийг олохоор интернэт ухаж яваад яагаад ч юм J.P Morgan-ий түүхийг уншиж таарсан. Хөрөнгө оруулалтын банкны тухай түүхийг уншаад энэ л миний хийх ёстой зүйл юм байна гэсэн бодол тархинд харвасан шиг байгаа юм. Тэгээд Монголын хөрөнгийн зах зээлийг ажиглахад хөгжил тааруу, тэнд маш их потенциаль байгаа нь харагдсан. Цааш хөгжих нь гэдгийг олж хараад брокер, дилерийн компани шууд худалдан авч, энэ бизнест хөл тавьж байлаа. 2009 оны 12 дугаар сард байсан санагдана. Анх “Ард капитал” нэрээр бизнесээ эхлүүлж, тун саяхан “Өлзий & Ко Капитал” болгон өөрчилсөн. Нэрээ солих тухай их бодсон. Гэтэл ойр дотнынхон, найз нөхөд, танилууд гээд олон хүн өөрийнхөө нэрээр өгөхийг надад зөвлөсөн. Тэд “Танигдахад амар”, “Дахин брэндинг хийх шаардлагагүй”, “Чиний бизнес гэдгийг хэн ч хараад төвөггүйхэн ойлгоно”, “Дэлхийн банк, санхүүгийнхэн бүгд л өөрийн нэрээр байгууллагаа нэрлэдэг” зэргээр зөвлөгөө өгсөн. Ингээд л нэрээ өгсөн дөө. Хүмүүс ч шууд л ойлгож байна билээ (инээв). 

Хөрөнгийн зах зээлд ажиллахын онцлогийг хэрхэн тайлбарлах вэ?

Гоё шүү дээ (Инээв). Дуртай ажлаа олж хийх нь хүмүүст хэцүү байдаг юм шиг. Гэтэл хүн нэг л амьдарна. Дургүй, сонирхолгүй зүйлээ насаараа хийгээд явбал хэцүү. Харин би өөрийгөө их азтайд тооцдог. Ямар азаар энэ зах зээлд ажилладаг юм бэ гэж боддог. Үнэхээр хэлэх үг олдохгүй нь. Энэ зах зээлд юмс байнга өөрчлөгдөж байдаг. Мөн олон төсөл дээр олон байгууллагын олон янзын хүмүүстэй хамтран ажиллах шаардлагатай болдог. Өнөөдөр ББСБ, маргааш уул уурхайн оператор компани, нөгөөдөр финтекийн санхүүжилтын төсөл гээд л тэс өөр салбарыг судалж, хөрөнгө оруулалт босгох ёстой болдог. Энэ жил хэрэгжүүлэх төслүүд гэхэд л ар араасаа өрөөстэй байна. Ажлаа хийнгээ бид өөрсдөө ч байнга хөгжиж, олон талын мэдээлэлтэй болж, түүнийгээ боловсруулж, дүн шинжилгээ хийж байдаг. Хөрөнгө оруулагчидтай уулзана, төслөө танилцуулна. Төслөө хэрэгжүүлж дууссаны дараа ажлын үр дүн, амжилтаасаа бид сэтгэл ханамжийг мэдэрдэг. Тэр мэдрэмж маш гоё. Энэ мэдрэмжийг ойрд ойр ойрхон мэдрэх боллоо (Инээв). Өмнө нь жилд ганц, хоёр удаа л бүтээгдэхүүн гаргадаг байсан бол сүүлийн үед ажил ихэсч, хөрөнгө босгох маань ойр ойрхон болоод байна. Энэ бүхний үр дүнд тархи байнга ажиллаж, хөгжиж байна гэдэг өөрөө маш сайхан. Ялангуяа дижитал эриний энэ үед мэдээллээс хоцролгүй, хөл нийлүүлэн алхаж байгаа нь хувь хүний хувьд ч өгөөжтэй.  

Завгүй, ачаалалтай ажиллаж байх үедээ завсарлах, сэргэлт авах хэрэгтэй болбол та ямар алхмыг хэрэгжүүлдэг вэ?  

Сүүлийн үед нэгэн зэрэг хэд хэдэн төсөл дээр ажиллаж байна. Амрах хэрэгтэй байгаагаа мэдэрч эхэлж байна. Ийм үед зохицуулдаг ганц зүйл маань иог. Надад асар ихийг ойлгуулсан. Зөвхөн дасгал хийгээд буйдаа ч биш, яг хэрэгтэй үед өөрийгөө сонсоход тусалдаг. Бие махбодиороо хүн ядарч болно. Тийм үед иогийн дасгал хийчихэд л эсрэгээрээ эрч хүчтэй болдог. Өөртэйгөө ярилцаж, сонсож, биеэ, амьсгалаа мэдрэх нь нэг төрлийн бясалгал болж чаддаг.  

“Богино хугацаанд тоглолт хийж, хурдан явъя гэвэл ганцаараа, урт хугацаанд хол явъя гэвэл олуулаа хамтрах хэрэгтэй”. 

Иог надад өөртөө итгэх итгэлийг өгсөн. Санхүүгийн зах зээлд эрэгтэйчүүд давамгайлдаг. Тэр дундаа хөрөнгө оруулалтын банкируудын дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Тэдэнтэй яг л адил шөнөжин сууж ажиллана, ер нь бүхий л талаар адилхан байх шаардлагатай. Ялангуяа манай нийгэмд эмэгтэй хүн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эрэгтэй хүнээс хэд дахин илүү ажиллах ёстой болдог. Хоёр дахин их ажилладаг гэж ярьдаг ч үнэндээ тийм биш, бүр гурав, дөрөв дахин илүү ажиллаж байж л хүлээн зөвшөөрөгддөг. Тэр л өөртөө итгэх итгэл, “Би чадна” гэх бодол, өөрөө өөрийгөө сонсох гээд бүхий л  хүчийг иог л надад өгсөн. Нөгөө талаар, хүн бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй нийгэмд бид амьдарч байсан бол одоо энэ бүхэн өөрчлөгдөж, хөгжиж байна. 

Та удирдлагын ямар арга барил, зарчмыг баримтлан ажилладаг вэ?

Нэгт, оролцоог хангах. Хэзээ ч ганцаараа дур мэдэн шийдвэр гаргадаггүй. Тэгээгүйгээс л диктатур бий болдог. Тиймээс хамтын ажиллагааг чухалчилж, хамт олонтойгоо үргэлж зөвлөдөг. Хувийн хэвшил, төрийн байгууллагын аль нь ч байсан бүгдийн хамтын ажиллагаа, оролцоог хангаж ажилладаг.  Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн даргын албыг хоёр удаа хашсаныхаа дараа залуустаа халаагаа өгье гэтэл тэд татгалзаж, намайг улираан томилсон. Тэгэхээр ажиллаж буй арга барил маань хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм болов уу.

Хоёрт, эрсдэлийг өөртөө авдаг. Арилжаанд оролцож л байгаа хойно ямар нэг асуудал үүснэ. Тэр тоолонд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газраас манай залуучуудыг дуудахад би өөрөө очдог. Мэдээж хэрэг залуучууд маань “Ажил ихтэй байхад та очоод яах вэ” гэх зэргээр эсэргүүцнэ. Хариуд нь “Энэ арилжааг хийх шийдвэрийг би гаргасан. Тиймээс надаас асууг” гэж хэлээд л гардаг юм. Хоёр жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар зах зээлээ огт мэдэхгүй нэгнийг улс төрийн томилгоогоор томилсныг манай салбарын мэргэжлийн хороод нийлж эсэргүүцсэн. Зах зээлээ мэдэхгүйгээс гадна мэргэжлийн холбоодтойгоо хамтарч ажиллахгүй хүнд суртал гаргаж байсан зэрэг асуудал яригдсан. Тиймээс бид нэгдэн өргөдөл бичиж, УИХ-аас ажлын хэсэг томилуулж, ажлыг нь шалгуулсны үндсэн дээр өөр хүнийг даргаар томилж байв. Тухайн үед миний зүгээс манлайлсан уу гэвэл манлайлсан. Дуугүй сууж чадаагүй юм. Учир нь санхүүгийн зах зээл бол мэргэжлийн зах зээл. Улс төрийн томилгоо хийдэг газар биш. Тиймээс бид салбарынхаа төлөө дуугарч, жишиг тогтоох ёстой. Бусад салбарынхан ч харж, үлгэрлэг гэж бодсоных. Тэгэхээр манлайлагч хүн гэдэг үйлдлээрээ үлгэрлэж, эрсдэл хүлээж чаддаг байх ёстой. 

Олон төсөл дээр нэгэн зэрэг асар завгүй, ачаалалтай ажилладаг хүний хувьд эдгээр ажлыг хэрхэн амжуулдаг вэ? 

Ерөөсөө л төлөвлөлт. Би Google Calendar ашиглан ажлуудаа нарийн төлөвлөдөг. Мөн компани дотроо бид дундын хуанли хөтөлдөг юм. Түүнд хэн ямар ажил хариуцаж буй, хэдээс хаана уулзалттай зэрэг мэдээллээ оруулж, бүх ажлаа төлөвлөдөг. Хамгийн чухал зүйл бол төлөвлөлт. Төлөвлөж сурахад хүмүүст эхэндээ хэцүү байдаг. Ялангуяа монголчууд цагийн менежмент талдаа нэлээд тааруухан. Санхүүгийн сахилга батын хувьд ч төдийлөн сайн биш. Энэ бүхнийг багаас нь сургаагүйтэй л холбоотой. Гэр бүл, сургуулийн орчинд үүнийг зааж сургах ёстой. Ингэж чаддаггүйгээс шинэхэн бэлтгэгдсэн боловсон хүчнүүд ажлын байранд хангалтгүй орж ирдэг. Жишээлбэл, аливаад эцэслэх хугацаа (deadline) тогтоож сураагүй байдаг гэх мэт.

“Зохицуулалт сайтай энэ зах зээлд олон компани хөл тавих тусам далд эдийн засаг багасч, нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, баялгийн хуваарилтад орж эхэлнэ”. 

Төлөвлөлтийг зуршил болгоход цаг хугацаа их хэрэгтэй. Харин нэгэнт дадал болчихсон тохиолдолд бүх зүйлийг аяндаа л төлөвлөөд сурчихдаг. Ялангуяа над шиг завгүй хүн бол цаг цагаар нь төлөвлөхөөс өөр аргагүй. Миний календарийг харвал галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л санагдах байх (инээв). Мөн хэд хэдэн и-мэйл ашигладаг учраас бүгдийг нь Google Calendar-тай холбочихдог. Олон ажил амжуулахад ганцхан зарчим л бий. Төлөвлөх!

Удирдах түвшинд ажиллаж буй хүмүүс багагүй цагийг хурал уулзалтад зарцуулах хандлагатай байдаг. Таны хувьд хурал удирдах үеэрээ ямар арга барил ашиглан цаг хэмнэдэг вэ? 

Бараг өдөр бүр бизнесийн уулзалттай байдаг. Зарим өдөр ажлаараа ч оролгүй, бүтэн өдөржин уулзалттай байх үе ч бий. Хамт олон маань намайг оффистоо ирэхэд бүр саначихсан, болж өнгөрсөн үйл явдлуудаа яриад л, халуун дулаан угтдаг. Яг л гэрт ээж ороод ирэхэд хүүхдүүд баярладаг шиг. 

Хари хурал удирдах үеэрээ шийдвэр гаргах үйл явцыг аль болох хурдан байлгахыг хичээдэг. Манайхан ч сурчихлаа даа. Намайг үүнд сургасан зүйл бол жиргээ. Twitter-т 140 тэмдэгтэд багтаан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх ёстой болдог. Ингээд ирэхээр өөрийгөө товч, тодорхой илэрхийлэхэд хүн  өөрийн эрхгүй л суралцдаг юм билээ. Нэг төрлийн чадвар юм даа. Би зах зээлээ сурталчилж, хийж буй ажлаа олон нийтэд таниулахын тулд сошиал медиа анх ашиглаж эхэлсэн. 

Хуралд сууж байхад манайхан нэг асуулт асуухын тулд маш их оршил хэлдэг. Сүүлдээ санал хэлэх гээд байна уу, асуулт асуух гээд байна уу гэж эргэлзэхэд ч хүргэдэг шүү дээ. Үүнээсээ болоод нэг цаг үргэлжлэх байсан хурлыг гурван цаг болгон сунжруулж орхидог. Тийм ч учраас миний хувьд хурал уулзалтад жиргээнд өөрийгөө товч тодорхой илэрхийлж сурсан зарчмаа баримтлахыг хичээдэг. Хуралд оролцож буй хүмүүсийг юу хэлж, ямар санаа илэрхийлэхийг зорьж буйг шууд асууж, чиглүүлээд явдаг. Мөн хурлыг урьдчилан товлож, хүн бүр дор бүртээ бэлтгэлтэй орох нь цаг хэмнэх нэг арга. 

Та Япон болон Англи улсад дээд боловсрол эзэмшсэн. Тэр дундаа манай улсаас Японд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан анхны эмэгтэй оюутнуудын нэг. Ер нь таны карьерын түүхийг анзаараад байхад цөөнгүй удаа анхдагч, түүчээлэгч болж байсан юм билээ? 

Намайг 10 жилийн сургуулиа төгсөх жил ШУТИС-ийн дэргэд гадаад хэлний бэлтгэл анги анх нээгдэж, хүүхдүүдийг сонгон шалгаруулж авч байсан. Тэнцсэн хүүхдүүдийг  нэг жилийн турш англи хэл, хими, физик, математикийн хичээлүүдээр нэлээд шахуу хуваариар бэлтгэж, гуравдагч орнууд руу явуулахаар төлөвлөсөн байв. Энэ дагуу би Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, тус улсад сурсан анхны монгол эмэгтэй оюутнуудын нэг болж байлаа. Миний үеэс л эмэгтэй оюутнууд арлын орныг зорьж эхэлсэн. Түүнээс өмнө инженерийн чиглэлээр эрэгтэй оюутнууд л голдуу суралцдаг байсан юм. Японд очоод Ёкохамагийн үндэсний их сургуулийн анхны монгол оюутан болж байв. Мөн Японд бизнесийн чиглэлээр төгссөн анхны монгол оюутнуудын нэг (инээв).    

Хожим Английн Вестминстерийн их сургуульд өргөдөл гаргаж, бүрэн тэтгэлгээр макро эдийн засаг, Засгийн газрын шинэчлэл сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. Тухайн үед их сургуульд маань уг хөтөлбөр мөн л анх удаа нээгдэхэд нь элсэн суралцаж таарсан. Хөрөнгийн зах зээлд ч мөн адил Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны анхны эмэгтэй Удирдах зөвлөлийн даргаар томилогдож байв. Мөн Монголын брокерууд дундаас анх удаа гадаад арилжаа эхлүүлсэн гэх зэргээр анхдагч болсон түүх цөөнгүй юм байна, эргээд бодоход. Хувь хүнийхээ хувьд ч шинэ зүйл туршиж, шинийг эрэлхийлэх дуртай. 

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн юм. Тэрбээр ярилцлагын дараа өдрийг зоог барингаа бизнес уулзалт хийхээр товлосноо дуулгав. Харин дараа нь УИХ-ын дарга банк, санхүүгийн салбарынхныг хүлээн авч уулзах тул тэнд байлцана гэдгээ хэллээ. Эндээс түүний бизнес уулзалт цааш үргэлжилж, тун саяхан хамтран ажиллаж, амжилттай хөрөнгө босгосон “Монголын финтек групп”-ийн залуучуудтай цаг товлосны дагуу уулзсанаар ажлын өдөр нь сая нэг өндөрлөх аж. Магадгүй оффист нь дараа дараагийн төслүүдтэй холбоотой бичиг цаасны их ажил ч хүлээж байж мэдэх юм.  
/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 07, 08 дугаар сарын дугаар (№32, 33) -т нийтлэгдсэн болно/
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Нөөцийн мах бүрдүүлэхэд оролцох үйлдвэрүүдийн анхааралд

Өмнөх нийтлэл

Хөрөнгийн зах зээлийн онцлох шинэ бүтээгдэхүүнүүд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.