Хөрөнгийн захын лангуун дээр шинэ бүтээгдэхүүнүүд ар араасаа өрөгдөж, зах зээлийн үзүүлэлтүүд түүхэн дээд түвшинд хүрээд буй энэ үед хөрөнгө оруулагчдын анхаарал ч энэ цэгт төвлөрч байна. Тиймээс Business.MN ойрын хугацаанд захиалга авч эхлэх онцлох шинэ бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг  багцлан танилцуулж байна. 

Тун саяхан “Эрдэнэс тавантолгой” ХК ЭТТ бондын I транчийн хөрөнгө оруулалтын хүүгийн төлбөр (15.6 тэрбум төгрөг) -ийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан, анхны давхар бүртгэлтэй компани “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нэмэлт хувьцаа МХБ-д гаргаж, санхүүжилтийн захиалгаа 46 хувиар давуулан биелүүлсэн зэргээс хөрөнгийн зах зээл хэрхэн идэвхжиж буйг харах боломжтой. 

Үндэсний томоохон компаниуд ч хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулж, шинэ бүтээгдэхүүн гаргах болсон нь энэ зах зээлд шинэ боломж, хүчтэй өрсөлдөөн бий болж буйг илэрхийлнэ. Үүн дээр нэмээд банкуудын нээлттэй хувьцаат компани болох томоохон давалгаа орж ирэх учраас зах зээл улам өрнөлтэй, сонирхолтой болох төлөв ажиглагдаж буй. Ингээд онцлох шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцъя. 

CU брэнд буюу хамгийн өндөр дүнтэй IPO
Салбар: Худалдаа, үйлчилгээ

Компани: “Сентрал Экспресс Си Ви Эс” 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 24.9 тэрбум төгрөг

Олон нийтэд санал болгож буй хувь: Компанийн 15 хувь буюу 208 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 119.9 сая ширхэг хувьцаа

Андеррайтер компани: “Голомт Капитал” ҮЦК

Туслах андеррайтер:  “Апекс Капитал” ҮЦК

Захиалга авах хугацаа: 2021.10.29 - 11.04

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” компани олон улсын CU конвиниенс дэлгүүрийн сүлжээг 2018 оноос Монгол Улсад нэвтрүүлж, өнгөрсөн хугацаанд 127 салбар дэлгүүрийг байгуулж, дотоодын хамгийн том дэд бүтэц бүхий конвиниенс дэлгүүрээр нэрлэгдэж буй. Хурдтай өргөжин тэлж буй CU брэнд цаашид салбарынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд санхүүжилт босгохоор IPO хийх шийдвэрт хүрчээ. Үүний үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ, сонирхолтой бүтээгдэхүүн нэмэгдэж байна. CU брэндийн IPO хэд хэдэн онцлогтойг тус хэлцэлд үндсэн андеррайтераар ажиллаж буй “Голомт Капитал” ҮЦК -ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ хэлж байна. 

Нэгт, зах зээлийг өөрчлөгч. Улаанбаатар хотод конвиниенс дэлгүүрүүд байгуулагдаж эхэлснээр үйлчилгээний чанар, соёл хэрхэн өөрчлөгдсөнийг хүн бүр анзаарсан байх. CU бол зөвхөн хүнсний дэлгүүр биш харин кофе шоп төдийгүй савласан хоол хамгийн их борлуулдаг цэг, мөн цаашлаад өөрийн томоохон сүлжээ бүхий ухаалаг дэд бүтцээр дамжуулан цахим худалдаа, шуудан илгээмж, банк, харилцаа холбоо зэрэг олон салбарын үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай  хүргэдэг бизнес.

Хоёрт, хамгийн том хөрөнгө оруулалтын амлалт болон үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй IPO. Андеррайтеруудын зүгээс 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын амлалт (firm commitment), мөн компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн зүгээс 3 тэрбум төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх амлалтыг өгч, холбогдох гэрээг байгуулаад байна.  

Гуравт, хамгийн өндөр дүнтэй IPO. “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компани олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар 24.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий IPO болж буйгаараа онцлог. 

Хөрөнгийн зах зээл дэх “Мобиком”-ын гараа
Салбар: Финтек

Компани: “Мобифинанс ББСБ” 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 1 тэрбум төгрөг 

Олон нийтэд санал болгож буй бүтээгдэхүүн: 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгсэл.

Андеррайтер компани: “Өлзий & Ко Капитал” ҮЦК

Бондын хугацаа, өгөөж: 12 сар, 14 хувийн хүү

Захиалга эхлэх: 2021.10.28 - 

Өнгөрсөн сарын сүүлчээр “Мобиком” корпорацийн 100 хувийн баталгаатай Монпэй бонд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авсан билээ. Тодруулбал, “Мобиком” корпорацийн хөрөнгө оруулалттай “Мобифинанс ББСБ” компани 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг гаргахаа зарласан. Энэ нь томоохон компаниуд хөрөнгийн зах зээлийг сонирхож, хөл тавьж буйн нэг илэрхийлэл болж буй. Тэгэхээр цаашид ч энэ буухиа үргэлжилж, сонирхолтой шинэ бүтээгдэхүүнүүд гарч зах зээлийг идэвхжүүлэх болов уу гэсэн хүлээлт үүсгэж байна. 

Сүүлийн үед компаниуд бонд гаргах замаар санхүүжилтээ босгох хандлага урьд өмнөхөөс илүү нэмэгдээд буй. Харин “Мобифинанс ББСБ” -ын хувьд санхүүжилт босгох нь гол бус, хөрөнгийн зах зээлийн хандлагыг мэдрэх, дараагийн алхмаа тодорхойлох, мөн компаниа олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ далайцыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү нээлттэй бондыг гаргаж байгаа гэдгийг андеррайтераар ажиллаж буй “Өлзий & Ко Капитал” ҮЦК -ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр онцолсон юм. Тэд олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгө оруулалтаа зээлийн санхүүжилтэд зарцуулна гэдгээ илэрхийлсэн.  

Өнгөрсөн гуравдугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ын дагуу Монпэй бондыг олон нийтэд санал болгохоор шийдсэн нь хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, андеррайтер компани Монпэй аппликэйшнээр дамжуулан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, энэ нь андеррайтер төвтэй анхдагч арилжаа болж буйгаараа онцлог. Мөн хөрөнгийн зах зээлд цахим мөнгө хэлбэрээр  үнэт цаасны захиалга анх удаа авах нь ч гэж ойлгож болно. Энэ бүхэнд бэлтгэн системээ хөгжүүлж буй гэдгээ компанийнхан хэлж байв. 

Сэндбокс зохицуулалт гэж юу вэ?
Сэндбокс зохицуулалт нь финтек компаниуд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлж, турших боломжийг олгодог тухайлсан багц дүрэм бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа зохицуулагч байгууллагуудын зүгээс үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Энэ дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс   технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг санхүүгийн зах зээлд нэвтрүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг боловсруулан баталжээ. Олон улсад бий болоод удаагүй энэхүү зохицуулалтын аргыг одоогоор дэлхийн 50 гаруй улс оронд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. 
Давхар бүртгэлтэй хоёр дахь компани
Салбар: Уул уурхай

Компани: Степ Голд Лимитэд” 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 5 тэрбум төгрөг

Андеррайтер компани: “Ард Секюритиз” ҮЦК

Үнэт металл үйлдвэрлэгч “Степ Гоулд Лимитэд” компани энэ онд багтан Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар бэлтгэж буйгаа зарласан бөгөөд үүгээрээ тэд дотоодын давхар бүртгэлтэй компанийн тоог нэгээр нэмж буй. 2018 онд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаар анхны давхар бүртгэлтэй компани болж байсан бол энэ тоо ийнхүү нэмэгдэж байна.

Үүний үр дүнд хөрөнгийн бирж хооронд хувьцаагаа хөрвүүлэх, Монголын хөрөнгө оруулагчид гадаадын биржид өөрсдийн хувьцааг арилжаалах боломж нээгдэж байгаа юм. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн биржид арилжаалж буй хувьцааг Монголын хөрөнгийн биржээс харьцангуй өртөг багатайгаар, хурдан шуурхай авах боломж ч давхар бүрдэж буйг “Ард Секюритиз” ҮЦК-ийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан онцолж байв. 

2023 оноос “Степ Гоулд Лимитэд” компанийн Дорнод аймгийн Алтан цагаан овоо орд дахь төслийн хоёрдугаар үе шат эхлэх тул энэ оноос бүтээн байгуулалтын бэлтгэл ажлаа тэд эхлүүлжээ. Хоёрдугаар үе шат эхэлснээр үйлдвэрлэлийн гарц 2-3 дахин өснө гэж компанийн зүгээс тооцоолж буй. Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн тус компани Баянхонгор аймаг дахь Уудам хөндий алтны хайгуулын төслөө үргэлжлүүлж байна. 

Хэдий хувьцаа гаргах бэлтгэл ажил хангагдсан ч дэлхийн зах зээлд алтны үнэ буурсантай холбоотойгоор олон нийтэд танилцуулах ажлыг тэд түр хойшлуулаад буй. “Степ Гоулд Лимитэд” компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлснээр таван тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулахаас гадна монголчуудад үйл ажиллагаагаа таниулах, мөн баялгаасаа хуваалцах зорилготой.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Б.Өлзийбаяр: Манлайлагч хүн үйлдлээрээ үлгэрлэж, эрсдэл хүлээж чаддаг байх ёстой

Өмнөх нийтлэл

Ч.Даваабаяр: том компаниудын охин компаниуд л 3 хувийн зээлд голдуу хамрагдаж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.