/Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2021 оны 09 дүгээр сарын дугаарт нийтлэгдсэн болно/ 

2021 он хөрөнгийн зах зээлийн хувьд урьд хожид үзэгдээгүй өндөр идэвхжсэн жил болж байна. Энэ бүхэн хэд хэдэн шалтгаантай. Үүнээс хамгийн эхэнд нэрлэгдэж буй нь банкны хадгаламжийн хүү. Монголбанкнаас бодлогын хүүг бууруулж, зургаан хувьд хүргэсэн нь хадгаламжийн хүү дагаж буурахад нөлөөлсөн гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Ийм шалтгаанаар хүмүүс хөрөнгө оруулалтын илүү өгөөжтэй хувилбарыг эрэлхийлж эхэлсэн нь хөрөнгийн зах зээл идэвхжих гол хүчин зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын санхүүгийн салбарын дийлэнх хувийг бүрдүүлдэг банкны салбарт урсаж буй мөнгө хөрөнгийн зах зээл рүү шилжих хөдөлгөөн эрчимжсэн гэж хэлж болно.

Үүний үр дүнд, хөрөнгийн бирж дэх арилжааны үнийн дүн өсөж, өнөөдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ таван их наядыг даваад байна. Мөн нэг их наяд төгрөгийн арилжаа хийгдэж, үйл ажиллагааны орлого нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөж, 2.6 тэрбум төгрөгт хүрснийг Монголын хөрөнгийн биржээс мэдээлсэн билээ. Цар тахлаас шалтгаалан онлайн хэлбэрээр данс нээж, гар утаснаасаа арилжаа хийх боломж бүрдсэнээр арилжаанд оролцогчдын тоо хэд дахин нэмэгдсэн нь зах зээлийн өсөлтөд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл болсон байна. Энэхүү өсөлтийг илтгэн ТОП-20 индекс 49 нэгж буюу түүхэн дээд хэмжээнд хүрч, багцыг бүрдүүлж буй үнэт цааснуудын үнэ цэн нэмэгдсэн. Тухайлбал, индексийг өнгөлж буй АПУ ХК -ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн долдугаар сарын 30-нд нэг их наяд төгрөгийг давснаар Монголдоо анхдагч болж, дотоодын хамгийн үнэ цэнтэй компаниар нэрлэгдсэн билээ.

Х.Алтай: Системийн нөлөө бүхий банкууд нээлттэй компани болсноор Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах эхлэл болно.

Үүний зэрэгцээ онцлох шинэ бүтээгдэхүүнүүд, тухайлбал, оны эхээр Монголын хөрөнгийн биржид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (“Инвескор актив”) анх удаа гарсан бол дөрөвдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК  зах зээлд өмнө байгаагүй хамгийн өндөр үнийн дүн бүхий бонд гаргаж, 677.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай төвлөрүүлсэн. Уг бондын тодорхой хэсгийг гадаад валютаар гаргасан нь шинэлэг алхамд тооцогдож, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, мөн төр ба хувийн хэвшил хамтран ажиллах боломж, орон зай их байгааг харуулсан гэж үзэж болно.   

Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн талаар “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны ТУЗ-ийн дарга, “Өлзий & Ко Капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр “Компаниуд зөвхөн банканд бус манайх шиг үнэт цаасны компаниар дамжуулан өртөг багатай, урт хугацааны хөрөнгө оруулалт босгох зорилгоор их хандах болсон. Бидний хувьд ойрын хэдэн жилд байгаагүйгээр тун завгүй, ачаалалтай буюу хэд хэдэн төсөл дээр  нэгэн зэрэг ажиллаж байна. Энэ дунд бондын санхүүжилтийн ажил нэлээд байна” гэлээ. Тэрбээр хөл хорионы үеэр хэд хэдэн удаа сургалт зохион байгуулахад хүмүүс маш идэвхтэй хамрагдаж байсныг онцлоод тэдний дунд хөрөнгө оруулалтын сангийн менежер болох сонирхолтой залуус олон байсныг онцолж байв.

Үнэхээр ч хөрөнгийн зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүдийн хамгийн их онцлон дурддаг мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох суурь аажмаар бүрэлдэж эхэлсэн нь эерэг мэдээ. Анхны хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж (“Үндэсний хувьчлалын сан”, “Мандал ирээдүйн өсөлт”), биржийн бус зах зээлийн арилжаа албан ёсоор эхэлж, анхны бүтээгдэхүүнээ танилцуулсан нь жижиг, дунд, том ямар ч хэмжээтэй компанийн хувьд санхүүжилт татах, хөрөнгө оруулалт босгох боломжийг нээлттэй болгож буйгаараа давуу талтай. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигддөг нийтлэг асуудлыг ч цэгцэлнэ гэж салбарынхан үзэж буй.

“Тэтгэврийн санд төвлөрүүлж буй хувь хэмжээ рүү орохгүйгээр, нэмэлтээр шимтгэл төлж Хувийн тэтгэврийн санд хуримтлуулах боломжтой гэсэн утгатай заалтыг хуулийн төсөлд тусгасан нь ямар ч шинэчлэл болж чадахгүй”.

Олон улсад хөрөнгийн зах зээл биржийн болон биржийн бус зах зээл гэсэн үндсэн хоёр баганаас бүрддэг. Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл ийнхүү хос баганатай болсноор салбарын хөгжлийн хурд нэмэгдэж, өргөжин тэлэх сайн талтай. Биржийн бус захын гол онцлог нь зөвхөн мэргэжлийн тоглогчид арилжаанд оролцдог тул хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бүртгэлийг богино хугацаанд шийддэг,  үүнийгээ дагаад цаг хугацаа хэмнэдэг зэрэг хэд хэдэн давуу талтай. Компаниуд IPO хийхийн тулд зарим тохиолдолд бүтэн жилийн хугацаа шаарддаг бол биржийн бус зах зээлд хөрөнгө босгохоор хандахад 5-15 хоногийн дотор бичиг баримтыг хүлээн авч, бүртгэдгээрээ цаг хугацаа асар их хэмнэдгийг “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ноос онцолсон. Гол нь шимтгэл өндөр байгаа нь бүтээгдэхүүний хөрвөх чадварыг сайжруулахад тулгарч буй гол бэрхшээл гэдгийг тус холбооны УЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Ц.Хуяг хэлж байв.   

Харин хөрөнгө оруулалтын сан бол зах зээлд оролцогч, тоглогчдын хувьд чигийг заагч алтан гадас гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар ритейлерүүд буюу жижиг арилжаа эрхлэгчид шууд биржээр бус сангаар дамжуулан арилжаанд оролцож эхэлснээр хөрөнгийн зах зээлийг илүү эрүүл, мэргэжлийн болгох эерэг талтай.  

Олон улсад хамгийн том хөрөнгө оруулалтын сангууд ихэвчлэн тэтгэврийн сан байдаг. Санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудын зах зээлээс харахад ч гол хөрөнгө оруулагчдаар мөн л тэтгэврийн сан нэрлэгддэг. Гэтэл манай улсад хамгийн том хуримтлалын сан хэдий ч байнгын алдагдалтай ажиллаж ирсэн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг яаралтай шинэчилж, тогтолцоог өөрчлөн хөгжүүлэх шаардлага хэдийнэ үүссэн. Гэвч энэ талын дорвитой алхмууд өдийг хүртэл үгүйлэгдсээр байгаа юм. Салбарынхан Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз бүрэлдэж, урт хугацааны хөрөнгийн хуримтлал төвлөрнө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан ч Засгийн газраас хэлэлцүүлж, намрын чуулганаар УИХ-д өргөн барихаар болсон энэхүү хуулийн төсөл хуучныг шинэчилж, сайжруулсан зүйлгүй байгаад мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж буй. Тодруулбал, одоо Тэтгэврийн санд төвлөрүүлж буй хувь хэмжээ рүү орохгүйгээр, нэмэлтээр, өөрийн сонголтоор буюу сайн дураар Хувийн тэтгэврийн санд орлогынхоо тодорхой хувийг төвлөрүүлэх боломжтой гэсэн утга бүхий заалтыг хуулийн төсөлд тусгасан нь “шинэчлэл” нэртэй боловч ямар ч шинэчлэгдсэн зүйлгүй байгаа нь олныг бухимдуулж байна.

А.Билгүүн: Монголын хөрөнгийн зах зээлийн голлох оролцогчид богино хугацааны спекуляци хайсан хөрөнгө оруулагчид болж хувирсан байна. Хөгжлөө харвал цаашид урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг чухалчлах шаардлагатай.

Өндөр хөгжилтэй орны иргэд тэтгэврийн сангаараа дамжуулан гадаад, дотоодын томоохон компаниудын хувьцааг эзэмшиж, түүгээрээ дамжуулан өгөөж хүртэж, улмаар чинээлэг амьдрах боломж бүрддэг. Компаниуд нь ч нээлттэй байхын хэрээр засаглал нь сайжирч, үйл ажиллагаа нь хөгжин дэвждэг. Ингэж хөрөнгө оруулалтын сан үүсэж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хөрөнгийн зах зээл хөгжиж, баялгийн шударга хуваарилалт бий болж, иргэд хөрөнгөжих боломж нэмэгдэнэ гэсэн хүлээлт нийгэмд бий.

Энэ оны хоёрдугаар сарын 1-нд батлагдсан Банкны тухай хуулийн өөрчлөлтөд 2022 оны зургадугаар сарын 30 гэхэд системийн нөлөө бүхий таван (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк) банк Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах ёстойг тусгаж өгсөн нь хөгжлийг шинэ төвшинд гаргана гэх хүлээлтийг улам нэмэгдүүлсэн. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулалтын сангууд тэргүүтэй хөрөнгийн захын тоглогчид гол анхаарлаа банкны хувьчлалд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдад хандахдаа ч энэ өнцгийг барьж буй. Энэ бол Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болно гэдгийг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ч мөн онцолсон билээ. Тэрбээр системийн нөлөө бүхий банкууд нээлттэй компани болсноор Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах эхлэл болно хэмээн үзэж буйгаа ч мөн илэрхийлсэн. 

Хэдийгээр банкны хувьчлалаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх, иргэд ч хөрөнгө оруулагч болох боломж бүрдэж буй нь эдийн засагт өндөр ач холбогдолтой, баялгийн шударга хуваарилалтад ч нөлөөтэй гэж эерэгээр харах хүмүүс байгаа ч нөгөө талаар, энэ бүхэн томоохон хөрөнгө оруулагчдад илүү ашигтай, харин жижиг хувьцаа эзэмшигчид тойргийн гадна хоцорно хэмээн таамаглах хэсэг ч бий. 

Хөрөнгө оруулалтын сан үүсэж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хөрөнгийн зах зээл хөгжиж, баялгийн шударга хуваарилалт бий болж, иргэд хөрөнгөжих боломж нэмэгдэнэ гэсэн хүлээлт нийгэмд бий.

Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудад хөрөнгийн захын идэвхтэй тоглогчид нь ихэвчлэн тухайн эдийн засаг болон ДНБ-ий үйлдвэрлэлд жин дарах хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд байдаг. Энэ үзүүлэлтээр харвал Монгол Улс хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хувьд дөнгөж гараан дээрээ байгааг онцлох хэрэгтэй. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч А.Билгүүн “Монголын хөрөнгийн зах зээлийн голлох оролцогчид богино хугацааны спекуляци хайсан хөрөнгө оруулагчид болж хувирсан байна. Одоогоор манайх үр бүтээлтэй зах зээл байж хараахан чадахгүй байна. Хөгжлөө харвал цаашид урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг чухалчлах шаардлагатай. Гэхдээ ингэхийн тулд мэдээж хэрэг хугацаа орно гэдгийг мартаж болохгүй” хэмээн онцолсон юм. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” -ийн хувьд Монголын анхны давхар бүртгэлтэй компани гэдгээрээ онцлог. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани 2018 онд Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаар анхдагч болсон бөгөөд тэдний араас “Степ гоулд лимитэд” компани энэ онд багтан дотоодын зах зээлд IPO хийснээр хоёр дахь давхар бүртгэлтэй компани болох нь тодорхой болоод байгаа билээ. 

Компаниуд давхар бүртгэлтэй болох, дэлхийн хөрөнгийн биржүүдтэй холбогдон ажиллах, бирж хоорондын хувьцаа хөрвөх боломж нээгдсэн зэрэг нь 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, уг хууль батлагдсанаар үнэт цаасны зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Ийнхүү Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буйтай зэрэгцэн онцлох үйл явдлууд ар араасаа хөвөрч, өндөр өсөлт үзүүлсэн онцгой жил, түүхэн цаг үе бидний хувьд өнгөрч байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

ICT групп Melearn платформд нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ

Өмнөх нийтлэл

Эмоцийн Цагаан Толгой-г хэрхэн ойлгох вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.