Бидний амьдралд финтек нэвтрээгүй байсан бол гэж та бодож үзсэн үү? Урт дараалалд зогсох, үйлчилгээ авахын тулд хүлээх, нааш цааш зорчих, ирж очих энэ бүх зардал чирэгдлийг финтекийн тусламжтайгаар маш амжилттай халж буй. Тэгвэл хэрэглэхэд хялбар, олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог финтекүүд нэгдэж, хоёр өдрийн турш тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлсэн юм. 

“Монголын финтекийн холбоо”-ноос хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Frontier Fintech Summit -ийн хүрээнд гишүүн байгууллагуудын төлөөлөл салбарын зохицуулалтын орчин, экосистемийн хөгжил, финтекийн шинэлэг шийдлүүд, блокчэйн технологи, крипто зах зээлийн онцлог, дижитал банк, төлбөр тооцооны хэрэгслийн дараагийн боломжууд зэрэг олон сэдвээр өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийллээ.   

Тус холбоонд гишүүнээр “Steppe” групп, “LendMN”, “Ард”, “Grapecity Mongolia”, “HiPay”, “Zeely”, “Storepay”, “Invescore” зэрэг финтекүүд нэгдээд байгаа бөгөөд ирэх оноос гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж, өргөжихөөр төлөвлөж буйгаа онцолсон юм. Мөн хамтарч ажиллах, гишүүнээр элсэхэд нээлттэй гэдгийг холбооны зүгээс мэдэгдэж байв. 

Финтекийн хөгжил бусад салбарын хөгжилд ч нөлөөтэй. 

Дэлхий дахинд финтекийн салбар маш хурдтай хөгжиж буй давалгаа манайд ч ялгаагүй өрнөж, энэ хэрээрээ тодорхой зохицуулалтуудыг яаралтай бий болгох шаардлага үүссэн. Тиймээс “Монголын финтекийн холбоо”-ноос санаачлан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын компаниуд нэгдсэн дуу хоолойтой болох, санал санаачлагаа нэгтгэн хүргэх томоохон зорилгын хүрээнд ажиллаж эхлээд байна. 

Тус холбооны гүйцэтгэх захирал С.Тулга “Финтек салбарын компаниуд, зохицуулагч байгууллагууд хамтран урагшлах, дараагийн алхам, хийх ажлуудаа тодорхойлох, эдгээрийг хэрэгжүүлснээр салбарын хөгжлөө хэрхэн сайжруулах вэ гэдэгт бид чиглэж ажиллана. Бидний гол зорилго энэ. Мөн арга хэмжээний дүгнэлт болгож, ирэх жил холбооны зүгээс ямар ажлууд хийх талаар зөвлөмж боловсруулж, төлөвлөгөө гаргана. Товчхондоо, зүгээр нэг ярилцаад өнгөрөх бус ажил хэрэг болгох зорилготой” хэмээн онцлов. 

Frontier Fintech Summit 2021 -ийн оролцогчдод нэгдсэн талбар, дуу хоолой үгүйлэгдэж байсныг хэлэлцүүлгүүдийн үеэр олон асуудалд тэд санал нэгдэж байснаас харж болохоор байв. Тухайлбал, open banking буюу банкны системд аливаа байгууллагын системийг холбосноор хэрэглэгчдэд илүү хялбар шийдлийг санал болгох үйлчилгээг нэвтрүүлэх, KYC буюу биометрик мэдээлэлд үндэслэн харилцагчаа таньж мэдэх, улмаар илүү хүртээмжтэй, тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох, тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэгт зохицуулагч байгууллагууд анхаарч, зохицуулалтын орчныг бий болгох шаардлагатайг онцолж байсан юм. 

Энэ талаар “Grapecity Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг “Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаад олон жил болсон ч нийтийн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байгаа нь технологийн шийдэлтэй холбоотой. Үүлэн технологи зэрэг дэвшилтэт арга замаар цахим гарын үсгийг шийдэж, үүнийгээ бодлогоор аль болох дэмжиж, богино хугацаанд нэвтрүүлбэл хэн хэндээ хэрэгтэй. Хэрэв тоон гарын үсэг нэгэнт нэвтэрчихвэл зөвхөн финтек гэлтгүй бусад салбарт ч ашиглагдана. Нөгөө талаар, цахим гарын үсгийн хэрэглээ амжилттай нэвтэрч чадвал open banking үйлчилгээ хэрэгжих боломжтой болно. Тиймээс зохицуулагч байгууллагууд үүнд анхаарах шаардлагатай” гэлээ.  

Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг технологи ашиглан хэрэглэгчид илүү хялбар байдлаар хүргэж, улмаар цаг, зардал хэмнэж, шинэ боломж олгож буй бүх төрлийн бизнес загварыг финтек гэж ойлгож болно.

Мөн “Ард Кредит”, “HiPay” финтекийн төлөөллүүд жижиг зах зээлд олон оролцогчид байгаа нь аль аль талдаа өгөөжтэй байж чадахгүй байгааг онцолж, зохицуулалт дутагдаж буйг хэлж байв. Нөгөө талаар, зохицуулалттай зах зээл өөрөө уян хатан байх шаардлагатайг, үгүй бол зохицуулалтгүй зах зээл илүү идэвхжих эрсдэлтэйг ч тодруулсан юм. Харин энэ бүхнийг өөр өнцгөөс харвал хэрэглэгчдэд илүү чанартай, хүртээмжтэй, сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүрэх, түүнчлэн олон сонголт бий болох зэрэг давуу талтайг санал нэгтэй онцолж байв. Зах зээлийн шалгарлаар хүчирхэг финтекүүд аяндаа ялгарч үлдэнэ гэх санааг дэмжиж буй хэсэг ч байсан юм. Мөн энэ үеэр Pocket аппыг хөгжүүлсэн “Инвескор Хэтэвч ББСБ” -ийн борлуулалт, үйлчилгээ хариуцсан захирал Г.Насанбат “Финтек өөрөө өрсөлдөх чадвар” хэмээн хэлснээрээ дижитал эриний онцлог, өрсөлдөөнд ялгарах гол давуу талыг товч тодорхой илэрхийлсэн билээ.    

Финтекүүд нэгдэж, зохицуулагч байгууллагатай хамтарснаар эцсийн хэрэглэгчид хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хялбар болгож, цаг хэмнэх бол байгууллагууд нөөц, зардлаа хэмнэх давхар давуу талтай. Өөрөөр хэлбэл, аль аль талдаа ашигтай хувилбар юм. Мөн Үр дүнд нь салбарын хөгжил ч хурдасна гэдгийг оролцогч талууд онцолж байв. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Т.Солонго: Ёс зүйтэй компани хэрэглэгч, хамтрагч болон ажилтнуудынхаа үнэнч сонголт байж чаддаг

Өмнөх нийтлэл

Ажилтныхаа ур чадвар, өгөгдлийг хэрхэн бүрэн дайчлах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.