Цар тахлын үед соёл, урлагийн салбарынхан хаалгаа барьж зогсонги байдалтай нүүр тулсан. Тэгвэл өнгөрсөн сард соёлын бүтээлч өдөрлөг, үйл ажиллагааг бараг өдөр бүр зохион байгуулж соёл, урлагийн үйл ажиллагаа эрчээ авч, үзэгч олноо баясгаж байна. Яг энэ цаг үед Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл форум” өчигдөр /2021.11.30/ Төрийн Ордонд болж, соёл урлагийн салбарынхан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ирээдүйн бодлого чиглэлээ хэлэлцлээ.

Соёлын бодлого

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэхэд байгалийн өвөрмөц дүр төрх, баялаг өв соёлын онцлогоо шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь монгол соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах өргөн боломжийг нээж өгч байна” гэв.

Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа. Энэ үеэр “Бид соёлын баялаг өв, уламжлалтай улс. Энэ өв соёл бол баялаг юм. Нөхөн сэргээгддэг нөөц. Хүний оюун санаа, авьяас билэг, бүтээлч сэтгэлгээг нийлүүлээд техник технологитой уялдуулан хөгжүүлж соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгож нийгэм, эдийн засагт үр нөлөө үзүүлэхийг зорьж байна” хэмээв.

Дараагийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир чиглүүлсэн бөгөөд зочноор Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, ЗГТА Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцлоо.

Гарц

Цар тахлаас үүдэлтэй дэлхий дахин цахим шилжилтэд хурдтай хөл нийлүүлж байгаатай холбогдуулан технологийн өөрчлөлтийг дагаад соёл, урлагийн менежмент мөн зүгээ өөрчилж байна. Соёлын менежмент зүгээ өөрчилнө гэдэг нь илүү технологид суурилсан байдлаар хөгжих чиг хандлага олон улсад зонхилсон байна. Соёл, урлагийн салбарынхан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн нөлөө, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагын чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэн гарц, шийдэл эрэлхийлсээр байгаа юм.

Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болж байгаа нь олон өөрчлөлтийн эхлэл биз ээ. Төр соёл, урлагийг бодлогоор дэмжиж уран бүтээлчид болон бизнес эрхлэгчидтэй хамтарч соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Монгол Улс дэлхийн урлагийн далайд гарцтай болох нөхцөл бүрдэж байгаа юм. НҮБ-аас 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн жил” болгон зарласантай холбогдуулан дэлхий нийтээрээ бүтээлч хандлага руу чиглэж байна.

Дэлхийн чиг хандлага

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн зах зээл 2.2 их наяд ам доллар бөгөөд 30 орчим сая хүнийг ажлын байраар хангаж байна. Дэлхийн нийт экспортын хэмжээ 253 тэрбум сая ам.доллар буюу нүүрсний зах зээлээс гурав дахин том зах зээл шинээр үүсээд байгаа юм. Дэлхий нийтээрээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлоготой хөгжүүлж байгаа нь дээрх зах зээлийн тооноос тод харагдаж байна. Их Британи улсын жишгээр сүүлийн 9 жилд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 43 хувиар өсөж 115 тэрбум долларын зах зээл бий болжээ.

Олон улсын судалгаагаар ойрын хугацаанд дэлхийн ДНБ-ны 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлнэ гэж үзжээ.

Олон улсын судалгаагаар ойрын хугацаанд дэлхийн ДНБ-ны 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлнэ гэж үзжээ. 2020 оны байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэл дундаа кино урлагийн салбар 234 тэрбум ам.доллар, дижитал тоглоом хөгжүүлэлт 173 тэрбум ам.долларын зах зээл бүрдсэн байгаа бөгөөд 5 жилийн дотор энэ зах зээл 2 дахин өсөх хандлагатай байна.

Харин Монгол Улсын хэмжээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэл ДНБ-ны 1.3 хувь буюу 481.4 тэрбум төгрөгийн зах зээлд 33 мянган ажлыг байрыг бий болгоод байгаа юм. Цаашдаа энэ салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийн бодлого, төсөв санхүү, хөрөнгийн менежмент, төрийн зөв бодлого болон салбар дундын уялдаа холбоо чухал гэдгийг форумд оролцсон салбарынхан тодотгож байлаа.

Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яам байгуулав.

Урлаг ба Санхүү

Deloitte компаниас гаргасан “Урлаг ба санхүү” олон улсын тайланд дурдсанаар дэлхийн урлагийн зах зээлийг Хойд Америк, Европ, Ази эзэлж байна. Тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд Хонконг энэ салбарт хүч түрэн орж ирсэн байна. Ультра чинээлэг хувь хүмүүс нь хөрөнгө оруулахад бэлэн 50 сая ам доллароос дээш урлагт хөрөнгө оруулах боломжтой урлагийн цуглуулгатай хүмүүс юм. Эдгээр хүмүүс 2020 онд 1.481 тэрбум ам доллароор урлагт хөрөнгө оруулжээ. Харин 2025 онд гэхэд хөрөнгө оруулалт 1.882 тэрбум ам долларт хүрнэ гэсэн төлөвтэй байгаа юм. Цуглуулга хийх чинээлэг хүмүүсийн тоо болон хөрөнгө өсөөд байхад урлагийн зах зээл буурсан үзүүлэлттэй байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байгаа юм.

Урлагийн зах зээл шинэ хэрэглэгч болон шинэ зүйлийг хүлээж авах нь хойрго байгаа бөгөөд нийт хөрөнгийн менежерүүд урлагийн зах зээлийг өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн байна. Цар тахал урлагийн салбарт нэг талаараа тэсрэлт авчирсан байна. Дуудлага худалдааны борлуулалт 2018 онд 9 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн оргил үе гэж тооцож байгаа. Харин 2019 оноос эхлээд дуудлага худалдааны хөрөнгө буурч эхэлжээ. 2020 оноос эхлэн онлайн дуудлага худалдаа зохион байгуулснаар балансаа барьсан байна.

Дижитал шилжилт

Технологийн шилжилт соёл, урлагийн түүхэн хуудсыг шинээр бичих эхлэл болоод байна. Тухайлбал, дэлхийн хэмжээнд энэ оны хагас жилийн байдлаар урлагийн онлайн борлуулалт 6,8 тэрбум ам.долларт хүрлээ. Сүүлийн 9 сарын байдлаар 2,5 тэрбум ам.долларын NFT худалдаалагдсан байна. Уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийг NFT болгох сонирхол их байна. Худалдан авагчдын зүгээс ч гэсэн урлагийн бүтээлийн эзэмшлийг нээлттэй болгож байгаа нь тааламжтай байгаа аж.

Цар тахлын үеийн урлагийн зах зээлийн тэсвэртэй байдал нь хөрөнгийн зах зээлийг илүү татаж чадлаа. Урлагийн бүтээлд хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Эцэст нь технологийн шилжилт ойрын жилүүдэд урлаг бас хөрөнгийн менежментийн шинэчлэлт өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч боллоо.

Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлсэн “Соёлын бүтээлч сар” аяны хаалтын форумд УИХ-ын гишүүд, элчин сайдууд, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын төлөөлөгчид оролцож форум өндөрлөв.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
С.Бэрцэцэг

12 сарын вэбинарын бүртгэл эхэллээ

Өмнөх нийтлэл

Хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.