Сайн засаглалыг алхам алхмаар бий болгоход маш урт хугацаа, мөн зохих хэмжээний зардал зайлшгүй гарна.

Ч Мөнбадрах нь Санхүүч.Мн сайтыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд ЖДБ – ийн санхүү бүртгэл, тайлагнал, төлөвлөлтөөр мэргэшсэн менежментийн зөвлөх.

Ч.Мөнхбадрахыг сошиалд дагах: facebook, twitter

Өмнөх нийтлэл: Санхүүгийн зөв бүртгэлээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь

Энгийнээр илэрхийлэхэд: Урт хугацаанд тогтвортой, сайн гүйцэтгэлтэй байхад нөлөөлөхүйц аливаа шийдвэрийг багаар гаргадаг, компанийг зөв чиглүүлж, зохистой хяналт тавьж байх системийг компаний засаглал гэх юм байна. Жижиг дунд бизнес сайн засаглалыг нэвтрүүлсэн байх нь хөрөнгө оруулагч татах, амжилттай санхүүжилт босгох бэлэн байдлыг нэг шат ахиулж өгнө.     

Тэгвэл, жижиг дунд бизнест компаний засаглалыг нэвтрүүлэхэд ямар асуудал үүсч болох вэ? Төлөөлөн удирдах зөвлөл – Гүйцэтгэх захирал – Гүйцэтгэх захирлын баг гэсэн бүтэц зохион байгуулалт руу шилжихэд бэлэн үү? Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хэн байх вэ, тэдний цалинг компани дийлэх үү? Компанийн сайн засаглалтай байхад шаардагдах аливаа хөрөнгө оруулалт, зайлшгүй гарах зардлыг компани мөнгөн урсгал дааж чадах уу?

Компанийн засаглал хэдий чухал ч хэрэв цагаа олоогүй, хэт нүсэр байдлаар нэвтрүүлэх гэвэл зардал эрс нэмэгдэж, “зуун ямаанд жаран ухна” гэдэгчлэн данхар толгойтой сульдаа биетэй компани болно. Биедээ ахадсан толгойтой ямар ч зүйл өчүүхэн төдий саад таарахад тэнцвэр алдах, өнхөрч унах нь тодорхой. Иймээс жижиг дунд бизнесийн хувьд компанийн төлбөрийн чадвар ямар болсон үед, хэзээ засаглалын талаар “ярих вэ” буюу ямар байдлаар нэвтрүүлэх нь зохистой вэ? 

Жижиг дунд бизнес дэх засаглалыг сайжруулахад шаардагдах зардлыг баримжаалах замаар 3 үе шатад хуваан авч үзье. Ингэхдээ уншигч та болон нийтлэгч бид хамтрагч нар, дундаа нэг компанитай, хувь тэнцүү хөрөнгө оруулсан байгаа гэж төсөөлье. 

Засаглалын үндсэн суурь нөхцөл бүрдүүлсэн ЖДБ

Юун түрүүнд бид эздийн мөнгө ба бизнесийн мөнгийг бүрэн тусгаарлаж чадсан. Мөн компанийн санхүү бүртгэл аливаа гүйлгээ гарсан тухай бүрд бүрэн гүйцэт хийгдэж, удирдлагын болон татварын тайлангуудыг зохих ёсоор цаг хугацаанд нь бэлтгэж хүргэдэг болсон. Хөрөнгө оруулагчийн хувиар бид хамтран ажиллах гэрээг хуулийн зөвлөхийн зөвлөмж, хяналт дор хийсэн ба үүний ачаар хэн ямар үүрэг хариуцлагатай байхыг тодорхойлж, дундаасаа Гүйцэтгэх захирлыг томилсон. Туршлагатай менежментийн зөвлөхтэй гэрээ байгуулан ажиллаж, компанийн бизнесийн үйл ажиллагаанд оношилгоо хийж, дүгнэн, түүний дагуу хэрэгжүүлэх ажлын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажилласан. 

Аль нэг хөрөнгө оруулагч нь бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох, дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй бөгөөд аливаа чухал шийдвэрийг багаар, компанийн дунд шатны менежрүүдийн саналыг тусгах, гадны зөвлөхүүдтэй зөвлөлдөх зэргээр хамтран гаргадаг болсон. Гүйцэтгэх захирал болон дунд шатны менежерүүдийн эрх мэдлийн хязгаарыг тодорхойлон журамлаж, эрх мэдлээс давсан хөрөнгө мөнгөний зарцуулалт, хөдөлгөөн хийхдээ хөрөнгө оруулагчдын зөвшөөрлийг авах зэргээр давхар хяналтыг бий болгосон. Аливаа шийдвэр болон үйл ажиллагаа зохицуулсан журам заавар гэх мэт аливаа бичиг баримтыг Гүйцэтгэх захирлын тушаалаар батлан албажуулж, архивлан хадгалдаг.   

Цаашид компанийн санхүүг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар аудит хийлгэж байх нь чухал гэдгийг ойлгож мэдсэн байгаа. Энэ түвшинд хүрснээр, мөн цаашид энэ түвшингээ хадгалахын тулд, жишээлбэл санхүүгийн ажилчдын цалин хөлс болон хөндлөнгийн гэрээт зөвлөхүүдийн төлбөрт жилдээ 75.0 сая төгрөгийг зарцуулдаг. Нэгдүгээр үе шатыг давахад бид 3 жилийг зориулсан. 

Санхүүжилт амжилттай босгож чадах нөхцөл бүрдүүлсэн ЖДБ

Дөрөв дэх жилээс бид санхүүгийн бүхий л тайлангууд, дээр нь нэмж санхүүгийн бус бусад тайлан, бизнесийн гүйцэтгэл, үзүүлэлтийн талаар тайлан мэдээг бүх хөрөнгө оруулагч нар болон захирал удирдлагуудад сар, улирлаар тогтмол хүргэдэг болсон. Ингэхийн тулд Чанарын удирдлагын тогтолцоо – 9001 нэвтрүүлж, үйл ажиллагаандаа төслийн удирдлагын арга туршлагуудыг хэрэгжүүлж эхэлсэн.  

Компанийн бизнесийн үйл ажиллагаа амжилттай үргэлжлэхэд оролцох бүх талуудаа бүрэн тодорхойлж, олон нийттэй сайн харилцааг хадгалах үүднээс вэб сайттай болж, нийгмийн сүлжээнд өөрийн нэрээр байршиж, тогтмол мэдээлэл хүргэдэг болсон. Мөн төлөвлөж байсны дагуу жил бүрийн санхүүгийн тайланг нэр хүндтэй аудитын байгууллагаар нягтлуулж, дүгнэлтийн дагуу сайжруулалт хийж байгаа.

Жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлан мөрдөж, гүйцэтгэлийг хэмжин тайлагнадаг болсон бөгөөд ингэхдээ төслийн удирдлага, ажлын удирдлагын платформуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Компанийн Алсын хараа, Эрхэм зорилгоо оновчлон, түүндээ тохирсон бүтэц зохион байгуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үндсэн чиг үүргүүдийг хариуцсан байнгын орон тооны ажилчидтай болж, хууль, чанар стандарт, мэдээллийн технологи болон сошиал маркетингийн байнгын зөвлөхүүдтэй гэрээ байгуулан Зөвлөхүүдийн зөвлөл байгуулсан. Аливаа томоохон шийдвэрийг хөрөнгө оруулагчид ба Зөвлөхүүдийн зөвлөл хамтарсан өргөтгөсөн хурал тогтмол зохион байгуулж, хамтаар, багаар гаргадаг болсон. Энд нэгэнт хүрсэн амжилтад тулгуурлан Төлөөлөн Удирдах Зөвлөлийг компанид хэрэгтэй туршлага, ур чадварууд  бүхий хараат бус гишүүдийг оролцуулан байгуулж, ТУЗ ба Гүйцэтгэх захирал хоорондын харилцааг зохицуулсан гэрээг байгуулж албажуулсан. 

Цаашид бид компаний үйл ажиллагаа, зохион байгуулалтыг улам сайжруулах, тухайлбал аливаа чиг үүргийн төвлөрлийг сааруулах, аль болох төлөөлүүлэх, чиг үүрэг бүхий хороодын зохион байгуулалт бий болгох, эрсдлийн удирдлагын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа. 

Хоёрдугаар шатыг давахад бидэнд 8 жил хэрэгтэй болсон бөгөөд нэгдүгээр шатанд хүрсэн түвшинг хадгалахад зарцуулдаг жил бүрийн 75 сая төгрөгийн тогтмол зардал дээр нэмж, хоёрдугаар шатанд хүрсэн түвшинг хадгалахын тулд урсгал зардал дээрээ нэмж жил бүр 100 сая төгрөгийг тогтмол зарцуулдаг. 

Засаглалыг зохих хэмжээнд нэвтрүүлсэн ЖДБ

Бид хүрээлэн буй орчиндоо, мөн харилцагч болон нийт холбоотой талуудад нөлөөлж буй байдалдаа маш их ач холбогдол өгч, байгаль орчин болон нийгэмд үзүүлж буй нөлөөг хэмжих үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг болсон. Мөн харилцагч болон холбоотой талуудын сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, эдгээр үнэлгээ дүгнэлт, судалгаагаар тогтоогдсон аливаа алдаа, үл тохирлыг засах, сайжруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг. 

Хувьцаа эзэмшигчид шинээр нэмэгдэж, нийт хувьцаа эзэмшигчдийн жилийн хурлыг тогтмолжуулсан, хувьцааны төвлөрөл үгүй болж, нийт хувьцаа эзэмшигчийн оролцоог бүрэн тэгш хангаж чадсан. ТУЗ болон менежментийн багийн үүрэг хариуцлага ба эрх мэдлийг бүрэн тодорхойлж, давхардалгүй, орхигдолгүй тогтолцоог бүрдүүлэн, ТУЗ – ийн үйл ажиллагааг журамлаж, журмын хүрээнд нэгдмэл ашиг сонирхолгүй бөгөөд сонирхлын зөрчилгүй гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилон ТУЗ – ийг шинээр бүрдүүлэн, гишүүн тус бүртэй гэрээ байгуулж, эрх, үүрэг ба хариуцлагыг тодорхой болгосон. Мөн журмын дагуу ТУЗ – ийн дэргэд дотоод хяналтын хороо зэрэг чиг үүргийн хороод ажиллаж эхэлсэн. 

Гүйцэтгэх захирлын багт Бизнес хөгжил эрхэлсэн, Санхүү эрхэлсэн болон Үйлдвэрлэл эрхэлсэн захирлуудын чиг үүрэг бий болж, тус бүрд нь мэргэжлийн туршлагатай удирдлагууд томилогдон ажиллаж байна. Дотоод хяналтын тогтолцоог компанид бий болгон, давхар хөндлөнгийн аудитаар тохирол нийцлийг тогтмол хянуулдаг.

Компанийн бизнесийн стратеги, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөг компанийн бүх түвшинд хэлэлцэж, оролцоог ханган, санал санаачлагыг тусгадаг. Бизнесийн зорилтууд, төлөвлөгөө, төсөв цаг хугацаандаа гарч бүх түвшинд мэдээлэгддэг, гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтүүд тодорхой, гүйцэтгэл тайлан бүгдэд нээлттэй байдаг тул бүх нэгж хэлтэс, ажилчдын ажлын гүйцэтгэлийг хэмжих, урамшуулах тогтолцоо хэвийн ажилладаг. Гуравдугаар үе шатыг давахад бидэнд 7 жил хэрэгтэй болсон бөгөөд энд хүрсэн байдлаа хадгалахын тулд жил бүр төлж буй 200 орчим сая төгрөгийн зардлыг бид байх ёстой тогтмол зардалд тооцон, төсөвлөж, төсвийн гүйцэтгэлийг хангаж ажиллаж байна.      

Дээрх 3 үе шат тус бүрийг давах, компанийн сайн засаглал нэвтрүүлэхэд шаардагдах зардлын дүн жишээ татсан хэмжээнд байх албагүй, их эсвэл бага аль ч байж болно. Нийтлэлийн гол санаа нь, сайн засаглалыг алхам алхмаар бий болгоход маш урт хугацаа, мөн зохих хэмжээний зардал зайлшгүй гарах бөгөөд хэрэв танай компани үүнийг нэвтрүүлж эхлэхэд санхүүгийн чадавхийн хувьд бэлэн бол замдаа эртхэн гараарай.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Ч. Мөнхбадрах
Sanhuuch.mn-ий үүсгэн байгуулагч, бизнесийн зөвлөх

Уран бүтээлчид Кино урлагийг дэмжих хуулийн талаар

Өмнөх нийтлэл

С.Бадрал: “Чимэгэ” систем дэлхийн шилдэг 40 стартапын нэг боллоо

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.