“Борлуулалт бол багийн тоглолт” хэмээн онцолсон А.Урангоо энэ оны эцэс гэхэд багаа хоёр дахин тэлж, 100 борлуулагчтай хүчирхэг армийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. 

Хэтийн зорилго, хийж буй ажлынхаа талаар хэн ч анхааран сонсмоор сонирхолтой яриа өрнүүлж, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлдээ шатаж буй нь дэлгэцийн цаанаас ч мэдрэгдэм ярилцлагыг А.Урангоо “Гарааны бизнес” нэвтрүүлэгт тэртээ долоон жилийн өмнө өгчээ. Нэвтрүүлгийн үеэр тэр “Одоо төвлөрч буй ажлын маань үр дүн гарах хараахан болоогүй байна. Ялангуяа хүний нөөцийн салбараас үл хөдлөх хөрөнгийн салбарт бууриа сэлгэж, бизнесээ эхлүүлж байгаа хүний хувьд” хэмээн товчхон хариулав. Харин өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн салбарыг А.Урангоогүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй болтол тэр өөрийн нэр нөлөөг тамгалж, олны итгэлийг хүлээж чадсан юм. Бизнесээ дөнгөж эхлүүлээд байхдаа л ярьж хэлж, бодож төлөвлөж байсан бүхнээ тэр бодит болгож, амжилттай хэрэгжүүлж чадсаныг өнгөрсөн хугацаанд медиагаар цацагдсан ярилцлагуудаас нь мэдэж болно.  

Үл хөдлөх хөрөнгийн салбарт, тэр дундаа Монгол шиг жижиг зах зээлтэй улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн франчайзинг бизнесүүдтэй эн зэрэгцэн компаниа амжилттай удирдаж яваа нь түүнд ямар нэг онцгой ур чадвар нуугдаж байгааг хангалттай өгүүлнэ. Магадгүй хурдан шалмаг ажиллах арга барил, мэдрэмж, мөн төрөлхийн гэмээр холбон тоглох чадвар нь тэрхүү нууц байж ч болох. Гэвч энэ бүхнээс эсрэгээр тэр өөрийгөө “Би зүгээр л salesman/борлуулагч” хэмээн даруухнаар тодорхойлсон юм. Гэсэн ч яагаад хүмүүс түүнтэй хамтран ажиллахаар тэгтлээ тэмүүлдгийг, эсвэл олон оронтой тоогоор хэмжигдэх томоохон борлуулалтуудын ард хэрхэн гарч, амжилттай гэрээ үзэглэдэг тэр л арга барил, туршлага нь олон хүний сонирхлыг татдаг. Нэг үгээр, А.Урангоо өөрөө тэр чигтээ эрэлт ажээ.   

“30 минутын дотор гурван байр зарагдлаа гэх мэдээг аваад хийж байгаа ажил маань ийм бодитой, бас ингэж эрчтэй урагшилж байгааг харахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрдөг”.  

Их хотын хамгийн сайхан ногоон байгууламжуудын нэгийг цогцлоосон “Ривер Гарден” хотхоны үйлчилгээний төвд байрлах UA Properties компанийн төв оффис руу ороход энд тэндгүй утас жингэнэж, хэн нэгэн харилцагчийн дуудлагад хариулж буй эрч хүчтэй борлуулагч залуусыг олж харна. Ажил оволзсон, асар завгүй эндхийн хэмнэл ажил хэрэгч, орчин үеийн интерьертэй хослохын зэрэгцээ ханан дахь уран зургууд, том самбарууд, ил гал, тухлаг буйдан зэргээс гэртээ байгаа мэт тав тухыг мэдрэхээр зохион байгуулсан нь бүхнийг бодолцсон өвөрмөц шийдэл байв. Харин А.Урангоогийн өрөө үл хөдлөхийн борлуулалтын компанийн захирлын өрөө гэхээс илүүтэй аль нэг загварын агентлагийн боссын өрөөг санагдуулна. Түүний өрөө оффис дотор өрнөж буй бүхэн алган дээр тавьсан мэт илхэн харагдах шилэн ханаар тусгаарлагдах агаад хана дагуулж өрсөн загварлаг өсгийтүүд нь өрөөнд орсон хэн бүхний анхаарлыг татахуйц. “Орчин үеийн борлуулалтын компанийн оффисууд ажилтнууд болон үйлчлүүлэгчдэдээ зориулсан яг л ийм гэр, лаунжийн аль алийг санагдуулам тухтай, загварлаг, дээр нь гараа сунгаад л хүссэн бүх төрлийн уух зүйлээ авахад бэлэн орчин, найрсаг, дулаан уур амьсгалыг бүрдүүлж байж л энд жинхэнэ утгаараа ажил өрнөнө” гэсээр тэр угтлаа. 

Хамгийн түрүүнд мэдэхийг хүссэн зүйл маань сошиал медиад ажиллаж буй түүний мэдрэмжтэй, бас оновчтой арга барил. 17 настайдаа Америкийг анх зорьж, Денверийн комюнити коллеж, Колорадогийн их сургуулийг тус тус дүүргэж, 10 гаруй жил сурч, ажилласны эцэст тэр эх орондоо иржээ. Монголдоо эргэн ирсний дараа ажил хайх, бизнес эхлүүлэх, танилын хүрээгээ тэлэх зэрэг олон талбарт сошиал медиа чухал үүрэг гүйцэтгэснийг тэр нуусангүй. Их сургуулийн академик орчинд, хичээлийн хуваарьт багтсан агуулгын дагуу сошиал медиаг хэрхэн ашиглах тухай анх судалж, бүхэл бүтэн зах зээл байдгийг ойлгосон түүний хувьд сошиал медиа дээр ажиллах нь хэзээ ч шинэ зүйл мэт санагдаж байгаагүйг онцоллоо. Харин ч түүний сошиал медиа хаягууд бизнесээ хэрхэн удирдаж буйг хүн бүр харж, дагаж, суралцах боломжтой сонирхолтой талбар болон хувирч, дагагчдынх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, өнөөдрийн хэмжээнд нөлөөллийн орон зайгаа үүсгэх амжилтыг дагуулжээ. Сошиал медиад хандалтаараа тэргүүлэгчдийг улс төр, урлаг, спортын салбарынхнаар голдуу төсөөлдөг бол бизнесийн, тэр дундаа борлуулалтын салбараас цойлж буй нь тэр. Сүүлийн үед А.Урангоогийн хийж буй влог болон бусад видео үл хөдлөхийн салбартаа хэдэн арван тэрбум төгрөгийн борлуулалттай контент болоод буй. Магадгүй үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж буй хүмүүст түүний хурдан хэрнээ цэгцтэй яриа, ашигтай саналуудыг тавьж буй арга барил, туршлага, мөн загварлаг хувцаслалт, донжтой хошигнол сонирхолтой санагдахын зэрэгцээ сонголт хийхэд нь ч тусалдаг биз ээ. Зөвхөн влогуудаараа дамжуулан хамгийн өндөр үнийн дүнтэй борлуулалтуудаа хийсэн гэдгээ дашрамд тэр хуваалцсан юм. “Харилцагч компани маань сарын дотор 20 тэрбум төгрөгийн борлуулалт хийснийг сонсоод би өөрөө ч гайхаж байлаа. Хамгийн сүүлд гэхэд л 30 минутын дотор гурван байр зарагдлаа гэх мэдээг аваад хийж байгаа ажил маань ийм бодитой, бас ингэж эрчтэй урагшилж байгааг харахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн” хэмээн тэр сэтгэл хангалуун өгүүллээ.  

Өдгөө 50 гаруй ажилтантай UA Properties компани үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон хөрөнгө оруулалтын чиглэлээр өөрийн маркетинг, видео контентын багтайгаар таван чиглэлд салбарлан үйл ажиллагаа явуулж байна. Өндөр үнийн дүн бүхий, тансаг зэрэглэлийн орон сууц, хаус борлуулалтаар тэд зах зээлд тэргүүлдэг. Учир нь компани бүхэлдээ нетворкинг, маркетинг болон хөрөнгө оруулалтын буюу борлуулалтын дараагийн төвшинд шилжих бэлтгэлийг өнгөрсөн дөрвөн жилийн турш дотооддоо хэрэгжүүлж, олон томоохон төслийг амжилттай борлуулж, барилгын салбартаа хамгийн нэр хүндтэй борлуулалтын компаниудын нэг болжээ. “Одоо л бид ам бардам хэлэх түвшинд олон амжилттай борлуулалтын ард гарч, туршлага хуримтлууллаа” гэсэн А.Урангоогийн үг зах зээлд эзэлсэн өнөөгийн байр суурьтай нь харьцуулахад асар даруу. Тэрбээр хамт олноо “Күүл, Gen –Z -лэг соёлтой” хэмээн тодорхойлсон юм. Дийлэнх нь борлуулалтад төвлөрдөг учраас бие биеэ урамшуулж, сэдэлжүүлж ажилладаг бөгөөд компанийн зүгээс ч ажилтнуудаа маш сайн урамшуулдаг. Борлуулалт сайн хийхээс гадна байгууллага дотроо шинийг санаачлах, хамт олноо нэгтгэх төрөл бүрийн үйл ажиллагаа сэдэж, зохион байгуулах зэргээр хэн идэвх, санаачлагатай ажиллана түүнд байнгын бонус, урамшуулал олгох системийг бүрдүүлсэн нь амжилттай хэрэгждэг. “Борлуулалт гэдэг компьютерын ард суух бус хүн хоорондын харилцаанаас л бий болдог. Тиймээс ажилтнуудаа өөр хоорондоо харилцах, холбогдох, нээлттэй байх, мэдээлэл дамжуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ажлуудыг их хийдэг. Тэгж байж л байгууллага доторх мэдээллийн урсгал сайжирч, хамт олны дунд нөхөрлөл, сүлжээ үүсдэг” гэлээ. Түүнийхээр борлуулалт гэдэг багийн тоглолт учраас багаа бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, гишүүн нэг бүрийн онцлогийг харгалзан үзэх шаардлагатай. UA Properties компанийн хувьд хоорондоо маш сайн холбогдож, нягтарч ажилладаг. Тухайлбал, нэг бүтээгдэхүүн орж ирлээ гэхэд түүнийг аль сувгаар хэрхэн борлуулах талаар хүн бүрийн толгой зэрэг ажиллаж, нэг хүн шиг сэтгэж чаддаг аж.  

UA Properties -ийн хамт олон Монголын зах зээл дэх өндөр үнийн дүнтэй, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, мөн борлуулахад ярвигтай хөрөнгүүдэд төвлөрөн яг л мэс засалч шиг ажилладаг. Тэд өөрсдөө ч ингэж хэлэх дуртай.

Эрэлт нийлүүлэлтийг бүтээгч

Өнгөрсөн найман жилийн хугацаанд А.Урангоо сар бүр нийт 5-10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүдийг тасралтгүй эргэлдүүлж чадаж буй зэргээс үзэхэд Монголын үл хөдлөхийн салбарын уран ухаан сийлэгч төдийгүй нөлөө бүхий тоглогч болох нь төвөггүй мэдэгдэнэ. Тэрбээр “Ганц нэг, магадгүй хэд хэдэн том борлуулалтыг аз од гийгээд хийсэн байж болно. Тэр амархан. Харин сар тутам, тогтмол амжилттай борлуулалт хийнэ гэдэг яах аргагүй туршлага. Хүнд хэцүү үеийг даван туулсан учраас одоо тэр цаг мөчүүдээ эргээд харахад баяртай байдаг. Манай хамт олон зах зээлийг цэгцэлж, хэлбэршүүлж, хэрэглэгчдээ энэ талын мэдлэг боловсролтой болоход нөлөөлж чадсан” хэмээн итгэлтэй өгүүлэв. 

Олон тэрбумаар хэмжигдэх эрэлт, нийлүүлэлтийг бий болгож чадсан UA Properties -ийн хамт олон Монголын зах зээл дэх өндөр үнийн дүнтэй, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, мөн борлуулахад ярвигтай хөрөнгүүдэд төвлөрөн яг л мэс засалч шиг ажилладаг. Тэд өөрсдөө ч ингэж хэлэх дуртай. Зах зээлд олон компани бий болох тусам өөр хоорондоо борлуулалтын чадвараараа өрсөлдөж эхэлдэг. Зуучлалын олон газраар дамжаад ч борлогдохгүй байсан үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээн авч, амжилттай борлуулдаг нь тэдний онцлог. “Хүн итгэл найдвар хүлээлгэж, үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөө борлуулах гээд манайд хандаж байхад бид зөвхөн зар тавиад хүлээгээд сууж чадахгүй, ямар нэг шинэлэг зүйл хийх ёстой. Тиймээс влог хүртэл хийж үзэж байна. Манайд ханддаг тэр олон хүний итгэлийг бид зүтгэлээр хариулж, өч төчнөөн борлуулалтыг амжилттай хийдэг. Тун хариуцлагатай ажил гүйцэтгэж байгаа гэдэг утгаараа бид өөрсдийгөө мэс засалчидтай зүйрлэдэг” гэлээ. Энэ бүх амжилтыг бүтээж буй хамт олны ард тэднийг удирдан чиглүүлж, урагшлуулж буй гол хүч нь А.Урангоо. Энэ дугаартаа түүнийг онцолж буй шалтгаан ч энэ. Тэрбээр Монголын хамгийн том ББСБ болох Netcapital, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Od Square компанийн ТУЗ -ийн гишүүн бөгөөд нийгэмд идэвх, оролцоотой төрийн бус байгууллагууд, эмэгтэйчүүдийн холбоодын идэвхтэй гишүүн. Мөн хүүхдэд зориулсан хандивын аян болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг  ч идэвхтэй дэмждэг. 

“А.Урангоогийн нүдээр Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар тэр чигтээ тоглолт. Аливааг зарж борлуулна гэдэг энэхүү тоглолтыг сонирхолтой болгогч гол хөдөлгүүр”.

Өнгөрсөн хугацаанд тэр франчайзинг эрх эзэмших хэд хэдэн саналаас татгалзжээ. Учир нь түүнд өөрийн зорилго, карьер, цаашид хийж бүтээх хүсэл эрмэлзэл, мөн төлөвлөгөө бий. Компаниа өргөжүүлж, өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах талаар тэр багагүй эргэцүүлсний дотор дотооддоо франчайзинг гаргаж үзэх талаар ч бодож амжжээ. Мэдээж хэрэг хамгийн амархан шийдэл бол олон улсын франчайзинг нэвтрүүлэх байлаа. Гэхдээ эцсийн дүнд компаниа энэ хэвээр үлдээж, цааш улам олон төрлийн борлуулалтаар өргөжүүлэх замыг тэр сонгожээ. Хувцасны дэлгүүр, хими цэвэрлэгээний салонаас эхлээд өөр бусад салбарын бизнес, бүр хувь хүний цуглуулга бүхий музей борлуулах гээд олон арван санал түүнд өдөр тутам ирдэг. Үүгээр зогсохгүй гоо сайхны, үнэт эдлэлийн зэрэг хэд хэдэн компани түүнтэй борлуулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллаж буй. Ийнхүү зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбар гэлтгүй эрэлтийг үүсгэж чадсан учраас оны эцэс гэхэд тэрбээр багаа хоёр дахин тэлж, 100 хүнтэй борлуулалтын хүчирхэг армийг бий болгохоор төлөвлөж байна. 

Дөнгөж компаниа байгуулаад байхдаа зах зээлээ ойлгохоос эхлээд маркетинг, санхүү, хүний нөөц гээд бүгдийг өөрөө хийж, цуцалтгүй, шаргуу ажилласан өдөр хоногууд А.Урангоод олон бий. Тиймээс хүмүүсийг ажилд авахдаа тууштай байх шаардлагыг тэр маш тодорхой тавьдаг. Тэр хэрээрээ өнгөрсөн найман жилийн хугацаанд UA Properties компаниас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан хүний тоо хуруу дарам цөөн. “Замын дундаас буцах, болих маш амархан. Нэг товчлуур дараад л болоо. Харин оронд нь жаахан гүрийгээд давчихвал цааш хамаагүй хялбар болдог. Тууштай байснаар мэргэжлийн хувьд өсөж хөгжиж, давхар амжилт үзүүлэх боломж ч нэмэгдэж, салбартаа мастерын хэмжээнд үнэлэгдэхүйц түвшинд очдог. Өөрийгөө хөгжүүлж, өөртөө хөрөнгө оруулна гэдэг ажиллаж буй салбартаа, сонирхож буй чиглэлээрээ улам гүнзгий мэргэшиж, чадавхжихийг хэлнэ” хэмээн тодотгов. Мөн тэрбээр хурдтай, итгэл даахуйц байхыг ажилтнуудаасаа шаарддаг. Өнгөрсөн хугацаанд түүний итгэлийг алдсан тохиолдол цөөнгүй гарч байсан тул хүмүүст “Итгэл даагаарай”, “Итгэлтэй байна шүү” гэж байнга хэлдэг нь ч ийм учиртай. Харин салбарынхаа тухайд “Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын ур чадварыг эмч шиг гүнзгийрүүлж судлах, зураач шиг олон дахин давтахад сайжирдаг зүйл биш. Суурь чадваргүй хүмүүс үл хөдлөхийн салбарт аз туршин орж, карьераа баллаж байна. Энэ бол мөрийтэй тоглохтой л адил. Гэтэл Монгол Улс цөөн боловсон хүчинтэй, хөдөлмөрийн насанд хүрсэн сая гаруйхан хүнтэй орон. Үүнд, их эмзэглэж явдаг” гэлээ. 

А.Урангоогийн нүдээр Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар тэр чигтээ тоглолт. Аливааг зарж борлуулна гэдэг энэхүү тоглолтыг сонирхолтой болгогч гол хөдөлгүүр. Монголын томоохон банк, санхүүгийн байгууллага, барилгын компаниудын урилгаар тэр сургалт хийхдээ энэ тоглоомын дүрмүүдийг ярьдаг. Гэхдээ олон жил, олон цагийг зарцуулан байж олж авсан туршлага, нөү-хаугаа бусдад зүгээр л яриад өгчих нь хэтэрхий хайран санагддагаа ч нуугаагүй юм. Сүүлийн үед тэр элдэв нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөхөөс татгалзах болсноо ч хэлж байв. Харин яриан дундаас нь түүний хийж буй хөрөнгө оруулалт, мөн сүүлийн үед трэнд болж буй крипто валютын тухай сонирхолтой, нууц төслүүд хэрэгжүүлж байгааг нь олж мэдсэн юм. 

Үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ урсгал бий болж, томоохон үнийн дүн бүхий гүйлгээнүүд бартер солилцооны хэрэгслээр дамжиж, үүнд үл хөдлөх хөрөнгийг түлхүү ашиглах болсныг тэр онцоллоо. Товчхондоо, энэ салбар зөвхөн байр, орон сууцаар хэмжигдэх бус арилжааны томоохон хэрэгсэл болон хувирчээ. UA Properties компани энэ төрлийн борлуулалтыг хийхээс гадна зөв гэж үзсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. Тэдний шинэ үйлчилгээ зах зээлд огт байгаагүй орон зайг дүүргэж, үл хөдлөхөө богино хугацаанд борлуулах сонирхолтой үйлчлүүлэгчдэд боломж олгожээ. 

Холбон тоглогч

Ихэнх хүн амьдралдаа тоотой хэдэн удаа л үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт хийдэг. Гэсэн ч эрүүл мэнд, боловсрол болон бусад материаллаг хэрэглээндээ зарцуулдгаас хавьгүй их хөрөнгийг зөвхөн үл хөдлөх хөрөнгөд зориулдаг. Нөгөө талаар, эдийн засгийн савлагаанд хамгийн мэдрэг салбаруудын нэг учир борлуулагчаас асар өндөр мэдрэмж, сэтгэл зүтгэл, мөн анхаарал төвлөрөл шаарддагийг А.Урангоо онцоллоо. Амжилттай борлуулалтын нууцыг ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж, түүндээ гүн автах хэмээн томъёолсон нь тун энгийн сонсогдож болох ч тэр ингэж л хариулдаг. “Ажилдаа дурлаж, сонирхож эхэлсэн цагт хүнээс борлуулалтын ур чадварууд аяндаа гардаг. Ажлынхаа онцлогийг ч ойлгож, мэдэрч эхэлдэг. Сэтгэл зүрхтэй хүн л сайн реалтор болж чадна. Тухайн хүний хөрөнгийг хайрлаж, хамт бодож, хамт шийдвэр гаргадаг учраас”. 

А.Урангоо багаасаа л аав, ээжийнхээ шаргуу хөдөлмөрлөхийг, салбарынхаа 30 хувийг дангаар бүрдүүлдэг “Ариун” брэндийг жижиг цехээс үндэсний томоохон үйлдвэрлэгч болтол хөгжүүлэхийг дэргэдээс нь харж өсчээ. Тиймээс ч гэр бүлийнхээ бизнесийг бус, өөрөө бие даан тэс өөр салбарт бизнес эрхэлж буйг нь гайхан асуудаг хүмүүст түүний мөрөөдлийн салшгүй нэг хэсэг бол аав, ээжийнхээ бий болгосон үйлдвэрлэлийг цааш давхар хөгжүүлэн авч явах хэмээн хариулсан юм. 

Тэр оюутан байхдаа Колорадогийн их сургуулийнхаа харъяа, Засгийн газрын санхүүжилттэй эрүүл мэндийн эрдэм шинжилгээний төслүүдэд ажиллаж, ажлын арга барил, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, корпорэйт соёл, бизнесийн этик болон системчлэгдсэн олон арга барилд суралцжээ. Сургуулиа төгсөх хүртлээ тэнд ажиллаж, 2000 орчим төслийн санхүүгийн системд шаардлагатай бүхнийг бүртгэх ажилд 15 ерөнхий нягтлангийн дунд суун ажилладаг байж. Ингэж коллежид байхаасаа л долоо хоногт 20 цаг ажиллах оюутны эрхээ бүрэн эдэлж, оффисынхоо Google гэж нэрлэгдэх хүртлээ дөрвөн жил тасралтгүй ажиллажээ. Түүний хурдан шуурхай ажиллах арга барил, аливааг шинээр сэтгэж, улмаар ажилдаа нэвтрүүлдэг зэрэг зан чанар нь удирдлагууддаа үнэлэгддэг байв. Мөн тэрбээр багаасаа л цэвэр бичигтэн хэмээгдэж, газрын теннисээр хичээллэхийн зэрэгцээ сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй сурагчдын нэг байсан нь Америкт суралцах хугацаанд ч ач тусаа өгснийг ярих дуртай. Тухайлбал, их сургуулийн багш нартаа тусалж, сургалтын сертификатууд дээр нь оюутнуудын нэрийг гараа гарган, уран гоё бичих ажлыг цагийн 30 ам.доллараар хийдэг байснаа хөгжилтэйгээр дурслаа. Мөн хаа ч очсон урлаг, уран сайхны үзүүлбэрийг дуу дуулаад л авч гардаг байсан тухайгаа ярьсан юм.

“Олон тэрбумаар хэмжигдэх эрэлт, нийлүүлэлтийг бий болгож чадсан UA Properties -ийн хамт олон Монголын зах зээл дэх өндөр үнийн дүнтэй, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, мөн борлуулахад ярвигтай хөрөнгүүдэд төвлөрөн яг л мэс засалч шиг ажилладаг”.

Их сургуулийнх нь төлбөр өндөр байсан ч хэрэглээнийхээ зардлыг өөрөө олохын тулд амралтын өдрөөр зөөгч хийж эхэлсэн нь борлуулалтын амтыг мэдрэх анхны алхмуудынх нь нэг байжээ. Хоол идэхээр ирсэн хүнд зөв сонголт хийхэд нь тусалж, зөвлөж, тип (гарын мөнгө) авах нь борлуулалт, үйлчилгээ хоёроо нэгэн зэрэг үнэлүүлэх хамгийн бодит үнэлгээ. Тэр тийм ч өндөр тип авдаг зөөгч байгаагүй ч, ур чадвараа өсгөж, типээ нэмэгдүүлэх аргыг эрэлхийлж, харж суралцжээ. “Зөөгчөөр ажиллах ч бас ухаан зарах ажил. Би ажиллаж байгаа рестрануудынхаа үйлчлүүлэгчид юу хүсээд байна гэдгийг мэдэрч, түүнийгээ захиралдаа маркетингийн зөвлөгөө маягаар байнга хэлдэг, бага зэрэг төвөгтэй ажилтан байсан. Миний санааг хэрэгжүүлсэнгүй гээд ажлаа хаяад гардаг бардам явсан үе ч бий” хэмээн А.Урангоо дурсаж байна.

Энэ бүх түүх, дурсамж, яриаг сонсоход тэр хэзээний л өөрт тохиолдсон асуудлууддаа гарц, гаргалгаа, шийдэл хайж ирснийг анзаарна. Монголд ирээд яг л энэ зангаараа шийдэл эрэлхийлж явсаар түүнийгээ бизнес болгож, нэг бизнесээс дараагийн хийх ажлынхаа санааг олж явсаар нэг л мэдэхэд бидний мэдэх А.Урангоогийн түүх бичигдэж, өнөөдөр, энд, одоо цагт авчирчээ. Тэр бизнес хийхдээ нэг л гол зарчмыг баримталдаг нь эрэлт, нийлүүлэлтийг холбох. Өнгөрсөн хугацаанд яг ингэж л харж эхлүүлсэн бизнесүүд нь бүгд амжилтад хөтөлжээ. Эхнээс нь товчхон дурдъя. Хэчнээн туршлагатай, мэдлэг боловсролтой байлаа ч гадаадын аль нэг улсаас эх орондоо эргэн ирсэн залуусын хувьд сайн ажилд орох нь тун ярвигтай эд болохыг тэр өөрөөрөө дамжуулан ойлгосноор хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний компаниа байгуулж байв. UA Consulting буюу өөрийн нэр, овгийн эхний үсгийг нэгтгэж (Алтангэрэлийн Урангоо), дээр нь consulting гэсэн үгийг нэмснээр анхны компанийнхаа нэрийг бүтээсэн түүхтэй. Харин хүмүүсийг ажлын байранд зуучлах, холбох явцад үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ үүсэж буйг, мөн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байхад зах зээлд зуучлалын үйл ажиллагаа дутмаг байгааг анзаарснаар үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьсан нь эдүгээ түүний гол бизнес болтлоо өргөжсөн UA Properties компани юм. Өдгөө А.Урангоо UA Properties -ээс гадна UA Consulting, UA Design Studio, UA Media Marketing зэрэг нэрнээсээ л үйл ажиллагааных нь чиглэл тодрох хэд хэдэн компанийг байгуулж, цар хүрээгээ аажмаар тэлсээр байна. Өөрөөр хэлбэл, боломжийг соргог олж харж, түүнийгээ шаргуу хөдөлмөрөөр тордож, бизнесээ цэцэглүүлж чадсан нь түүний онцлог. 

Өдөр бүр хүмүүсээс талархлын зурвас хүлээн авдаг А.Урангоогийн танилцуулсан хүмүүс гэр бүл болж, зааж өгсөн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зөвлөсөн хүнд нь яг таарч тохирох зэргээр тэр аливааг өөр хооронд нь холбох төрөлхийн гэмээр чадвартай. “Би үүнд л итгэдэг. Түүнээс биш олон танилтай, олон дагагчтай учраас борлуулалт сайн хийгээд байна уу гэвэл мэдээж үгүй. Хүмүүс намайг сайн удирдагч, сайн бизнесмэн, сайн ээж гэх зэргээр тодорхойлдог ч, яг үнэндээ аль нь ч биш юм билээ. Би зүгээр л хүмүүсийг хооронд нь маш сайн холбож өгдөг хүн” хэмээн тэр хариулав. Түүний хэлснээр энэ суурь чадвар нь бизнесийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгож, зах зээлд хүчтэй тоглогч хэвээр байлгаж буй гол хүчин зүйл ч байж мэднэ.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Ц.Бат-Оргил: Монгол үлгэрүүдээр анимэйшн бүтээл хийж маш том санаануудыг илэрхийлэх боломжтой

Өмнөх нийтлэл

Хүний урсгал тасрахгүйгээр худалдаа, үйлчилгээний барилгыг хэрхэн төлөвлөх вэ? (№135)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.