"Орчард Консалтинг" компанийн үүсгэн байгуулагчид: Ж.Амаржаргал, А.Сүхболд
Компани: “Орчард Консалтинг” 
Чиглэл: ERP систем нэвтрүүлэлт, хөгжүүлэлт
Үүсгэн байгуулагч: Ж.Амаржаргал, А.Сүхболд

Зургаан харилцагч, 10 жилийн тогтвортой үйл ажиллагаа. Эдгээр тоон харьцаа харилцагчийнхаа тоонд анхаарал хандуулдаг компаниудын хувьд сонирхолтой сонсогдож болох юм. Харин “Орчард Консалтинг” компани тооны олонд бус үйлчилгээний чанарт анхаарч ирснийг энэ даруухан баримт илтгэнэ. Нэвтрүүлж буй бэлэн системээ хэрэглэгчийнхээ хэрэгцээнд тааруулж, тохируулах өвөрмөц чадавх бүхий мэргэжилтнүүдээс бүрдэх хамт олноо Ж.Амаржаргал “Хүчирхэг, туршлагатай, боловсорсон” хэмээн тодорхойлсон нь өнгөрөгч арванд цөөн тооны харилцагчдадаа чанартай, тогтвортой, найдвартай үйлчилгээг урт хугацаанд үзүүлж ирсний нэг илрэл. Өнгөрсөн хугацаанд Мобиком, Доктор Авто Сүлжээ зэрэг дотоодын шилдэг компаниуд эдний харилцагч болжээ.

Германд банк, санхүүгийн мэдээллийн технологийн чиглэлээр төгсөж, ажиллаж байгаад эх орондоо ирсэн Ж.Амаржаргал 2012 онд өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийдсэн нь SAP ERP системийг Монголын компаниудад нэвтрүүлж, нутагшуулах ажил байв. Дэлхийд тэргүүлэгч Германы SAP компанийн нэрийн ERP системийн ач холбогдол, бусад системээс ялгарах давуу талыг тэр сайн мэдэж байсан ч тухайн үед энэ бүхнийг хүлээн авч, өөриймшүүлэх зах зээл хараахан бүрэлдээгүй байлаа. Олон хүн, тэр дундаа мэдээлэл технологийн салбарынхан, мөн уг системийг нэвтрүүлж, бүтээмжээ нэмэгдүүлэн, үр ашгаа хүртэх ёстой компаниуд ч төдийлэн ойлгож эхлээгүй, эртэдсэн гэж үзэж байлаа. Зах зээл ийм мэргэжлийн үйлчилгээг ойлгож хүлээн зөвшөөрөхөд тодорхой цаг хугацаа хэрэгтэйг тэр анзаарсан ч эрсдэл үүрч “Орчард Консалтинг” компаниа байгуулжээ. Энэ үйл хэрэгт Энэтхэгт SAP -ийн хөгжүүлэлт, тохиргооны чиглэлээр суралцаж, ажиллаад эх орондоо ирээд удаагүй байсан А.Сүхболд хүч нэмэн, хамтран үүсгэн байгуулагчаар орж ажилласан байна. Төд удалгүй 2013 онд анхны харилцагч болох Мобиком Корпорацид SAP ERP системийг нэвтрүүлсэн нь өнөөгийн 20 ажилтантай баг хамт олон үүсэх эхлэл болжээ.

Мобиком Корпораци SAP ERP-ийг нэвтрүүлснээр өрсөлдөх чадвараа сайжруулж, төслийн хөрөнгө оруулалтаа гурван жилийн дотор нөхжээ. 

Ж.Амаржаргал “Хүн ч, улс орон ч, компани ч хаана байгаагаа мэдвэл хаашаа очихоо мөн мэднэ. Барууны компаниудтай харьцуулахад манай компаниудын бүтээмж муу байна. Тиймээс бид SAP зэрэг гадны шалгарсан системийг ашиглан Монголын компаниудын бүтээмжийг эрс дээшлүүлж, хөгжин цэцэглэх боломж, суурь хөрсийг улам бүр бататгаж өгөхийг зорьсон. Улс орон маань шат шатандаа сайжирч, дэвжээсэй гэж хүсдэг” хэмээв. Энэ мөрөөдлөө шингээж, компаниа Orchard буюу модонд ургадаг жимсний цэцэрлэг, талбай гэсэн утгатай англи үгээр нэрлэжээ.

Өдгөө дэлхийн 190 гаруй орны 300 мянган компани SAP нэрийн шийдлийг ашигладаг бөгөөд дэлхийн ДНБ-ий 70 хувь нь энэ компанийн системээр дамжин гардаг гэсэн судалгаа бий. Ингэж өргөн хүрээнд ашиглагдах болсон нь уг системд мэдээллийн технологийн болон бизнес процесс, бизнес удирдлагын тэргүүлэх шийдэл, тэргүүн туршлага, мэдлэг, нөү-хауг шингээсэнтэй холбоотой. Тухайлбал, уул уурхай, үүрэн холбоо, эрүүл мэнд, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэх зэрэг бизнесийн 25 салбар чиглэлээр нарийвчлан боловсруулж, тухайн салбарынхаа дэлхийд тэргүүлэгч компаниудын туршлагыг системдээ шингээдэг. Энэ давуу талаас нь үүдээд Rio Tinto, BHP Billiton, AlcelorMittal, Samsung Electronics, PepsiCo зэрэг салбар салбарын томоохон тоглогчид SAP шийдлийг сонгон ашиглаж, тэр хэрээрээ уг систем тэргүүлэгч компаниудын мэдлэг, туршлагаар баяжиж, байнга шинэчлэгдэх үндэс болдог. Шуудхан хэлбэл, Монголын компаниуд SAP шийдэл нэвтрүүлснээр нэгэнт батлагдаж, шигшигдсэн мэдлэгийг нэг далайлтаар авч ашиглах, үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх боломжтой гэсэн үг. Энэ ч утгаараа цаг хугацаа, зардал хэмнэдэг. Жишээлбэл, Мобиком Корпораци SAP ERP-ийг нэвтрүүлснээр дотоод үйл ажиллагааны хувьд T-Mobile, Verizon, Telefonica зэрэг барууны үүрэн холбооны тэргүүлэх компанийн түвшинд очиж, өрсөлдөх чадвараа сайжруулж, төслийн хөрөнгө оруулалтаа эргээд харахад илэрхий байдаг.

Монголын компаниуд дотоод соёл, сахилга батаа сайжруулахад чанартай ERP систем тусална.

SAP компанийн 40 жилийн мэдлэг, туршлага, “Орчард Консалтинг” компанийн идэвхтэй оролцоо, системийн хэрэглээг зүгшрүүлэхэд гаргаж буй хүч хөдөлмөр гээд олон талын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын үр дүнд дотоодын компаниудад SAP шийдэл амжилттай нутагшсаар байгаа юм. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч, цахим шилжилтийг бодитоор хийх шаардлага нэмэгдсэнээс SAP зэрэг чанартай, туршигдсан системийн эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд ихэссэн. Нэгэнт зах зээл ойлгож эхэлсэн болохоор Орчард энэ эрэлтэд нийцүүлж, сүүлийн жилүүдэд багаа огцом тэлж, чадавхжуулж буй. SAP компанийн шалгуурыг даван гэрчилгээ авсан ажилтнуудын тоо ч нэмэгдэх болжээ.

ERP (Enterprise Resource Planning) систем буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн систем нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай аливаа нөөцийг нэг цогц системээр удирдах, тэдгээрийг зохистойгоор уялдуулах, бүтээмж өсгөх үндсэн зорилготой гэдгийг өнгөрсөн хугацаанд хүмүүс сайн мэддэг болсон. Харин Ж.Амаржаргалтай ярилцах явцад нэг содон зүйл дурдагдсан нь Монголын компаниуд дотоод соёл, сахилга батаа сайжруулахад ERP системийг ашиглаж болох тухай яриа байлаа. Чанартай ERP систем үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, ажлын үр дүнг ил тод харуулж, компанийг нэгэн зорилгын төлөө нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах боломжийг бүрдүүлж чаддаг. Ийм ажлын орчин нөхцөлд хүн бүр өмнөх ажилдаа анхаарч, ажилтан, алба хэлтэс, нэгж хоорондын харилцаа, сахилга бат сайжирч, бүтээмж нэмэгдэн, бүтэн зургаараа компанийн соёлд эерэгээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, 10 жил ургуулж, арчилж тордож, цэгцэрсэн Орчардын цэцэрлэгт хүрээлэнгээс байгууллагууд өөрт хэрэгтэй бизнесийн мэдлэг, туршлагыг шингээж, үр шимийг нь хүртэх нөхцөл бололцоо нэгэнтээ бүрджээ.

Холбогдох:

Вэб хуудас: https://www.orchard.mn/

И-мэйл: info@orchard.mn

  
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Төслийн судалгаа ба багийн менежментийг хэрхэн хийх вэ?(№136)

Өмнөх нийтлэл

Хөрөнгө оруулалтын орчны учрыг олж, хужрыг тунгаавал

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.