“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас санаачлан “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг 2021 оноос Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа билээ. Анхдугаар үзэсгэлэнгээ бид Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: МЭДЭХ ЭРХ” сэдвээр 12-р сарын 6-11-ний хооронд Norphei Art галлерейд амжилттай зохион байгуулж, 800 гаруй хүн үзэж танилцсан билээ. Тус үзэсгэлэнгээр төрийн ил тод байдлыг сайжруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, төртэй түншилж, хамтран ажиллах явцдаа нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан иргэний нийгмийн байгууллагуудын түүхийг өгүүлэх замаар нээлттэй өгөгдлийн сан бүхий www.opendatalab.mn сайтыг үйл ажиллагааг таниулснаараа онцлог.
“Дата эрх чөлөө: Дижитал хяналт” 2022 үзэсгэлэнг 12-р сарын 5-8-ны хооронд Norphei Art галлерейд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд 5-р сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хөндөж, иргэний нийгмийн хувьд хяналт тавихад тулгамдаж буй асуудлыг харуулахыг зорьж байна.
Тодруулбал, тус хуулийн дагуу төрийн байгууллагуудаас өөрт байгаа нийтийн мэдээллийг нийтийн өгөгдөл болгон нийтлэх буюу ил тод болгох үүргийг хүлээсэн юм. Гэвч бодит байдалд хууль тогтоомжийн дагуу иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд бодит бэрхшээлүүд тулгарч буй боловч зохион байгуулагчдын зүгээс өөрт байгаа мэдээллүүддээ тулгуурлан, мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэхэд иргэдийн зүгээс тавих хяналтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.