Бизнес бол багийн спорт. Бизнест оновчтой бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зогсолтгүй хүрдийг эргүүлж байх бизнесийн системт байх ёстой. Тухайн бизнес хэдэн хүнтэй, том, жижгээс үл хамааран зайлшгүй байх ёстой үүрэг, функцүүдтэй байдаг. Энэ тухай маркетер, судлаач Б.Анхбаяр найман хүнтэй (эмээ, өвөө, аав, ээж, хоёр хүү, хоёр охинтой) гэр бүлээр төлөөлүүлэн тайлбарлажээ. Түүний “Бизнесийн цагаан толгой” зөвлөгөөг үргэлжлүүлэн хүргэж байна.
Өвөө. Тэд аливаа зүйлийг том зургаар хардаг. Сэтгэл хөдлөлөөс илүүтай баримталдаг зарчмаа чухалчилдаг, гэр бүлийн хамгийн түшиг, тулгууртай гишүүн байдаг. Тиймээс өвөөг бизнест “стратеги”-аар төлөөлүүлэн ойлгоё. Стратегийн тухай маш олон тодорхойлолт байдаг. Хамгийн энгийнээр стратегийг “автомашины голын толь” гэж ойлгож болно. Компанийн удирдагч, залуурдагч машинаа жолоодох явцдаа үе үе голын толиндоо хардаг. Энэ бол нөхцөл байдлаа хяналтад байгаа эсэхэд итгэлтэй болж буй хэрэг. Мөн арын суудалд сууж байгаа хүмүүсийг, байгууллагын ажилчдыг хэр тав тухтай, зөв зорчиж байгаад хяналт тавина. Стратегигүй байгууллага урт хугацаанд амьдарч, амжилтад хүрч чадахгүй.
Харин амжилтад хүрэх алхмуудыг дурьдахад,
Нэгд, бизнесийн байгууллага үнэт зүйлтэй, эрхэм зорилготой, тухайн байгууллага оршин тогтнох утга учир сүнсийг зөв тодорхойлсон байх ёстой. Мэдээж хэрэг бизнесийн байгууллага ашиг олох ёстой. Гэхдээ үүндээ утга учир, сүнсийг заавал шингээх ёстой. Үүнийг стратеги тодорхойлдог.
Хоёрт, гадаад, дотоод орчны судалгааг маш нухацтай, бодитой, өргөн цар хүрээнд хийж, богино болон урт хугацааны зорилтуудыг гаргана. Энэ бол стратегийн үүрэг бөгөөд бизнесийн хамгийн чухал орц болдог. Ийнхүү хүний нөөцөө дээрх хоёр алхамдаа нийцүүлж шалгаруулж авна. Ялангуяа байгууллага дотоод соёл, шийдвэр гаргах, удирдах түвшний ажилтнуудад онцгой анхаарах хэрэгтэй.
Бизнесийн зорилтуудаа тодорхойлсны дараа стратегийн сонголтуудыг гаргаад хамгийн оновчтой, нөөцөд тулгуурласан стратегийг тодорхойлно. Тавьсан зорилтдоо хэрхэн, яаж хүрэх вэ гэдгийг стратеги тодорхойлж өгнө.
Стратеги бол хүслийн жагсаалт биш, хамгийн оновчтой, хамгийн бодитой байх ёстой.
Түүний дараа бүтцээ оновчтой болгоно. Ажилтан бүрийн ажил үүргийн хуваарийг нарийн, давхцалгүй, ойгомжтой болгоорой. Стратегийн дараа өдөр тутмын тактикийн алхмуудыг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр тактикуудаас бүрдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гарна. Хамгийн сүүлд стратегийн хяналт гэж зүйл байх ёстой. Үүнийг улиралд, хагас жилд, жил тутам хийж болно. Стратеги бол огт хөдөлшгүй зүйл биш бөгөөд стратегийг өсөлт хөгжилтийн үе шатандаа 1-2 жилд төлөвлөдөг. Харин нэлээн тогтворжсон 5-10 жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага урт хугацаагаар төлөвлөх нь бий. Стратегийг үе үе хянаж, засвар оруулж байдаг органик ойлголт юм.
Эмээ. Түүнийг бизнест хүний нөөцөөр төлөөлүүлсэн. Эмээ бол гэр бүлийн бүх гишүүдээ энэрч хайрлаж, өсөж дэвжихэд нь тусалдаг, сэтгэлтэй, санаа тавьдаг хүн билээ. Гэхдээ эмээгийн үүрэг их ярвигтай. Баялаг бүтээхэд газар, капитал, хүний нөөц, хөрөнгө оруулалт зэрэг олон зүйл шаардлагатай. Энэ бүхнээс хамгийн хэцүү нь хүний нөөц. Хүнийг удирдах хамгийн хэцүү байдаг. Үүнийг оновчтой удирдах нь маш чухал. Тиймээс хүний нөөцийн менежмент гэх ойлголт бол тусдаа шинжлэх ухаан юм.
Сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага, баримжааны тухай товч хэлэхэд, тухайн ажилтны hard skill-ээс илүү soft skill-ийг илүүд үзэх болсон. Дөрвөн жил сургуульд сураад, диплом аваад мэргэжилтэй болдог. Гэхдээ мэргэжлийн диплом, ажлын туршлагаас илүү өөриймсөг, сэтгэлтэй ажилтныг авах нь чухал болсон. Учир нь ямар бизнес хийх үү, хэнтэй хамт ажиллах вэ гэдэгт сүүлийн үед бизнесүүд анхаарах болсон. Тиймээс өөриймсөг сэтгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, суралцах чадвартай, санаачлагатай, багаар ажиллах чадварууд илүү чухал болоод байгаа юм.
Сэтгэлтэй, өөриймсөг ажилтныг сонгож авахын тулд юунд анхаарах ёстой вэ?
Хүний нөөцийн менежерүүд тухайн хүнтэй ярилцах явцдаа үүнийг мэдэрч, анзаардаг. Энэ бол мэдрэмжийн асуудал. Гэхдээ 30 минутын хугацаанд ярилцаад тухайн хүнийг шууд таньж мэдэхэд хэцүү. Харин тухайн хүний soft skill, түргэн сэтгэх, шийдвэр гаргах зэрэг чадваруудыг нээж, илрүүлдэг олон улсын тестүүд байдаг. Тухайлбал, М-Си-Эс Групп Procter & Gamble-ийн асуудал шийдвэрлэх чадварын тестийг авдаг. Мөн softs skill-үүдийг шалгадаг сэтгэлзүйн тестүүд ч бий.
Өнөөгийн чиг хандлагыг “Зөв хүнийг зөв ажилд ав” гэсэн уриа тодорхойлж байна.
Харин манайд бүтээмж болон сэтгэл ханамж аль аль нь өндөр байлгах ажилд тухайн ажилтныг томилж ажиллуулах тал дээр нийтлэг гардаг нэг алдаа нь ур чадвартай сайн мэргэжилтнээ шууд захирал болгочихдог. Гэтэл тэр хүн менежментийн ур чадвар эзэмшээгүй, өөрөө яг хийж бүтээдэг инженер байдаг. Магадгүй захирлаасаа гурав дахин өндөр цалинтай менежер байж болно. Тэр нь компанид ч ашигтай, ажилтан ч өөрөө сэтгэл хангалуун ажиллаж болно.
Орчин үеийн хүмүүс индивидиулист, өөрийн гэсэн үзэл бодолтой болсон цаг үед ажилтныхаа хүлээлтэд анхаарал хандуулах хэрэгтэй. Ажилтны хүлээлт, байгууллагын хүлээлт хоёр давхцаж байж тухайн хүн ажилд ордог. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, үүргийг эхнээсээ зөв хийгээд явбал дараа нь хүний нөөцтэй холбоотой асуудал бага гарна. Гэтэл итгэлцэл дээр тулгуурлаад, ажил үүргийн хуваарьт хайнга хандвал цаашдаа нэг нэгэндээ гомдох, уурлах, харилцааны бэрхшээл үүсэх гэх мэт асуудал үүсэж эхэлдэг. Гадны компаниудын хөдөлмөрийн гэрээ маш олон хуудас заалттай, төвөгтэй юм шиг боловч бүх зүйлийг нарийн тодорхойлсон байдаг учраас байгууллагадаа ч ойлгомжтой, ажилтандаа ч ойлгомжтой байдаг.
Үүний дараа цалин хөлс, урамшуулал, тухайн ажилтны карьерын өсөх боломжийг хүний нөөцийн төлөвлөгөөгөөр гаргах ёстой. Тухайн хүн ажилдаа амжилт гаргах тусам, цалин, карьер нь өсөж байх ёстой. Хоёр жилийн дараа яг энэ эрчээрээ амжилттай ажиллавал дараагийн карьер нь тодорхой байвал тухайн ажилтны ажлаас авах сэтгэл ханамж нэмэгдэнэ. Энэ нь аль аль талдаа ашигтай.
Мөн ажлын цагийн тухайд хөдөлмөрийн хуулинд ажлын 8 цаг, долоо хоногийн 40 цаг гэж заасан байдаг. Гэтэл сүүлийн үеийн байгуллагууд үйлчилгээний ажилтан биш бол ажлын цагтаа үр бүтээмж нь гардаггүй гэдгийг ойлгож мэдсэн. Ажлын цаг уян хатан байвал илүү үр бүтээмж гардаг учраас зорилгоор удирдах арга барилыг ашиглаж байна. Тухайн ажлыг амжилттай хийвэл та гэрээсээ ч ажиллаж болно гэх саналыг тавих боломжтой. Өнөөдөр бүр гэрээсээ ажиллахаас гадна digital nomad гэх ойлголт хүртэл гараад хүмүүс өөр улс орноос онлайнаар ажиллаж байна.
Өдрийн 8 цаг сууж ажиллана гэдэг ойлголт сүүлийн 100 гаруй жилд бий болсон, нийгмийн хүчээр тогтоосон хэм хэмжээ болчихоод байна. Тиймээс илүү зорилгоор удирдаж, гүйцэтгэлээр үнэлдэг систем рүү чиг хандлага явж байна.
Хүний нөөцийн чиглэлд анхаарах шаардлагатай нэг зүйлийг онцолж хэлэхэд, гадны судалгаагаар нэг хүн дор хаяж 8-10 хүнийг зохистой удирдаж чадна гэж үздэг. Гэтэл манай зарим захирлууд хүртээмжтэй удирдах гээд үүднийхээ жижүүрт хүртэл үүрэг өгөөд явж байдаг. Эсрэгээрээ өөрөө их зүдэрдэг. Харин үүний оронд менежерүүдэд эрх мэдэл, үүргийг нь хуваарилаад томилгоог хийх ёстой. 13-р зууны Монголын эзэнт гүрний үед хэрэгжүүлж байсан аравт, зуут, мянгатын систем бол их зөв шийдэл байсан. Ялангуяа дундаас дээш хэмжээний, 100 гаруй ажилтантай компанийн захирал 8-10 хүнтэй л тулж ажиллах ёстой юм.
Аав. Түүнийг маркетингаар төлөөлүүлж ойлгох хэрэгтэй. Тухайн өрх, айлын амьжиргааг хэрхэн авч явах талаар стратегийн, тактикийн шийдвэрүүдийг гаргадаг. Гэр бүлийн гишүүдийг холбодог гол хүн. Товчхондоо маркетинг бол бизнес үүсэж, бий болох үндэс суурь юм. Жишээ нь, аливаа бизнест эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртай байдал нь урт хугацааны амьдрах чадвар болдог. Бизнесийг шувуу гэж үзвэл хоёр далавч нь эрэлт, нийлүүлэлт юм. Хэрэв нэг далавч нь байхгүй бол шувуу нисэж чадахгүй. Мөн хоёр далавч нь зэрэг, харилцан уялдаатай дэвж байж шувуу тэнцвэртэй нисэж чадна. Тиймээс энэ хоёрын уялдаа холбоог хангах гол функц нь маркетинг байдаг. Маркетинг хэрэггүй бизнес гэж нэгээхэн ч үгүй. Харин манайд бизнесийн орчинд гардаг нийтлэг нэг алдаа нь өөрийн таамгаар гаргасан бүтээгдэхүүндээ хэрэглэгч хайгаад байдаг. Судалгаа шинжилгээнд суурилсан бүтээгдэхүүн хийдэггүй. Энэ нь маркетингийн функц учир дутагдалтай, буруу ажиллаж байгааг харуулж буй хэрэг. Үүнд зах зээл дүнг нь дор нь тавьж өгөх болно.
Зарим маркетингийн мэргэжилтнүүд хүртэл андуурдаг ойлголтуудыг жижиг жишээгээр хэлэхэд, “Улаанбаатар хотод Бямба гарагт цирк тоглоно.” гэсэн самбарыг гудамжинд байршуулахад энэ нь сурталчилгаа болно. Хэрэв уг самбарыг зааны нуруун дээр тавиад хот дотор явуулбал энэ нь идэвхжүүлэлт болно. Хэрэв “Заан хотын даргын оффисын цэцгэн дундуур туучиж явлаа.” гэвэл энэ сонин хачин үйл явдал нь хэвлэлийн мэдээ болж байгаа юм. Тэгвэл хотын даргыг энэ үйл явдалд инээлгэж оролцуулбал PR болно. Харин циркэд үзэгчдийг ирэхэд олон төрлийн тоглоом, хоол, зууш зарах цэгүүдийг байрлуулж, зохион байгуулж, хүмүүс худалдан авалт хийвэл энэ нь борлуулт болж байгаа юм. Энэ нь зөвхөн циркийн тасалбар борлуулах асуудал биш, энэ бүгдийг бодож төлөвлөөд, хийчихвэл маркетинг боллоо гэсэн үг. Маркетингийг зөвхөн зар сурталчилгаа гэж андуурч болохгүй.
Ээж. Монгол гэр бүлд ээжийн гүйцэтгэдэг нийтлэг үүрэг бол гэр бүлийн санхүүг барьдаг. Ирээдүйн амьжиргаа, тооцоо судалгаа зэргийг шат дараатай зохицуулж, бүгдийг шийддэг. Ер нь ямар ч бизнест мөнгөөр шийдэгдэггүй зүйл гэж байхгүй. Маркетингийн өндөр төсөвтэй бол бүх сувгаар сурталчилгаагаа цацаад маркетинг хийж болно. Мөнгөтэй бол бизнест шийдвэрлэж болохгүй асуудал гэж байдаггүй.
Гэхдээ санхүүгийн нөөц хязгаарлагдмал байдаг. Санхүүг хүнээр төсөөлвөл бие, организмаар тасралтгүй эргэлдэх цусан хангамж гэж ойлгож болно. Орлого, мөнгө нь өсдөг бизнес байсан ч өр төлбөр, авлага нь ихсээд байвал санхүү гэдэг бизнесийн функцэд асуудал үүсэж байна гэсэн үг. Бизнес эрхлэгчдийн хувьд зүгээр нэг тайлан хийгээд орхичих биш, санхүүгийн тайлангаа сайн уншдаг байх ёстой. ЖДҮ-үүдэд нэг гэрээт нягтлантай, санхүүгийн тайлан гаргаад орхидог зүйл түгээмэл ажиглагддаг. Ийм байж болохгүй. Санхүүгийн эх үүсвэр дээр тулгуурлаж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ, зардлаа тооцоно. Хөрөнгө оруулалтын хэлбэр, хэрэгцээгээ тодорхойлно. Санхүүгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлыг үнэлж, эрүүл байна уу, ямар асуудал тулгарч байна зэргийг тодорхойлно. Мөн эздийн өмч, компанийн өмчийн зааг ялгааг тодруулж гаргаж ирэх нь чухал.
Ууган хүү. Том хүү энэ дүр дээр хамгийн ажилсаг, биет үр дүнг бий болгодог эксперт юм. Гэр бүлийн нэлээн чухал гишүүн. Үйлдвэрлэл буюу үйл ажиллагааг хариуцна. Энэ функц шинэ технологийг зохистой хугацаанд нэвтрүүлж, дижитал хувьсгал, хиймэл оюун ухаанд шилжиж буй энэ цаг үед зарим үйл ажиллагааг цахимжуулна. Онлайн захиалга авах, чатбот ашиглах, орчуулгын программууд нэвтрүүлэх гэх мэтээр зардлыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулна.
Сүүлийн үед “Технологио хөгжүүл, эсвэл зах зээлээс арчигд” гэсэн хатуу дүрэм үйлчилж байна.
Том эгч. Тэрбээр захиргаа, хууль эрх зүйг хариуцна. Том эгч цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг, нягт нямбай, гэрийн доторх дүрмийг сахиулдаг. Захиргаа, хууль эрх зүй бол бизнесийн дотоод зохион байгуулалт, бүтцийг саадгүй явуулах гол функц. Хууль, эрх зүй талаасаа компанийн үйл ажиллагааг Монгол Улсын, олон улсын хууль дүрэм журамд нийцүүлж хэрэгжүүлнэ. Энэ бол зайлшгүй байх ёстой функц. Уг функцийг компанийн захирал эсвэл хүний нөөц нь давхар хариуцаад эсвэл захиргааны алба тусдаа байдаг. Энэ бол заавал хэн нэгэн дээр байх албан тушаал биш. Харин компани болгонд зайлшгүй байх ёстой функц юм.
Бага хүү. Аавынхаа буюу маркетингийн үгнээс зөрдөггүй, сэргэлэн, авхаалжтай, харилцааны ур чадвартай хүн юм. Сайхан хувцасласан царайлаг залуу байна. Аавын үгнээс зөрдөггүй гэдгийг тодруулж хэлэхэд, Манай Монголд маркетинг, борлуулалт таарамжгүй харилцаатай байгаа ажиглагддаг. Маркетинг болохоор борлуулалтынхнаа олигтой ажилласангүй, төлөвлөгөөндөө хүрсэнгүй гэж хэлээд байдаг. Борлуулалт болохоор бид нар гол ажлыг нугалж байж маркетингэд мөнгө олж өгч байгаа гэдэг. Гэтэл ер нь бол тэд аав, хүүгийн харилцаатай байх ёстой юм. Маркетингийн боловсруулсан зарчмын дагуу борлуулалт явж байх ёстой. Жижиг бизнест маркетинг, борлуулалт нэг хүн дээр байж болно. Борлуулалтгүй бол бизнес цаашаа хөгжихгүй, ашгаа олж чадахгүй.
Борлуулалтын тухайд CRM харилцагчийн менежментийн бүтцийг бий болгох нь чухал байдаг. Энэ дэд бүтцийг сүүлийн үед Монголын компаниуд нэлээн сайн ойлгож, хэрэгжүүлж эхэлсэн. Зарим нь HubSpot программыг ашиглаж эхэлсэн. Энэ бол маш том нуугдмал нөөц бололцоог агуулдаг систем юм. Өөрөөр хэлбэл, та бизнес эрхлээд туршлага хуримтлуулсан, харилцагчтай болсон бол үүнийгээ илүү үр ашигтай ашиглах боломжууд CRM-ээр үүсдэг. Энэ дэд бүтцээс өмнө нь харилцаж байсан харилцагчдын түүхээ харж болдог. Таван жилийн өмнөх харилцагчтайгаа эргэж холбогдохдоо өмнөх түүхэн дээрээ суурилаад шинэ бараа, бүтээгдэхүүнээ санал болгох боломжтой. Харилцагчийн менежмент буюу хар дансыг бизнесийн байгууллага болгон заавал байлгах ёстой. Үүнийг зөв оновчтой ашигласнаар танай борлуулалт ч өснө, харилцагч, хэрэглэгч ч гэсэн сэтгэл хангалуун байж чадна.
Борлуулалт дээр мөн хэрэглэгчийн зан төлөв гэсэн сэтгэл судлалтай холбоотой ойлголт бий. Үүнийг борлуулалтан дээр байнга санах хэрэгтэй. Ялангуяа дэлхий даяар нийгмийн байдал хурдацтай өөрчлөгдөж буй үед хүмүүсийн сэтгэл санаа, хэрэглээний түвшин, стандарт, мэдрэмж, хэв маяг хурдацтай өөрчлөгдөж байна. Тиймээс борлуулалтынхан энэ мэдээллээ маркетингтайгаа хуваалцаж, энэ мэдээллээ боловсруулж, хариу үйлдэл хийж байх хэрэгтэй. Хэрэглэгчийн зан төлөв бол орхиж болохгүй борлуулалтын нэг гол зэмсэг юм.
Бага охин. Түүний хувьд хамгийн адтай, сэргэлэн бусдыг гайхшруулж чаддаг нэгэн байдаг учраас бизнест бага охины дүрээр инновац, судалгаа шинжилгээ, R&D гэсэн функцийг төлөөлүүлэн ойлгож болно. Энэ функцын ач холбогдлыг ойлгохын тулд 100 гаруй жилийн өмнө хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нь борлогдож байсан дэлхийн том бизнесүүдийн түүхийг эргэн санах хэрэгтэй. Тэдний дийлэнх нь дампуурч, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж, алга болсон байдаг. Юунаас болсон гэхээр инновац, судалгаа шинжилгээ гэдэг функц орхигдсонтой холбоотой. Зах зээлээ дагаж, хувирч өөрчлөгдөж чадаагүй компаниуд алга болсон байгаа юм. Хамгийн сонгодог жишээ бол гар утасны Nokia компани. Инновац, судалгаа шинжилгээ нь зөвхөн мөнгөнөөс гадна цаг хугацаа зарцуулж байж гарч ирдэг зүйл. Тиймээс шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, патентууд бий болж байгаа юм. Инновац, шинжлэх ухааны чиглэлд анхаарахгүйгээр компани урт хугацаанд оршиж чадахгүй. Жижиг, дунд бизнес дээр үүнийг ярих боломжгүй. Гэхдээ чиг хандлага хаашаа явж байна, өөрийнхөө бизнесдээ яаж нэвтрүүлэх вэ гэхчилэн хамгийн энгийн байдлаар ч гэсэн шинэлэг зүйлсийг нэвтрүүлэх санаачилга, зүтгэл нь энэ функц тухайн компанид байна гэсэн үг юм.
Эдгээр функцүүд дунд хэмжээний компанид зайлшгүй байх шаардлагатай. Гэхдээ заавал алба хэлтэс байх албагүй, нэг хүн дээр хоёр үүрэг давхардаж болно. Гол нь эдгээр функцүүд тухайн байгууллагад тодорхой оршиж байх ёстой.
Зарим нэг бизнес эрхлэгчдэд гардаг нийтлэг дутагдал байдаг. Өөрөө бүх юмандаа оролцоод, бусдын хийсэн ажил сэтгэлд нь нийцдэггүй захирлууд байдаг. Үүнийг бар унасан хүнтэй зүйрлэдэг. Хөндлөнгөөс харахад их хүчтэй, сүрлэг харагддаг. Гэтэл яг үнэндээ тухайн бизнес эрхлэгч маань бие, сэтгэл бүх талаараа туйлдаад барныхаа нуруун дээр арай ядан тогтож явдаг. Бар бол унаж явахад зориулагдсан амьтан биш. Бизнес эрхлэгч хүн хүнд, хэцүү аялал хийж явдаг. Ингээд ялагдагч болж харагдахгүйн тулд барнаасаа буудаггүй, буувал баранд идүүлчих гээд байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бизнес эрхлэгч, захирал гадагшаа амрахаар ч юм уу явах үед, тухайн компанийх нь бүх үйл ажиллагаа зогсчихдог. Ажилтнууд нь захиралаа хүлээгээд, мөнгө, санхүүгээ батлуулах гэж хүлээгээд бүх зүйл нь саатчихсан эсвэл бараг дампуурчихсан ч байж мэднэ.
Хүн элбэг хангалуун, аз жаргалтай амьдрахын тулд бизнес эрхэлдэг. Гэтэл өөртөө дарамттай, 24/7, амралтын өдөр ч гэсэн ажилладаг бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс дээрх жишээгээр бизнесийн үүрэг, функцээ зөв тодорхойлж, зохион байгуулж, бизнестээ систем бий болгоод, таньтай таньгүй ажиллаж байдаг бизнесийн систем, дотоод дүрэм, журмуудыг бий болгох хэрэгтэй. Энэ бүхнийг хийж чадвал аз жаргалтай, өсөлттэй, бусдыг томилж чадсан, сайн бизнес эрхлэгч болох юм.