Ажлын байрыг дэмжих хоёр их наядын төлөвлөгөөний дагуу гуравдугаар сарын 10-аас эхлэн Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг олгож эхэлсэн билээ. Уг зээлийн санхүүжилтийн ерөнхий нөхцөлд НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая, бизнес эрхлэгч иргэнд 50 сая төгрөг хүртэлх зээлийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл олгоно хэмээн заасан.
Энэ дагуу зээл олгох ажил эхэлж, гуравдугаар сарын 24-ний байдлаар нийт 75.3 тэрбум төгрөгийг 1,208 зээлдэгчид олгосон тухай Монголбанк мэдээлсэн юм. Үүний 28 хувь буюу 21.1 тэрбумыг нийслэлийн, 72 хувь буюу 54.2 тэрбумыг орон нутгийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд олгосон тухай мэдээлэлд дурджээ.
Албаны тоо, бодит байдлын хооронд зөрүү үүссэн үү?
Гэтэл “Ажлын байрыг дэмжих зээл” зорилтот бүлэгтээ үнэхээр хүрч чадаж байгаа юу? гэх асуултын хариулт бүрхэг хэвээр байна. Тодруулбал, энэ асуудал манай улсын нийт ажлын байрны дийлэнх хувийг бүрдүүлж, эдийн засгийг нуруундаа үүрч яваа жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн дунд шүүмжлэл дагуулж буй. Товчхондоо, уг зээл тэдний бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих зорилгодоо хүрч чадахгүй байгааг цөөнгүй бизнес эрхлэгч хэлж байв.
Энэ талаар “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Ecobag Mongolia”-ийн үүсгэн байгуулагч Ч.Батболд “Арилжааны банкууд зээл авах гэсэн бизнес эрхлэгчдийн үл хөдлөх хөрөнгийг маш бага, зах зээлийн ханшаас доогуур буюу 40-70 хувиар үнэлж байна. Гэтэл энэ хэмжээнд үнэлүүлэх барьцаа хөрөнгөгүй бизнес эрхлэгчид олон бий. Тогтвортой үйл ажиллагаа явуулж, түрээс төлж, ажлын байр бий болгож, татвараа цаг тухайд нь төлөөд явсан ч үл хөдлөх хөрөнгөгүй байгууллагууд байна. Эдгээр аж ахуйн нэгжид итгэлийн зээл зэргийг тодорхой шалгуураар олгох боломжийг олгохгүй, яагаад заавал НӨАТ төлөгч байх шаардлага тавиад байгаа юм бэ? гэдэг асуултын хариу тодорхойгүй байна” гэлээ.
Түүний хувьд гурван жилийн өмнө эко даавуун уутны үйлдвэрлэлийг Монголд анхлан нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх зорилгоор гурван ч банкинд хандсан боловч дээрх шалтгаануудаас үүдэн нааштай хариу аваагүй байна.
2020 оны гуравдугаар улирлын байдлаар Татварын ерөнхий газрын мэдээлснээр 41,517 НӨАТ төлөгч бүртгэгдсэн нь нийт татвар төлөгч аж ахуйн нэгжийн 30 хүрэхгүй хувь. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгч байх гэсэн шаардлага нь “Ажлын байрыг дэмжих зээл”-д дийлэнх аж ахуйн нэгж хамрагдаж чадахгүй байх гол шалтгаануудын нэг болоод буй.
“Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгоно гэдгийг сонсоод хэн хүнгүй баярлаж, баримт материалаа бүрдүүлэн харилцагч банкиндаа хүсэлт гаргасан. Миний хувьд эхний удаад аж ахуйн нэгжийн хувиар хүсэлт илгээсэн боловч НӨАТ төлөгч биш гэх шалтгаанаар хасагдсан тул бизнес эрхлэгч иргэний хувиар дахин хүсэлт илгээсэн. Ингээд банкнаас холбогдсоны дагуу очиж уулзахад үйл ажиллагаа эрхлээд нэг жил болоогүй, хүссэн зээлийн дүнд барьцаа хөрөнгө байхгүй, зээлийн дүнг багасгаж, бууруулахад одоо байгаа эргэлтийн хөрөнгө, бараа материалын үлдэгдэл хангалттай биш гэх шалтгаанаар зээл олгох боломжгүй гэдгийг хэлсэн” хэмээн хувиараа бизнес эрхлэгч З.Солонго ярьж байна.
Бизнес эрхлэгч: “Улсаас тухайн ААН-ийг жижиг, том гэлгүй татвар авдаг мөртлөө зээл олгох болохоор жижиг, томоор ялгасан мэт асуудал тулгарч байна”.
Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн үсчин, гоо сайхан болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн ажиллаж буй тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгжээ барьцаа хөрөнгөгүй гэж хасаж байгаа боловч бодит байдал дээр тэдгээр хүмүүс банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хувь хүнээс зээл авч “Ажлын байрыг дэмжих зээл”-ээс хэд дахин өндөр хүүтэй төлбөрийг төлсөөр байгаа нь үнэн” гээд “Улсаас тухайн аж ахуйн нэгжийг жижиг, том гэлгүй татвар авдаг мөртлөө зээл олгох болохоор жижиг, томоор ялгасан мэт асуудал тулгарч байна” хэмээн учирласан юм.
Энэ мэтээр ЖДБ эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд адил байгаа учраас “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо” ТББ 200 гаруй аж ахуйн нэгжээс санал асуулга авсны үндсэн дээр тодорхой шаардлагыг боловсруулж, Сангийн яам, ХХААХҮ-ийн яам, Монголбанк, Жижиг, дунд үйлдвэрийн газар тэргүүтэй холбогдох байгууллагуудад хүргэж, эдгээр байгууллагын төлөөлөлтэй уулзсан боловч ямар ч үр дүнгүй, нэр төдий уулзалт болсон гэдгийг онцолж байв. Санал асуулгад оролцсон дээрх 200 гаруй аж ахуйн нэгжийн тал хувь нь зээлийн хүсэлт өгөөгүй гэж хариулсан бөгөөд үүнийгээ “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн нөхцөлийг эхнээсээ л хангаж чадахгүй учраас материалаа бүрдүүлэх, хариу хүлээх зэргээр цаг хугацаа алдахыг хүсээгүй хэмээн тайлбарлажээ.
ЖДБ эрхлэгчдийн тодорхой төлөөллийн зүгээс зээлийн хугацааг гурван жил бус таван жил болгон сунгах, арилжааны банкуудын барьцаа хөрөнгийн үнэлгээг 40-70 хувь биш 70-аас дээш хувиар үнэлэх, зөвхөн эргэлтийн хөрөнгийн зээлийг гурван хувьд шилжүүлэх бус бусад зээлийн хүүг ч мөн хугацаанд нь гурван хувь болгох, НӨАТ төлөгч байх нөхцөлийг хасах зэрэг нийтлэг асуудлаар санал нэгдэн, шаардлага хүргүүлээд байгаа юм.