“Хэн нэгэнтэй нэрийн хуудсаа солилцоогүй уджээ” хэмээсэн Ш.Нэргүй захирлын үг аялал жуулчлалын салбарт үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг товчхон тодорхойлж орхив. Түүний олон жилийн өмнө үүсгэн байгуулж, удирдан авч яваа “Нью Жуулчин Турс” компанийн үйл ажиллагаа амжилттай гялалзаж байсан ч өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд бүх зүйл зогссоноор хурд нь саарч, бүдгэрсээр, өдгөө байдал улам хүндэрчээ. Энэ бүхэн зөвхөн тус компанид ч бус аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт тур операторууд, цаашлаад салбарт хүчин зүтгэдэг цөөнгүй байгууллагад тохиож буй өнөөгийн дүр зураг. Шалтгаан нь ойлгомжтой. Ковид-19. Тиймээс бид энэ салбарт амьдралынхаа 40 орчим жилийг зориулж, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн үед ч салбартаа хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн “Нью Жуулчин Турс” компанийн ерөнхий захирал Ш.Нэргүйг урьж ярилцсан юм.
– Аялал жуулчлалын салбарынхан бухимдалтай байна –
-Та сая хэллээ. Аялал жуулчлалын салбарын төлөөллүүд эвлэлдэн нэгдэж, санал хүсэлтээ Засгийн газарт хүргүүлнэ гэж. Уулзалтад эхнээсээ ирж байх шиг байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
Өнөөдөр аялал жуулчлалын салбар үнэхээр хүнд байна. Бид ямар ч орлогогүй 500 хоног тэвчлээ. Цаашид аялал жуулчлалын байгууллагууд “амьдрахад” бэрхшээлтэй боллоо. Өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц хөрөнгөөр ажилчдынхаа цалинг олгож ирлээ. Ийм хүнд үед төр засгаас тодорхой тусламж, дэмжлэг алга. Бид их ч тэвчлээ, их ч хүлээлээ. Холбогдох журам, зааврыг яс биелүүлж ирлээ. Одоо Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй ч манай салбарынхан хамрагдаж чадахгүй байна. НӨАТ төлөгч байх ёстой, орлого, ашгийг харгалзан үзэж зээл олгоно гэх мэт шаардлага тавьж буй. Гэтэл өнгөрсөн онд тур операторууд орлогогүй байснаас гадна цаашид ч хэрхэх нь тодорхойгүй байгаа учраас ихэнх банк зээл олгоход эрсдэлтэй гэж үзэж татгалзсан.
Бусад улс орон аялал жуулчлалын салбартаа тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлсээр байгаа. Хүчин чадлаас нь хамаарч тур операторууддаа тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгө олгох, дотоодын аялал жуулчлалаа дэмжихийн тулд нислэг, ваучерын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Аялал жуулчлалын салбар олон тоглогчтой ч хамгийн чухал нь тур оператор компаниуд. Тэд л гадаадаас жуулчин татаж, салбарынхаа олон тоглогчдод үйлчилгээ үзүүлэх боломж олгож, орлого олох найдвартай сувгийг бүрдүүлж, ханган ажилладаг. Эдгээр компанийг дэмжихгүй бол хилийн чанадаас ирэх жуулчдын тоо буурна, дээрх олон тоглогчийн орлого ч буурна гэсэн үг. Гэтэл Засгийн газраас ямар ч арга хэмжээ авахгүй, хааж хорьсон. Бид үнэхээр бухимдалтай байна.
-Засгийн газраас ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та бүхэн үзэж байгаа вэ?
Бид Засгийн газрын төлөөлөлтэй удаа дараа уулзах тоолонд “Бид хөгжүүлнэ”, “Ойрын хугацаанд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн сайхан амлалтуудыг байнга хэлдэг боловч бодит үр дүн алга. Өнөөдөр Монголд 250 гаруй тур оператор компани бий. Бүгд дампуурлын ирмэгт очсон байна. Төр засгаас санхүү, эдийн засгийн тусламж үзүүлэхгүй бол эдгээр байгууллага ирэх он гэхэд бүгд хаалгаа барих хэмжээнд асуудал хүндэрсэн. Аялал жуулчлалын салбарын мэргэжилтэй ажилтнуудын туршлага, мэдлэг, чадвар, нөү-хау байгууллагатайгаа хамт сарничихвал ахин нэгдэж, хэвийн ажиллаж эхлэх хүртэл наанадаж 2-3 жилийн хугацаа шаардагдана. Тэгэхээр мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчнээ авч үлдэх асуудал яригдана.
Аялал жуулчлалын компани өөрөө нарийн тоглолтын дүрэмтэй байгууллага. Энэ утгаараа төрөөс багийн тоглолтуудыг хүчтэй болгох, багуудыг ижил тэнцвэртэй авч үзэх асуудал гарч ирнэ. Бидний хувьд энэ жил дотоодын аяллаа идэвхжүүлье гэж төлөвлөж байсан ч ихэнх аймаг, 200 гаруй сум хилээ хаачихлаа. Өөрөөр хэлбэл, энэ онд бид аялал зохион байгуулах боломжгүй болсон гэсэн үг. Долдугаар сарын 1-ээс гадаад хилээ нээсэн ч нэгт, бусад улс орнууд хилээ нээгээгүй тохиолдолд бид энд яаж ч орилоод нэмэргүй. Хоёрт, Ковид-19-ийн тархалт Монголд өндөр байгаа учраас олон улсад айдас их байна. Энэ мэт шалтгаанаар энэ жил манайд улсад жуулчин ирэх ямар ч боломжгүй. 2022 он ч нэлээд хүндрэлтэй байх болов уу.
“Аялал жуулчлалын салбар ямар ч орлогогүй 500 хоног тэвчлээ. Өнөөдөр Монголд 250 гаруй тур оператор компани байгаа ч бүгд дампуурлын ирмэгт очоод байна”.
-Аялал жуулчлалын салбарынхан ямар нэгдсэн саналыг Засгийн газарт хүргүүлж байгаа вэ? Мөн өнгөрсөн жил хагасын хугацаанд “Нью Жуулчин Турс” компанийн хувьд хэрхэн тэсэж ирэв?
Нэгт, өнгөрсөн онд ажилтан бүрт 200 мянган төгрөг олгосноос гадна НДШ-ийг тодорхой хэмжээнд хөнгөлсөн шиг тусламжийг яаралтай үзүүлэх. Хоёрт, ажилтны тоог харгалзан аж ахуйн нэгжүүдэд нэг удаагийн буюу 30-50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Нэг үгээр, амьдрахын тулд бид тодорхой хэмжээний мөнгөн туслалцаа хүсэж байна гэсэн үг. Харин гуравдугаарт, амь тавих гэж буй салбар учраас “Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгийг аялал жуулчлалын салбарынханд олгох саналыг хүргүүлнэ. Өнөөдөр аялал жуулчлалын чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж, дэмжиж ажиллах шаардлага тулгамдаж байна.
Манай компанийн хувьд өөрийн нөөц хөрөнгөөр ажилтнуудаа 50 хувиар цалинжуулж байгаа. Компани маань 60 ажилтантай. Одоогоор ажилчдаа халж сольсон зүйл алга. Хэрэв төр засгаас дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй бол дараа оны нэгдүгээр сараас ажилтнуудаа цалинжуулж дийлэхгүй хэмжээнд хүрлээ. Яваа яваандаа компани дампуурлын ирмэгт очих асуудал ч яригдах нь. Ер нь аялал жуулчлалын салбарт ажилладаг хүн бүр боломж, бололцооныхоо хэрээр хэрхэн яаж орлоготой байх талаар арга чарга сүвэгчилж, чармайж байна. Өнөөдөр энэ салбарт 88 мянган хүн ажилладгаас 25 хувь нь өөр салбарт хөрвөн ажиллаж байна. Орчуулагч байсан хүн багшлах, эсвэл өөр салбарт орчуулагчаар ажиллах зэргээр орлогогүй болсон хүмүүс өөрийн шилжих бололцоотой газраа хайгаад явж байна. Бидэнтэй хамтран ажилладаг малчид, орон нутгийнхны хувьд ч орлого нь тэр хэмжээгээр буурч, тасарсан.
-Зарим мэргэжилтэн Ковид-19 цар тахлын дараа аялал жуулчлалын салбар огцом сэргэнэ гэж үзэж байна. Хэрэв тэдний таамаг бодит болбол тэр их ачааллыг хүлээн авах бэлтгэл, багтаамж манайд бий юү?
Олон улсын зарим эксперт аялал жуулчлалын салбарт тэсрэлт болно, жуулчдын хөлд дарагдана гэж яриад байгаа. Харин зарим судлаач эсрэгээрээ ч байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор дэлхийн аялал жуулчлалын компаниуд бүгд хүлээлтийн байдалд орж, зах зээл хэрхэн сэргэхийг ажиглаж байна. Үйл явцын хувьд дор хаяж нэг жил ба түүнээс урт хугацаанд төлөвлөж ажилладаг учраас маркетинг, борлуулалтын ажлуудаа эхлүүлээгүй байгаа юм. Тэгэхээр 3-4 жилийн дараа салбар сэргэнэ гэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын үзэж буйтай бид санал нийлж байгаа. Нөгөө талаар, Хятад, Япон, Австрали тэргүүтэй ихэнх улс эдийн засгаа сэргээхийн тулд гадагшаа явах жуулчдынхаа тоог цөөлж, дотооддоо аялж, эдийн засгаа дэмжихийг уриалсан бодлого хэрэгжүүлж буй. Мөн тэд аялал жуулчлалын компаниудаа лицензжүүлж, тусгай зөвшөөрлийн дагуу удирдаж, үйл ажиллагааг нь хянаж чаддаг. Сайн ажилласан газрууддаа тодорхой хэмжээний урамшуулал олгох, хөнгөлөлт үзүүлэх зэргээр ажилладаг. Ийм систем манайд үгүйлэгдэж байна.
“Аялал жуулчлалын салбарт 88 мянган хүн ажилладгаас 25 хувь нь өөр салбарт хөрвөн ажиллаж байна”.
-Манай улсын дотоодын аялал жуулчлал өөрийн гэсэн онцлогтой гэж хардаг. Өнгөрсөн жил нэлээд идэвхжсэн талаар мэдээлж байсан?
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэг сая жуулчин дотоодод аялсан гэх мэт том тоо ярьж мэдээлээд байгаа. Бидний явуулсан судалгааны дүнгээр дотоодод аялсан нийт иргэдийн 97 хувь нь хувиараа аялсан. Харин гурван хувь нь л аялал жуулчлалын компаниар дамжуулж аялсан байгаа юм. Аялал жуулчлал бол соёл. Хүн өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, аюулгүй байдлаа хянаж, халамжлан анхаарч буй хэлбэр юм. Аялал жуулчлал гэдэг том соёл учраас энэ талын боловсрол бидэнд хэрэгтэй байгаа нь анзаарагддаг. Бүтэн жил ажиллаж алдсан энергиэ богино хугацаанд нөхөх, баяр баясгалан, таашаал мэдрэх зорилгоор тодорхой судалгаатайгаар эртнээс төлөвлөж явдаг системийг аялал гээд байгаа юм. Одоо манайхны явж буй хэлбэр бол зугаалга. Гэхдээ үүнийг нэг их буруутгасан зүйл байхгүй.
Хамгийн сонирхолтой нь тоглолтын дүрэм бурууд байгаа юм. Бусад улс оронд бөөний худалдаагаар зохицуулдаг учраас аяллын компаниар дамжин аялахад хувиараа очсоноос хавьгүй хямд тусдаг. Манайд эсрэгээрээ. Энэ тоглолтуудаа бид системийн хэмжээнд өөрчилж байж л аялал жуулчлалын салбараа зөв гольдрилд оруулна. Аяллын компаниар явахад эрсдэлийн даатгалд хамруулж, тээвэр логистикийн асуудал үүсэхэд буух эзэн, буцах хаягтай байдгаас гадна хүнсний аюулгүй байдлын хувьд ч ач холбогдолтой. Манай улс дотоодын аялал жуулчлалын дүрэм боловсруулах хэрэгтэй санагддаг. Тухайлбал, аялж яваа хүн байгаль, түүх соёлоо хамгаалж, үйлчилгээний чанар шаардах эрхтэй гэх мэт. Хэрэв тухайн газар үйлчилгээний чанараа хангаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар нарийн тодорхойлж, аялал жуулчлалын сегмент бүрт хариуцлагын механизмыг бүрдүүлэх ёстой.
“Хөшөө дурсгал барих, тусгай хамгаалалттай газар байгуулах зэргээр энд тэнд үсэрч, хэтэрхий мөрөөдлийн чанартай бодлого хэрэгжүүлэхийн оронд аялал жуулчлалыг системийн түвшинд хөгжүүлэх ёстой”.
-Таны төсөөллөөр Ковид-19-ийн дараах аялал жуулчлалын салбар ямар байх бол?
Гарцаагүй дижитал шилжилт хийнэ. Мөн тухайн улс орны соёл, дотоод журам, дижитал системд шилжих үеийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудал яригдаж эхлэх болов уу. Олон улсын судалгаагаар нийт аялагчийн 50 гаруй хувь нь аяллаа онлайнаар захиалдаг байсан бол тун саяхны тандалтаар энэ тоо 87 хувьд хүрсэн. Харин Монголын хувьд олон нийтэд танигдсан, өргөн сүлжээ бүхий баталгаатай платформ бий юү гэвэл эргэлзээтэй. Ийм цогц шийдлийг санал болгодог мэргэжлийн платформ хөгжүүллээ гэхэд систем нь бусад орны томоохон захиалгын программуудтай холбогдсон байдлаар ажиллах ёстой. Нөгөө талаар, “Монгол хэр танигдсан улс вэ?”, “Гадаад хүмүүс хэр зэрэг мэдэх вэ?”, “Өөрийн гэсэн аяллын бүтээгдэхүүн хөгжүүлж чадсан уу?” зэрэг асуулт тавигдана. Аяллын бүтээгдэхүүн гэдэг тухайн орны хүмүүсийн соёл, зан заншил, үйлчилгээ, үзэх харах газраас эхлээд тэнд тулгарах хүндрэл бэрхшээл, түүнээс сэргийлэх аюулгүй ажиллагаа гэх зэрэг цогц мэдээллийг шингээж, түүгээрээ жуулчдыг татах хэрэгсэл. Харин манай улсад ийм систем байгаа юу, хэр зэрэг баталгаатай вэ гэсэн асуудал тулгарч буй.
-Монгол, Казахстан хоёр улсын соёл ойролцоо ч хүлээн авч буй жуулчдын тоогоороо тэнгэр газар шиг ялгаатай. Манай аялал жуулчлалын салбар олигтой хөгжихгүй байгаа шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ? Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гол стратеги таныхаар юу вэ?
Манайд аялал жуулчлал хөгжихгүй байгаа гол шалтгаан бол системээр нь харж төлөвлөлт хийдэггүйтэй холбоотой. Хөшөө дурсгал барих, тусгай хамгаалалттай газар байгуулах зэргээр энд тэнд үсэрч, хэтэрхий мөрөөдлийн чанартай бодлого хэрэгжүүлэхийн оронд аялал жуулчлалыг системийн түвшинд хөгжүүлэх ёстой. Дээр нь мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна. Өмнө нь бид салбарын сайдынхаа хойноос хөөцөлдсөөр уулзаж чадалгүй буулгасан бол одоо шинэ сайдтайгаа уулзахаар хөөцөлдөж байна. Одоогийн БОАЖ-ын сайдтай бид нэг л удаа уулзсан. Өөрөөр хэлбэл, төр засгаас хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсдог баймаар байна. Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд манай улс сая жуулчин хүлээн авна гэж 30 жил ярьж байна шүү дээ. Өмнөх бүх Засгийн газар нэг сая жуулчин хүлээн авна гэж ярьдаг ч яаж, ямар аргаар энэ бүхнийг бодит болгох эдийн засгийн тооцоолол хийдэггүй. Агаарын хөлгийн тоогоо нэмэгдүүлэх үү, ямар аяллын бүтээгдэхүүнээр аль зах зээлийг дэмжиж, хааш түлхүү анхаарах вэ, тухайн зах зээлд зориулсан бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох вэ, ингэж хөгжүүлэхдээ аль бүс нутгийг сонгох вэ зэргээр анхаарах ёстой. Одоогоор манай улс шиг бүх аймаг, сумдаа нэгэн зэрэг хөгжүүлэх гээд, бүх зүйл рүү яваад орчихсон газар алга. Бусад улс орны туршлага бол гол зүйлдээ төвлөрч, хөгжмөгц нь түүндээ түшиглэн тодорхой салбаруудаа хөгжүүлэх. Түүнээс биш бүгдийг нэгэн зэрэг хөгжүүлдэг систем байхгүй.
Мөн сүүлийн үед төрийн холбогдох байгууллагууд аяллын маршрутыг хөгжүүлнэ гэж ярьж байна. Гэтэл аяллын маршрут гэдэг нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийг л хэлдэг. Үүнийг хэн ч хийж чадна. Харин аяллын бүтээгдэхүүн гэдэг талуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ, хүний анхаарлыг татсан сонирхолтой зүйл хэрхэн бий болгох вэ, үүндээ малчны ахуйг яаж шигтгэх вэ буюу гоёлын бөгжөөр зүйрлэвэл шигтгээг нь урлах асуудал юм. Тэгж байж үнэ цэн бий болно.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.