Нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу
Аливаа компанийн өрсөлдөх чадварыг тодорхойлох зүйл бол хүн. Хүнээ хөгжүүлж чадсан болон чадаагүй компаниудын хооронд асар том ялгаа бий. Нэгж ажилтан бүрийн бүтээмжийг өсгөж чадсан эсэхээс компанийн хөгжил шалтгаалдаг.
Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөхийн тулд тухайн хүнд зайлшгүй шаардлагатай ямар чадамжуудыг бий болгох вэ гэдэг асуулт маш чухлаар тавигддаг. Эдгээр чадамж бий болоход мэргэжлийн боловсрол чухал үүрэгтэй.
Герман улс газар зүй, хүн амын хувьд том улс биш. Хоёр том дайнаар сүйдсэн ард түмэн богино хугацаанд хүчирхэг эдийн засагтай болсон нэг нууц нь хүмүүсээ чадамжтай, бүтээмжтэй болгож чаддагт оршино. Герман хүн байгалиасаа бүтээмжтэй биш шүү дээ.
“Түвд” агентлагийн хувьд герман түншүүдтэйгээ хамтраад, Монголын мэргэжлийн сургалтын байгууллагуудаар дамжин хувийн хэвшилд хэрэгтэй сургалтуудыг зохион байгуулдаг. 10 гаруй жилийн хугацаанд 4000 орчим монгол ажилчид, менежерүүдийг Герман Улсад чадамжийн сургалтад хамруулсан байна. Мөн Германд мэргэжлийн үндсэн сургалтаар 100 орчим залуучууд сурч байна.
Ярилцлагыг подкаст хэлбээрээр сонсох бол энд дарна уу.
Монгол хүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар, чадамжийн хувьд яг хэн бэ? Хэн байх боломжтой вэ?
Бидэнд бүх боломж нээлттэй байгаа. Бид өөрсдөө ч дэлхийд нээлттэй болсон. Монголчууд хэнээс ч дутахгүй сэтгэдэг, бүтээдэг ард түмэн. Монгол хүн өрсөлдөх чадваргүй гэж ярьдаг хүмүүстэй огт санал нийлэхгүй. Тэр хаана ч очоод амжилт гаргаж чадаж байна. Гол нь улс өөрөө хүнээ яаж ажиллуулж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаална.
Тэгвэл бүтээмжтэй ажиллуулахын тулд яах вэ?
Хөдөлмөр гэж юу юм бэ гэдгийг ахин сайн тунгаах хэрэгтэй болов уу. Хөдөлмөр бол бидний хүсэл, мөрөөдөлдөө хүрэх гол арга хэрэгсэл. Ажил хийнэ гэдэг амь зуухын нэр биш байхгүй юу. Хөдөлмөрлөөд хүрсэн үр дүн нь амьдралд өөрчлөлт, ахиц дэвшил олигтой авчрахгүй болохоор хүмүүс ажиллаад амь зуух биш, сайхан амьдрах боломжтой газруудыг эрх хайж, сонгодог. Манайхны гадаад явж ажиллаад байдгийн нэг үндсэн шалтгаан нь энэ.
Би өөрөө бас бизнес эрхлэгч, цөөн тооны ажилтай. Ажил олгогч гэдэг үүднээс ажилчдынхаа амьдралд ахиц дэвшиц гаргахын тулд маш хариуцлагатай байх ёстой. Ёс зүй, хариуцлагаа ухамсарлаж чадаагүй зарим хүн бизнесийг зөвхөн ашиг гэж хараад, хүнийг ямар нэг байдлаар хэрэгсэл гэж үздэг. Бизнес хийхийн цаадах хариуцлагыг ойлгоогүй, бизнесийг мөнгөөр ойлгодог тогтолцоо байдагт учир шалтгаан бий гэж би хувьдаа боддог.
Мэргэшсэн боловсон хүчин гэж яг хэнийг хэлэх вэ? Манай улсад мэргэшсэн боловсон хүчний тухай бодлого хэр сайн бэ?
Бодлого, хууль, хөтөлбөрүүд бүгд бий. Төр засаг гаргаж буй шийдвэртээ олон нийтийг оролцуулахгүй, мэдээлэл сайн өгөхгүй болохоор бодлогогүй, замбараагүй яваад байгаа юм шиг санагддаг байх. Гэхдээ сүүлийн үед мэргэжлийн холбоод, компаниуд мэргэжлийн боловсролын ач холбогдлыг илүү ойлгож, ажил хэрэгч ханддаг болсон. Энэ бол том ололт.
Нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой гэж бодож байна. Хөдөлмөрийн үнэ цэнийг хүнд хүүхэд байхаас нь зөв ойлгуулах хэрэгтэй. Энэ бол зөвхөн дарга, захирлын хийх ажил биш. Барилгын туслах ч байна уу, гал тогооны бэлтгэгч ч байна уу ямар нэгэн ажил хийж өөрийгөө аваад явж буй хүн болгонд хүндэтгэлтэй хандах ёстой.
Амжилттай карьер хийнэ гэдэг нь баяжих эсвэл дарга, менежер болохыг бус кайф авч, аз жаргалтай болгодог тэр л ажлаа олж хийхийг хэлнэ.
Хөдөлмөрийг хайрлаж хүндэтгэхгүйгээр амжилт, карьер гэдгийг мөнгө олох, баян амьдрах гэж ойлгоод байдагт бидний алдаа байдаг юм болов уу. Эцэг, эх болгон хүүхдээ сайн сайхан амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ дарга, менежер болж байж л сайхан амьдарна гэж боддог хүн олон.
Энэ мэт хандлагаас үүдэж хүүхэд залуучуудын дунд зарим ажил, мэргэжлийн нэр хүнд унасан. Наад захын жишээ гэхэд ресторанд ороод зөөгчийг хөдөлмөр эрхэлж байгаа хүн гэхээс илүү “хоол зөөдөг хүн” гэсэн байдлаар ханддаг нь түгээмэл. Тэгэхээр хөдөлмөр гэдэг ойлголтоо шинэчлэх цаг болсон юм болов уу.
Карьер гэдгийг юу гэж ойлгох вэ? Амжилттай карьер бүтээсэн хүн гэж хэнийг хэлэх вэ?
Баян байхыг л сайн сайхан амьдрах гэж үзвэл хөдөлмөрлөхгүйгээр, шударга бус аргаар баяжих арга олон бий. Гэтэл хүсэл, мөрөөдлөө биелүүлнэ гэдэг баян байхыг хэлэхгүй биз дээ? Хүн болгон өөр өөрийн хувь заяатай ч хүсэл мөрөөдөлдөө хүрдэг арга хэрэгсэл нь хөдөлмөр.
Тэгэхээр амжилттай карьер хийнэ гэдэг нь баяжих эсвэл дарга, менежер болохыг бус кайф авч, аз жаргалтай болгодог тэр л ажлаа олж хийхийг хэлнэ. Өглөө ажилдаа яваад орой нь баяртай гэртээ ирэхийг аз жаргал гэж хэлнэ гэсэн үг байдаг. Миний хийж байгаа ажил хэн нэгэнд хэрэгтэй байгаа бол тэр нь амжилт.
Би 2008 онд агентлагаа байгуулахаас өмнө нэг зочид буудлын хүлээн авахад ажилладаг байсан юм. Тэнд өрөө цэвэрлэдэг нэг эгч байлаа. Өмнө нь тэр хүн улс төрийн том байгууллагад нарийн бичиг хийдэг байсан. Хоёр герман нэгдсэний дараа буудалд цэвэрлэгчээр ажилладаг болсон. Тэр эмэгтэй “Манай буудлын амжилт надаас хамаарна. Манай буудалд ирж байгаа хүн бүр өрөөндөө орж ирээд сэтгэл ханамжтай байх нь миний яаж цэвэрлэснээс шалтгаална. Тиймээс би буудалдаа хамгийн чухал ажил хийж байгаа” гэж ярьдаг байсан.
Хүн ямар ч ажил хийж байсан тэр ажлынхаа утга учрыг ойлгочихоод сэтгэл зүрхээ зориулж чадвал карьер гэж энэ юм байна гэж тэр үед надад бодогдсон.
Хөдөлмөрийг хүндэтгэх тэр соёлыг компанийн түвшинд яаж төлөвшүүлэх вэ?
Компанитай байна гэдэг маш том хариуцлага. Учир нь компани нийгэмд маш том үүрэгтэй. Германаар жишээ авахад энэ улсад дээд сургуулиар олгодог 18 000 орчим мэргэжил, мэргэжлийн боловсролоор олгодог 300 орчим мэргэжил байдаг. Мэргэжлийн боловсролтой хүн компани байгуулж, бизнес хийхэд тусгай зөвшөөрөл гээд сүртэй юм шаарддаггүй. Компани байгуулахад нэг гол шаардлага тавьдаг нь тухайн хүн мэргэжилдээ мастер болсон байх. Мастер болгохын тулд сургалтын олон төрлийн хөтөлбөрүүд байдаг. Өөрөөр хэлбэл, тэр хүн бусад хүнийг ажилд авч хөдөлмөрт сургахад бэлэн болсон үед нь компани байгуулах эрхийг нь өгдөг гэсэн үг. Ийм төстэй систем байхгүй болохоор монгол компаниуд залуучуудыг голоод байдаг байх.
Боловсролын зорилго бол компаниуд, цаашлаад улс орон өрсөлдөх чадвартай байхад шаардлагатай мэдлэг, ур чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлэх. Бизнест ямар хүмүүс хэрэгтэй, яаж сургавал үр дүнтэй вэ гэдэг дээр компаниуд өөрсдөө гардан оролцохгүй байгаа болохоор төгсөгчид чанар муутай, шаардлага хангахгүй байгаа. Нэг үгээр, татвар төлөгчийн мөнгөөр төр засаг татвар төлөгчдийн шаардлагад нийцэх хүмүүсийг бэлдэж гаргахад бизнес өөрөө оролцох хэрэгтэй.
Та орон зай, цаг хугацаанаас үл хамааран хөдөлмөрлөх боломжтой боллоо. Зөвхөн ноутбүктэй байхад хаанаас ч хийж болох маш олон мэргэжил байна.
Герман улсын хувьд мэргэжлийн боловсролын хос тогтолцоотой. Ажиллангаа суралцдаг гэсэн үг. Хүүхдүүдтэй сургалтын гэрээ хийж, сар бүр сургалтын цалин олгодог. Суралцагч нэг талаас компани дээр ажиллаж, нөгөө талаас мэргэжлийн боловсрол эзэмшдэг учраас төгссөн хойноо давтан сурах ямар ч шаардлагагүй. Төгссөнийхөө шууд маргаашнаас нь гүйцэтгэлээ хийгээд, бүтээмжээ гаргаад явчихдаг.
Монголд ингэж чадахгүй байгаа мөртлөө сургууль, компани хоёр нэг нэгнийхээ төлөө ажиллаж чадахгүй байна. Систем нь буруу учраас залуучуудаа чадваргүй байна гэж буруутгах аргагүй.
Германд мэргэжлийн боловсролоор сурч байгаа монгол залуучууд нэг зүйлийг гайхдаг. Компанийнх нь захирал үе үе ирж компаниа танилцуулж, алсын хараа, эрхэм зорилгоо ярьж өгдөг. Суралцагчдаас юу хүлээж буйгаа ойлгуулдаг.
Хүн амьдралын шахалтаар дургүй ажилдаа орсон ч тухайн компанийн захирал тэр хүнийг ажилд нь дуртай болгож болдог. Германд ажиллаж байгаа монгол залуучууд бараг өдөр бүр захирал нь өөртэй нь харилцаад, хүндэтгээд ирэхээр ажилдаа дуртай болдог. Ингэж итгэл үүсдэг. Харилцааны ур чадвар чухал гэж яриад байгаагийн нэг шалтгаан нь энэ.
Тэгвэл тогтолцоог яаж өөрчлөх вэ?
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас “Боловсрол яг нийгэмд үүрэг гүйцэтгэж байна уу?” гэдэг судалгааг олон жилийн турш компаниудын дунд явуулсан. Тэгээд чадахгүй байна гэж үзсэн. Хүүхдэд мэдлэг өгдөг ч чадамж олгохгүй байна гэж дүгнэсэн. Тиймээс дэлхий дахинд чадамжид суурилсан боловсролын талаар ярих болсон. Энэ бол яах аргагүй боловсролын тогтолцоонд орж байгаа суурь өөрчлөлт.
Тэгэхээр чадамж гэж юу гэсэн асуулт гарч ирнэ. Хүн мэдээллийг олоод тодорхой түвшинд боловсруулаад мэдлэг авдаг. Харин тэр мэдлэгээ хэр зэрэг ашиглаж хэрэглээ болгож чадаж байгаа вэ гэдэг бол чадамж. Дипломгүй олон ажилгүй хүнтэй болчихлоо гээд байгаагийн шалтгаан нь мэдлэгээ хэрэглээ болгож чаддаггүй, чадамжгүй хүмүүсийг бэлдээд байгаатай холбоотой. Энийг олж харсан нь том ололт гэж бодож байна.
Татвар төлөгчийн мөнгөөр төр засаг татвар төлөгчдийн шаардлагад нийцэх хүмүүсийг бэлдэж гаргахад бизнес өөрөө оролцох хэрэгтэй.
Одоо бол компаниуд төрөөс хэнийг бэлдэж өгөх бол гэж хүлээдэг, бүх төрлийн жимс ургадаг модноос ямар жимс өгөх бол гэж хараад л суудаг байдалтай. Үүний оронд тэр модыг арчлах, услахад нь гар бие оролцож өөрт хэрэгтэй жимсээ ургуулах хэрэгтэй.
Миний нэг харамсдаг зүйл бол гадаад руу Монголын ажиллах хүчин ийм байдлаар яваад байх юм бол улс орондоо хөгжлийг бүтээх хүн улам цөөрнө. Тэр тусмаа цөөн хүн амтай манай улсын төр засаг, компаниуд бүтээмж ажиллаж болох нэг ч болтугай хүнийг үлдээхийн төлөө байх хэрэгтэй. Залуучуудаа залхуу, чадваргүй, их зантай гэж шүүмжлэх бус тэдэнтэйгээ тулж ажиллавал өөрчлөгдөнө гэж үздэг.
Монгол хүн гадаадад очоод хар ажил хийсэн ч боломжийн орлоготой байж болдог. Гэтэл Монголд сайн мэргэжилтэн ч хангалттай цалин авч чаддаггүй. Та хөдөлмөрийн үнэлэмжийн талаар юу хэлэх вэ?
Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 400 орчим мянган төгрөг. Энэ мөнгөөр амьдрах боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Захирлуудын амнаас хэзээ ч битгий гарж, толгойд нь хэзээ ч битгий ороосой гэж боддог нэг зүйл бий. Тэр нь “Би энэ хүнийг тэжээж байна” гэх хандлага. Компанийнх нь бизнесийн амжилтын төлөө ажиллаж байгаа хүнийг амь зуулгахын төлөө л цалин өгч байна гэж үздэг бол тэр ажил олгогч маш ядуу сэтгэлгээтэй гэсэн үг.
Ажилтны амьдралд ямар нэгэн өөрчлөлт, дэвшил гарахгүй яваад л байвал тийм компанид хэн ч тогтохгүй ш дээ. Хамгийн үнэтэй баялаг болсон хүнээ тогтоох арга барил руу шилжихгүй, дуртай үедээ аваад, дургүй нь хүрвэл гаргаад байвал компанид бүтээмж бий болохгүй. Бүтээмжтэй болсон үед хөдөлмөрийг үнэлдэг.
Харин бүтээмжтэй байхын тухайн компани өөрт нь ямар чадамжтай хүн хэрэгтэйг мэддэг байх шаардлагатай. Зөвхөн мэдлэгтэй хүн бүтээмж гаргаж чадахгүй. Бүтээмжтэй ажилтныг бүтээхэд ажил олгогч өөрөө тэвчээр, хичээл зүтгэл гаргах ёстой. Ажил олгогч бол суралцуулагч байна гэж үздэг нь Германы боловсролын системийн нэг давуу тал. Ажилтны амьдрал сайн сайхан байх нөхцлийг бүрдүүлж байж компанийн амжилттай, өрсөлдөх чадвартай болно. Хэдийгээр ажилтанд баяжихаар цалин өгч чадахгүй ч хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь тус болохуйц орлого, нөхцлийг өгөх нь ажил олгогчийн хариуцлага.
Та нэг удаа “Дэлхий өөрөө ажлын байр болчихлоо” гэж хэлсэн. Яг ямар санааг илтгэсэн үг вэ?
Олон улсын хөдөлмөрийн зах зээл асар их нээлттэй болсон. Өмнө нь ажил олгогч, ажил хайгч хоёр тодорхой орон зайд хязгаарлагддаг байсан. Ажил олгогч шилдгийн шилдэг, хамгийн бүтээлч хүмүүсийг дэлхийн аль ч өнцгөөс олох боломжтой болчихсон. Нөгөө талаас шилдэг, бүтээлч ажил хайгч өөрөө сонгож ажлаа хийдэг болсон.
Түүнээс гадна хөдөлмөр гэдэг ойлголтод том өөрчлөлт гарсан. Хамгийн багадаа найман цаг ажилладаг, өглөө ирээд орой тардаг, тодорхой ажлын байран дээр тодорхой чиг үүрэг гүйцэтгэдэг тэрхүү хөдөлмөрийн хэв маяг өөрчлөгдөж маш сонирхолтой зүйлс өрнөж байна. Та орон зай, цаг хугацаанаас үл хамааран хөдөлмөрлөх боломжтой боллоо. Зөвхөн ноутбүктэй байхад хаанаас ч хийж болох маш олон мэргэжил байна.
Энэ чиг хандлага хэдийнэ эхэлсэн учраас монгол залуучууд, боловсон хүчнээ алдахгүй тогтоон барих нь манай компаниудын хувьд чухлаар тавигдах ёстой гэж бодож байна. Нээлттэй болох тусам хүмүүсээ гадагшаа алдах эрсдэл их. Гадаадаас ирээд ажиллаж байгаа хүмүүс цөөн ч нийт гарсан хүмүүстэй харьцуулахад хангалтгүй.