Санхүүгийн зөвлөх Ч.Батчимэг Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу
Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Туркээс ирсэн карго ачаатай холбоотойгоор гаалийн байцаагч нарыг сошиалаар баахан муулцгаав. Би ч дотроо өрөвдөж суулаа. Тэгээд нэг юм бичих хэрэгтэй гэж бодогдсон боловч хэрхэн бичих талаар баахан бодолхийлэв.
Яагаад бид асуудлын алдаа нь хаана байгааг хайхгүй хэн нэгнийг, ялангуяа төрийн албан хаагчийг буруутгахаа урьтал болгодог вэ? Төрийн албаныхан тайлбар хийхдээ яагаад асуудлаа буруу талаас нь тайлбарлаж бухимдлыг бүр дэвэргээд байна вэ?
Хэн хэнийх нь зөв л харагдаад байгаа юм. Тэгээд яагаад ийм хүндрэлтэй байдалд хүрэв?
Эхний асуулт: Нийтдээ 20 тн, 472 хайрцаг ачаагаа бүгдийг шалгуулж буй бүсгүйн буруу юу байв? Зөв нь бас юу вэ?
Дараах асуулт: Яагаад энэ бүсгүйн барааг гаалийнхан онцлон нэгд нэгэнгүй шалгах болов? Зөв үү, буруу юу?
Энэ хоёр асуултаас гаргалгаа хайя. Яагаад ийм асуудал үүсэх болов оо гэсэн асуултад хариулт өгье.
Төрд олон жил байцаагч хийж явсан хүн учраас гаргалгааг нь өөрийн мэдлэг, туршлагын хүрээндээ хайж, энгийн ойлгомжтой тайлбар өгөхийг хичээлээ.
Олон жил ажиллаж, үүсэж буй асуудлын наадах цаадхыг ойлгож ирсэн бид иймэрхүү асуудлын мөн чанарыг тайлбарлахгүй бол асуудал үргэлж ундарч, харин олон нийт зохицохыг хичээн, төрийн албан хаагчийг буруутган, тэр хэрээр үндэслэлтэй эсэх нь тодорхойгүйгээр авлигыг дэвэргэн, улмаар төрөө үнэгүйдүүлж ирлээ.
Асуудлыг үндэслэлтэй тайлбарлахын тулд баримт чухал. Гэхдээ энэ удаа сошиалд идэвхтэй хэлэлцсэн хоёр талын ярьсан мэдээллийг үндэслэл болгоё.
Асуудалд өгөх тайлбар
Туркээс 20 тн ачаа оруулж ирсэн аж. Хүлээн авагч нь Live хийсэн бүсгүй. Харин тэр ачаанууд нь энд эзэнтэй. Live-аас нь сонсоход эзэд нь олон хүн байгаа бололтой.
Таамаг: Энэ юун ачаа вэ гэдэгт нэг таамаг гаргаж байна. Хөл хорионы үед манай бизнесмэнүүд Туркээс Live хийж хямдралтай бараа зарж, бид гэртээ суугаад захиалаад авч сурлаа. Би хүртэл бараа авч үзсэн. Тэр байтугай дуучин Б.Сарантуяа маань хүртэл Туркэд байхдаа Live хийж бараа рекламдсаныг нь сошиалаар шүүмжлээд амжсан. Тэгэхээр энэ ачаа бол Live хийсэн бараанууд байх магадлалтай.
Эндээс нэг чухал асуудал хөндөгдөнө. Бүсгүй бараа зарсан. Бид авсан. ХЭН ТАТВАР ТӨЛӨХ ВЭ?
Би Туркээс гар утсаараа бараа захиалж байхдаа “Энэ худалдаа татварын харилцаанд яаж орох вэ?” гэж бодож суулаа. Туркийн дэлгүүр ч яах вэ бараагаа борлуулаад улсдаа татвараа төлчихнө. Тэгвэл хил дамнасан худалдаа хийж байгаа манай Live-чид дараа нь татвар төлөх асуудлаа яаж шийдэх болж байна вэ? Бид Live-чныхаа Хаан банкны дансанд мөнгөө хийж бараагаа захиалсан. Live-чин маань миний захиалсан барааны үнийг тогтоохдоо Туркийн дэлгүүрт зарагдаж буй хямдарсан үнэ лирийг төгрөгт шилжүүлж (миний захиалсан барааны үнийг бодохдоо монгол дахь лирийн ханшнаас дээгүүр бодож байсан – ханш нь өндөр), дээр нь ажлын хөлсөө барааны нэгж бүр дээр нэмж авсан. Харин каргоны үнийг кг-аар нь багцаалж гарган бараагаа авахдаа төлөхөөр захиалгаа авсан. Монголд татвараа хэн, яаж төлөх вэ? Бодоод үзээрэй.
Энэ бараа өөр ямар бараа байж болох вэ?
Ямар ч зорилготой байсан Монголд оруулж ирж буй бол гааль дээр бараагаа мэдүүлэх ёстой. Мэдүүлсэн барааны дагуу гаалийн татвар, НӨАТ төлнө.
Сошиал дээр хар тамхи, галт зэвсэг биш бол яагаад улаан ангилалд оруулж нэг нэгэнгүй задалж шалгадаг юм бэ гэж бүсгүй асуугаад гаальчид харин тоймтой хариу өгөөгүй. Энэ бүсгүйн асуултад хариулт өгч чадахгүй дүлгэнэж, тойрч, зугтаж байгаа гаальчид харин ичгэвтэр санагдсан. Улаан ангилалд оруулах заалтаа гаргаад үзүүлэхэд л асуудал ингэж олны шуугианд нэрвэгдэхгүй баймаар.
Гаалийн татвар төлөхгүй байх боломж байдаг. Тэр нь иргэдийн хувийн хэрэгцээний цөөн бараа.
Гэтэл бүтэн онгоцоор ирсэн бараанаас яаж татвар төлүүлэх вэ?
Иргэд бараагаа мэдүүлэхдээ ихэнхдээ дутуу мэдүүлдэг хандлага түгээмэл. Гаалийн байцаагч нар иргэдийн оруулж буй бага хэмжээний бараа бүрийг нэг бүрчлэн шалгах хүн хүчний бололцоо ч муутай. Тэгээд аль болох хүндрэл үүсгэхгүйгээр мэдүүлгийн хэмжээнд нь татвар төлүүлж байсан болов уу. Тэр нь Live-чин наймаачдад гаалийн татвар дээр асуудалгүй мэт ойлголт өгч, бүтэн онгоц ачааг нэг иргэний нэр дээр мэдүүлсэн юм болов уу даа. Монгол ардын зүйр үг байдаг даа “Олон хавар нэгэндээ” гэж. Тиймэрхүү зүйл болсон байх магадлалтай.
Live-чид зарж буй бараандаа татвар төлөхгүйг хичээнэ. Манай ганзагын наймаачид угаасаа татвар төлж сураагүй байдаг. Харин яаж төлөхгүй байх вэ гэдэг аргыг олохыг хичээсээр ирсэн.
Тэд оруулж ирсэн бараагаа дутуу мэдүүлдэг шигээ орлогын татвар төлөхгүйн үүднээс борлуулсан бараандаа и-баримт гаргаж өгөх дургүй. Хэрвээ гаалийнхан яг ингэж бүх барааг нэг нэгэнгүй тоолж, татварыг бүрэн төлүүлдэг байсан бол наймаачид маань и-баримт өгөхгүй байж чадахгүй. Бага татвар төлөхийн тулд и-баримтаа гаргаж өгөх зайлшгүй шаардлага үүснэ. Бас “НӨАТ-ийн илүүдэл байна авах уу” гэсэн хууль бус зар мэр сэр гарахгүй.
Томоохон зах, худалдааны төвүүд дээр зарагдаж байгаа импортоор оруулсан барилгын материал, тавилга болон бас бус бараа зарж буй наймаачид яагаад и-баримт өгөхгүй байна вэ? Гааль дээр гаалийн татвар, НӨАТ төлөөгүй эсвэл өөрсдөө мэдүүлгээ бөглөөгүй хэн нэгэнд найдаж, мэдүүлгээ бөглүүлсэн асуудал явж байдаг. Ингээд гааль дээр төлсөн НӨАТ нь бусдад шилжсэнээс, эсвэл бараагаа дутуу мэдүүлснээс төлсөн НӨАТ-гүй тул борлуулсан бараандаа и-баримт гаргавал төлөх НӨАТ нь их болно. Ингээд л импортын бараа борлуулж буй дамжлага бүр татварын асуудалтай тулгардаг.
Импортын бараа борлуулагчид татвар төлөхгүйгээр бараагаа борлуулаад байхаар үндэсний үйлдвэрлэгчид нь үнийн өрсөлдөөнд ялагдана. Энэ тайлбар зөвхөн иргэдийн оруулж ирж буй барааны хувьд өгч байгаа гэдгийг онцолъё.
Тэгвэл орлогын татвар яаж авах вэ гэдэг асуулт хариултгүй хэвээрээ үлдэнэ. Яагаад хэвээрээ үлдэж байна вэ гэвэл манай татварын тогтолцоогоор орлого олж буй хүн өөрөө орлогоо тайлагнах ёстой. Одоо хуулиар бичил жижиг аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвартай байгаа.
Хэсэг хугацааны дараа нөгөө гаалийн мэдүүлгээр татварын шалгалт орно. Гаалийн байцаагчдын гар аргаар тоолсон нөр их ажлын үр дүнгээр татварын ногдол хийгдэнэ. Тэр үед дахиад л бөөн асуудал үүснэ. Нөхөн татвар, торгууль, алданги. Тэгээд татварын байцаагчийг муулах дараагийн алхам эхэлнэ.
Гаалийн байцаагчдын энэ ажиллагааг нарийн бодож үзэх юм бол дотоодын үйлдвэрлэгчид болон дистрибьютер болсон компаниудыг хамгаалж буй нэг хэлбэр юм. Тэд бараагаа бүрэн мэдүүлж, гаалийн татвар, НӨАТ төлж оруулж ирдэг. Тэгээд зардаг. Зарсныхаа дараа НӨАТ, орлогын татвар төлдөг. Тэд ийм хэмжээний татвар төлж бараагаа борлуулдаг байхад Live хийгээд татвар төлөхгүйгээр зах зээлд бараа борлуулах нь шударга бус л даа. Гэхдээ хэрэглэгчид хямд үйлчилгээг сонирхсоор, дэмжсээр ирсэн. Яаж зах зээл дээр хямд үйлчилгээг бий болгох вэ? Эрэлтийг хангах нийлүүлэгчид хэрэгтэй байна.
Live хийж асуудлаа ил болгосон энэ бүсгүйг магтууштай. Түүний алдаа, оноог зөв олж чадах юм бол эрэлтийг хангах нийлүүлэлт хуулийн дагуу байж болох учиг харагдаад байгаа юм.
Гааль дээр уйлж Live хийсэн бүсгүй, Туркт дэлгүүр хэсээд Live хийсэн захиалга хүлээн авагч хоёр тус тусдаа бизнес байх магадлалтай. Нэг нь захиалга авч ажлын хөлс валютын ханшны зөрүүнээс орлого олж буй бол нөгөөх нь тээврийн зардлаар орлого олж буй.
Гааль дээр Live хийсэн бүсгүй бол карго тээврийн үйлчилгээ эрхлэгч байх магадлалтай. Карго тээврийн үйлчилгээ нь угтаа “тусгай зөвшөөрөл” бүхий компани эрхлэн явуулдаг шуудан илгээмжийн үйлчилгээ юм. Карго тээврийн үйлчилгээтэй холбоотой тусдаа томоохон асуудал бас бий. Энэ нь НӨАТ-тай холбоотой. Би нэг ном бичиж байгаа, түүндээ энэ тухай оруулсан.
Бүсгүйг буруутгаж буй каргоныхан их байна.“Асуудлаа хэт өндөр авахуулж хамаг юмаа шалгууллаа. Одоо нэг хэсэгтээ бүгдийг шалгана. Биднийг хөлдөө чирлээ” гэх аястай л байх шиг.
Live-чин бүсгүйн нийгэмд өгсөн зөв өнцөг:
- Хэт өндөр үнэтэй бараанд хэрэглэгчид дургүйцэж хямдарсан барааг авах сонирхол ихэссэн нь 20 тн ачаа онгоцоор орж ирснээр харагдаж байна. Гадаадаас газар дээр нь хямдралтай барааг нь сонгоод мөнгөө төлөөд авчихлаа. Дэлгүүр хэсэх ч хэрэг алга, бас хямд, чанарлаг бараа авчлаа. Үүн шиг сайхан цаг зав хэмнэсэн худалдаа алга.
- Агаарын каргог кг тутмыг 9$-оор тооцсон. Ирээд бараагаа авахдаа энэ төлбөрөө өгөөд боллоо. Бүсгүйн нийт ачааны тээврийн зардал 20.0тн*9$=180.0$ буюу 0 сая төгрөг болно. Энэ төлбөрийг худалдан авагч төлнө. Каргоны орлого нь тодорхой болж байгаа юм. Энд бас татварын асуудал гарна. Карго үйлчилгээний мөн чанарыг нийгэмд ойлгуулж өгөв.
- Live-чдын худалдаа эхэндээ цөөн захиалгатай газраар ирдэг байлаа. Олон хүний цөөн барааг захиалгаар нь ачуулаад тэндээ ажлын хөлсөө авна. Онгоцоор бүтэн ө карго тээвэрлэсэн анхны тохиолдол байж мэднэ. Маш хурдан, хялбар худалдаа. Бараа оруулж ирээд дэлгүүрт түрээс төлөхгүй хамгийн бага зардалтай ашигтай наймаа.
- Гаднын үйлдвэрлэгчдийг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт. Бид Эрээнийг хөгжүүлсэн шиг Туркийг бас хөгжүүлж байна. Live-ийн худалдаа эрэлт нэмэгдсэнээр ашигтай бизнес болж өргөжлөө. Туркийн тал бол тун таатай хүлээж авна. Онгоцоо ч ашиглуулах боломжийн санал тавьж магадгүй юм. Ачаа зөөгөөд орлогоо олчихвол хүн зөөж эрсдэл үүрэхээс амар байх.
Харин бидэнд хямд бараа авахаас өөр ямар ашиг тус байна вэ? Бүсгүйн илчилсэн “нөгөө тал” нь юу вэ?
Иргэд “Надад ашигтай байна” гэж хуйларч байгаа бол манай төрийн бодлого боловсруулагчид иргэдэд нь ашигтай бизнес улсдаа ямар ашигтай эсвэл алдагдалтай болохыг бодох ёстой.
Live-чдын наймаа эхэндээ нээрээ л нэг хүний захиалгыг цөөн тоогоор авч тэр хүнийхээ нэрээр ирж байлаа. Сүүлдээ захиалагч ихсэж томоохон бизнес болон өргөжсөн. Бизнес томорвол асуудал тулгарах нь мэдээж. Хамгийн эхний асуудал бол гаалийн татвар юм.
Гаалийнхныг буруутгах аргагүй. Эхэндээ Live-чдын бизнес цөөн тоогоор ирж байсан учраас тэдэнд ингэж шалгаад байх шаардлага үүсээгүй. Гэтэл яваандаа иргэдийн захиалга мэт гаднаа харагдаж байгаа ч нөгөө талдаа бизнес болон өргөжиж татвараас зайлсхийсэн томоохон арга болон хувирсныг тэд анзаарсан биз ээ.
Хамаг бараагаа шалгуулж буй бүсгүй гомдолтой байхаас ч аргагүй. Татвар нэмж төлнө. Тэр татвараа магадгүй нөгөө барааны эздэд үүрүүлэх асуудал гарч ирэх биз. Цаашдаа гаалийн татвар, НӨАТ нь асуудал үүсгэж захиалагчтайгаа муудалцах эхлэл болж мэднэ.
Бүсгүйн Live-ын дараа гэнэт л баахан алтан эдлэл, мөнгөн гулдмай гарч ирээд ийм зүйл илэрчээ гээд тайлбарууд цуварсан. Гаалийнхнаа хамгаалж байгаа нь энэ гээд бүр л буруу мэдээ сэвээд байдлыг улам л хүндрүүлэв. Инээд ч хүрэх шиг. Хэн ийм тайлбар гаргахыг хүсдэг байна аа. Дундын өмөөрөгсөд үү, даажинтай нөхөд үү, аль эсвэл асуудлын нарийн учрыг мэддэггүй төрийн албаны хэвлэлийнхэн үү?
Манай төрийн албан хаагч нар иргэдэд тайлбар өгч сураагүй нь энэ бүсгүйн Live-аас дахиад л тод илэрч байна. Тайлбарлахыг хичээж буй гаалийн ажилтны үгийг сонсохгүй давшилж буй эмэгтэй. Төрийн албан хаагч тодорхойгүй, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа нь цаагуураа авлига нэхэж байгаа хэлбэр гэсэн иргэдийн хүлээлттэй нийцдэг. Үүнийг Live хийгч харуулахыг зорьсон ч байж мэднэ.
Хилээр бараа оруулж буй иргэд өөрийн бараагаа “асуудалгүй оруулж ирэх”-ийг хичээдэг учраас ямар нэг “тулгарч буй асуудлаа” нийтэд дэлгэх хүсэлгүй байдаг.
“Асуудалгүй оруулж ирэх” гэж юуг хэлээд байна вэ?
“Тулгарч буй асуудал” гэж бас юуг хэлэв? Энэ хоёр асуудал дээр авлига яригдана. Ярьдаг л болохоос яг өгсөн гэдгээ хэлэх хүн олдохгүй. Хэрвээ өгсөн бол гаалийн татвараа бууруулсан болно. Гаалийн татвараа бууруулсан бол бусад татвар төлөгдөөгүй гэсэн үг бөгөөд тэр нь татвараас нуусан орлого болж асуудал үүсгэнэ. Чөтгөрийн тойрог.
Live хийсэн бүсгүй шалгалт орох болсон учраас аргагүйдэж Live хийсэн байх. Харин Live хийснээрээ онлайн худалдаанд татвар тооцох асуудлыг хөндөж гаргаж ирлээ.
Иргэдийн бичиж буй өнцгийг ажиглахад хувийн хэрэглээний бараанд гаалийн татвар нэхэж байгааг буруутгаад байгаа бололтой. Гаалийн тарифын хуульд “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр заасан байдаг. Гэтэл гэр бүлийнхээ гишүүдэд авсан дөрвөн өөр размерын гутлыг яах вэ гэсэн асуудал гарч ирж байх жишээтэй. Энэ тохиолдолд үнийн дүндээ таарч байгаа бол зарим гаалийн байцаагч нээрээ л хүүхдүүддээ авч дээ гээд оруулна. Гэтэл өндөр үнийн дүнтэй гутал байвал яах вэ? Одоо валютын ханш өсөөд тэндээ гайгүй үнэтэй ч энд өндөр үнэтэй болж буй гутал байвал яах вэ? Байцаагч хуулийн заалтынхаа дагуу татвар төлүүлчихвэл иргэд буруутган зэмлэнэ.
Иргэдийн илгээмжээр авч буй иймэрхүү хувийн хэрэглээний барааг яаж гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар манай хууль тогтоогч нар иргэддээ ашигтай, улсдаа хохиролгүй байх талаар судалгаа хийж үр дүнгээр нь хуулийн өөрчлөлтийг хийж шинэчлэн ажиллах ёстой юм. Тэрнээс биш гаальчдаа буруутган гааль дээр авлига их байна хэмээн буруушаан суух ёсгүй. Хуулийн заалт бүр цаанаа асуудал үүсгэж байвал хууль тогтоогчид маань ярих, шүүмжлэх биш, судлах ёстой.
Гааль дээр авлига байна гэж бодож байгаа бол хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал байна гэсэн үг.
Зөвхөн гаалийн байгууллагаас ирүүлж буй саналаар асуудлыг шийдэхийг оролдож тэр нь амжилтад хүрэхгүй байгаа бол шийдлээ хайх өнцгөө өөрчлөх хэрэгтэй байж мэднэ. Зөвхөн нэг талын үзлээр асуудалд хандахгүй байх, иргэдэд тулгарч буй асуудлыг олон талаас нь томруулж харах шаардлагатай гэсэн санаа. Асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг хууль тогтоогчид зөв судалгаа хийхгүй байна л гэж ойлгогдоно.
Жишээлбэл татварын албаны анхан шатны нэгж дээр ажиллаж буй татварын байцаагч нарт тохиолддог, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал бол тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгжийг зөрчлийн хуулиар торгох заалт. Том аж ахуйн нэгжийн хувьд торгуулийн дүн тийм ч өндөр санагдахгүй. Гэхдээ тэд тайлангаа хоцроох нь үгүй. Харин бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд торгуулийн дүн өндөр. Торгочихвол торгосон байцаагч нь төлүүлэх гэж зовно. Тэд зугтана, нөгөөдүүл нь хайна. Муур хулгана болно. Тайлангаа ирүүлдэггүй нөхрийг арайхийж олоод тайланг нь авах гэхээр торгууль төлөх мөнгөгүй. Торгуульгүй авахаар хуулийн заалт биелүүлээгүй болно. Торгоод авах гэхээр төлөх мөнгөгүй гээд дахиж олдохгүй. Тэгээд л торгуулийн заалтаар айлгаж суухаас өөр гарцгүй болчихсон байх жишээтэй.
Цахим тайлангийн системд тайлангаа хоцроох, эсвэл ямар нэг шалтгаанаар тайлангаа буцаагаад ирүүлэхгүй бол торгуультай шүү гэсэн сануулга гаргаад байдаг. “Шүдгүй арслан” гэгч болно. Огт үйл ажиллагаа явуулаагүй учраас тайлангаа өгнө гэж мэдсэнгүй гэсэн тайлбартай. Тайлан авах нь татварын албанд чухал. Дийлэнхдээ айлгана. Тэгээд торгосон ч юмгүй тайланг нь авна. Эсвэл огт тайлан ирүүлэхгүй хэсэг нь ихэснэ. Татварын албаны 2020 оны жилийн эцсийн тайлангийн ирцийг өмнөх онтой харьцуулж харахад энэ дүн жил ирэх бүр ихсэж буй. Харин татварын алба иймэрхүү муу үзүүлэлттэй тоон мэдээгээ барагтай бол нийтэд мэдээлэхгүй. Энэ дунд зарим завшигчид бий болно. Дундын ашиглагч нар бас гарч ирнэ.
Тайлан гаргаагүй бол доод тал нь тэдээр торгодог ш дээ гээд “х” тайлан хийсэн ажлын хөлс хөөрхөн үнэ хүргэнэ. Эндээс бас л нөгөө авлигал гэдэг үг сүүдэр татуулна. Хамгийн их ажиглагддаг жишээ бол энэ.
Иймэрхүү байдлаар хууль хэрэгжүүлэх нь иргэдийг ч тэр, төрийн албан хаагчийг ч тэр залхааж хэнэггүй болгож байна. Тэгээд төрийн нэр хүнд унана. Торгуулийн заалтыг тогтоохдоо хүртэл судалгаатайгаар хуульчилж хэт өндөр биш, хэт бага биш зохистой хэмжээнд тогтоож баймаар. Торгуулийн заалт бүрийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг нь судалж баймаар. Торгуулийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдана. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ гэхээр торгуулийн хэмжээ бас нэмэгдэж байна л гэсэн үг.
Live-чин бүсгүйн төлөх торгууль төлөөгүй татварын 50 хувиар тогтоогдоно. Төлөх мөнгө нь ихэснэ. Дараа нь татварын тайлан гаргаж олсон орлогоосоо татвар төлж татварын тайлан гаргахгүй бол дахиад торгуульд орно.
Нэгэнт нийтэд танигдсан бол иймэрхүү хүнд даваа түүнийг хүлээж байгаа. Харин нийтэд танигдаж Live хийгээгүй бол мэдэхгүй ч байсан юм билүү, эсвэл хэн нэгнийг нь аргалаад өнгөрөөж болох байсан шүү дээ гэх наймаачид түүнийг буруутгах болно.
Хуулиа л дагана шүү дээ. Эсвэл хуулиа амьдралтайгаа зөв уяж, нийтэд хэрэгжүүлж болох судалгаатай заалт боловсруулах чадвартай гишүүд сонгодог болох хэрэгтэй юм. ХУУЛЬ БОЛ АМЬДРАЛААС УРГАН ГАРЧ БУЙ ШААРДЛАГА, ЦАГИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАГАЖ ИРГЭДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙХ ЁСТОЙ.