Хөл хорио, цар тахлын дараах шинэ хэвийн нөхцөлд бид нэгэнтээ дасахын зэрэгцээ, гадаад, дотоод харилцаа, ачаа эргэлт аажмаар сэргэн эдийн засгийн идэвхжилт бүх салбарт явагдаж эхэлсэн энэ цаг үед төрийн, хувийн ялгаагүй бүх төрлийн байгууллага ханцуй шамлан ажилдаа орж байна.
Бизнесийн байгууллагуудын хувьд цар тахал болон гадаад орчин дахь хувьсал өөрчлөлтөөс үүдэлтэй шинэ сорилууд цаг үргэлж тулгарч байна. Үүнээс гадна өндөр ур чадвартай ажилтан шинээр ажилд авах, шинэ баг бүрдүүлэх, байгууллагын соёл, тэр дундаа багийн эрүүл соёлыг бий болгож, хэвшүүлэх асуудал хөл хорионы дараах ажлын байранд тулгарч буй томоохон сорилуудын нэг болж буйг сургалтын хэрэгцээний судалгаанаас харж болно.
Энэ нийтлэлдээ багийн эрүүл ба хортой соёл гэж юу болох, багийн эрүүл соёлыг байгууллагад бий болгож хэвшүүлэхэд удирдлага, ажилтнуудын зүгээс юунд анхаарвал зохистойг харуулахыг зорилоо. Нийтлэг үнэт зүйлс, итгэл үнэмшил, нэг зорилгын дор нэгдсэн бүлэг хүмүүс хоорондоо хэрхэн харилцаж, ажлаа хэрхэн явуулж буй хэм хэмжээг багийн соёл гэнэ.
Зүтгэлтэй, зөв хандлагатай ажилтан олон байх тусам байгууллагын бүтээмж, үр дүн сайжирдаг.
Өнөө цагт байгууллага болон багийн соёлын талаар сайн мэдлэгтэй байх нь ажилтан, ажил олгогч аль аль талдаа чухал ач холбогдолтой болжээ. Чадварлаг ажилтан ажилд авахын тулд байгууллагын соёлоо эрүүл байлгахад ажил олгогч талаас анхаарах шаардлагатай байхад харин шинэ ажилтны хувьд “Танай байгууллагын соёл ямар вэ?” гэсэн асуултыг ярилцлагын үеэр асуух нь элбэг болсон байна. Тэгвэл байгууллагын болон багийн соёл эрүүл эсэхийг хэрхэн мэдэх вэ? Эрүүл бөгөөд хүчирхэг соёлтой баг ямар байдаг вэ гэсэн асуултад хариулах гээд үзье.
- Нөлөө бүхий хүчтэй лидерүүдтэй. Байгууллагын захирал, нөлөө бүхий удирдах ажилтнуудын нэр хүнд, удирдлагын арга барил, баримталдаг зарчмууд болон үнэт зүйлс, итгэл үнэмшил, харилцааны ур чадвар нь байгууллагын соёлд шууд нөлөөлдөг учир бусдад үлгэр дуурайлал болохуйц шилдэг лидерүүдтэй байгууллагын соёл эрүүл, бас хүчтэй байдаг.
- Ажиллах орчин, дотоод уур амьсгал тааламжтай. Байгууллагын соёл нь ажлын орчин, дотоод уур амьсгал ямар байхад шууд нөлөөлдөг. Эрүүл соёлтой газрын ажилтнууд байгууллагын том зорилгын төлөө хамтарч ажилладаг, нөхөрсөг, тусалж дэмждэг, бусдаасаа суралцдаг, санал бодлоо нээлттэй хуваалцахаас гадна бие биедээ хүндэтгэлтэй ханддаг.
- Идэвх, зүтгэлтэй ажилтнуудтай. Зүтгэлтэй, зөв хандлагатай ажилтан олон байх тусам байгууллагын бүтээмж, үр дүн сайжирдаг. Манлайлах ур чадвар сайтай удирдагчтай, дотоод уур амьсгал эрүүл бөгөөд эерэг, ажилтнуудаа хөгжүүлж, бас урамшуулдаг тогтолцоо бүхий байгууллагад хүмүүс идэвх зүтгэлтэй, эерэг хандлагатай, тогтвортой ажилладаг.
- Ажилтнуудын оролт гаралтын асуудал багатай. Ажилтнуудын оролт, гаралтын асуудал нь хүний нөөцийн зардал, тэр дундаа сургалт хөгжлийн зардлыг өсгөж, ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн энэ нь үлдэж байгаа хүмүүсийн сэтгэл санааны байдал, мотивацийг бууруулна. Байгууллагын болон багийн сайн соёл нь ажилтнуудын ажлаас гарах хөдөлгөөнийг багасгаж, ажилд хандах хандлага, идэвх зүтгэлийг сайжруулдаг.
- Ажилтнууд хоорондын зөрчил, үл ойлголцол багатай. Эрүүл соёлтой байгууллагын хувьд багийн гишүүд нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ба өөрийн үзэл бодол, саналыг нээлттэй, шударгаар хэлэх боломжтой байдаг. Мөн хувь хүний давуу болон сул тал, хүсэл сонирхол дээр үндэслэн ажлаа хуваарилж гүйцэтгэдэг, баг дотроо албан, албан бус байдлаар тогтмол харилцдаг бол багийн гишүүд хооронд зөрчил, үл ойлголцол тэр бүр гарахгүй, гарсан тохиолдолд хүндрэлгүйгээр шийдвэрлэж чаддаг.
Эсрэгээр эрүүл бус, хортой соёлтой байгууллагыг дараах шинж тэмдгээр таньж болно.
- Зарим ажилтны дээрэнгүй хандлагыг өөгшүүлдэг
- Нэг нэгэндээ нэр хоч өгөх, хов жив ярих
- Ажилтнууд хоорондын харилцааны соёл тааруухан
- Удирдлагын захиран тушаах арга хэлбэр давамгайлсан
- Ажил таслах, чөлөө авах үзэгдэл хавтгайрсан
- Удирдлагын зүгээс “харж үздэг” ажилтандаа илт ялгаатай ханддаг
- Хэт их ажлаар дарж илүү цагаар ажиллахыг шаарддаг
- Асуудал гарахад хэн нэгнийг буруутгаж, чичилдэг
- Гүйцэтгэлийг үнэлэхдээ сайныг урамшуулах бус тааруухныг торгоход анхаардаг
- Багийн гишүүд өөр хоорондоо бухимдалтай харилцаж буруу ойлголцдог.
- Ажилтнуудын оролт, гаралт ихсэж, тогтвор суурьшил муудахын хэрээр дотоод уур амьсгал таагүй болдог.
Багийн амжилт, үр дүн багийн удирдагчаас шууд хамаардаг учир багийн ахлагч бүдүүлэг, үл хүндэтгэсэн, үл тоосон, захиран тушаах хэв маягаар гишүүдтэй харьцаад байвал энэ бүхэн нь баг дотор сөрөг уур амьсгалыг бүрдүүлж, багийн соёлыг эрүүл бус болгоно.
Байгууллагын болон багийн соёлыг шууд тодорхойлж хэлэхэд хүндрэлтэй байдгийн учир нь соёл нь гарт баригдаж, нүдэнд үзэгддэг биет зүйл бус, нөгөөтэйгүүр соёлыг төлөвлөж, удирдаж, хянах боломжгүйд байдаг. Аливаа улс орон, нийгмийн соёлыг тухайн оронд амьдарч буй ард иргэд нь бүрдүүлдгийн адилаар байгууллагын болон багийн соёлыг тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүс, багийн гишүүд бүрдүүлж, харин соёлын түвшнийг тэдний үнэт зүйлс, харилцаа, хандлага, норм хэм хэмжээгээр тодорхойлно.
Medeelel buriig huleen awch unshdag shvv bayrlalaa.
Баярлалаа. Өдөр бүр давтагдаж мөрдөгдөх ёстой чухал асуудал хөндсөнд баярлалаа. Мэдлэг мэдээлэл авлаа.