Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хүсэл зорилгыг нэгтгэх, монголчуудын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор хоёр жилд нэг удаа зохиогддог “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” ирэх сарын 3-5-ны 2022.07.03-05-ний өдрүүдэд дөрөв дэх удаагаа болно. Тус чуулганаас гарсан санал зөвлөмжийг холбогдох яам тамгын газарт хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьдгаараа тун чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн чуулганаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулах ажээ.
Чуулганы хүрээнд “Гэртээ Харих Зам”-Бизнес хөрөнгө оруулагчдын уулзалт ,“Монгол орны хөгжилд XVII-р чуулган” , Хилийн чанад дахь иргэдийн технологийн уулзалт, Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлыг хөндсөн олон уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.
Нэгдсэн чуулганд Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын байнгын хороод, ГХЯ, ХНХЯ, ХЗДХЯ , ЦХХХЯ, Соёлын яам, МУХЭҮК , МХАҮТ, Хилийн чанадад оршин суугаа иргэд, ТББ-ын төлөөлөл, Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцоно.
Энэ жилийн чуулган цар тахлын тархалт хумигдаж буй цаг үед зохион байгуулагдаж байна. Цаашид томоохон халдварт өвчин, мөргөлдөөн, хориг арга хэмжээний үед ч Монгол Улс иргэдээ хамгаалдаг тогтолцоог бэхжүүлэхэд уг чуулган чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Нөгөө талаар, манай улс уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд олон жил өнгөрсөн ч гаднын зөвлөх үйлчилгээ авсаар байна. Цаашдаа гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр ажиллуулалгүй, хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшсэн Монгол иргэдээ ажиллуулах боломжийг бүрдүүлэх тал дээр шийдэл гарна гэж үзэж байгаа юм.
Хилийн чанад дахь монголчуудын хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, тэдний эх нутаг руугаа чиглэсэн бүтээмжит хамтын ажиллагааг дэмжих, монголчуудын мэдлэг туршлага, хүч нөөцийг эx орныхоо хөгжилд татан оролцуулах бодит хэрэгцээнд тулгуурласан томоохон чуулганыг зохион байгуулж буй “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа.
- Энэ удаагийн чуулганыг өргөн цар хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Хилийн чанадаас хэдэн зочин оролцох хүсэлтээ илэрхийлээд байна вэ. Хил гаалийн ойлгомжгүй байдлаас шалтгаалсан хүндрэл гарч байна уу?
-Чуулганд оролцох хүсэлтэй иргэд эх орондоо хүрэлцэн ирж чадахгүй тохиолдолд цахим хэлбэрээр ч гэсэн оролцох хүсэлтэй гэдгээ илэрхийлсээр байна. Чуулганы хүрээнд Сонгуультай холбоотой асуудал, Давхар иргэншил буюу бусад улс оронд төрсөн хүүхдүүдийн иргэншлийн асуудал, Хилийн чанадаас төрийн үйлчилгээ авах талаарх асуудал, Цахим гарын үсгийн тухай гэм мэт маш чухал сэдвүүд хөндөгдөх учраас хүн бүр оролцох сонирхолтой байна. Бид аль болох хүртээмжтэй зохион байгуулахыг хичээж байна.
Гадаад амьдарч буй иргэдээс гадна хилийн чанад дахь монголчуудын 107 байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн.
- Салбар хэлэлцүүлгүүдээс чухал санал зөвлөмжүүд гарах байх. Та бүхний энэ удаагийн чуулганаас хүлээж буй гол үр дүн юу вэ?
-Манай байгууллагад маш олон залуус нэгдэж, дуу хоолойгоо өргөх хүсэлтээ ирүүлсээр байна. Чуулганы зохион байгуулалтын ажилд л гэхэд гадаадад суралцдаг 60 гаруй залуус сайн дураараа тусалж байна. Бидний ажигласнаар эх оронд минь чухал шаардлагатай байгаа зүйл бол гурван үеийн уялдаа холбоо юм. Тодруулбал, гаднын улс оронд ажиллаж, сурч байгаад эх орондоо ирсэн өмнөх үеийнхэн, одоо хилийн чанадад амьдарч байгаа монголчууд болон сурч хөгжихөөр гаднын улсыг зорьж буй залуучууд гэсэн гурван үе. Энэ гурван үеийг уялдаа холбоотой, оролцоотой байлгах нь үндэсний эрх ашгийг хөндсөн маш чухал асуудал.
Мөн монголчууд хэрхэн амьдарч байгаа улсаасаа эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж болох вэ гэдэг тал дээр бодлогын дэмжлэг хүсэж байна. Бидэнд маш том үнэт зүйл болох чадварлаг боловсон хүчний нөөц аль хэдийн үүссэн. Энэ боловсон хүчнээ бид эх орныхоо хөгжилд ашиглах цаг нэгэнт иржээ. Гагцхүү бодлого л дутагдаж байна. Жишээ татахад, маш том хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байгаа профессор хүн хүнсний аюулгүй байдлын талаарх судалгаагаа Монголын төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах сонирхлоо илэрхийлж байна. Гэтэл тэр хүн яаж гэдгээ мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс бидэнд үнэ цэний гинжин хэлхээс үүсгэх шаардлага байгаа юм.
Бидэнд маш том үнэт зүйл болох чадварлаг боловсон хүчний нөөц аль хэдийн үүссэн. Энэ боловсон хүчнээ бид эх орныхоо хөгжилд ашиглах цаг нэгэнт иржээ.
Монгол хүн хилийн чанадад байсан ч мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх боломж бий. Зөвхөн дэд бүтцийг нь бий болгох л чухал байгаа юм. Төр бидэнд хүний нөөц хэрэгтэй байна гэдэг. Тэгвэл тэр хүний нөөцөө хэрхэн бүрдүүлэх тал дээр нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой. Чуулганы үеэр энэ талын олон шийдэл гарна гэдэгт итгэж байна.
Мөн хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцүүлгүүдэд маш их анхаарч байгаа. Гадаадад ажиллаж байгаа нэг хүний ард 10 хөрөнгө оруулагч байгаа гэж үздэг. Бид том хөрөнгө оруулалт хайхаасаа илүү жижиг хөрөнгө оруулалтыг ч анхаарах хэрэгтэй. Энэ тал дээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах олон санал яригдах болно.
- Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орондоо ирэх, баялаг бүтээх, улс орныхоо төлөө мэдсэн, сурснаа зориулах эрмэлзэлтэй байдаг. Тэдэнд эх орондоо ирж ажиллаж, амьдрахад ямар асуудал тулгарч, юу дутагдаж байна вэ?
-Хилийн чанадад байгаа монголчууд Монголдоо байгаа хүмүүсээс илүү үндсэрхэг эх оронч байдаг. Хэзээ нэг өдөр гэртээ ирнэ гээд л явдаг шүү дээ. Тиймээс Монгол улс бодлогоор иргэдээ эх орондоо таатай амьдрах боломжийг бий болгоход анхаарах ёстой. Наад зах нь хилийн чанадад амьдарч байгаа иргэдийнхээ тоог тодорхой гаргах ёстой. Элчин сайдын яамд ч иргэддээ хүрч үйлчлэх тал дээр томоохон ажлуудыг санаачлах хэрэгтэй.
Шведэд 15 мянга орчим, БНСУ-д 48 мянган монголчууд амьдарч байгаа.
Зарим улс дахь Элчин сайдын яамны хүн хүч хүрэлцдэггүй асуудал байж болох юм. Шведэд 15 мянга орчим, БНСУ-д 48 мянган монголчууд амьдарч байгааг бодолцох хэрэгтэй. Гэхдээ судалгаагаа маш сайн хийх ёстой. Цар тахлын үед туркдэх монголчуудын нөхцөл байдал хүндэрч, гудамжинд гарахаас өөр аргагүй болоход манай байгууллага нарийн тоо мэдээлэл судалгаа гаргаж өгч байлаа. Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгааны газартай хамтран дипломатуудын ёс зүйн талаар судалгаа хийгээд байна. Энэ судалгааны үр дүнг УИХ-ын Ёс зүйн хороонд гардуулна.
Түүнчлэн чуулганы үеэр “Гэртээ харих зам” хөрөнгө оруулалтын хэлэлцүүлгийг зохион байгуулж бизнес, эдийн засгийн хүрээнд тулгарч байгаа асуудлуудын талаар хэлэлцэх болно.
- Чуулганаас гарах санал, зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?
-Маш чухал асуудал бол хэрэгжилт. Бид “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн гүйцэтгэлийн үр дүнг нэгтгэж байна. Энэ хөтөлбөр тухайн улсад байгаа байгууллага, хувь хүний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм. Хөтөлбөрийн санхүүжилтийг шилэн байлгаж, хамтран дүгнэдэг, хөндлөнгийн аудит оруулдаг хэлбэрт шилжиж байна..Өөрөөр хэлбэл, бид үр дүнг тооцох, хэрэгжилтийг хангуулах тал дээр тодорхой туршлагатай болсон гэж хэлж болно. Иймээс энэ удаагийн чуулганаас гарах санал зөвлөмжийг Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн бүхий л холбогдох яам, агентлаг хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж, зарим төсөл хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт нь Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн төлөөлөл орж ажиллах болно.