Цар тахлын нөлөөгөөр хамгийн их хувьсан өөрчлөгдөж байгаа нэг чиглэл нь хөдөлмөрийн зах зээл юм. Хүмүүс ажил, амьдралын асуудалдаа шинэ эрэмбэ тогтоож “Миний амьдралд юу хамгийн чухал вэ?” гэж асуултад ажил, карьер гэхээс илүү эрүүл мэнд, гэр бүл хариулах нь эрс нэмэгдсэн. “Миний амьдрал дээшлэхгүй бол энэ компанид ажиллахын хэрэг юу байна” гэсэн дүгнэлт хийсэн хүн ч олон. Энэ мэтээр угаасаа хомсдолтой манай улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах сэдэл, ажиллах хүчний идэвх, оролцоо 1990-ээд оны эхэн үетэй адилхан доогуур болсон.
Хүмүүс юу хүсэж байна вэ гэдэгтэй холбоотой маш олон хариултгүй асуулт компаниудын өмнө гарч ирээд байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дээр яг ямар өөрчлөлтүүд явагдаж байгааг, хүмүүсийн ажлын байрнаасаа хүсээд байгаа зүйлийг хэрхэн ойлгож компанийнхаа бодлогод тусгах тухай хэлэлцэхээр өнгөрсөн тавдугаар сард 17-нд “Good Workplace Awards, New Work Summit 2022” арга хэмжээнүүдийг Нито Тек ХХК-иас санаачлан зохион байгуулсан юм. Арга хэмжээний хүрээнд ажлын байрны дижитал шилжилт ба хөдөлмөрийн зах зээл, ажил хөдөлмөрийн ирээдүй, ажлын байр ба гэр бүл, ажилтнуудын сэтгэл зүй, ажил олгогчийн брэндинг гэх мэт сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцэв. Тус эвентийн зарим оролцогч, илтгэгчдийн сонирхол татахуйц санаануудыг түүвэрлэн хүргэж байна.
Нито тек ХХК-ийн захирал Б.Мөнхдалай
Хүний нөөцийн асуудал гэдэг одоо бол компанийн хамгийн том асуудал болсон. Мөнгийг олж болж байна, харин боловсон хүчин олдох нь илүү хэцүү болоод байна. Тэгэхээр үүн дээр компаниуд анхаарч өөрсдийгөө болон дунд шатны удирдлагуудыг хөгжүүлбэл энэ асуудлыг шийдэхэд тийм хүнд биш гэж харагддаг.
Нөгөө талаас, диплом харж ажилд авдаг практик дэлхийн трэндээс гарч байна. Харин энэ хүн компанид ямар үнэ цэн авчрах вэ гэдгийг хардаг болсон. Ажил хайгч нар ч би ямар ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэдэгтээ анхаардаг болсон байна.
ONDO ХХК-ийн Үүсгэн байгуулагч Ч.Анар: Эздийн өмчит сэтгэлгээг өөрчилж байна
Мэдээллийн технологийн нөлөөгөөр дэлхий хавтгай болж, хүмүүс хаанаас ч ажиллах боломжтой болсон болохоор бид Монголын гэхээс илүү дэлхийн компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болж байна. Энэ нь хүний нөөцөөрөө сайн байж, олон улсын компанийн зарчмаар ажиллаж, дэлхийн том компаниудаас ялгарах зүйлтэй байж, түрүүлж сэтгэхээс аргагүй болгож байгаа. Тиймээс бид ирээдүйд чиглэсэн засаглалтай, олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг нэгтгэсэн, шинэ үнэ цэн бүтээдэг, эздийн өмчит сэтгэлгээтэй загвараа өөрчлөн шилжилт хийж байна.
Өнөөгийн залуучуудын хувьд компанийн алсын хараа, үнэт зүйл тухайн хүнийхтэй нийцэж байгаа эсэх нь чухал болохоос өндөр цалин өгч байгаа эсэх нь тийм ч чухал биш болсон. Өндөр ур чадвартай хүмүүс мөрөөдөл зорилгодоо хүрэхэд нь туслах, шинэ өсөж яваа компаниудыг эрэлхийлдэг болсон.
Шарк Д.Энхтүвшин: Ажилтны хувь нэмрийг үнэлэхгүй нь ажлаас гарах гол шалтгаан болдог
Сайн ажиллах хүчин татахын тулд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч хамгийн чухал, харин ажилтнууд бол бизнесийн шаардлагатай элемент, хамгийн танах боломжтой зардал гэж хардаг байсан хандлагыг өөрчлөгдөх хэрэгтэй. Цар тахал хүмүүст “Би яах гэж энд ажиллаад байна?” гэх асуултын хариуг хайхад хүргэсэн. Олон хүн компанидаа энгийн эрэг шураг нь байсан гэдгээ ойлгосон.
Ажилтан хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэхгүй, хүндлэхгүй байгаа нь ажлаас гарах бас нэг том шалтгаан болж байна. Заавал менежер, дарга болж байж биш, үндсэн ажлаа өндөр бүтээмжтэй хийж чадвал тэдэн шиг цалинтай ажиллах боломж байх ёстой гэж бодож байна.
Хөдөлмөрийн зах зээлд өөр ур чадвар, өөр үзэл бодолтой шинэ үе түрэн гарч ирж байна. Ажиллах орчин, суралцах боломж, хамт олон гэх мэт тэдний хүсэх зүйл өөр. Тэд байгууллагаа дагаад өөрсдөө ч бас өсөх, тэлэх сонирхолтой байна. Ажил олгогчдын хувьд гол үнэ цэн бий болгож байгаа нь ажилтнууд гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.
Rio Tinto группийн Монгол дахь гүйцэтгэх захирал Х.Амаржаргал
Ажлын байрны уян хатан нөхцөл гэдэг бол чадварлаг ажилтнуудыг татах бас нэг хүчин зүйл. Заавал өглөө 9 цагт ирж, орой 6-д тарах ёстой гэж шаардах шаардлагагүй ажлын байр олон боллоо. Тухайлбал, манайх шиг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран, олон цагийн бүс дамнан бизнес хийж байгаа тохиолдолд уян хатан цагийн хуваарь зайлшгүй. Нөгөө талаар цагийн уян хатан нөхцөл тухайн ажилтан хувийн амьдралын ажлуудаа зохицуулах, илүү бүтээлч ажиллахад эергээр нөлөөлдөг.
ЛэндМН ББСБ ХК – ийн Гүйцэтгэх Захирал Б.Удвал
Цар тахлаар хүмүүс гурван зүйл ойлгосон. Нэгдүгээрт, гэр бүл бол хамгийн чухал гэдгийг. Хоёрдугаарт, технологийн дэвшлийг ашиглан өөр хэлбэрээр, тухайлбал зайнаас ажиллаж болох юм байна гэдгийг. Гуравдугаарт, зөвхөн цалин орлого гэхээс илүү амьдралынхаа цагийн гуравны нэгийг өнгөрөөж буй ажлын орчин таатай байх ёстой гэдгийг ойлгосон.
CallPro ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Т.Аяагүль: Шинэ ажлын байрууд төрөлжсөн ур чадвар шаардаж байна
Дижитал шилжилт гэж ярихаасаа өмнө одоогийн хөдөлмөрийн зах зээл их өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүмүүсийн чиг хандлага, хэрэгцээ шаардлага, ажлын байрны нөхцөл гээд хүн төвтэй олон зүйл өөрчлөгдөж байна. Хүнийхээ хэрэгцээ шаардлагыг мэдэхгүй байж ажлын зараа буруу боловсруулдаг тохиолдол их.
Хөдөлмөрийн зах зээл дижитал шилжилтэд бэлэн үү гэвэл бэлэн биш гэж бодож байна. Мөн дижиталчлал ажилгүйдлийг нэмэгдүүлж байна гэвэл бас тийм биш. Технологийн нөлөөгөөр зарим ажлын байр алга болж байгаа ч нөгөө талаас шинэ ажлын байрууд бий болж байна. Харин эдгээр шинэ ажлын байр илүү төрөлжсөн ур чадварыг шаардаж буйгаараа ялгаатай.
Хаан банкны Хүний нөөцийн үйл ажиллагааны газар /ХНҮАГ/-ын захирал Д.Баатарсүрэн
Хаан банк 2011 оноос байнгын эмчтэй болж, ажилтнууддаа эрүүл мэндийн зарим үйлчилгээ, зөвлөгөөг хүргэдэг болсон. Учир нь эрүүл ажилтантай бол бүтээмжтэй ажилтантай болно. Бүтээмжтэй ажилтантай бол ашиг, орлого ихтэй, зах зээлд баттай байр суурьтай байна.