Түүний ажлын зам мөр Төмөр замын удирдах газраас эхэлжээ. 2005 оны хавар МУИС-ийн Математик, компьютерын сургуулийг хэрэглээний математикийн чиглэлээр төгссөнөөсөө хойш энэ газарт гурван жил ажилласан байна. Энэ хугацаанд тэрээр төмөр замын тасалбар худалдаалах программ, тээшний программ, явуулын кассын программыг тус тус зохиожээ. Түүний бүтээсэн тасалбарын программ нь 2007 онд “Шинэ бүтээлч, оновчтой санаа”-гаар шалгарч, төмөр замын инженерийн шилдэг бүтээл болж байв.
Түүнээс хойш 10 гаруй жилийн дараа буюу 2020 оны нэгэн өдөр тэр Зүүн Хараад амьдардаг эгчийгээ гаргаж өгөхөөр төмөр замын билетийн касс дээр очив. Ийнхүү зогсож байхдаа кассын дэлгэцийн доор “Зохиогч: Статистик бүртгэлийн албаны инженер Б.Нямцэрэн. 2005 он” гэсэн тэмдэглэгээ байгааг олж харав. 2005 онд түүний зохиосон программ төмөр зам хэмээх аварга том байгууллагын тасалбар худалдаалах үйл ажиллагааг автоматжуулан тасралтгүй 15 жил ажиллаж буйг тэр сая л анзаарчээ. Үүнийг олж мэдээд түүний дотроос огшоод ирэв. Тэр өдөр дараалалд зогсож байсан олон зуун зорчигчийн хувьд жирийн л нэг өдөр байсан бол Б.Нямцэрэнд бол өөрөөрөө маш их бахархаж, амьдралд тохиох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэгийг мэдэрсэн гайхалтай өдөр байв. Энэ өдөр бол Б.Нямцэрэнгийн хувьд амьдралынхаа зорилго, ирээдүйн бизнесийнхээ алсын харааг илүү тод олж харсан өдөр байв.
Мөрөөдөлд хүргэх сонголт
2008 онд тэр Япон орныг зорив. Токиогийн ойролцоох Сайтома мужийн мэдээллийн технологийн нийгэмлэгийн баг Монголд ирж шалгаруулалт хийхэд 900 орчим залуучууд дундаас тавхан хүн шалгарсны нэг нь Б.Нямцэрэн байлаа. Тэнд очсон хойноо тэрээр нэгэн аутсорсингийн компанид ажиллах болжээ. Эхлээд тэрээр “Hitachi” корпорацын “Hitachi Information Systems” гэх программ хангамжийн компанид аутсорсингоор ажилласан бөгөөд энэ хугацаанд “Hitachi”-гийн олон улсад ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийн service support –ийн төсөл дээр ажиллав. Мөн дараа нь MRI аппаратын тархины зүсэлтийн зураг дээрээс хорт хавдар илрүүлэх технологийн программ дээр ажиллажээ.
Дараагаар нь “Fujitsu” корпорацад хоёр жил болохдоо Японы байгалийн хийн томоохон нийлүүлэгч болох “Gas one” компанийн ERP системийг хөгжүүлэх 40 сая ам.долларын төсөл дээр 200 гаруй инженерийн хамт 20 гаруй сар ажилласан байна. Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлохоос эхлээд, туршаад, компанид нь нэвтрүүлэх хүртэл гар бие оролцсон энэ төслөөс Японд программ хангамжийн хөгжүүлэлт хэрхэн явагддаг вэ гэдэгт тэрээр маш сайн суралцсанаас гадна ер нь ERP гэж юу байдгийг тэндээс ойлгосноо Б.Нямцэрэн ярилаа.
Японд гурван жил болсны дараа эх орондоо ирлээ. Монголд ирээд тэр гурван компанийн ажлын ярилцлагад тэнцэв. Үүнээс хоёр нь банк болон харилцаа холбооны салбарын том компаниуд байсан бөгөөд түүнд өндөр цалин амлажээ. Б.Нямцэрэн сонголт хийхээсээ өмнө хувийн жижиг компани ажиллуулдаг авга ахаасаа зөвлөгөө авахаар очжээ. Тэгтэл ах нь “Хэрэв чи том банканд ажилд орвол сайн ажилласан тохиолдолд мэдээллийн технологитой холбоотой ямар нэг хэлтсийг нь ахалж магадгүй, гэхдээ тухайн компанийнхаа процесст баригдах учир өөр газарт очиход хөрвөх чадвар сул байна” гэж түүнд хэлэв. Харилцаа холбооны том компанийн хувьд “Зөв соёлтой, хүчирхэг менежменттэй боловч чи мэдээллийн технологийн мэргэжилтэн учраас үндсэн бизнест нь оролцож ажиллахгүй, үргэлж хоёрдугаар хүн байна” гэв.
Менежер хүн өөрөө бүтээмжтэй байгаад хангалтгүй, багаа агуу бүтээмжтэй байлгах ёстой.
Харин гурав дахь компани бол “Том биш, өндөр цалин амлаж чадахгүй ч чамаар дамжуулан бусдад үнэ цэн өгөх зорилготой учраас чи тэнд өөрийгөө тултал нь хөгжүүлэх боломжтой” гэж зөвлөжээ. Ингээд Б.Нямцэрэн 2010 онд “М-Си-Эс Электроникс” компанид ажилд орж, мэргэжилтний албан тушаалаас эхэлж ажиллахаар болжээ.
2013 онд “М-Си-Эс Электроникс” компани нь “Ай Ти Зон” хэмээх нэртэйгээр “М-Си-Эс” группээс менежментийн хувьчлал хийн өрх тусгаарлахад тухайн үед ERP хөгжүүлэлтийн хэлтсийг ахалж байсан Б.Нямцэрэн компанийн удирдлагын багт багтаж байв. “Ай Ти Зон” компани нь мэдээллийн технологийн салбарын голлох чиглэлүүдээр үйл ажиллагаагаа төрөлжүүлэн тэлсээр эдүгээ 400 гаруй ажилтантай “Могул групп” болон өргөжжээ. Харин Б.Нямцэрэн тус группийн зургаан охин компанийн нэгийг удирддаг, Могул группийнхээ хувьцаа эзэмшигчдийн нэг болсон. 2013 онд компанидаа ажилд орсноос хойш одоо тэрээр 10 дахь албан тушаал дээрээ ажиллаж байна.
Өнөөдөр Б.Нямцэрэн төмөр замын билетийн касстай холбоотой түүхээ багийнхандаа ярьж өгөх дуртай. Өөр олон сайхан түүх, туршлагыг багаараа хамтран бүтээж байна. Тэрээр хүн амьдралдаа өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байхын ач холбогдлыг ойлгуулж, ажилтнуудынхаа ажлын байран дээр өнгөрөөж буй найман цагийг утга учиртай байлгахын төлөө компанийнхаа үйл ажиллагааг зохион байгуулахыг хичээдэг гэж хэллээ.
Бахархал бүтээхүй – Монгол инженерүүдийн бүтээл
Саяхан 2022 оны ээлжит “Монголын хүний нөөцийн өдөр”-өөр нэгэн чухал үйл явдал болсон нь “diwo” хэмээх шинэ систем нээлтээ хийсэн явдал байв. Уг системийг “Дижитал Воркс” компани өөрсдийн хамтран ажиллаж ирсэн Монголын 250 гаруй томоохон компанийн хүний нөөцийн туршлага, мэдлэгийн охь шимийг шингээн боловсруулжээ. Гол ач холбогдол нь гэвэл хөдөлмөрийн харилцааны модулийг үнэгүй ашиглах боломжийг олгож байгаа учир өндөр үнэтэй хүний нөөцийн программ ашиглах бололцоогүй олон мянган жижиг, дунд компанийн удирдлага, хүний нөөцийнхөнд том бэлэг болов.
Ийм систем бүтээх ажил Б.Нямцэрэнг 2010 онд ажилд ороход эхэлсэн гэж болно. Тэр үед компани нь монгол инженерүүдийн ур ухаанаар ERP систем бүтээхээр баг бүрдүүлж байв. Ингээд Б.Нямцэрэн эдүгээ Монголын томоохон компаниудын олонх нь ашигладаг “Green ERP” системийг хөгжүүлэх багийн анхны гишүүдийн нэг болжээ. Тэр жилээс хойш Б.Нямцэрэн 12 жил уг системийг тасралтгүй хөгжүүлж, хариуцан ажиллахдаа 700 гаруй захиралтай уулзаж, бизнест ер нь юу тулгамддаг, тэдгээрийг хэрхэн шийдвэл амжилтад хүрдэг талаар арвин ойлголт, мэдлэгийг өөртөө шингээжээ. Түүний алхам тутамдаа хийдэг дүгнэлт нь монголчууд олон улсад өрсөлдөх чадвартай байх гол хөшүүрэг нь ердөө хүнээ хөгжүүлэх гэсэн гаргалгаа юм. Үндэсний хэмжээнд хүнээ хөгжүүлэх стратегиа боловсруулж чадаагүй учраас олон хүн гадаадад хар ажил хийхэд хүрдэг. Тиймээс хүнээ хөгжүүлэхэд нь Монгол улсдаа технологийн шийдлээр туслах нь Б.Нямцэрэнгийн багийнхны хийдэг ажлын гол утга учир юм.
Ажилтнуудынхаа ажлын байран дээр өнгөрөөж буй найман цагийг утга учиртай байлгахын төлөө компанийнхаа үйл ажиллагааг зохион байгуулахыг хичээдэг.
Бизнес процесс, ялангуяа хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулах систем хөгжүүлдэг учраас Б.Нямцэрэнд “Хүнийг яавал бүтээмжтэй, өрсөлдөх чадвартай болгох вэ” гэдэг асуулт тун чухал. Үүнийг “Дижитал Воркс” компани дангаараа хийж чадахгүй ч байгууллагуудад хүний нөөцөө удирдаж бүтээмж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нь туслах дижитал багаж, хэрэгслийг нь бэлдэж өгье гэдэг зорилгоор “diwo” системийг бүтээсэн байна.
Эдүгээ хүний нөөцийн салбарт тодорхой стандарт төлөвшиж амжаагүй, компаниудын хүний нөөцийн бодлогод стратегийн болоод техникийн шинжтэй олон дутагдал байдаг. Үүнтэй зэрэгцээд хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хууль, журмууд улам чангарч компаниудын хувьд эрх зүйн эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс “Дижитал Воркс”-ынхон “diwo” системийнхээ хөдөлмөрийн харилцаа болон цалингийн систем гэсэн хоёр чухал функцээ үнэгүй санал болгож байна. Ингэснээр мэргэжлийн бус хүн ажилласан ч тухайн компани хөдөлмөрийн харилцаа, цалин хоёр дээр эхнээсээ цэгцтэй байж, хууль эрх зүйн эрсдэл арилна. Ажилтан, ажил олгогчийн хооронд хамгийн түрүүнд үүсдэг энэ хоёр төрлийн харилцаа стандарт, дүрэм журмын дагуу явагдвал хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмж дээшилнэ гэж Б.Нямцэрэн онцоллоо.
Тэд хүний нөөцийн салбарын чиг хандлага болж буй “Ажайл хүний нөөц” хэмээх ойлголтыг шингээн хөгжүүлсэн “diwo” системдээ дээрх хоёр функцээс гадна байгууллагын чат, сошиал newsfeed, HR чатбот гэсэн боломжуудыг эхний ээлжид нээхээр бэлдсэн байна. Цаашдаа сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн болон ур чадварын үнэлгээ, албан тушаал ба ажлын байрны тодорхойлолт гэх мэтээр шаардлагатай модулиудыг хөгжүүлэх юм байна.
Б.Нямцэрэнгийн бахархаж ярих дуртай өөр нэг төсөл бол “Дижитал Воркс” компанийн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд зориулан хөгжүүлсэн хүний нөөцийн бүртгэл менежментийн систем юм. Сургууль, цэцэрлэг, сум, дүүргийн захиргааны ажилтан, албан хаагчдаас эхлээд төрийн 5000 гаруй байгууллагын 250 000 албан хаагчийн мэдээллийн бааз бүхий энэ системийг “төрийн” гэсэн тодотголтой, олон түвшинд нэг нэгэндээ харьяалагдах байгууллагууд ашигладаг.
Эдгээр байгууллага шугаман болон хэвтээ чиглэлд бие биедээ тайлагнах ээдрээтэй бүтэцтэй ч Б.Нямцэрэнгийн багийн бүтээсэн систем нь ямар ч насны, компьютер, систем ашиглах ямар ч түвшний чадвартай хүн хэрэглэж болохоор хялбар байж чаджээ. Тиймээс ч 5000 гаруй байгууллагын 10 000 орчим ажилтан цар тахлын үеэр энэ системийг хоёрхон долоо хоногийн дотор эзэмшсэн байна.
Ийм үр дүн бүхий систем бүтээхэд код бичихээс илүү хэрэглэгчийн туршлага (User experience – UX) буюу хэрэглэгч тухайн систем, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хэрхэн харилцаж, үр дүнтэй ашиглаж буй нь хамгийн чухал үзүүлэлт болдог. Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн бүртгэл менежментийн системийг хөгжүүлэхдээ Б.Нямцэрэнгийн баг UX-ийн талаар дата цуглуулдаг хэрэгсэл ашиглаж, UX-ийг сайжруулах судалгааг жил орчим хугацаанд хийжээ.
“Дижитал Воркс” компани болон Могул группийн бусад охин компаниуд энэ мэт том баг шаардсан амаргүй төслүүдийг яаж богино хугацаанд гүйцэтгэж чаддагийг Б.Нямцэрэнгээс асуухад тэр нэгэн түүх ярьж өгөв.
Агуу бүтээмжид тэмүүлэх нь
Анх тэрээр “Ай Ти Зон” компанид ажилд ороод удаагүй байхдаа гүйцэтгэх захирал У.Наранбаатарын өрөөнд орж бараг өдөр болгон лекц сонсдог байв. Захирал нь нэгэнтээ “Өөрийн ажлаа сайн хийдэг хүнийг агуу гэж хэлэхгүй, харин бусдаар агуу зүйл хийлгэж чаддаг хүнийг агуу хүн гэж хэлнэ. Менежер хүн өөрөө бүтээмжтэй байгаад хангалтгүй, багаа агуу бүтээмжтэй байлгах ёстой” гэж хэлжээ. Тэр цагаас хойш Б.Нямцэрэн яавал багаараа бүтээмжтэй, амжилттай ажиллах вэ гэдгийг төрөл бүрээр судалж, туршиж, нэвтрүүлсээр өдийг хүрчээ.
Энэхүү эрэл хайгуулын үр дүнд өнөөдөр тэдний ажилдаа баримталдаг гол зарчим нь төслийн менежментийн Ажайл (Agile) аргачлал болжээ. Энэ нь “хурдтай, шалмаг ажиллах” гэсэн гол агуулгатай бөгөөд “Ай Ти Зон” компанийнхан Agile scrum гэх аргыг 2015 оноос байгууллагадаа нэвтрүүлжээ. Энгийнээр тайлбарлавал ажайл аргачлал нь том ачааг жижиглэн зөөхтэй адил бөгөөд ямар ч ажлыг тодорхой хугацаанд чанартай гүйцэтгэх боломжтой жижиг хэсгүүдэд хуваарилдаг. Тиймдээ ч Б.Нямцэрэнгийн багт найман цагаас илүү хугацаа зарцуулж хийх ажил гэж байхгүй бөгөөд үүнээс илүү хугацаа хэрэгтэй бол жижиглэх шаардлагатай байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ арга нь “оюутны синдром” гэж нэрлэгддэг, дуусах өдрийг нь тулгаж өмнөх орой нь нойргүй сууж ажилладаг тэр хэв маягийн эсрэг арга барил юм. Түүнчлэн тэд өдөр бүр ажлаа эхлэхдээ богино хугацаанд багаараа хуралдаж, багийн гишүүн бүр “Өчигдөр юу хийсэн бэ?”, “Өнөөдөр юу хийх гэж байгаа вэ?” “Ажилтай холбоотой ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?” гэсэн гурван асуултад хариулдаг.
Нийт ажлаа богино зайн гүйлт (Sprint) гэгддэг долоо хоногийн мөчлөгт хуваадаг бөгөөд долоо хоног бүр гүйцэтгэлээ үнэлж, дараагийн ажлуудаа хуваарилдаг. Нэг үгээр, төсөл дээр ажиллаж буй баг ажлаа шууд гүйцэтгээд, түүнээс үүссэн бэрхшээлийг тэр дор нь шийдвэрлэх аргаар цааш явдаг. Энэ нь төслийн удирдагч гарсан асуудлыг олон хоногийн дараа олж мэддэг нийтлэг алдаанаас хол байлгадаг.
Гэхдээ ажайл аргачлал нэвтрүүлэхэд амар байсангүй. Эхний хоёр жилд интернэтээс судалсны дагуу нэвтрүүлсэн хэдий ч олигтой үр дүн гарахгүй байв. Нэгэн удаа Б.Нямцэрэн Олон улсын төслийн удирдлагын институтийн (PMI) ажайл аргачлалын ахисан түвшний сургалтад дэд захиралтайгаа хамрагдаж, юун дээр алдаад байснаа ойлгож авснаар компанийн менежмент сайжирчээ.
“Дижитал Воркс” компани аливаа систем хөгжүүлэхдээ бизнесийн байгууллагын бүх хэрэгцээг бүгдийг нь өөрсдөө хийх биш, илүү бусадтай хамтран ажиллах, аль аль тал нь гол зүйлдээ илүү сайн төвлөрөх зарчим баримтлан ажилладаг нь орчин үеийн бизнесийн ертөнцөд харагдах болсон нэгэн шинэ хандлага юм.
Энэ зарчмаар ажилласнаар өөрсдийн системдээ илүү төвлөрч, тухайн бүтээгдэхүүнээ цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлэх боломж гарах бөгөөд зах зээлд тэргүүлэх бусад шийдлүүдтэй интеграци хийгдэн хэрэглэгчид илүү том үнэ цэнэ өгөх боломж, үүд хаалга нээгдэнэ хэмээн Б.Нямцэрэн захирал тайлбарлаж байв.
Ажайл арга компанид төлөвшсөнөөр ажилтнуудын гүйцэтгэл, ур чадварыг хэмжиж түүн дээр суурилсан ажлын болон сургалтын төлөвлөгөө боловсруулах, албан тушаалыг тодорхойлох, албан тушаал дээшлүүлэх, цалин нэмэх, цаашлаад хүний нөөцөө төлөвлөх гэх мэт хүний нөөцийн бодлогод хамаарах шийдвэрүүд илүү оновчтой болж иржээ.
Б.Нямцэрэн өнгөрсөн хугацаанд баг удирдсан туршлагаараа ажлыг зөвхөн цалингийн төлөө ял мэт хийвэл амьдрал утгагүй болдог учраас хүнийг зорилгоор нь, мөрөөдлөөр удирдах хэрэгтэй гэдгийг хатуу ойлгожээ. Ажил бол тухайн хүний амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл биелэх боломжтой тийм л орчин байх ёстой гэж үздэг учраас ажилтнууддаа мөрөөдлөө биелүүлэнгээ тухтай орчинд, гоё хамт олонтой, өрсөлдөхүйц цалинтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг гэлээ.
Ажлын ярилцлага хийхдээ тэрээр “Дижитал Воркс” компани тухайн хүнд ямар үнэ цэн, давуу тал олгохыг сайн ойлгуулдаг. Энэ компанид ажилд орсон хүн нэгдүгээрт, олон улсын стандарт, дүрэм журмын дагуу программ хангамж хөгжүүлэхэд суралцана. Microservice architecture, Cloud native, Event sourcing pattern гэх мэт орчин үеийн технологи, аргачлалыг ашиглаж ажиллана. Өөрөөр хэлбэл, Майкрософт, Амазон зэрэг компаниудтай ижил технологи ашиглаж бүтээгдэхүүн хөгжүүлэхэд суралцана гэсэн үг.
Хүнээ хөгжүүлэхэд Монгол улсдаа технологийн шийдлээр туслах нь Б.Нямцэрэнгийн багийнхны хийдэг ажлын гол утга учир юм.
Хоёрдугаарт, дээр дурдсан ажайл аргачлал, design thinking гэх мэт төслийн менежментийн аргачлалыг эзэмшинэ. Харин гуравдугаарт, бизнесийн программ хангамж хөгжүүлдэг компанид ажилладаг учраас бизнесийн талаар, ялангуяа хүний нөөцийн талаар маш их мэдлэг хуримтлуулдаг. Ингэснээр нэг талаас зөөлөн ур чадварт суралцдаг, нөгөө талаас ирээдүйд хамгийн их эрэлттэй байх технологи болон бизнесийн процессыг ойлгодог буюу технологи, хүн хоёрыг холбож ажиллаж чаддаг ур чадвартай болдог. Тодруулбал, “Дижитал Воркс” компанид ажилласан хүмүүс ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд хос мэргэжилтэй, хос ур чадвартай, хөтөлгөө морьтой болно гэсэн үг.
2019 онд цар тахлын үеэр Б.Нямцэрэн менежерүүдийн хамт Вэрнэ Харниш-ийн “Бизнесээ томруулах нь” номын нэлээд үнэтэй сургалтад хамрагдсанаар багаараа нэгдмэл мөрөөдөлтэй байхын ач холбогдлыг илүү тод ойлгожээ. Тэд компаниараа олон удаагийн хурал, уулзалт, брэйнсторм хийж яг ямар зорилгын төлөө ажиллаж буйгаа хэлэлцсэний үр дүнд компаниараа нэг мөрөөдөлтэй болж чадсан нь “Бахархал бүтээнэ” гэсэн уриа болов. Тэд хийсэн зүйлээрээ бахархахын төлөө ажилладаг. Одоо тэдний амжилтын хэмжүүр нь: “Бид үнэхээр бусдын өмнө бахархахаар зүйл хийсэн үү?” Энэ асуулт ямар ч төсөл дээр ажилласан бай тэдний амжилтын хурдасгуур болж чаддаг.
Оюуны экспортын түүчээлэгч
Тэрээр Японоос нэгэн том мөрөөдөл тээж иржээ. Их сургуульд мундаг сурдаг байсан ангийн найз нь хэсэг хугацаанд багшилж байгаад амьдралын эрхээр Солонгост төмрийн үйлдвэрт ажиллаж байгааг Японд байхдаа олж мэджээ. Заримдаа тэд онлайнаар харилцаж, нөгөө найз нь их хүнд нөхцөлд ажиллаж буйгаа ярьдаг байв.
Үүнээс хойш Б.Нямцэрэнгийн толгойноос яагаад Монгол хүн Монголдоо дэлхийн жишгээр цалинжаад сайхан амьдарч болдоггүй юм бэ, оюуны том потенциалтай хүмүүс яагаад гадаадад хар ажил хийх ёстой юм бэ гэсэн бодол салахгүй л байв. Тиймээс ч Монголоо тийм болгох юм сан гэсэн мөрөөдөлтэй Японоос буцаж ирэв. Тэндээ үлдээд өндөр цалин аваад амьдарч болох байсан ч, тэрээр нэг том механизмын эрэг боолт болж үлдэхээр байлаа.
Ингээд хамгийн түрүүнд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар олж авах боломжтой гэдгээр нь мэдээллийн технологийн салбарт өөрийгөө зориулахаар шийджээ. Харин дэлхийд өрсөлдөх чадвартай болохын тулд дэлхийн түвшинд программ хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэлхийд борлуулж, дэлхийн хэмжээний цалин ажилтнууддаа өгөх шаардлагатай гэж тэр үзжээ.
Тиймээс Б.Нямцэрэнгийн багийнхны мөрөөдөл бол тэдний бахархал болсон ажил нь дэлхийн зах зээлд гаран, дэлхийн зах зээлээс доллар авч ирж, дэлхийн цалинтай болох боломжийг бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл, оюуны экспорт хийх юм. Тэд дотоодын зах зээлд 10 гаруй жил ажиллан хангалттай байр суурь, орон зайг эзэлж, гадагшаа гарах бэлтгэлээ хэдийнээ хангасан гэхэд болно.
Тэд оюуны экспортыг эхнээсээ хийж эхлээд байна. 2017 онд Япондоо эхний 10-т эрэмбэлэгддэг Иточу корпорац Монгол дахь салбар компанидаа ERP нэвтрүүлэх тендерт “Дижитал Воркс” компани шалгарчээ. Монгол улсад Toyota-гийн албан ёсны дилерүүдийн борлуулж буй бүх машин, сэлбэг, тоног төхөөрөмжүүд, үйлчилгээг хариуцсан Иточу-гийн салбар компани болох Toyota Sales Mongolia нь эдүгээ дөрөв дэх төслөө тэдэнтэй хамтран хэрэгжүүлж байна. “Энэ нь бидний хувьд анхны экспортын чиглэлийн төсөл байсан бөгөөд олон улсын түвшний программ хангамж хөгжүүлэх нь бидэнд том туршлага болсон” гэж Б.Нямцэрэн ярив. Энэ хамтын ажиллагаанаас тэд хагас сая гаруй ам.долларын оюуны экспорт хийжээ.
Экспортын жим гаргаж буй өөр нэг төсөл нь тэдний хөгжүүлсэн “Lite Banker” хэмээх ББСБ-уудад зориулсан үндсэн систем. 2019 онд нэвтрүүлсэн уг системийн хамгийн анхны хэрэглэгч нь Инвескор ББСБ юм. “Lite Banker” нь зээлийн гэрээ боловсруулах, эргэн төлөлт хийх, хүү бодох, бүртгэл хийх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, итгэлцэл татах, валютын арилжаа хийх гэх мэт маш олон процессоос бүрдсэн 20 орчим модультай автоматажсан платформ юм. Үүнийг ашигласан Инвескор ББСБ эдүгээ харилцагчийн тоо нь 8 дахин, активынх нь хэмжээ 3 дахин өсөж, дотоодын төдийгүй гадаадын зах зээлд тэлсээр байна. Улмаар Инвескор ББСБ Киргизэд салбараа нээгээд байгаа бөгөөд цаашдаа Төв Азид салбаруудаа олшруулах төлөвлөгөөтэй. Ийнхүү тэлэхэд “Дижитал Воркс” компанийн программ хангамжийн бүтээгдэхүүн тухайн улсад нутагшуулалт хийх замаар хамт гаднын зах зээлд гарч эхэлжээ.
Түүнчлэн, тус компанийн хүний нөөцийн системийг ашигладаг “Доктор Авто сүлжээ” франчайзын эрхээ мөн л Төв Азид борлуулаад эхэлсэн бөгөөд Казахстаны зах зээлд хэдийнээ гараад байна. Энэ болгонд Б.Нямцэрэнгийн багийн хөгжүүлсэн систем тэр зах зээлд нэвтэрч, тэд хэрэглэгч байгууллагын хамт экспорт хийх алхмуудыг хэрэгжүүлж байна.
Нямцэрэн чинь МУИС даа шилдэг хөдөлмөрч оюутан байсан. Чаднаа найз
good job
Мундаг!