– Business.MN сэтгүүлийн 2023 оны 05 сарын дугаар (№54) -т хэвлэгдсэн нийтлэл –
Одоогоос зургаан жилийн өмнө “Зулзаган дөл” компани Cosy Club ресторанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол яваандаа катерингийн үйлчилгээгээр далайцаа нэмэгдүүлж, өдгөө анх төлөвлөж байсныхаа дагуу аялал жуулчлалын салбарт хөл тавиад байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болоод аялал жуулчлалын салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах алсын хараа нь Б.Дөлгөөнийг өчигдрөөс өнөөдөрт авчирчээ.
***
Энхтайвны гүүрний баруун үзүүрт, NCP шилэн барилгын нэг давхарт байрлах Cosy Club ресторан олны нүднээс харьцангуй нууцлаг, буйдхан газар байршилтай мэт боловч үдийн хоолны цагаар энд орвол ширээ бүр захиалгатай, үйлчлүүлэгч ихтэй байхыг та олж харна. Зөөгчид нааш цааш хоол зөөж, эднийхийг зорьж ирэн тухалсан хүмүүс захиалсан хоолоо амтархан зооглох нь ямар ч үйлчилгээний газрын хувьд хүслэн болсон дүр зураг. Текэн дээгүүр “Home away from home” хэмээх үг неон цэнхэр өнгөөр гэрэлтэх нь Cosy Club -ийн үндсэн концепцыг маш товчхоноор илэрхийлжээ. Төрөл бүрийн уух зүйлс, амтат коктейлийн орц, найрлагууд текний араар өрөөстэй байгаа нь энд зөвхөн хоол үйлдвэрлэлд төвлөрсөн үйлчилгээ үзүүлдэггүйг илтгэнэ. Бүтэн цагаар ажилладаг ресторан хуруу дарам цөөн байдаг нийслэл хотод тэд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш л 08.00-00.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг хэмнэлээ хадгалсаар байна. Тиймээс ч энд эртлэн ирж, өглөөний цайгаа уудаг байнгын үйлчлүүлэгчид цөөнгүй.
Өдөрт дунджаар 160-170 хоол хийж, хоёр ээлжээр чөлөө завгүй ажилладаг, үйлчлүүлэгчдийг татах гол “нууц” болсон Cosy Club -ийн гал тогооноос европ маягийн, тэр дундаа англи хоолны онцлогийг түлхүү шингээсэн олон янзын зоог, стейк, паста тэргүүтэн бэлтгэгдэн гардаг. Гэхдээ хүмүүсийн хамгийн их захиалж иддэг нь хуушуур, цуйван зэрэг монгол хоол аж. “Би өөрөө хоол хийх сонирхолтой учраас рестораны хоолоо тогтмол идэж, хувийн зүгээс санал шүүмж их өгдөг. Хоёр ээлжийн тогооч нар маань ч нэг нэгнийхээ хоолыг амталж үзэх, ажилтнууд маань хамтдаа сууж хооллонгоо саналаа солилцох зэргээр чанараа хадгалахыг үргэлж хичээдэг” хэмээн Cosy Club -ийн үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн хэлж байна. Монголд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийтлэг ажиглагддаг дутагдал бол ресторанууд хоолны амт чанараа урт хугацаанд хадгалж чаддаггүй явдал. Харин Cosy Club салбар нэгтнүүдийнхээ алдааг давтахгүйг хичээж, гэртээ байгаа мэт тав тухтай орчинд, эрүүл, амттай, шинэлэг хоолоор хүмүүст үйлчлэхийг зорьж байна.
“Орчин цагт хүмүүс гэр бүл, найз нөхдийн харилцаанаас гадна өөрийн сонирхлын дагуу тодорхой коммюнитид цагаа өнгөрүүлэхийг эрмэлзэх болсон. Тиймээс хүмүүс хоорондоо нэгдэж, уулздаг газар нь болоосой гэж хүссэн учраас Cosy Club -аа нээсэн”.
Англид өсөж, тэнд бүрэн дунд боловсрол эзэмшиж, улмаар бакалавр, магистрын зэргээ хамгаалсан Б.Дөлгөөнийг хөгжлийн эдийн засагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэй гэвэл та магадгүй гайхаж мэднэ. Тэрбээр эх орондоо ирж, тодорхой хугацаанд ажилласныхаа дараа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт зориглон хөл тавих болсон гол шалтгаануудын нэг нь түүний багын сонирхлоос улбаатай. Гэр бүлийн хамт Англид өсөж торних явцдаа ээжийнхээ нөлөөгөөр номын сангаар тогтмол үйлчлүүлэхийн зэрэгцээ сонин их уншдаг байсан түүний хувьд хоолны буланг хамгийн анхааралтай, тогтож уншдаг байжээ. Янз бүрийн хоолны жор туршиж, нарийн боов, бялуу зэрэг амттан хийх сонирхол нь ч эндээс эхтэй. “Английн сонинууд маш зузаан, баялаг мэдээлэлтэй, өгөөж ихтэй, яг л ном шиг. Хоолны булангуудаас нь төрөл бүрийн жор, хоолны үүх түүхээс эхлээд хэрхэн бэлтгэх, хийх, зооглох, зочдыг хэрхэн урьж, дайлж цайлах гээд л хоолны соёлтой холбогдох бүхнийг олж уншдаг байлаа” хэмээн тэр дурсав.
Их сургуулиа төгсөж, Англид ажиллаж байгаад эх орондоо нэгэн хүмүүнлэгийн байгууллагад ажиллахаар тэр 2008 онд иржээ. Англи соёлоор хүмүүжсэн түүнд хэл уснаас эхлээд Монголд өнгөрүүлсэн эхний гурван жил сорилттой, сонирхолтой байж. Тухайн үед Улаанбаатарт байсан ганц нэгхэн кофе шопыг хайсаар олж очиход хэдхэн экспатаас өөр хүн харагдахгүй эл хульхан байдаг байсныг тэр одоо тод санадаг. Гэртээ бэлтгэсэн сэндвичээ гадуур идээд алхахад хүмүүс гайхаж хардаг асан тийм л үе. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрөхөд монголчуудын хэрэгцээ, сонирхол эрс өөрчлөгдсөнийг “Өглөөг кофегүйгээр эхлүүлж чаддаггүй” гэж захын хүн хэлдэг болсон зэргээс харж болно. Гадуур хооллох соёл ч хурдтай нэвтэрсэн юм. Үүнийг дагаад өөрийн гэсэн концепц бүхий хоолны газрууд шинээр нээгдэж, хэрэглэгчийн хүсэл сонирхол, шаардлагад нийцэн хөгжих болсноор өрсөлдөөн аяндаа нэмэгдсэн билээ.
Cosy Club -ийг байгуулсан Б.Дөлгөөн ч мөн өөрийн сонирхдог хоолны салбартаа үйлчилгээний шинэ стандарт, өнгө төрх авчрахыг хүсчээ. Үүний тулд шинэхэн ресторанаа сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэх болсон сонирхлын бүлгүүд, коммюнити (community) -д суурилсан концепцтой байлгахыг зорьсон юм. “Орчин цагт хүмүүс гэр бүл, найз нөхдийн харилцаанаас гадна өөрийн сонирхлын дагуу олон коммюнити хүрээлэлд цагаа өнгөрүүлэхийг хүсэх болсон. Би өөрөө ч сайн дурын ажил их хийдэг байсан болохоор хүмүүс хоорондоо нэгдэж, уулздаг газар нь болоосой гэж хүссэн учраас Cosy Club -аа нээсэн” хэмээн тайлбарлав. Хүмүүс ингэж цуглахдаа эрүүл, шинэ, мөн тухайн улирлын онцлогт тааруулан “зохиосон” цэсээс сонгон хооллож, цагийг таатай өнгөрүүлээсэй гэж тэр хүсчээ. Тиймээс гол концепцоо хэрэгжүүлэхийн тулд оройн цагаар ачаалал харьцангуй буурдгийг ашиглан эвент хийх санаа төрмөгц даруй ажил хэрэг болгов. Ингээд амьд хөгжмийн хамтлагууд болон тодорхой байгууллага, клуб, коммюнититэй хамтран олон төрлийн эвент зохион байгуулж эхэлснээр хүмүүсийн урсгалыг татаж, тогтмол үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр үйл ажиллагаа Cosy Club -ийн нэрийн хуудас болж чадсан юм. Өдгөө үйлчлүүлэгчдийнх нь багагүй хувийг ямар нэг эвентээр дамжуулан эднийхийг өөртөө нээсэн хүмүүс эзлэх болжээ. Тогтмол зохион байгуулагддаг эвентүүдээс дотоодын үйлдвэрлэл, гар урлал, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих Flea Market, хүмүүсээс дахин ашиглахгүй бараа, материал, хувцас хэрэглэлийг цуглуулан дулаан хувцас хэрэгтэй хүүхдүүд, шаардлагатай бүлэгт хүргэх “Дулаан” аян зэрэг нь олонд танигдаж, одоо ч үргэлжилсээр байгааг онцлон дурдъя.
Б.Дөлгөөн үндсэн ажлынхаа хажуугаар эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй стартапыг хамтран үүсгэн байгуулж, краудфандинг төсөлд хөрөнгө оруулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан менторшип хөтөлбөрт хамрагдан долоо хоногийг тун завгүй өнгөрүүлдэг. Тэрбээр монголчуудыг “Маш их мэдээлэл дунд байдаг, шинэ зүйлийг аль болох хурдан туршиж үзэх хүсэлтэй, сониуч” гэж тодорхойлсон юм. Тиймээс ч Deli хэмээх шошго хадсан тусгай хөргөгчийг Cosy Club -ийн текний яг хажууд байрлуулах санааг олжээ. Энэхүү хөргөгч шинээр туршиж буй бүтээгдэхүүн, сэндвич, салат, ороомог тэргүүтэй хүйтнээр нь хадгалахад тохиромжтой бэлэн хоолнуудаар дүүрэн бөгөөд хүмүүст кускус, киноатай салат зэрэг түгээмэл бус орцоор хийсэн салат, зуушийг туршиж үзэн, шинэ амтны эрэлд гарах боломжийг олгодог. Яг ийм зарчмаар бий болж, өнөөдөр үйлчлүүлэгчдийнх нь дунд амт чанар, шинэхэн байдлаараа танигдсан төрөл бүрийн орцтой бялуунууд нь эдний нэрийн бүтээгдэхүүн болж чаджээ. Cosy Club -ийн тогооч нарын гараа гарган хийдэг нэрийн бялуунууд нь элдэв хадгалагч, нөөшлөгч бодисын орцгүй учраас зөвхөн урьдчилсан захиалгаар, шинэхнээрээ хэрэглэгчийн гарт хүрдэг.
Харин яг одоо Cosy Club -ийн хамт олон хувааж иддэг хоолны нэр төрлөө баяжуулахаар ажиллахын зэрэгцээ мексик хоолнууд цэстээ нэмэхээр сонирхон судалж эхэлжээ. Мөн цэсээ хэлбэрийн хувьд дахин шинэчилж, тухайн хоолонд багтсан орц, найрлага, шим тэжээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдлаар хүргэж эхлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр үйлчлүүлэгч зөвхөн хоол идээд гарах бус цэс дэх мэдээллээр дамжуулан хоолны соёлд бага багаар суралцаж, тодорхой хэмжээнд мэдлэгээ тэлэх боломжтой.
Эхний таван жилд рестораныхаа үйл ажиллагааг жигдрүүлж, удаах таван жилдээ багаараа аялал жуулчлалын салбарт орох, түүнээс цааш хөдөө орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажиллана гэж тэд төлөвлөжээ.
Үүгээр зогсохгүй тэд тун саяхан шинэ салбараа нээж, бидний ярьж дадсанаар “120” орчмын хэрэглэгчдэдээ ойртжээ. “Жетро” супермаркетын дэргэд нээгдсэн Cosy Cafe нэртэй уг салбар сэндвич, салат, ороомог, өдрийн хоолны багц, нарийн боов, цай, кофе зэрэг бэлэн савлагаатай хоол, зуушаар үйлчлэх аж. Мөн жимс, ногооны шахсан шүүсийг хадгалагч, нөөшлөгч, өнгө оруулагч зэрэг нэмэлт бодисгүй органик байдлаар өдөр тутам бэлтгэн гаргаж эрүүл хооллолтыг дэмжиж буй. Үүнээс гадна явуулын хоолны машинуудыг тодорхой маршрутуудад ажиллуулж эхлэхээр төлөвлөж байна. Нэгэнт хоолны амт чанар, эрүүл, шинэлэг байдлаараа хүмүүсийг татаж, байнгын үйлчлүүлэгчидтэй болж чадсан учраас Cosy -ийн хамт олон тэднийхийг зорьж очиж амжихгүй, цаг завгүй яваа хүмүүст зориулан Toki, Songo зэрэг аппуудад бүртгүүлэн, давхар хүргэлтийн үйлчилгээтэй болжээ.
“Зулзаган дөл” компанийн үйл ажиллагаа зөвхөн Cosy Club -аар хязгаарлагдахгүй. Компанийн үндсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь катеринг үйлчилгээ юм. Өнгөрсөн хугацаанд тэд катерингийн үйлчилгээгээ эвент, тэмдэглэлт арга хэмжээнүүдээс гадна Элчин сайдын яамд, “Чингис хаан олон улсын нисэх буудал”, “Тавантолгой” зэрэг цөөнгүй байгууллагад хүргэж ажилласан бөгөөд одоо ч уул уурхайн компаниудтай хамтран ажилласаар байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Ковид-19 -ийн үед үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, туршлага хуримтлуулахад ч давуу тал болсныг тэд онцолж байв.
Анх 12 хүнтэй эхэлж байсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шинэхэн компани өдгөө багагүй туршлага хуримтлуулж, 47 -уулаа болж өргөжжээ. Үйлчилгээний салбар гэдэг нарийн ажиллагаа, зохион байгуулалт их шаардахаас гадна зах зээлээ байнга анзаарч, мэдэрч байх ёстой болдог сорилтоор дүүрэн талбар. Тиймээс хүчин чадлаа зөв хуваарилж, төлөвлөж, ухаалаг ажиллах нь чухал байдгийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн хэлж байна. Үүний зэрэгцээ үйлчилгээний ажилтнуудыг харьцангуй бага үнэлэх хандлага нийгэмд давамгайлдаг тул ажил олгогчийн зүгээс илүү хүчин чармайлт гаргаж, дэмжиж ажиллуулах шаардлагатай тулгардгаа учирлаж байв. “Зулзаган дөл” компанийн тухайд ажилтнууддаа дэвших боломжийг их олгодог. Гэхдээ босоо биш хөндлөн системээр дэвшүүлж, өөр ажил, үүргүүдэд хуваарилж, ур чадвараа сорих, шинэ зүйл хийж турших орон зайг нээлттэй бүрдүүлж өгөхийг зорьдог аж. Тухайлбал, зохион байгуулалт, менежментийн багийнхан нь гэхэд л бүгд нэг нэгнийхээ ажлыг хийж чадах хэмжээнд хүрч чадавхжжээ.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, цаашлаад аялал жуулчлалын салбарт хөл тавих хүсэл Б.Дөлгөөнд эртнээс төржээ. Тиймээс эхний таван жилд рестораныхаа үйл ажиллагааг жигдрүүлж, удаах таван жилдээ багаараа аялал жуулчлалын салбарт орох, түүнээс цааш хөдөө орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажиллана гэж төлөвлөсөн байна. Өөрийнх нь хошигносноор тэрбээр одоо хоёр дахь таван жилийн төлөвлөгөө рүүгээ ороод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилээс аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эхлүүлж, “Намуун хөндий” кэмпийг ажиллуулж эхэлснээ хэлж байгаа хэрэг. Төв замаас холгүй, Тэрэлжийн Рашаантын аманд байршилтай, нам гүм орчинтой, үзэсгэлэнтэй харууцтай хэмээн тодотгосон энэхүү кэмп концепцын хувьд бусдаас ялгаатай. Тодруулбал, байшингуудаа 7-14 хоногоор буюу илүү урт хугацаанд түрээслүүлж, агаарт амрах, зайнаас ажиллах сонирхолтой хүмүүсийг гол зорилтот зах зээлээ хэмээн тодорхойлж байгаа юм. Улмаар Airbnb, Trip Advisor зэрэг платформ болон энэ төрлийн дотоодын системүүд болох iTrip, Joinme.mn -д бүртгүүлж, гадаад, дотоодын хаанаас ч, хэн ч захиалга хийж, үйлчлүүлэх боломжийг нээхээр зорьж байна. Дөлгөөний үзэж буйгаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асар их боломж, потенциаль манай улсад бий. Тиймдээ ч “Зулзаган дөл” компанийнхаа алсын харааг тэрбээр аялал жуулчлал, хөгжлийн салбартай холбон харж, ирээдүйн алхмуудаа төлөвлөж байна.
***
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 05 сарын дугаар (№54) -т хэвлэгдсэн нийтлэл –