Цалингаа НДШ суутгаагүй олгосон бол ААНОАТ-т нэмж 10%-г төлөх болно. Магадгүй түүнээс илүүг ч төлнө…
Ихэнх жижиг дунд бизнесийн удирдлагын хувьд яаж бага зардал гаргаж хөл дээрээ тогтох вэ гэсэн асуултыг үргэлж асуудаг. “Үйл ажиллагааны зардлуудаас гадна НДШ-ийн зардал, НӨАТ, ААНОАТ гээд л маш олон давхар, давхар татварууд өндийлгөхгүй байна” хэмээн санаа алдаж суух захирлуудтай их таарч байлаа. Бизнес эхлэх тийм ч амар биш. Тэр тусмаа татваруудын уялдааг ойлгоогүй байгаа бол бүр ч их стрессдэх болно.
Энэ нийтлэлээр захирлуудын хамгийн их асуудаг “НДШ-г суутгахгүй олгож болох уу? Ажилчид мөн адил НДШ-ийг хасуулахгүй цалингаа бүтнээр авах хүсэлтэй байна” гэсэн асуултад хариулъя.
Байгууллага НДШ-д ажил олгогчийн зүгээс 12.5%-14.5% төлж байгаа. Үйлдвэрийн газруудаас бусад нь буюу ихэнх байгууллага 12.5%-р төлнө. Хэрвээ та тухайн зардлыг гаргахгүй гээд нийгмийн даатгалын тайланд цалингаа тайлагнахгүйгээр цалингийн зардал гаргасан бол ААНОАТ татварт гарсан цалингийн зардлаа нотолж чадахгүй учраас нэмж 10%-г төлж байгаагаа мэддэг үү? Магадгүй ААНОАТ-г сар бүр төлөхгүй байгаа учраас анзаарч байгаагүй байх.
Ойлгомжтой байлгах үүднээс нэгэн жишээ авъя.
Танай байгууллага сарын цалингийн зардалд 10 сая төгрөг ажилчдадаа НДШ-г суутгахгүйгээр олгосон гэж үзье. Танай байгууллага НДШ суутгаагүй учраас нийгмийн даатгалын тайланд тусгахгүй. Нийгмийн даатгалын тайланд тусгаагүй 10 сая төгрөг нь ААНОАТ-т цалингийн зардлаар нотлогдох боломжгүй болно. Ингэснээр цалингийн зардлын 10% болох нэг сая төгрөг ашгийн татварт төлнө.
Хэрвээ танай байгууллага тухайн 10 сая төгрөгийг хуулийн дагуу НДШ суутган тайлагнасан бол 12.5% буюу 1 250 000 төгрөгийн нийгмийн даатгалын зардал гарах бөгөөд 10 сая төгрөгийн цалингийн зардал, дээр нь нэмээд 1,250,000 төгрөгийн НДШ-н зардлыг ААНОАТ-т тайлагнах боломжтой болно. Ингэснээр олсон орлогоосоо цалин, нийгмийн даатгалд төлсөн 11 250 000 төгрөгийн зардлыг хасуулан ашгийн татвараас 1 125 000 багасгах боломж үүсэж байгаа юм. Дээрх олгоогүй бол хэмнэж болох байсан гэж үзээд байгаа 1 250 000 төгрөгөөс олгож ашгийн татвараас багасгасан 1 125 000 төгрөгийг хассанаар 125,000₮-н зөрүү үүснэ. Багахан мөнгө байна гэж битгий хараарай. Та 1 250 000 төгрөг хэмнэсэн гэж бодож байсан ч яг үнэндээ хэмнэж чадаагүй байгаа. Мөн дээрээс нь илүү их мөнгө төлж магадгүй эрсдэл үүссэн байгааг хараарай.
Маргааш ямар эрсдэл үүсэх вэ?
- Олгосон цалингаа тайлагнаагүй буюу НДШ суутгаагүй олгосон бол торгуулна.
- Хуулийн дагуу суутгаагүй бүх НДШ-г өнгөрсөн хугацааны дүнгээр нөхөж тайлагнана. Ажилтнаас суутгаагүй олгосон НДШ, ХХОАТ-н зэргийг өөрийн зардлаар төлнө.
Ажилчид мөн адил НДШ-ээ хасуулахгүй цалингаа бүтнээр нь авах хүсэлтэй байх нь олонтаа. Гэхдээ “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр” гэдэг үг энэ тохиолдолд тун тохирно. Өнөөдөр магадгүй амьдралд нь нэмэр болж байгаа гэж үзье. Гэвч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх шаардлага үүсэхэд эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй гэдэг шалтгаанаар хэрэгтэй үйлчилгээгээ авч чадахгүй. Ажлаас гарвал ажилгүйдлийн даатгалгүй учраас орлогогүй болно, хөдөлмөрийн чадвараа түр алдвал тэтгэмжийн даатгалгүйгээс болоод тэтгэмж тогтоолгож чадахгүй, машин, байр авахыг хүсэж банк, ББСБ-д хандахад цалингүй, орлогогүй гэж үзнэ гэх зэргээр ирээдүйд олон эрсдэл бий болно. Энэ мэтээр өнөөдөр бүтэн өгсөн цалин маргааш ажилтнуудыг хохироодог.
НДШ-ийг ёс журмаар нь төлнө гэдэг бол компани, ажилтан хоёул маргаашдаа бэлтгэлтэй байх, санхүүгийн хувьд эрсдэлээ хааж буй хэлбэр.