Сүүлийн үед хувийн хөгжилдөө анхаардаг хүн болгоны сонирхлыг татаад байгаа зүйл бол көүчинг болж байна. Яг Көүчинг гэдэг нь юу вэ гэдгийг сайн мэдэхгүй ч хүнийг өөрчилж, сайхан зүйлд хүргэдэг ид шидийн юм шиг зүйл мэтээр хандах нь элбэг байна. Олны танил, амжилтай яваа хүмүүс ч Көүчтэй болох нь илүү давуу талтайг өөрийн эерэг өөрчлөлт, амжилтын түүхээрээ баталж байна.
Тиймээ, Көүчинг бол хувь хүний хөгжлийг зөв системтэйгээр хөгжүүлж, тухайн хүнд байгаа нөөц, боломжийг өөрийнх нь хүчин зүтгэлээр илрүүлж, тэрхүү нөөц боломжоо хаана, хэзээ, хэрхэн ямар стратеги, тактикаар гаргахыг чиглүүлдэг энгийнээр бол их буянтай ажил, нөгөө талаас ур чадвар, туршлага дээр суурилсан ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах мэргэжлийн үйлчилгээ.
Сүүлийн жилүүдэд Көүч, Ментортой ажиллах хэрэгцээг дагаад энэ чиглэлийн харилцаа, хамтын ажиллагааны нэг шинэ соёл тогтож байна. Анх 1830-аад оны үед Оксфордын Их Сургуульд нэг багш нэг оюутантай ганцаарчлан ажиллахаас эхэлсэн Көүчинг нь Менторингийн нэг хэсэг болж амжилттай хөгжиж байна.
Харагдаж байгаа байдлаас нь хүнд зөвлөөд байгаа юм шиг, хэн ч хийчхэж болох ажил гэж амраар ойлгосных уу олон нийтийн сүлжээнд өөрийгөө Көүч, Ментор хэмээн нэрлэсэн хүмүүс олширч байна. Энэ нь соён гэгээрэл, насан туршийн боловсрол талдаа тустай ч нөгөө талаасаа тус мэргэжлийн нэр хүндийг унагаж байна. Зарим нэгэн ажил, амьдралын багахан туршлагатай, хэдэн ном илүү уншсан, хэдэн хувь хүний хөгжлийн сургалтад суух нь көүч болоход хангалтгүй. Учир нь ямар ажлыг мэргэжлийн бус байдлаар, дутуу хийвэл үр дагавар ихтэй байдаг.
Көүч хүн нэгдүгээрт, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагын мэргэжлийн сургалтуудад суралцаж, олон шаттай шалгалтыг өгч, өөрийгөө энэ чиглэлээр ажиллах шаардлагыг онол, практик болон ёс зүйн хувьд баталдаг мэргэжлийн үйлчилгээ юм. Хоёрдугаарт, энэ ажил хувь хүний “Өгөх” сэтгэл дээр суурилдаг, ажил, амьдралын туршлага, сайн зан чанарууд, мэдлэг, хувийн арга барилаар баяжуулж хийдэг, мэргэжлийн өндөр ёс зүйг шаарддаг.
Көүч гэж хэн бэ?
Хувь хүний онцгой байдлыг танин мэдэж, ухаалаг асуултаар ярилцах замаар асуудлыг нь ойлгуулж, зөв шийдэлд чиглүүлэгч юм. Ерөнхийдөө мэргэжлийн Көүч гэж асуулт асуугч, /Жич: Көүч хүний гол зэмсэг бол ухаалаг асуултууд байдаг/ итгэлт хамтрагч, чиглүүлэгч, өөрчлөлтийг удирдагч юм. Үүн дээр нэмээд харилцааны өндөр ур чадвар, мэдрэмж, амьдрал, ажлын туршлага, эергээр нөлөөлөх ур чадвар, хандлагуудыг эзэмшсэн байх ёстой. Көүч хүний баримтлах мэргэжлийн зарчим нь аливаад нээлттэй, сониуч, асуудалд уян хатан, үйлчлүүлэгч төвтэй байх юм. /Эх сурвалж: The ICF definition of Maintains a Coaching Mindset /
Үйлчлүүлэгч төвтэй зарчмын хүрээнд мэргэжлийн Көүч хүн Үйлчлүүлэгчтэйгээ ажиллах өөрийн гэсэн арга барилтай байх шаардлагатай.
Өөрийн Көүчээр ажилласан туршлагаас дүгнэхэд Көүч хүн Үйлчлүүлэгчийнхээ үнэ цэн, болон нөөц боломж, давуу талаа хөгжүүлбэл ямар их боломж байгааг өөрөөр нь ойлгуулж, өөрчлөлтийг хийх ухаалаг шийдлийг гаргуулах ур чадвартай байх ёстойг ойлгосон юм.
Көүчинг гэж ямар үйл ажиллагаа вэ?
Көүчинг нь өгөх сэтгэл, хувь хүний дээд хандлага, ёс зүй дээр үндэслэн хийгддэг Көүч болон Клиент /Үйлчлүүлэгч/ хоёр сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу, тодорхой хугацаанд явагддаг мэргэжлийн үйл ажиллагаа.
Хувь хүнд Көүчинг яагаад хэрэгтэй вэ?
Көүчингийн үйлчилгээ авах нь хувь хүний шийдвэр, сонголтын асуудал. Хэн ч бусдыг Көүчтэй болохыг ятгах эрхгүй. Гэхдээ хүн амьдралдаа нэг удаа ч гэсэн Көүч, Ментортой байх нь тухайн хүн өөрийгөө эрт танин мэдэж, бүрэн ойлгож, хувийн амьдрал болон ажил, карьерын замдаа үзэж туулах бэрхшээлийг дөтөлж, тулгарч болох эрсдэлийг зайлуулж, амьдралаа зөв удирдаж, өөрийн гэсэн системийг бүтээхэд тусална. Көүчинг үйлчилгээ авсан хүний амьдралд маш том өөрчлөлт авчирдаг. Товчоор дүгнэхэд Көүчийн тусламжтайгаар хүн зорьж буй өндөр уулын оргилдоо ядарч зүдрэхгүй, эрсдэл гаргахгүй, цаг хугацаа алдахгүй хүрч чаддаг.
Байгууллагад Көүчинг яагаад хэрэгтэй вэ?
Байгууллага гэдэг хүнд цалин, урамшуулал олгохоос гадна ажилтнаа сургаж хөгжүүлдэг мэргэжлийн институц. Сүүлийн жилүүдэд байгууллагын ухаалаг удирдлагууд ажилтнуудаа хөгжүүлэх олон үр дүнтэй аргыг хэрэглэж байгаагийн нэг хэлбэр нь Көүчинг, Менторингийн тогтолцоо юм. Байгууллагууд дотооддоо удирдах ажилтан, менежерүүдээ бэлдэж ажилтнуудаа сургаснаар ажилтан чадавхжиж, ажлын доголдол арилж, бүтээмж түвшинд нэмэгдэнэ.
Монгол ажилтны нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмж 40,3% байгаа нь бусад хөгжилтэй орнуудын ажилтны бүтээмжээс 25% бага байна гэсэн үг. Бүтээмж ийм доогуур байгаа нь тухайн байгууллагын соёл, удирдлагын тогтолцоонд байгаа ч нөгөө талаас хувь хүн буюу ажилтанд асуудал багагүй бий.
Ажилтны бүтээмжгүй байгаад нөлөөлж байгаа олон хүчин зүйл байдгийн нэг нь сургалт, хөгжлийн дутмагшил. Байгууллагын бүтээмжийг өндөр байлгахын тулд ажилтан ажилдаа дуртай, өөрийн гэсэн ажиллах соёл, арга барилтай байх хэрэгтэй. Ажилтнууд аз жаргалгүй, сахилга батгүй, гүйцэтгэл сул, бүтээмжгүй байвал зөвхөн төлөвлөгөөт сургалтуудад хамруулаад үр дүн гарахгүй учраас нэмэлтээр Көүчинг хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй. Байгууллага дотооддоо көүчингийн тогтолцоотой болсноор сургалт, хөгжлийн зардал хэмнэх төдийгүй төсөөлснөөс илүү үр дүн гардаг. Көүчингийн соёлыг нэвтрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллага, багш нараар дотоодын Көүч нараа бэлдүүлэх нь көүчингийн үед гардаг түгээмэл алдаануудаас сэргийлнэ.
Көүчээ хэрхэн сонгох вэ?
Байгууллагад Менежер-Көүчийг тухайн ажилтанд тулгарч буй асуудал, хэрэгцээнд тохируулан томилно. Харин хувь хүн Көүчээ сонгохдоо олон ном уншсан, хүнд зөвлөх дуртай болон чадвартай, амьдралд алдаж онож үзсэн хүн биш, харин Көүчийн мэргэжлийн байдал, эрх, ёс зүйн зарчим, көүчинг хийсэн туршлага, үйлчлүүлэгч нарынх нь амжилтын түүх, бусдад мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэх зэрэг шалгуурыг харгалзах нь зүйтэй.
Көүчингийн үйлчилгээг авч буй хувь хүн (Coachee)-ийн үүрэг юу вэ?
Көүчингийн харилцаанд Клиент (Coachee) болж байгаа хувь хүн өөрийн өсөлт хөгжил, өөрчлөлтөд хариуцлагатай хандаж, Көүчтэйгээ төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах үүрэгтэй. Мөн гэрээнд заасан эрхээ ч эдлэх нь нээлттэй.
Бид яагаад Көүчингийн соёлд суралцах ёстой вэ?
Бид амьдралынхаа тодорхой үе дээр гацсан юм шиг мэдрэмжтэйгээ удаан явахгүйн тулд, олон зүйлээс зөв сонголт хийх хэрэгтэй. Үүний тулд ажил, карьертаа гялалзсан амжилт гаргах, хувь хүний хөгжлөө дээшлүүлэхийн тулд олон хэлбэрээр тасралтгүй суралцах хэрэгтэйн хамгийн зөв хэлбэр нь Көүчинг үйлчилгээ авах юм.
Г.Батханд Менежментийн зөвлөх, Көүч