Булган бол хэлтсийн ажилтнууд дундаа хүндлэгддэг менежер. Сэтгэлээсээ аливаад ханддаг, хүндлэлийн үнэ цэнийг мэддэг учраас бусдын хүсэл хэрэгцээг соргогоор мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг хүн. Тэр бээр мөн асуудал шийдвэрлэх чадвар өндөртэй учраас ухралт, хоцролтыг боломж болгон ашигладаг. Булгаагийн дарга нар түүнийг “Emotional Intelligence” EQ чадвар өндөр буюу өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах чадварыг гарамгай эзэмшсэн сайн менежер гэж үргэлж магтаж, гүйцэтгэлд нь сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ хачин нь, Булгаад карьерын хувьд нэг л тийм гацсан, хана мөргөөд зогсчихсон мэт мэдрэмж төрөх болжээ.
Учир нь, компанийнхаа хүсээд буй амжилт, гүйцэтгэлд хүрч, манлайлан ажиллаж чадахгүй байгаадаа анализ хийгээд харахаар Булгаа болон түүний дарга нар EQ-г хэтэрхий мөчидхөн тодорхойлж ойлгодог байжээ. Бусдыг ойлгох, харилцах, таалагдахад хэт төвлөрсөн учраас Булгаад дутаж буй EQ ур чадварын элементүүд байгааг анзаардаггүй байж. Тэдгээрийг эзэмшвэл Булгаа илүү хүчтэй, нөлөөтэй удирдагч болж чадахаар байгаад асуудал байгаа юм. Саяхны “Harvard Business Review” нийтлэлд Булган шиг өөдрөг, сайхан сэтгэлтэй менежерүүд бусдад муу мэдээ дуулгах, хурц санал шүүмжлэлийг хэлэхдээ зүрхшээж бултдаг нь шилдэг удирдагч болоход чөдөрлөдөг гэж онцолжээ. Өөрөөр хэлбэл, “шуурга тавьж” өөрчлөлтийг удирдах зүрх зориг болон хайрцгаас гарч сэтгэх чадвар дутдаг нь EQ чадвар бүрэн хэмжээнд ажиллах бололцоо өгдөггүй байна. Товчхондоо эелдэг зан харилцаатай л бол EQ ур чадвартай гэсэн үг биш ажээ.
Өнгөрсөн 30 жил шилдэг удирдагчдын дунд хийгдсэн судалгаануудаас харахад, EQ ур чадварын элементүүд манлайлагчдад тэнцвэртэйгээр хөгжвөл удирдагчид ирээдүйн хүнд сорилтууд, харилцаануудад бэлтгэгддэг байна. EQ ур чадварыг өөрийн сэтгэл хөдлөлийг мэдрэх ба удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг гэж үздэг. Цаашлаад тэдгээрийг өвлөж төрсөн болоод суралцаж болдог 12 элементэд задалдаг. Өвлөж төрөөгүй ч, дараах бүгдийг хөгжүүлж болдог ба та өөрийнхөө EQ ур чадварын аль нь сайн бөгөөд сул хөгжсөнийг дараах хүснэгтээс шинжээрэй.
Булгаа менежерийн хувьд харвал, бусдын оронд өөрийгөө тавьж хардаг, өөдрөг сэтгэлгээтэй, өөрийгөө хянах чадвар нь давуу хөгжжээ. Харин амжилтыг удирдах, бусдад нөлөөлөх, зөрчлийг удирдах, багийн ажиллагааг хангах, урам зоригийг түгээдэг удирдагч байх тал дээр сул учраас өөрийн хүссэн шиг хэмжээний шилдэг удирдагч байж чадахгүй байгаа аж. Тэгэхээр сайхан ааштай л бол EQ ур чадвартай гэсэн үг биш юм. Тэгэхээр дундаж дарга байх уу, шилдэг удирдагч байх уу гэдгийг EQ ур чадвар шийднэ.
Ажилтнууд: Захирлаа Та EQ ур чадвараа хөгжүүл
The Economist-ийн 4000 гүйцэтгэх захирал дунд хийсэн судалгаагаар захирлууд өөрсдийгөө технологи болон санхүүгийн мэдлэгийн хувьд хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Харин тэдгээр захирлуудын ажилчдаас “Та даргыгаа ямар ур чадваруудаа хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг бэ” гэж асуухад, манлайлал ба EQ ур чадвараа хөгжүүлээсэй гэж хүсдэг гэдэг хариулт дийлэнхийг эзэлжээ.
Emotional Intelligence хэмээх ном бичсэн Даниел Голмэн “Ихэнх хүмүүс EQ гэдгийг сайхан ааштай байх гэж андуурдгийг ном бичсэнээс хойших 25 жил ажиглаж ирлээ” гэж хэлсэн байдаг. Сайхан ааш гэдэг нь ихээхэн өрөөсгөл ойлголт бөгөөд зарим сайхан ааштай гэж хэлэгддэг хүмүүс хэрэгцээт харилцагчдадаа сайхан аашилж, бусад ач холбогдол багатай гэж үзсэн хүмүүстэй хурц, хүндэтгэлгүй харьцах жишээтэй. Нөгөө талаас сайхан ааштай гэж хэлэгддэг зарим нь далимдуулж, дайралтаас амархан бултах гэж оролддог бол нөгөө талаас үнэхээр сайхан ааштай нь бусдад ашиглуулахдаа амархан байдаг. Тэгэхээр EQ гэдэг нь сайхан ааш юм бол, үүнийг яах гэж бусдад ашиглуулахын тулд хөгжүүлэх ёстой гэж хэмээн зохиолч Даниел Голмэн хэлсэн байдаг.
Түүний тодорхойлолтоор Өөрийн сэтгэл хөдлөлийг мэдрэх ба удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах гэсэн дөрвөн EQ бүрэлдэхүүн бүхий ур чадвар нь хүнд зөрчилдөөнийг хэрхэн даван туулахад нөлөөлдөг болохыг харцгаая. Энэ талаас EQ нь зөрчилдөөнөөс аль болох хамтдаа зайлсхийхэд чиглүүлж чаддаг байхад тусалдаг, ба үнэхээр гарцаагүй тохиолдолд стратегитай, бүтээлч байдлаар эрүүл мэтгэлцээн болгож хувиргахад оршдог аж. Ялангуяа өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах нь хүчтэй уур бухимдлыг дарж, эрүүл ухаанаар хандах дадал боломжийг өгдөг. Цаашлаад бусдыг ойлгох чадвар нь бусдын оронд өөрийгөө тавьж үзэх замаар тухай харилцагч талаа сайн сонсож, тэдний эрх ашгийг хүндэлж тэнцүүлж байгаагаа мэдэрч, мэдрүүлдэг. Харин үр дүнтэй харилцах нь зөрчилдөөнийг даван туулах хүрээнд тухай хүмүүст хүрэх оновчтой сувгаар тохирсон мэдээллийг хүргэх замаар хэлэх зүйлсээ ойлгомжтой хүчтэй илэрхийлнэ гэсэн үг байдаг.
АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольний манлайлалд уран яруу илтгэх чадвар үнэмлэхүй нөлөөлсөн байдгийг түүх өгүүлдэг. Хэдий тэрбээр багаас өрөвч зөөлөн хүн байсан ч түүний хожим туршлагаараа EQ ур чадвараа хөгжүүлж зүлгэсэн нь түүний амжилт онцгойрч, ард түмний жинхэнэ төлөөлөл байхад нөлөөлсөн гэж Ерөнхийлөгчдийн түүхч Доррис Кирн Гүүдвэн онцолдог. Линкольн нэг удаа төр нийгмийн зүтгэлтнүүдийн дунд мэтгэлцэж байхдаа өрсөлдөгчөө илт доош нь хийн шоолж, танхим дүүрэн хүмүүстэй нийлэн инээжээ. Харин энэхүү гашуун инээд бүхий ялалтын дараа Линкольн өрсөлдөгчөө уйлж байхыг хараад, “Хэн нэгний сэтгэлийг өвтгөж, ичгүүртэй байдалд оруулж олж авсан амжилтад ямар ч үнэ цэн, ялалт гэж байхгүй юм байна” гэж хэлсэн байдаг.
Сэтгэл хөдлөл нэг өдөрт олонтоо дээш доош хөдөлж, янз бүрээр хувирч л байгаа. Бид бүхэнд уур, атаа, жөтөө бий. Гэхдээ эдгээр мэдрэмжийг хянахгүйгээр, ил гарч ирэхийг зөвшөөрвөл, таныг дотроос чинь идэж хүн биш болгоно гэж Линкольн мөн хэлсэн байдаг. Тэрбээр бухимдсан үедээ хэлэх гэсэн бүхнээ илэрхийлж “hot letters” бичдэг байсан бөгөөд зориулсан хүндээ явуулалгүй маргааш өглөө нь хүртэл байлгадаг байж.Харин маргааш нь өглөө нь тэрбээр захиагаа эргэж хараад, энэ миний үнэнээсээ хэлэхийг хүссэн зүйлс биш байна хэмээн бодоод явуулдаггүй байсан гэдэг. Барак Обама ерөнхийлөгч асан мөн уурласан үедээ имейл бичдэг байсан бөгөөд ноорог хэлбэрээр хадгалж, уураа гартал явуулалгүй хүлээдэг гэдгээ Дорристой хийсэн ярилцагынхаа үеэр хэлдэг.
Эх сурвалж: HBR