Олимпын наадмыг зохион байгуулах зардал тэнгэр тултал өссөн ч эдийн засгийн үр ашиг нь хангалттай биш хэвээр байна. Зохион байгуулах хотыг сонгон шалгаруулах тал дээр Олон улсын Олимпын хороо (ОУОХ) шинэтгэл хийсэн нь үр дүнгээ өгсөн эсэхийг харуулах чухал шалгуур нь 2024 оны Парисын Олимпын наадам болно.
Оршил
1896 онд зуны Олимпын анхдугаар наадам болсноос хойш их зүйл өөрчлөгджээ. ХХ зууны хоёрдугаар хагаст Олимпыг зохион байгуулах зардал болон уг арга хэмжээнээс олох орлогын хэмжээ асар ихээр өсөж, хотуудын үүрч буй ачааллын талаар маргаантай байр сууриуд гарч эхэлсэн юм. Олимпын наадам зохион байгуулахын ашиг тусыг хэт дэвэргэж мэдээлж байгаа төдийгүй эдийн засгийн ашиг тус огт байхгүй учраас улс, хотуудыг их хэмжээний өрөнд оруулж, барилга байгууламжуудыг арчлах хүнд даалгавартай үлдээж байна гэж шүүмжлэх эдийн засагчдын тоо нэмэгдсээр. Харин ОУОХ үүнийг эсэргүүцэж, Олимп зохион байгуулах нь тухайн хотын нэр хүндийг өргөх, аялал жуулчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалтын үр дүнд эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой гэж дүгнэдэг юм.
Сүүлийн жилүүдэд Олимпын наадам нь энэхүү мега арга хэмжээг зохион байгуулахын сул болон давуу талыг тодоор харуулж байна. 2020 оны Токиогийн зуны Олимпын наадам нь 10 гаруй жил үргэлжилж буй зардал хэтэрдэг уламжлалыг үргэлжлүүлэв. Парисын Олимп ч олон арван тэрбум ам.долларын зардал гаргаж байгаа нь тодорхой боллоо.
Олимпын зардал хэзээнээс асуудал тарьж эхэлсэн бэ?
Олимпын наадам зохион байгуулах зардал нь ХХ зууны ихэнх хугацаанд тухайн хотын хувьд дааж болохоор хэмжээнд байсан. Тус арга хэмжээ ихэвчлэн АНУ болон Европын баян улсуудад болж, телевизийн шууд дамжуулалт гараагүй байсан учир ашиг олно гэсэн ямар нэг хүлээлт алга байв. Тиймээс тухайн улсууд эдийн засгийн хүчин чадал, дэд бүтэцдээ түшиглэж ихэвчлэн улс, хотын төсвөөс Олимпын наадмын зардлыг санхүүжүүлдэг байлаа.
Харин 1970-аад он эргэлтийн цэг болсон гэж Олимпын эдийн засгийн нөлөөний талаар гурван ном бичсэн Э.Зимбалист онцлов. ХХ зууны эхэн үетэй харьцуулахад тамирчдын тоо хоёр дахин, уралдаан тэмцээний тоо гуравны нэг хувиар өссөнөөр Олимпын цар хүрээ үлэмж нэмэгджээ. Гэхдээ 1968, 1972 оны Олимпын үеэрх харамсалтай үйл явдал Олимпын наадмын нэр хүндийг бууруулж, тус арга хэмжээг зохион явуулах зардалд олон нийт дургүйцэж эхлэв. АНУ-ын Денвер хот 1972 онд Олимп зохион байгуулах эрхээс татгалзсан анхны бөгөөд цорын ганц хот болсон содон жишээ ч бүртгэгдэв. Шалтгаан нь төсвийн хөрөнгөөр уг арга хэмжээг зохион байгуулах нь буруу гэж оршин суугчид нь үзсэнтэй холбоотой.
Олимп зохион байгуулах зардал анх төлөвлөж байх үеийнхээсээ дунджаар гурав дахин өсдөг уламжлал 1960 оноос хойш бий болсныг Оксфордын их сургуулийн энэ оны судалгаа харуулсан.
1976 оны Монреалийн Олимп нь улс, хотын төсвөөр ийм арга хэмжээг санхүүжүүлэх нь ямар хортойг харуулав. Зардлыг анх 124 сая ам.доллароор тооцсон ч барилгын ажил хугацаа хэтэрсэн, шинэ цэнгэлдэх хүрээлэн барих зардлууд нэмэгдсэн зэргийн улмаас өртөг нь хэдэн тэрбумаар нэмэгджээ. Тус хотын татвар төлөгчид 1.5 тэрбум ам.долларын нэмэлт өрийг 30 жилийн дараа л төлж барагдуулсан юм.
Харин 1984 оны зуны Олимпыг хүлээж авахаар нэрээ дэвшүүлсэн цор ганц хот байсан учраас Лос-Анжелес ОУОХ-той маш таатай нөхцөл бүхий гэрээ байгуулж чаджээ. Хамгийн гол нь тус хот нэгэнт баригдсан цэнгэлдэх хүрээлэн, дэд бүтцээ ашигласнаас гадна телевизээр дамжуулах эрхийн үнэ огцом өссөнөөр Олимп зохион байгуулаад ашигтай ажилласан цор ганц хот болсон юм. Тодруулбал, үйл ажиллагааны ашиг нь 125 сая ам.доллар болжээ.
Лос-Анжелесийн эл амжилт бусад хотуудад үлгэр жишээ болж, 1988 оны Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө хоёр хот өрсөлдөж байсан бол 2004 оныход 12 хот нэрээ дэвшүүлжээ. Ингэснээр хамгийн амбицтай, өндөр зардалтай хотыг сонгох боломж ОУОХ-д гарч ирэв. Үүнтэй зэрэгцээд хөгжиж буй орнууд Олимпын эрхийн төлөө өрсөлдөх нь 1988 оноос хойш гурав дахин нэмэгдсэн байна. Улс орныхоо нэр хүнд, статусыг олон улсад сурталчлахын тулд БНХАУ, Бразил, ОХУ зэрэг улс Олимпын наадмыг ашиглах болжээ. Гэхдээ эдгээр улс шаардлагатай дэд бүтцийг байгуулахын тулд асар их хөрөнгө гаргасан юм. Тухайлбал, 2014 оны Сочигийн Олимпын төсөв 50 тэрбум ам.доллар, 2016 оны Риогийн Олимпынх 20 тэрбум, 2022 оны Бээжингийн Олимпынх 39 тэрбум болсон.
Зардал ийн огцом өссөн нь зарим хотыг Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө нэрээ дэвшүүлэхээс татгалзахад хүргэжээ. Тиймээс нэр дэвшүүлэх хугацааг нэмэгдүүлэх, олон хот, муж, улсыг хамруулахын тулд газарзүйн хязгаарыг сулруулах зэрэг зардал багасгахад чиглэсэн процессыг ОУОХ 2019 оноос ашиглаж эхэлжээ. Гэхдээ эдгээр өөрчлөлт хүссэн үр дүнг хараахан авчраагүй л байна. Жишээлбэл, 2032 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Австралийн Брисбэн хоттой өрсөлдөх өөр хот гараагүй юм. Олимпын наадмын түүхнээ өмнө нь Лос-Анжелес хот л ямар нэг өрсөлдөгчгүй эрхээ авч байсан билээ.
Хотууд ямар зардал гаргадаг вэ?
Эрхээ авахын тулд тухайн хотууд эхлээд үнэлгээ хийх, бэлтгэл хангах, хүсэлтээ ОУОХ-нд өгөхөд зориулж олон сая доллар зарцуулдаг. Үүнд төлөвлөгөө гаргах, зөвлөх үйлчилгээ авах, арга хэмжээ зохион байгуулах, аяллын зардал багтах бөгөөд эдгээр зардлын хэмжээ 50-100 сая ам.долларт хүрдэг. 2016 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөд ялагдсан Токио хотын зардал 150 саяд хүрсэн тооцоо бий. Харин Торонто хот 2024 оны Олимпын төлөө нэрээ дэвшүүлэхэд шаардлагатай 60 сая ам.долларыг гаргах боломжгүй гэж үзээд нэрээ татаж байв.
Хэрэв тухайн улс Олимпыг зохион байгуулахаар шалгарсан бол олон мянган тамирчин, олон сая жуулчин хүлээж авах бэлтгэлээ дээд тал нь 10 жилийн дотор базаах ёстой. Зуны Олимпын наадамд 10 мянга орчим тамирчин спортын 300 гаруй төрөлд өрсөлдөж, олон мянган жуулчныг татдаг бол өвлийн Олимпод 3000 орчим тамирчин спортын 100 орчим төрөлд хүч чадлаа үздэг гэдгийг ташрамд дурдъя. Олимпын төсвийн дийлэнх хэсэг нь тойрог замын дугуй, трамплинаас харайлт зэрэг спортод зориулсан тусгай барилга байгууламж, Тамирчдын тосгон, нээлт болон хаалтын арга хэмжээ болох томоохон цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад зориулагддаг. Мөн орон сууц, тээвэр зэрэг үндсэн дэд бүтцийг байгуулахыг ОУОХ шаарддаг. Тодруулбал, зуны Олимпын наадмыг зохион байгуулах хот 40 мянган зочид буудлын өрөө бэлтгэх ёстой.
Үүн дээр нэмээд төмөр замын нэмэлт шугам, нисэх буудал зэргийг шинэчлэн томруулах, шинээр барих шаардлага үүсдэг. Эдгээрийг барихад 5-50 тэрбум ам.доллар шаардагдана. Гэхдээ эдгээр бүтээн байгуулалтыг Олимпын наадмын дараа ч ашиглах боломжтой гэж олон хот найддаг. Жишээлбэл, 2014 оны Сочигийн Олимпын 50 тэрбум ам.долларын төсвийн 85 хувийг спортын бус дэд бүтцийг шинээр барьж байгуулахад зориулжээ. “Бээжин-2008”-ийн 45 тэрбум ам.долларын төсвийн талаас илүүг төмөр зам, авто зам, нисэх буудал, мөн орчныг цэвэрлэж, тохижуулахад зарцуулсан аж.
Төсвөө хэтрүүлсэн Олимпын наадмууд
Хэмжээ дамжаа, тусгай зориулалт зэргээс шалтгаалж Олимпын дараа байнга ашиглах шаардлагагүй, өндөр үнэтэй зарим барилга байгууламж нь зардал өсөхөд багагүй хэмжээгээр нөлөөлдөг. Эдгээрийн зардлыг нөхөхөд олон жил шаардагдана. Тухайлбал Сидней хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн арчилгаа, ашиглалтын зардалд жил бүр тус хот 30 сая ам.доллар зарцуулж байна. Бээжин хотын алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг барихад 460 сая ам.доллар зарцуулсан бол жил бүрийн ашиглалтын зардал нь 10 сая ам.доллар. Уг цэнгэлдэх хүрээлэнг тэр бүр ашигладаггүй гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Грекийг өрийн хямралд ороход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн Афины Олимпын зардлын ихэнх хэсгийг шинэ барилга байгууламж барихад зарцуулсан ч өдгөө тэдгээр нь орхигдож, балгас болон хувирчээ. Энэ бүх зардал, өрийг дарахад олон жил зарцуулдгийн нэг сонгодог жишээ нь Канадын Монреаль хот юм. Тус хот 1976 оны Олимпыг зохион байгуулахаар зээлсэн өр, төлбөрийн сүүлийн хэсгийг 2006 онд бүрэн төлж барагдуулжээ. Харин ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн Олимпын зардал, барилгуудын ашиглалтын зардалд зориулж тус улсын татвар төлөгчид ойрын хэдэн жилд жил тутам нэг тэрбум ам.долларыг төлөх тооцоолол гарсан.
Орлого, зарлагын зөрүү хэр их байдаг вэ?
Зардал асар ихээр өссөн ч орлого нь зардлаа бүрэн нөхөх хэмжээнд хүрч чадахгүй байна. 2008 оны Бээжингийн Олимпын наадам зохион байгуулагч нарт 3.6 тэрбум ам.долларын орлого оруулсан бол зардал нь 40 тэрбум, цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпын наадмын орлого нь 5.8 тэрбум, зардал нь 16 тэрбум болжээ. Үүний нэг шалтгаан нь Олимпын наадмын орлогын голлох хувийг бүрдүүлж буй телевизийн шууд дамжуулалтын эрхийг худалдсанаас орж ирсэн нийт мөнгөний талаас илүүг нь тухайн хот бус ОУОХ авдгаас үүдэлтэй юм.
Шууд орлогоос гадна ажлын байр бий болгох, жуулчдыг татах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг эерэг нөлөөг Олимпын наадам үзүүлдэг гэж үзэх судлаачид байдаг ч ихэнх судалгаа энэхүү байр суурийг нотолдоггүй. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны судалгаанаас үзвэл Олимпын бүтээн байгуулалтын үеэр бий болдог шинэ ажлын байрууд нь түр зуурынх байдаг агаад ажилгүйдэл ихтэй хот, бүс нутагт Олимп зохиогдоогүй л бол ихэнх ажлыг угаас ажилтай хүмүүс гүйцэтгэдэг учраас хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө нь сул байдаг ажээ.
Түүнчлэн хатуу чанд хамгаалалт, хэт их хүн цугларах, барааны үнийн өсөлт зэргээс шалтгаалж аялал жуулчлалын эерэг нөлөө тухайн хотод тэр бүр ажиглагддаггүй. 1992 оны Олимпыг хүлээж авсан Барселона хот аялал жуулчлалын тал дээр амжилт олсон тод жишээ гэгддэг. Учир нь тус хот мөн ондоо Европын хамгийн их жуулчин очсон жагсаалтын 11 дүгээр байраас зургаадугаар байр луу ахисан юм. Мөн Сидней, Ванкувер хотууд Олимпын наадам зохион байгуулснаасаа хойш жуулчдыг ихээр татсан сайн жишээний тоонд ордог. Харин ийм эерэг нөлөө Бээжин, Лондон, Солт лэйк сити хотуудад гараагүй юм.
Парисын Олимп зардлаа нөхөх үү?
Энэ жилийн Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд 2017 онд ялалт байгуулахдаа Парис хот найман тэрбум ам.долларыг Олимпод зориулан төсөвлөж байв. Түүнээс хойш тэд уг зардлын хэмжээг хэдэн тэрбумаар өсгөөд байна. Үйл ажиллагааны болон шинэ барилга байгууламж барих зардлын хэмжээ бараг ижил байгаа гэж S&P Global Ratings мэдээлсэн. Хэрэв зардлын хэмжээг төлөвлөсний дагуу “барьж” чадвал “Парис-2024” нь сүүлийн 10 жилийн хамгийн хямд зардалтай зуны Олимпын наадам болно.
Талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн, 2016 оны хөл бөмбөгийн Европын АШТ-д зориулан барьсан барилга байгууламжид түшиглэн энэ удаагийн Олимпыг зохион байгуулж буй нь зардлыг харьцангуй бага байлгахад нөлөөлсөн гэж зохион байгуулах хороо мэдээлсэн. Мөн Парисаас гадна Лион, Марсель, Ница зэрэг хотод зарим тэмцээн болж буй нь зардлын ачааг хөнгөвчилж өгчээ. Гэсэн хэдий ч Парис хот дэд бүтцэд, тухайлбал Тамирчдын тосгоныг (1.6 тэрбум ам.доллар) барьж байгуулахад нийт 4.5 тэрбум ам.доллар зарцуулсан юм.
Эх сурвалж: Council on Foreign Relations
Нийтлэлийг Жэймс Макбрайд, Ноа Берман, Мелисса Манно
Орчуулсан: Н. Энхбаяр