HR Global Firm компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Энхмөрөн бол хөдөлмөр зуучлалын салбарт “тод гэрэл” асааж буй бизнес эрхлэгч. Тэрбээр хүний нөөцийн хомсдол нүүрлэж буй өнөө цагт удирдлагууд юунд анхаарах шаардлагатай талаар “алтан жор”-ыг хуваалцахын зэрэгцээ, “Мy Job” платформоороо хөдөлмөрийн зах зээлд хүч түрэх гэж буйгаа мэдэгдлээ.
Хүний нөөцийн эргэц хөдөлгөөнийг “салхи”-тай зүйрлэвэл хаа газар л салхи салхилж байдаг. Хэн нэгэн ажилд орж байхад өөр нэгэн нь тэр байгууллагыг орхино. Энэ бол байдаг л зүйл. Ерөнхийдөө байгууллага сэр сэр салхитай байхыг эрүүл үзэгдэл гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Харин хар салхи дэгдвэл яах вэ? Жинхэнэ аюул. Өдгөө хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж ирж буй шинэ үеийнхэн “салхины хурд”-ыг бүр ч түргэсгэж байна.
Хүний нөөцийн эргэц хөдөлгөөн эрчээ авч байгаа энэ үед ажил олгогч, ажил горилогч хоёрыг холбох гол гүүр нь хувийн хөдөлмөрийн биржүүд болох учиртайг HR Global Firm компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Энхмөрөн онцоллоо. Түүний хувьд, 2016 онд Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржид мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн цагаасаа энэ салбартай эргэлт буцалтгүйгээр холбогджээ.
Одоогоор Монгол Улсад 30 гаруй хувийн хөдөлмөрийн бирж үйл ажиллагаа явуулж байгаа ч хөдөлмөрийн биржүүд жинхэнэ утгаараа хөгжих хөрс нь манай улсад хараахан бүрэлдээгүй байгааг тэрбээр хэлж байсан юм. Олон улсад хөдөлмөрийн бирж нь хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн чухал оролцогч байдаг. Чухал оролцогч гэсэн нь ч шалтгаантай. Өгөгдөл шинэ цагийн “баялаг” гэгдэж буй өнөө үед хөдөлмөрийн бирж их өгөгдлийн арвин нөөц бүхий “уурхай” болон хувирч байна. Мөн хөдөлмөр зуучлагчийн хувиар ажил олгогч болон горилогчоос хүлээн авсан санал гомдлын дагуу шаардлага хүргүүлэх, хариуцлагагүй ажил олгогч болон горилогчтой цаашид хамтрахаас татгалзах зэргээр хөдөлмөрийн зах зээлд “шударга журам”-ыг бий болгодог байна.
Биржээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь зах зээлд ач холбогдолтой төдийгүй ажил олгогч, горилогч талуудын аль алинд эерэг нөлөөтэй. Ажил олгогч биржээс санал болгосон хүнийг тав хоноод л сураггүй болчих вий гэж санаа зовох шаардлагагүй. Цагийн болон богино хугацаат ажлуудад ажил горилогчдын дата бүрдэж байдаг учраас итгэлтэй ажилладаг хүмүүсээ л тэд дараагийн ажилд нь зуучилдаг байна. Энэ мэтчилэн маш олон давуу талтайг доорх байдлаар товч дурдаж болох юм.
Ажил олгогч талд мэдрэгдэх эерэг тал:
- Шаардлагатай хүний нөөцийг богино хугацаанд бүрдүүлнэ
- Биржийн батлан даалт бүхий хандлага, ур чадвартай, найдвартай ажиллах хүчээр багаа сэлбэнэ
- Цагийн болон богино хугацаат ажлын байруудад тогтмол ажилтан авч ажиллуулахад илүү хялбар болно
Ажил горилогч талд мэдрэгдэх эерэг тал:
- Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн найдвартай, хариуцлагатай ажил олгогчийг санал болгоно
- Цагийн болон богино хугацаат ажлын байр, гэрээсээ ажиллах ажлуудад шуурхай зуучлуулна
- Ажиллахаасаа өмнө хөдөлмөрийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн сургалтад хамрагдах боломжтой.
Хөдөлмөрийн биржийн ач холбогдол, үнэ цэнийг олж харсан Т.Энхмөрөн Удирдлагын академийг төгссөнийхөө дараа, 2018 онд багын мөрөөдлөө биелүүлж, өөрийн гэсэн компаниа байгуулжээ. Дорноговь аймгийн Сайншанд сумын унаган охин нутгийн хайрхнаа алдаршуулж компаниа “Хутагт Мөрөн” хэмээн нэрлэсэн байна. Мөн тэрбээр чухам энэ л нэрийн дор хүмүүсийг ажил, орлоготой болгож, амьдрал ахуйд нь эерэг өөрчлөлт бэлэглэхийг хүсжээ.
Т.Энхмөрөнтэй ярилцах явцад амжилтын талаарх түүний үзэл баримтлал анхаарал татаж байсныг энд онцолъё. Тэрбээр “Дийлэнх хүн амжилтыг хэмжихдээ хэр их ашиг орлого олсноор, эсвэл карьерын замнал нь хэдий хэр өсөлттэй байснаар тодорхойлох гээд байдаг. Миний хувьд, хэдэн хүний амьдралыг хэрхэн өөрчилснөөр нь амжилтыг тодорхойлохыг илүүд үздэг” гэсэн юм. Тэрбээр 100 гаруй ажил олгогчтой хамтран ажиллаж, түр болон цагийн ажлын байранд 1000 гаруй оюутан залуусыг зуучилжээ. М Март, CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүр, MCS, Таванбогд зэрэг групп компаниуд оюутан залуусыг цагийн ажлын байранд ажиллуулахдаа хөдөлмөрийн биржид хандах нь түгээмэл аж. Нөгөөтээгүүр үндсэн ажлынхаа хажуугаар цагийн болон түр ажлын байранд гэрээтээр ажиллах сонирхолтой хүмүүс ч биржид бүртгүүлдэг байна. Гэртээ хүүхдээ хардаг ээж аавууд ч хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульдаа явсан хойгуур цагийн ажил хийх гэж хөдөлмөрийн биржид ханддагийг тэрбээр хэлж байсан юм. Мөн Монголын эдийн засгийн хөшүүрэг болсон томоохоон компаниудад ч тогтмол ажиллах хүч нийлүүлдгээ Т.Энхмөрөн хэлж байлаа. Тэрбээр Оюутолгойн туслан гүйцэтгэх компани болон гүний уурхайд 70 шахам хүн ажилд оруулсан бол тус компанийн зөвхөн бамбайн албанд л гэхэд 150 гаруй хүнийг зуучилжээ.
“Байгууллагын уур амьсгал бол ажилтныг тогтоох хамгийн гол хүчин зүйл”
Дунд сургуулиа төгсмөгцөө л Хөвсгөл сумандаа гоо сайхны салон нээж, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн Т.Энхмөрөн “Би хүмүүст ажил, орлоготой байхын сайхныг мэдрүүлэхийг хүссэн. Тиймдээ ч нэгэн зууны түүхтэй Монголын залуучуудын холбооноос зөв үр үндсээ авч, дараагийн аяндаа гарсандаа талархаж явдаг” хэмээн ярьж байсан. Түүний байгуулсан Хутагт Мөрөн ХХК нь дотоод, гадаадын хөдөлмөр зуучлалаас гадна хилийн чанадад суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө мэдээлэл хүргэх, гадаад аялал зохион байгуулах, визний материалын бүрдүүлэлт хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр “хүн эрдэнэ”-ийн эрлээ илүү оночтой болгохын тулд 2023 оны 10 дугаар сард Хутагт Мөрөн компанийнхаа дэргэд HR Global Firm компанийг үүсгэн байгуулжээ.
Шинэ компанийнхаа үйл ажиллагааныхаа хүрээнд менторуудтай хамтран ажилтанд дасан зохицох, мотивац өгөх сургалт зохион байгуулдаг байна. Мөн маркетинг, менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар стандарт, хүний нөөцийн бодлоготой холбоотой сургалтуудыг ч хамгийн шилдэг менторуудтай хамтарч зохион байгуулдаг аж.
Тогтоон барих “томьёо”
Хүний нөөцийн хомсдол, ур чадварын хайгуул эрчийг авахтай зэрэгцэн тал бүрт шийдэл эрэлхийлж байна. Тэгвэл ур чадварыг олно гэхээсээ илүүтэй жинхэнэ ур чадварыг бий болгох хэрэгтэй гэж Т.Энхмөрөн зөвлөж байна. “Талентуудыг өсөж хөгжих боломжоор хангах нь тэднийг тогтоон барих гол арга. Ур чадвартай хүн албан тушаал, цалин хангамжийн хувьд нэг цэгтээ гацах сонирхолгүй байдаг. Тэд өөрийгөө мэддэг, үнэлдэг учраас үүнийг анзаарч, зөв цагт зохих ёсоор нь үнэлж байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн юм.
Мөн байгууллагын уур амьсгал бол ажилтныг тогтоох хамгийн гол хүчин зүйл гэдгийг Т.Энхмөрөн онцолсон. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэдэг дээ. Ажлаас гарч байгаа дийлэнх шалтгааныг авч үзвэл, салбарын захирал, ахлах менежертэйгээ түнжин хагарсан, шууд удирдлагатайгаа ойлголцохоо байсан гэх шалтгаанаар хүмүүс орхих сонголтын талаар бодож эхэлдэг. Ийм үед ярилцаж, ажилтныхаа оронд өөрийгөө тавьж үзэх нь хамгийн чухал. Т.Энхмөрөн ч ажилтантайгаа найз нь юм шиг харьцахыг хичээдэг байна. Ажилтны сэтгэлзүй ажлын бүтээмжид чухал нөлөөтэй учраас тэр хүний дотор юу болоод байгааг анзаарч, нэг ёсны сэтгэлзүйч болох шаардлага ч гарч болно.
Нөгөөтээгүүр ажилтныг үргээдэг хэтийдсэн хариуцлагын тогтолцоо танай байгууллагад бий эсэхийг нягтлаарай. Тухайлбал, худалдааны төвүүдэд ажилтан тогтдоггүй. Алдагдсан зүйлийн төлбөрийг ажилтан цалингаасаа төлдөг “аймшигтай тогтолцоо” өнөө хэр байдаг учраас тийм газруудын эргэц хөдөлгөөн толгой эргэм хэмжээнд хүрдэг. Харуул хамгаалалт, хяналтын системээ сайжруулаагүйн горыг тэр ээлжийн ажилтан үүрнэ гэдэг хөдөлмөрийн мөлжлөг гэвэл хэтийдэхгүй.
Хүний нөөц тогтворгүй байснаар байгууллагын үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ энэ нь хамт олны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хамтын үнэ цэнээ бүтээхэд саад болдог. Тиймээс аз жаргалтай ажилтныг бүтээж, хүний нөөцийн эргэц хөдөлгөөнийг зохимжтой түвшинд барих нь чухал юм.
“Дийлэнх хүн амжилтыг хэмжихдээ хэр их ашиг орлого олсноор, эсвэл карьерын замнал нь хэдий хэр өсөлттэй байснаар тодорхойлох гээд байдаг. Миний хувьд, хэдэн хүний амьдралыг хэрхэн өөрчилснөөр нь амжилтыг тодорхойлохыг илүүд үздэг”
Эргэц хөдөлгөөн эрчээ аваад ирэхээр удирдлагууд хүний нөөцийн мэргэжилтнүүдээ шахаж шаардаад эхэлдэг. Энэ үйлдэл нь эргээд хүний нөөцийнхнийг ч үргээж орхидог байна. Хүний нөөцийн мэргэжилтэн нь өөрөө тогтворгүй байхад бусад ажилтны тогтвортой байдлын талаар ярих илүүц. Хүний нөөцийн мэргэжилтэнтэйгээ ойлголцолтой байхын зэрэгцээ зөв хүнээ таньж энэ албан тушаалд томилох нь чухал гэдгийг ч мөн Т.Энхмөрөн онцолсон. “Хүний нөөц бол байгууллагыг элэг бүтэн авч явах ээжийн үүрэг гүйцэтгэгчид. Тиймдээ ч тэдний сэтгэл, хандлагыг чухалчлах хэрэгтэй” гэж тэрбээр хэлж байлаа. Ажилтан сонгон шалгаруулахдаа шоуны шүүгч шиг аягладаг, өөрийгөө хаан хатны сэнтийд залж ярилцдаг, хүнийг үзэмжээр нь ялгадаг хүний нөөцтэй тэрбээр бишгүй таарч байжээ.
Компаниудыг засаглалаар нь авч үзвэл мөн л сонирхолтой дүр зураг ажиглагддаг байна. Ажил олгогчдын багагүй хувийг эзэлж байгаа гэр бүлийн бизнесүүдэд эргэц хөдөлгөөн их байдаг аж. Цагтаа цалингаа тавьдаггүй, нийгмийн даатгалыг нь төлдөггүй, илүү цаг тооцдоггүй, их ачааллын дараа урамшуулдаггүй зэрэг нь ажилтныг гомдоох гол шалтгаан болдог байна. Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил хийлгэх, олон ажил зэрэг даатгах нь ажилтныг эргэлзэхэд хүргэдэг байна.
Цалин урамшууллын тухайд, энэ яриа ажилтан, ажил олгогч хоёрын дундах сөхөж ярихаас бэргэдэг сэдэв байсан бол одоо энэ цаг үе улирч байна. Цалингийн талаар илүү нээлттэй ярилцаж, ээлтэй шийдэл хэрэгжүүлэх нь ажилтны ажилдаа тогтож үлдэх гол хөшүүрэг юм. Үр хүүхэддээ өдөр бүр гарын мөнгө өгч байгаа лизингтэй ээж аавууд долоон хоног тутам цалингаа авахыг илүүд үзэж эхэлжээ. Долоон хоног тутам цалин олгох шийдлийг Тесо, Талх чихэр гэх мэт зарим ажил олгогч хэрэгжүүлж байгаа аж. Хагас сар цалин хүлээхийн оронд өдөр өдөртөө цалингаа авах нь амьдралд хэрэгтэй гэж үзээд цагийн ажил хайдаг хүмүүс ч байдгийг Т.Энхмөрөн хэлж байсан юм.
Уулзах талбар “Мy Job”
Хөдөлмөр зуучлалын зовлон жаргалыг мэдэрч 10 шахам жил ажилласан Т.Энхмөрөн хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг сүлжээг “My Job” цогц платформоороо дамжуулан дараагийн түвшинд хүргэхээр зорьж байна. Хийнэ гэсэн ажлынхаа ард гарч байж санаа нь амардаг энэ эрч хүч дүүрэн эмэгтэй ирээдүйгээ маш тод зураглачихсан нэгэн. Тэрбээр www.myjob.mn сайт, My Job аппликэйшн болон , My Job News зарын сониноороо дамжуулан ажил олгогч, горилогч хоёрыг тун энгийнээр уулзуулахаар сэтгэл шулууджээ. Вэбсайт болон аппликэйшний хувьд, угсралтын шатандаа явж байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Энэхүү платформ нь ижил төстэй платформуудаас ялгарах хэд хэдэн онцлогтой. Тодруулбал, дижитал хэрэглээ багатай хүмүүс анкетаа хамгийн энгийн хялбараар үүсгэнэ. Цагийн ажлын байр дүүрсэн эсэхийг нарийвчлан харуулна. Мөн цагийн ажилтнууд My Job аппликэйшнийг ашиглан цалингаа авах боломжтой.
Т.Энхмөрөн “My Job” платформ мэндлэхтэй зэрэгцэн хөдөлмөр зуучлалын талбарт 50 агент бэлтгэн гаргах гэж байгаагаа ч онцолж байсан юм. Цогц пратформ бий болоод зогсохгүй аймаг, дүүрэг бүрт агенттай болсноор хөдөлмөр эрхлэлтэд төдий хэрээр дэмжлэг үзүүлж чадна гэдэгтээ тэрбээр итгэлтэй байна. Өнөөг хүртэл орон нутагт цагийн ажлын байранд ажилтан, ажил олгогчийг хэрхэн амжилттай холбох нь учир дутагдалтай байсан. Орон нутгийн хөдөлмөр халамжийн хэлтэс дангаараа энэ асуудалд хүрч ажиллаж чадахгүй. Тиймээс хувийн хэвшил үүнд шийдэл хайж, хүч нэмэх хэрэгтэй байсан хэмээн Т.Энхмөрөн онцолж байсан. Орон нутагт оновчтой шийдэл байхгүйгээс фэйсбүүк зараар ажил хийх гэж очоод залилуулах, цалингаа авч чадахгүй хохирох тохиолдол бишгүй гардаг байна. Түүний бүтээж буй платформ энэ эрсдэлийг бууруулах шийдэл болоод зогсохгүй, орон нутагт хэрэгжих мега төсөл, томоохон бүтээн байгуулалтыг дагасан ажиллах хүчний эрэлтэд гол шийдэл нь болох аж.
Цогц пратформ бий болоод зогсохгүй аймаг, дүүрэг бүрт агенттай болсноор хөдөлмөр эрхлэлтэд төдий хэрээр дэмжлэг үзүүлж чадна гэдэгтээ тэрбээр итгэлтэй байна.
Мөн платформ нь хилийн чанадаас ажиллах хүч “импортлох” гол хөтөч болно гэдгийг Т.Энхмөрөн онцоллоо. Одоогоор Хутагт Мөрөн компаниа, HR Global Firm үйл ажиллагааныхаа хүрээнд Филиппин, Вьетнам зэрэг орноос ажиллах хүч оруулж ирэхэд томоохон үүрэгтэй оролцож байна. Цаашлаад хилийн чанад дахь монголчуудаа ч эх орондоо урин дуудах, шаардлагатай ажлын байруудад зайнаас ажиллах боломжоор хангах зэргээр Монголын хөдөлмөрийн зах зээлд “том хүч” нэмэхээр итгэл өвөртлөн ажиллаж байна.