Куба улсад эм зүйч мэргэжил эзэмшсэн ч өдгөө өөр салбарт ажиллаж, гурван ч кафе-бар нээн үйл ажиллагааг нь амжилттай авч явж буй М.Мөнхзулыг бид энэ удаа “Хобби” булангийнхаа зочноор урилаа. Уг буланд өөрийн үндсэн ажил мэргэжил болон хоббигоо амжилттай хослуулан авч явж буй бизнес эрхлэгчдийг голдуу урьж оролцуулдаг гэдгийг та юу эс андах.
М.Мөнхзулын хувьд хотын төвд байршилтай Greenzone, Reef, Station кафе-барыг ажиллуулахаас гадна “Монголын скайраннингийн холбоо”-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус холбооны үйл ажиллагааг өргөжүүлж, гадаад харилцааг тэлэхэд Куба улсад суралцаж байхдаа эзэмшсэн испани, франц, англи хэл нь их тус болдгийг тэр онцолсон бөгөөд эм зүйч мэргэжлээрээ төрийн байгууллага, хувийн хэвшилд олон ажил ажилласны эцэст хувийн бизнестээ илүү анхаарахаар шийдсэнээ өгүүлж байв. Гэхдээ мэдээж хэрэг бид түүний хоббины талаар энд түлхүү ярилцсан билээ.
Кубаас тээж ирсэн соёл
Багадаа спортоор төдийлөн хичээллэдэггүй, хичээлээ л голдуу хийж суудаг байсан М.Мөнхзул арван жилээ төгсмөгцөө одоогийн АШУҮИС-д элсэн суралцаж байгаад Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсыг зорьжээ. Өөрийнх нь хэлснээр Дарханы даруухан охин дуулж хуурдан, бүжиглэдгээрээ алдартай халуун цуст латин америкчуудын дунд ороод хэсэгтээ соёлын шоконд орсон гэх. Үүний зэрэгцээ Хавана хотынхон далайн эргээ даган өглөө, оройгүй гүйхийг хараад анх их гайхдаг байж. “Энэ хүмүүс яагаад ингэж гүйгээд байгаа юм болоо?”. Төд удалгүй орчиндоо дасаж, испани хэл сайн сурч, орон орны найз нөхөдтэй ч болоод авсан тул Хавана хотод бүрэлдсэн соёл, урлагийн олон талт байдалд татагдан, тэр дундаа, кино урлагт шимтэх болсон байна. Кино театруудаар хэсэж орон орны кино үзнэ, хичээлээ хийнэ. Ийнхүү өдөр хоног харвасан сум шиг өнгөрч нэг л өдөр ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ. Нөхөр нь тэндхийн цэнгэлдэх орж гүйх дадалтай бөгөөд М.Мөнхзул ч дагаж гүйж эхэлснээр энэ спортыг зах зухаас нь ойлгож, мэдэрсэн аж.

Монгол дахь “анхны жилүүд”
М.Мөнхзулыг 2007 онд эх орондоо ирэхэд гүйлтийн соёл төдийлөн хөгжөөгүй байлаа. Тиймээс ууланд алхаж эхэлжээ. Гадаад найз нөхдийн хүрээлэлтэй ч болж, амралтын өдрүүдээр тэдэнтэйгээ цуг ууланд алхаж, гүйж идэвхтэй амьдарч эхлэв. Ер нь найзуудаасаа ихийг суралцсан гэлээ. Удалгүй ээж болж, том хүүгээ ч төрүүлэв. Түүний анхны марафоны туршлага 2017 онд “Улаанбаатар марафон”-д таван км зайд гүйснээр эхэлжээ. Гэсэн ч ар гэр, ажил гэсээр гүйлт хойш тавигдаж, бага хүүгээ төрүүлснийхээ дараа нэг л мэдэхэд жин нэлээд нэмснээ анзаарч, жин хасах талаар эрэл хайгуул хийсний эцэст гүйлтийн спортыг сонгосон аж. Мөн дугуй худалдан авснаар гүйлт, дугуй хоёрыг хослуулах болов. Энэ хугацаандаа өөрийгөө битүү орчинд дасгал хийх сонирхолгүй гэдгээ олж мэджээ. Харин эсрэгээрээ цэвэр агаарт, байгальд цагийг өнгөрүүлэх дуртайгаа ойлгосон байна. Ингэж байтал Ковид-19 цар тахал дэгдэж, энэ үеэр эртний танил Гадаад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүүтэй нэгэн арга хэмжээний үеэр таарч, түүний авч явж буй P Runners гүйлтийн клубийн анхны гишүүдийн нэг болсноор идэвхтэй амьдралын хэв маяг нь эргэн сэргэжээ. Тус клубийг АНУ дахь Монголын элчин сайд асан С.Сүхболд үүсгэн байгуулсан бөгөөд Permanent Runners гэсэн үгийг товчилж, клубийнхээ нэрийг өгсөн байна. Анхны зорилго нь Америкт суугаа бусад улсын элчин сайд нарыг нэгтгэн хүрээлэл үүсгэх байж. Монголдоо ирээд клубээ А.Хосхүүд шилжүүлжээ.

“Өөрийн мэдлэг, оюунаар скайраннингийн спортод хөрөнгө оруулж, энэ спортыг тодорхой өндөрлөгт хүргэхийн тулд өөрийгөө сорьж байна”.
Хүйтэний оргилд танилцсан хоёр
“Хаан банканд ажилладаг найзууд маань KB Hiking гэж уулын алхалтын клубтээ намайг нэгдэхийг урьснаар ууланд бүр ч идэвхтэй алхах болсон. Анхны 3000 м-ээс дээш өндөртэй оргилд гарсан нь Хөвсгөл аймгийн нутагт орших Мөнххайрхан. Дараа нь Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэнд ч гарсан. Ингэж яваад Монголын уулчдын үндэсний холбооны дэргэдэх “Скайраннингийн хороо”-оос зохион байгуулсан Tavan Bogd Race уралдаанд очиж оролцсоноор уулын жимийн гүйлтийг өөртөө нээсэн. Маш гоё, сонирхолтой уралдаан болж өнгөрсөн. Өндөр сүрлэг уулсыг дэргэдээс нь харж гүйх үнэхээр гайхалтай. Анх уулаар гүйж үзээд л миний хүсээд байсан спорт юм байна гэдгийг олж мэдсэн. Тухайн үед энэ тэмцээнийг ямар хүмүүс зохион байгуулдаг юм болоо, уулзаж танилцах сан гэсэн битүүхэн хүсэлтэй явав. Тэмцээний маргааш KB Hiking клубийн баг маань Хүйтэн оргил руу гарахаар замдаа гарсны дунд өмнөх өдөр нь бидэнтэй нэгдсэн Л.Золбаяр мөн нэг олсонд орж, хамт явж таарлаа. Гэтэл тэр Tavan Bogd Race тэмцээний зохион байгуулагч байж таарсанд тун их олзуурхаж, бас бэлгэшээсэн. Ингээд бид хоёр Хүйтэн оргилоос отог хүртэлх бүхий л замын турш зөвхөн скайраннинг спортын талаар ярилцсан. Эндээс л “Монголын скайраннингийн холбоо”-ны үйл ажиллагаа, бүтцийг албан ёсоор шинэчилж, хариуцан авч явах ажлын эхлэл тавигдсан даа”.
Өвлийн олимпт эх орныхоо нэрийг дуурсгах шилдэг тамирчид скайраннингийн спортоос төрөн гарах боломж бий.
Дэлхийн оргил өөд
Скайраннинг нь уулын бэлээс дээш өгссөөр багадаа 2000 м-ээс дээш өндрийг авч, дагнан уулын жимээр гүйдэг спортын төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд Монголд харьцангуй эрчтэй хөгжиж буй. Уг спортод монголчууд дэлхийн түвшинд амжилт үзүүлэх боломжтойг Л.Золбаяр, М.Мөнхзул нарын үр дүнтэй хамтын ажиллагаа харуулж чадсаныг хойно өгүүлэх болно. Хамтрагчдын аль аль нь скайраннингийн олон улсын тэмцээнүүдэд оролцож үзсэн, хөгжил ямар түвшинд явааг мэдэхийн хувьд Монголд энэ төрлийн тэмцээн уралдааныг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах, тамирчдыг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар уг спортын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй. Цаашлаад Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан шилдэг тамирчдыг төрүүлэх том зорилготой.

Тэдний эхний алхам Олон улсын скайраннингийн холбоонд гишүүнээр бүртгүүлэх байв. Үүний үр дүнд, тамирчдаа тус холбооны цуврал тэмцээнүүдэд оролцуулах эрхтэй болж, анхны тамирчнаа сонгон шалгаруулж, Итали улсад зохион байгуулсан Залуучуудын ДАШТ-д илгээсэн нь вертикал буюу гүйлтийн босоо төрөлд, мөн багийн дүнгээр хос алтан медаль хүртжээ. Ийнхүү Н.Сүрэнжав буюу Сэнгү агсны үүсгэн байгуулсан “Монголын скайраннингийн холбоо”-ны түүхэнд шинэ хуудас нээгдсэн юм. Европ тивдээ итали, испаничууд, Азидаа япончууд илүүрхдэг спортын төрөлд гэнэт Монгол Улсын нэр гарч, Н.Лувсаншарав түрүүлсэн нь тухайн үедээ шуугиан дэгдээсэн талаар М.Мөнхзул хуваалцаж байв. Ийнхүү тэмцээний буухиа үргэлжилж, тэд Япон, Хонконг, Тайланд, Малайз зэрэг улсад шилдэг тамирчдаа илгээж, тухай бүрдээ амжилттай оролцсон юм. Цаашид ч тамирчдаа хилийн чанадад тэмцээнд илгээхээр бэлтгэж буйгаа дуулгалаа. Эхнээсээ тодорхой тэмцээнүүдэд оролцох эрхээ амжилттай авч, тов нь гараад эхэлжээ.
Цастай уулаар гүйх төрөл буюу skysnow төрөл Өвлийн олимпын спортын төрөлд багтах эсэх нь олон улсын түвшинд ид хэлэлцэгдэж буй энэ үед “Монголын скайраннингийн холбоо”-ныхон ирээдүйд эх орныхоо нэрийг дуурсгах олимпын аварга тамирчид төрөн гарах боломж бүрэн бий гэдэгт итгэлтэй байгаа юм. Үүний төлөө ч зорьж, тэмүүлж, алсын хараагаа чиглүүлж буй.

Хоббигоороо үнэ цэн бүтээнэ
“Энэ бол миний хобби. Дуртай спортын төрлөө би олсон. Мэдээж хэрэг үндсэн ажлынхаа хажуугаар холбооныхоо ажлыг авч явахад цаг их зарцуулна. Тиймээс цагийн менежментээ маш сайн хийдэг. Гэлээ ч ажлын их ачаалал, нийгмийн энэ их стресс бухимдлын хажуугаар эрүүл амьдрах, хоббитой байх, түүгээрээ дамжуулан цагийг үр дүнтэй өнгөрөөх, найз нөхөдтэй болох, хүмүүстэй нетворкинг үүсгэх зэрэг олон давуу талтай. Байгальд гүйх нь эрч хүч нэмж, оюун санааг цэгцэлдэг” хэмээн М.Мөнхзул ярьж байна. Харин өдгөө тэрбээр өөрийн чадах, мэдэх бүхнээрээ уг спортын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж буй. Тамирчдыг дэмжих, санхүү, ур чадварын хувьд ахиулах менежментийн алхмуудыг хэрэгжүүлэх нь эхний зорилт. “Би өөрийн мэдлэг, оюунаар скайраннингийн спортод хөрөнгө оруулж байна. Мөн энэ спортыг тодорхой өндөрлөгт хүргэхийн тулд өөрийгөө сорьж байна” гэлээ.

Өнөөдөр “Монголын скайраннингийн холбоо” дөрвөн цуврал уралдааныг эх орондоо тогтмол зохион байгуулж байна. Он гарснаас хойш Altan-Ulgii Skysnow Vertical, Ulgii Race тэмцээнүүд амжилттай болж өнгөрсөн бол дараагийн тэмцээн ирэх наймдугаар сарын 16-нд зохион байгуулагдах La Sportiva Khan Trail юм. Харин аравнэгдүгээр сард Sengu Race Skysnow Classic тэмцээн болно. Эдгээр цуврал тэмцээнд түшиглэн скайраннингийн УАШТ-ийг мөн зохион байгуулдаг. Түүнчлэн холбооныхон тэмцээн бүрээс аваргын алтан медаль хүртсэн эрэгтэй, эмэгтэй тамирчныг олон улсын скайраннингийн тэмцээнд зардлыг нь бүрэн даан оролцуулж эхэлснээрээ онцлог. Тухайлбал, La Sportiva Khan Trail 2025-д түрүүлсэн хоёр тамирчныг гэхэд л Испанид болох олон улсын скайраннингийн цуврал уралдааны хамгийн сүүлийн, хамгийн өндөр шагналтай тэмцээнд сойхоор төлөвлөжээ. “Бид спортын хөгжлийг дэмжихээс гадна тамирчдыг ч давхар хөгжүүлэхийг хичээж байна” хэмээн М.Мөнхзул энэ бүхнийг тайлбарласан юм.