Сүүлийн үед шинэ хувилбарууд ар араасаа илэрч, хурдацтай тархаж буй зэргээс харахад Ковид-19 цар тахал хэзээ намжих нь тодорхойгүй хэвээр байна. Энэ хооронд буюу цар тахалтай өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаанд хүн төрөлхтний амьдралын хэв маяг орвонгоороо өөрчлөгдөж, хэзээ ч хуучин хэвдээ орохгүйгээр “шинэ хэвийн” байдал ноёрхсон. Бизнес эрхлэгчид, хувь хүмүүс, байгууллагууд “шинэ хэвийн”-д дасан зохицохын тулд технологийн элдэв шийдлүүдтэй ойртон нөхөрлөж, энэ салбарын аливаа дэвшлийг эрэлхийлэхээс өөр аргагүй болов. Үүнийг бид товчоор дижитал шилжилт хэмээн нэрийдсэн нь өнгөрсөн хугацаанд магадгүй хамгийн олон давтамжтай ашиглагдсан үгсийн тоонд багтаж мэдэх юм.
Цаг үеийн энэхүү “албадлага” нь мэдээлэл технологийн салбарыг цар тахлын үед эрчимтэй өсөлт үзүүлэхэд нөлөөлж, цаашид ч ирээдүйтэй орон зай гэдгийг дэлхий нийт ойлгох том сэжүүр болсон. Сансрын аялал, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Zero Gravity Corporation компанийн гүйцэтгэх захирал, энтрепренер Питер Диамандис “Ирэх арван бол хүн төрөлхтний хувьд өнгөрсөн 100 жилээс ч илүү технологийн хөгжил, дэвшилтэй нягт холбогдож, туршлага хуримтлуулсан он жилүүд байх болно” хэмээн хэлсэн нь “Технологийн салбарын өсөлт энэ хэвээр үргэлжилнэ” гэсэн салбарын мэргэжилтнүүдийн үгтэй дүйж буй.
Web 3.0 -ийн гол онцлог нь төвлөрсөн бус буюу блокчэйн технологид суурилсан тул үүнийгээ дагаад аливаа дата, мэдээлэл төвлөрмөл бус, тархмал төлөвтэйгөөр хадгалагдана.
Дэлхий нийтээрээ хөл хорионд орж, чөлөөтэй зорчих боломж хязгаарлагдсан ч, интернэт хэмээх уудам ертөнц биднийг хил хязгааргүй орон зайн зорчигчид гэдгийг улам бүр мэдрүүлэв. Тэр хэрээр технологийн салбарт өмнө нь бидний төсөөлж ч байгаагүй шинэ тутам нэршил, ойлголтууд бий болж, цааш улам гүнзгийрэн хөгжих нь нэгэнт тодорхой болоод байна. Анхны криптовалют болох биткойны амжилт түүний үндэс суурь болсон блокчэйн технологийг олны анхаарлын төвд авчирч, уг технологийн төвлөрмөл бус, дахин давтагдашгүй, найдвартай, мөн аюулгүй байдал, нууцлалыг дээд зэргээр хангасан зэрэг шинж чанар нь дараа үеийн технологийн ололт, дэвшлийг тодорхойлох гол суурь болоод буй.
Өөрөөр хэлбэл, блокчэйн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн хөгжил эрчимжиж, өнөөдөр амьдралд хэдийнэ нэвтрээд эхэлсэн ойлголтууд улам боловсронгуй болж, одоохондоо бидний санаанд багтахгүй байгаа ч ирээдүйд бодитой болох олон шинэ бүтээгдэхүүн цаашид төрөн гарах урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь лавтай. Блокчэйн технологид суурилсан сонирхол татам бүтээгдэхүүний жишээ бол NFT (Non-fungible-token буюу дахин давтагдашгүй токен гэх утгатай үгийн товчлол). Энэхүү блокчэйн протоколыг ашиглан ямар ч төрлийн бүтээлийг дижитал хэлбэрт оруулан бүртгэлжүүлж, улмаар өмчлөх болон бусдад шилжүүлэх зэрэг мэдээллийг бүртгэх боломжийг үүсгэснээр “тэсрэлт” болж, өдгөө олон тэрбум ам.долларын зах зээл болоод байна. Өнгөрсөн онд монголчууд ч мөн салбар салбарт өөрийн гэсэн онцлог бүхий NFT -г гаргаж, шинэ тутам ойлголтыг дотоодын зах зээлд богино хугацаанд нутагшуулж, нэвтрүүлсэн билээ.
“2022 онд технологийн салбар бүхэлдээ Web 3.0 -аар амьсгалж, энэ ойлголтыг илүү нарийвчлан тодорхойлж, бодит болгон амьдралд буулгаж, хэрэгжүүлж эхэлсэн жил байх болов уу” хэмээн энтрепренер А.Амарбаяр хэлж байна.
“2022 онд технологийн салбар бүхэлдээ Web 3.0 -аар амьсгалж, энэ ойлголтыг илүү нарийвчлан тодорхойлж, бодит болгон амьдралд буулгаж, хэрэгжүүлж эхэлсэн жил байх болов уу” хэмээн энтрепренер А.Амарбаяр хэлж байна. Amazon, Аpple, Twitter зэрэг технологийн аваргуудад ажиллаж байгаад эх орондоо суурьшсан тэрбээр тун саяхнаас өөрийн стартапыг эхлүүлж, хөгжүүлсэн бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх эрмэлзэлтэй ажиллаж буй. Бидний одоо ашиглаж буй интернэт бол Web 2.0 хувилбар, харин Web 3.0 бол түүний дараагийн хувилбар юм. Гол онцлог нь төвлөрсөн бус буюу блокчэйн технологид суурилсан тул үүнийгээ дагаад аливаа дата, мэдээлэл төвлөрмөл бус, тархмал төлөвтэйгөөр хадгалагдана. Уг онцлогоос шалтгаалан мэдээллийн өмчлөл Google, Meta (хуучнаар Facebook), Amazon зэрэг томоохон компанийн давамгайллаас хувь хэрэглэгч, хөгжүүлэгчид, жижиг компаниудад төвлөрч эхлэх юм. Энэ нь бүхнийг “ардчилна” гэж үзэх хэсэг байгаа бол нөгөө талаар, бидний аль нэг компанид өгсөн хувийн мэдээлэл зөвшөөрөлгүй ашиглагдах магадлал буурч, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө гэж тайлбарлах эх сурвалжууд ч байна.
Өнгөрсөн оны технологийн салбарт томоохон шуугиан дэгдсэн нь Марк Закербергийн мэдэгдэлтэй холбоотой байв. Facebook компани бүхий л анхаарлаа метаверст төвлөрүүлж, компанийнхаа нэрийг Meta болгон өөрчилж буйгаа мэдэгдсэн. Мөн онд тэд метаверс технологийн хөгжүүлэлтэд нийт 10 тэрбум ам.долларыг зарцуулснаа мэдээлсэн нь тус компани 2014 онд Oculus VR компанийг худалдан авсан үнийн дүнгээс тав дахин, 2012 онд Instagram -ийг худалдан авснаас 10 дахин өндөр дүн юм. Зөвхөн Meta гэлтгүй компаниуд, цаашлаад улс орон, хотууд метаверст нэгдэнэ гэдгээ илэрхийлсээр байгаа нь ирээдүйд энэ төрлийн технологи эрчимтэй хөгжиж, хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг болох боломжтойг харуулж буй. Тухайлбал, сүүлийн хэдэн жилийн турш Google компани метаверстэй холбоотой төслүүдэд төвлөрөн ажилласаар байгаа бол, өнгөрсөн нэгдүгээр сард Microsoft компани метаверс хөгжүүлэх зорилгоор видео тоглоом бүтээгч Activision Blizzard компанийг 70 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ.
Энэ бүхний зэрэгцээ мэдээлэл технологи, санхүүгийн салбарын хоршил цааш үргэлжилж, криптовалютад илүү төвлөрөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт валют, финтек аппликэйшн гэхээс илүүтэй криптогийн тухай яриа дахиад л халуун сэдэв байх нь. Санхүүгийн салбарын төвлөрлийг бууруулахад блокчэйн технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд онцгой нөлөөтэй гэдгийг салбарынхан байнга онцолдог. Тиймээс дэлхий нийтээрээ үүнтэй холбоотой зохицуулалт, хууль, эрх зүйн орчны асуудалд анхаарал хандуулсан хэвээр байна. Монголд ч мөн энэ талаар идэвхтэй ярьж хэлэлцсэний эцэст нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд УИХ -аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан билээ. Харин хуулийн хэрэгжилт, алдаа, онооны тухай яриа дараагийн асуудал болж таарч байна.
Товчхондоо, 2022 онд технологийн хөгжил, дэвшил энэ хэвээр үргэлжилж, дараагийн хувилбаруудад бодитоор нэвтрэх шилжилтийн үеийг угтан авах нь.
“Дэлхий 2022 онд” тусгай дугаарын нийтлэл