Пи Эм Ай Монголиа Чаптер (PMI Mongolia Chapter) олон улсын байгууллагаас жил бүр олон улсын төслийн удирдлагын бага хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн бага хурал “Шинэ үе-Шинэ чадвар” сэдвийн дор 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд “Корпорэйт Конвеншн Центр”-т зохион байгуулагдахаар товлогдсон байна. Тус бага хуралд салбар бүртээ тэргүүлж буй дотоодын компанийн удирдлагууд, олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд, оюутан залуусын төлөөлөл зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгч оролцох юм байна. Тэд бага хурлын үеэр дотоодод болон олон улсын хүрээнд амжилттай хэрэгжиж буй туршлагатай төслийн удирдагч, менежерүүдийн үндсэн илтгэл ба салбар хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд ярилцан хэлэлцэхээр төлөвлөжээ. Бага хурлын явцад:
- Төслийн удирдлагаар дамжуулан ирээдүйн ажлын байрыг чадавхжуулах нь
- Боловсролын салбар дахь төслийн менежмент
- Бүтээлч ур чадварт суралцах нь
- Төслийн удирдлагын ирээдүйн хөгжил дэх залуучуудын оролцоог тодорхойлох нь
- Hybrid ажлын байрыг бий болгох нь
- Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж, үндсэн илтгэлүүд танилцуулагдана.
Эдгээр шинэлэг сэдвийн дор мэргэжлийн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж буй нь шинэ залуу үеийнхэнд ихээхэн шинэ боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Тус арга хэмжээнд оролцож буй илтгэгчдээс онцолбол, PMI Global-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Аляскийн Их Сургуулийн Төслийн удирдлагын тэнхимийн Эрхлэгч, профессор ЛүАнн Пиккард (PMP®) төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээний салбарт 50 гаруй жилийн туршлагатай, PMP® олон улсын сертификатын үндэслэгчдийн нэг, “Ламберт Консалтинг Групп” ХХК -ийн Гүйцэтгэх захирал Ли Ламберт (PMP®) нар урилгаар оролцож залууст илтгэлээ танилцуулах юм.
Үүнээс гадна байгууллагын Монгол Улс дахь албан ёсны эрх бүхий салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагаас төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллага, хувь хүмүүсийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төслийн удирдагч 2022” болон “Шилдэг төсөл 2022” шагналыг хурлын үеэр гардуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар Эрдэнэс Таван Толгой ХК, АПУ ХК, Мобиком Корпораци, Хаан Банк, ТЭСО Корпораци, Хасбанк, Интелмайнд ХХК, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо (IWFCI Mongolia), Cтеп Голд ХХК, Жем констракшн ХХК, Эм Эм Эс Инженеринг ХХК зэрэг үндэсний тэргүүлэгч компаниуд ажиллах юм.
Төслийн менежментийн мэргэжилтнүүд нь зөвхөн мэргэжлийн ур чадвар гэлтгүй 21 дүгээр зууны шинэлэг ур чадваруудад анхаарал хандуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан хувьсан өөрчлөлтөд тэсвэртэй, бүтээлч ур чадваруудыг хуримтлуулах, төслийн удирдлагын ирээдүйн чиг хандлага болон технологийн хувьсан өөрчлөлтөд бизнесээ хэрхэн удирдах, хүн бүрд илүү эрүүл, эрх тэгш, хүртээмжтэй ажлын орчин бүрдүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хэрхэн хийх талаар төсөөлж, хүрч болохуйц шийдлүүдийг хэлэлцүүлгээр харуулахыг зорьж байгаа аж.
Хэрэв та цаг үетэйгээ хөл нийлсэн удирдлагын чадварлаг мэргэжилтэн болохыг хүсвэл “Шинэ Үе – Шинэ Чадвар” бага хуралд оролцож, олон улс болон улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн лекц, зөвлөгөөг сонсож өөрийн ур чадвараа нэмэгдүүлээрэй.
Бага хурлын тасалбарыг Shoppy.mn-ээр дамжуулан захиалах болон бага хуралд оролцох талаар тодруулга, мэдээлэл авах бол conference@pmimongolia.mn цахим шуудангаар авах бүрэн боломжтой.
Бага хурлын хөтөлбөр, илтгэгчид болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Холбоо барих: +976 7755 0880
Хаяг: 19 давхар, Бизнес Тауэр, Б.Ренчингийн гудамж, Сүхбаатар дүүрэг.